Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 429

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Х” ХХК-ийн /РД ***/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Х” ХХК-ийн *** дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч, шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, тус компанийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч, шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгах, “Х” ХХК-ийн *** дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн кадастрын бүртгэлийг хүчингүй болгуулах” хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ууганжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х” ХХК нь шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ:

“... “Х” ХХК нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Баянголын эх хөндий нэртэй газарт орших 6092.45 га талбайд ашигт малтмалын хайгуул хийх *** дугаар тусгай зөвшөөрлийг хууль ёсоор эзэмшдэг.

“Х” ХХК нь 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 1/10 дугаар албан бичгээр хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдан Ашигт малтмалын газарт *** дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөө сунгуулах хүсэлт гаргасан боловч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ***дугаар албан бичгээр “Танай компанийн эзэмшилд байсан хайгуулын *** дүгээр тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болсныг кадастрын бүртгэлийн системд бүртгэсэн байна. Нэгэнт дуусгавар болсон тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй болно” хэмээн тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзсан юм.

“Х” ХХК нь хүндэтгэн үзэх дараах шалтгааны улмаас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөө сунгуулах хүсэлтээ хугацаанд нь гаргаж чадаагүй билээ.

“Х” ХХК-ийн толгой компанийн хувьцаа эзэмшигчид нь Б.Бг хуулийн зөвлөхөөрөө ажиллуулдаг байсан юм. Гэтэл өмгөөлөгч Б.Б нь манай “Х” ХХК-ийн тамга, тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээ, *** дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ болон компанийн санхүүгийн тайлан бусад баримт бичгүүдийг 2013 оны 3 дугаар сард аваад одоог хүртэл буцаан өгөхгүй байгаа болно.

Үүний улмаас манай компани нь өдөр тутмын үйл ажиллагаа явуулах, бичиг баримт дээрээ тамга дарж баталгаажуулах, албан бичиг явуулах, татварын тайлан мэдээгээ гаргах зэргээр үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадахгүй болоод байгаа бөгөөд Б.Бгаас уг баримт бичиг, хайгуулын тусгай зөвшөөрлөө авахаар удаа дараа хандсан боловч одоог хүртэл өгөөгүй учир Б.Бгаас уг баримт бичгүүдээ авахаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа.

Тусгай зөвшөөрлөө сунгуулахын тулд Ашигт  малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д зааснаар “хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар” хэрэгтэй билээ.

Гэтэл манай *** дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн гэрчилгээг Б.Б гэх хуульч аваад одоог хүртэл өгөхгүй бид шүүхэд нэхэмжлэл гаргах дээрээ тулаад байгаа болно.

Мөн “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал В.Л миний бие дан ганцаараа компанийн бичиг баримттай холбоотой асуудлаа зохицуулж ганцаараа ажилладаг бөгөөд компанид өөр ажилтан байхгүй, миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас гадаад улсад шинжилгээ, эмчилгээ хийлгэж байсан учир ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сэргээлгэх хүсэлтээ хугацаанд нь гаргаж чадаагүй болно.

Тухайлбал 2014 оны 10 дугаар сарын 27-30 өдрүүдэд БНХАУ-д эрүүл мэндийн шинжилгээ хийлгэсэн, 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэсэн. Мөн 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 28-ны өдрүүдэд БНХАУ-ын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Энэ нь Татварын тухай хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаанд тооцох бөгөөд хугацаандаа үүргээ гүйцэтгээгүйн улмаас үүсэх аливаа хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болно.

Иймд эдгээр хүндэтгэн үзэх шалтгаануудыг маань харгалзан үзэж ашигт малтмалын хайгуулын *** дугаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болгосон кадастрын бүртгэлийг хүчингүй болгож, *** дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж өгнө үү” гэв.

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Ч нь шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Баянголын эх хөндий” нэртэй 6092.45 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын *** дугаар тусгай зөвшөөрлийг 2008 оны 12 дугар сарын 01-ний өдөр анх “Х” ХХК-нд геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1613 дугаар шийдвэрээр олгосон байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана…”, 22.1.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар..”, 22.1.2-д “Үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт”, 22.1.3-д “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт”, 22.1.4-д “хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт” зэргийг тус тус хавсарган өгөхөөр хуульчилсан байна.

“Х” ХХК нь *** дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн шаардлага ханган тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө буюу 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө ирүүлээгүй байна.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 зүйлийн 6.3 дах хэсэгт “... зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өргөдлийг үндэслэн...” тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаар хуульчилсан байна.

Тус компани нь тусгай зөвшөөрлийг сунгуулах тухай өргөдлөө 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө гаргаагүй тул Ашиг малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дүгээр зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусан байна.

Тусгай зөвшөөрөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу цуцлагдах үндэслэл бүрдсэн тохиолдолд болон цуцалсан шийдвэр гарсны дараа тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэл хүргүүлдэг ба хугацаа дуусгавар болсон тохиолдолд тусгай зөвшөөрлийн эзэмшигчид мэдэгдэх болон дуусгавар болсон шийдвэр гаргах үүрэгтэй талаар ашигт малтмалын тухай хуулиар хуульчлаагүй тул тусгай зөвшөөрөл эзэмшигч нарт тусгай зөвшөөрөл дуусгавар болсон тухай мэдэгдэл хүргүүлдэггүй болно.

Иймд “Х” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Х” ХХК нь “Х” ХХК-ийн эзэмшлийн *** дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэр хууль бус болохыг тогтоож, *** дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болгосон кадастрын бүртгэлийг хүчингүй болгож, уг тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг анх гаргасан ба шүүх хуралдаанд дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.

Тодруулсан нэхэмжлэлийн шаардлага:

  • “Х” ХХК-ийн *** дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч, шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, тус компанийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч, шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгах,
  • “Х” ХХК-ийн *** дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн кадастрын бүртгэлийг хүчингүй болгох,

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

“Х” ХХК-д Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Баянголын эх хөндий нэртэй газар орших 8291.71 гектар талбайд *** дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1605 дугаар шийдвэрээр 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 3 жилийн хугацаатайгаар олгожээ.

Ашигт малтмалын газарт “Х” ХХК нь 2011 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хайгуулын талбайн тодорхой хэсгийг буцаан хүлээлгэж өгөх хүсэлт гаргаж, уг хүсэлтийг Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн тусгай зөвшөөрлийн талбайн тодорхой хэсгийг буцаан авах өргөдлийн бүртгэлийн XV-***-004-SP дугаарт бүртгэсний дагуу Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 82 дугаар шийдвэрээр “... “Х” ХХК-ийн эзэмшилд буй XV-*** дүгээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Баянголын их хөндий нэртэй 8285.36 гектар хайгуулын талбайгаас 2192.90 гектар талбайг буцаан өгснийг бүртгэж, үлдэж байгаа 6092.45 гектар талбайг XV-*** дүгээр хайгуулын тусгай зөвшөөрлийн хавсралтад бичиж тэмдэглэх”-ээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Баянголын их хөндий нэртэй 8285.36 гектар хайгуулын талбайгаас 2192.90 гектар талбайг буцаан өгснийг бүртгэн авсан байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ванжилдорж овогтой Л болж өөрчлөгдсөнийг 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдөр бүртгэж, улсын бүртгэлийн 1311003080 дугаар гэрчилгээний хавсралтад тэмдэглэсэн байх бөгөөд үүнийг 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст хүсэлт гаргаж өөрчлөлт оруулжээ.

Улсын бүртгэлийн мэдээллийн санд “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ванжилдорж овогтой Л албан ёсоор бүртгэлтэй байгаа болох нь Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 002238920 дугаартай лавлагаагаар нотлогдож байна.

“Х” ХХК нь XV-*** дүгээр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах хүсэлтийг Ашигт малтмалын газарт гаргасны дагуу Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1044 дүгээр шийдвэрээр XV-*** дүгээр хайгуулын тусгай зөвшөөрлийг 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар сунгасан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж,..” гэж заасан ба дээрх заалтын дагуу “Х” ХХК нь 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хэтрүүлэлгүйгээр XV-*** дүгээр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтийг гаргах ёстой юм.

Гэтэл “Х” ХХК нь хуульд заасан хугацааг хэтрүүлэн буюу 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1/10 дугаар албан бичгээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтийг гаргажээ.

Уг албан бичгийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс хүлээн аваад 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ***дугаар албан бичгээр “Танай компанийн эзэмшилд байсан хайгуулын *** дугаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болсныг кадастрын бүртгэлийн системд бүртгэсэн байна. Нэгэнт дуусгавар болсон тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй” хэмээн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхээс татгалзсан байна.

Нэхэмжлэгч “Х” ХХК нь “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуульд заасан хугацаанд гаргаж, сунгуулж чадаагүй бөгөөд хариуцагч хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаа үйлдэл нь хууль бус” хэмээн маргаж байна.

Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хуульд заасан хугацаанд гаргаж чадаагүй болох нь дараахь үйл баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

  • Нэхэмжлэгч компанийн захирал В.Л хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлт гаргах хугацаа дуусах үед биеийн эрүүл мэндийн байдал муу байсан, эмчилгээ хийлгэсэн болох нь иргэний эрүүл мэндийн дэвтэр, БНХАУ-ын ардын чөлөөлөх цэргийн нэгдсэн эмнэлгийн тодорхойлолтууд зэрэг баримтуудаар,
  • В.Л нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлт гаргах хугацаа дуусах үед гадаадад зорчсон болох нь гадаад паспортын хуулбараар,
  • “Х” ХХК-ийн тамга, тэмдэг, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ байхгүйн улмаас тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтийг хуульд заасан хугацаанд гаргаж чадаагүй болох нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 634 дүгээр тэмдэглэлийн 10 дугаар нүүрний гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариулт, “Х” ХХК-ийн тамга, тэмдэг, тусгай зөвшөөрлийн гэрчилгээг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий Иргэний хэрэг үүсгэх тухай Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2170 дугаар захирамж, Иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 20761 дүгээр захирамж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн тайлбар зэрэг баримтуудаар,
  • “Х” ХХК-ийн хувьцааг залилсан гэх үйлдэлд эрүүгийн хэрэг үүссэн зэрэг нөхцөл байдалтай холбоотойгоор эрүүгийн хэрэгт шалгагдаж байснаас шалтгаалж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлөө гаргаж чадаагүй гэх нэхэмжлэгч талын тайлбар нь Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 4934 дүгээр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор тус тус нотлогдож байна.

Дээрх үйл баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлөө хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуульд заасан хугацаанд гаргаж чадаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8.а-4.1.8.ж-д хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт ямар нөхцөл байдлыг ойлгохыг хуульчилсан ба тус хуулийн 4.1.8.а-д өвчтэй, 4.1.8.б-д эмчилгээ хийлгэж байгаа, 4.1.8.г-д томилолтоор гадаад, дотоодод ажилласан, 4.1.8.д-д сургалтад хамрагдсан гэх зэрэг нөхцөл байдлуудыг хүндэтгэн үзэх шалтгаанд хамруулахаар хуульчилсан байх бөгөөд энэхүү хуулийн зохицуулалтыг тус маргаанд төсөөтэй хэрэглэж, нэхэмжлэгчийг хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлөө хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуульд заасан хугацаанд гаргаж чадаагүй гэж үзэх нь зүйтэй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах” гэж хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг хуульчилсан ба дээрх заалтын дагуу нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулаагүй бол уг шалтгаанаа нотолсны үндсэн дээр тус тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах эрхтэй юм.  

Дээрх үндэслэлүүдээс үзэхэд “Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж буюу “Х” ХХК-ийн *** дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч, шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, тус компанийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч, шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж, “Х” ХХК-ийн *** дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн кадастрын бүртгэлийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1,  70.2.1, 70.2.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.5-д тус тус заасныг баримтлан “Х” ХХК-ийн *** дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн кадастрын бүртгэлийг хүчингүй болгож, “Х” ХХК-ийн *** дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч, шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, “Х” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч, шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгасугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч “Х” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   М.БАТЗОРИГ