Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2017/0753

 

 

 

 
2017 оны 10 сарын 26 өдөр     Дугаар 221/МА2017/0753             Улаанбаатар хот


Д.Э-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Гангэрэл, нэхэмжлэгч Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Д, хариуцагч Б.Д нарыг оролцуулан, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 23 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.Э-н нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга, санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 23 дугаар шийдвэрээр: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 10 дугаар зүйлийн 10.9.8, Төрийн нууцын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга, Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Б.Д-н 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 32-01/16 дугаартай актын “Тогтоох” хэсгийн Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн бичиг хэрэг, дотоод ажил хариуцсан ажилтнаар ажиллаж байсан Д.Э-аар 1.026.049 төгрөг төлүүлэх гэсэн заалт илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэгч Д.Э-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “... Д.Э намайг Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Б/99 дугаар тушаалаар Бичиг хэрэг, дотоод хяналт, хөрөнгө хариуцсан ажилтнаар томилж, Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан ба мөн өдрийн Б/104 дугаар тушаалаар байгууллагын нууц хариуцсан ажилтнаар 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс ажиллуулж, үндсэн цалингийн 40 хувьтай тэнцэх нэмэгдлийг олгож байсан.
Би ажиллах хугацаандаа хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ болон байгууллагын нууцтай холбоотой асуудлыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/62 дугаар тушаалаар баталсан “Нийгмийн даатгалын ерөнхий газрын нууцыг хамгаалах журам”, “Нийгмийн даатгалын байгууллагын нууц баримт бичгийн жагсаалт”, “Нийгмийн даатгалын ерөнхий газрын нууц баримт бичигтэй танилцах эрх бүхий албан тушаалтны жагсаалт”, байгууллагын дотоод журмын 10.13 заалтыг тус тус мөрдлөг болгон биелүүлж ажиллаж ирсэн.
Гэтэл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга, Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Б.Д нь Д.Э надаар 1,026,049 төгрөг төлүүлэхээр илт хууль бус захиргааны акт гаргасан бөгөөд уг илт хууль бус захиргааны актыг хууль зүйн үндэслэлтэй хэмээн үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр үл зөвшөөрч байна.
Би төрийн албан хаагчийн хувьд удирдлагын гаргасан шийдвэр, Төрийн албаны тухай болон Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн дагуу ажил үүргээ гүйцэтгэж, цалин хөлсөө авч ажиллаж байсан. Би ямар нэг хууль бус үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй болно. Гэтэл надад эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэж байгаа нь дээр дурдсан хууль тогтоомжуудыг зөрчсөн гэж үзэж байна.
Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэлд “Төрийн нууцын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2 дахь заалтуудыг зөрчсөн” гэжээ. Гэтэл би, төрийн нууц хариуцсан ажилтан биш, харин байгууллагын нууц хариуцсан ажилтнаар томилогдсон, хуулийн эдгээр заалтад заасан үүргүүд нь ажилтны гүйцэтгэх үүрэг, хариуцлага биш болно.
Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга, Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн актыг үл зөвшөөрч байгаа үндэслэлүүдээ нэхэмжлэлдээ тодорхой заасан билээ.
Ийнхүү илт хууль бус захиргааны актыг “хуульд нийцсэн” хэмээн шийдвэрлэсэн Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 23 дугаар шийдвэрийг үл зөвшөөрч байгаа тул түүнийг хүчингүй болгож миний зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн эдлүүлж өгөхийг хичээнгүйлэн хүсье” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг хянаад, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлэх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Нэхэмжлэгч Д.Э нь нэхэмжлэлийн шаардлагаа анх “Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга, Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 32-01/07 дугаартай актын “Тогтоох” хэсгийн Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн бичиг хэрэг, дотоод аудит хариуцсан ажилтнаар ажиллаж байсан О.Э-аар 1.026.049 төгрөг төлүүлэх гэсэн заалтыг хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч “Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга, Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 32-01/16 дугаартай актын “Тогтоох” хэсгийн Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн бичиг хэрэг, дотоод аудит хариуцсан ажилтнаар ажиллаж байсан Д.Э-аар 1.026.049 төгрөг төлүүлэх гэсэн заалт нь илт хууль бус акт болохыг тогтоолгох” гэж шаардлагаа өөрчилсөн байна.
Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга, Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 32-01/07 дугаар актад нэхэмжлэгчийн овгийг “О.Э” гэж буруу тодорхойлсноос хариуцагч 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр уг бичиглэлийн алдааг залруулж 32-01/16 дугаар актыг гаргажээ.
Маргаан бүхий байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 32-01/16 дугаар актаар Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга нь хэлтсийн бичиг хэрэг дотоод ажил хариуцсан ажилтан Д.Э-д нууцын нэмэгдэл 40 хувиар олгох тушаал гаргасны дагуу 2016 оны 1-7 сарын хугацаанд 1.026.049 төгрөг олгосон нь Төрийн нууцын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасныг зөрчсөн гэж Д.Э-с 1.026.049 төгрөг төлүүлэхээр тогтоожээ.
Гэвч хариуцагч “нууцын нэмэгдэл цалин буцаан авч”, Төрийн нууцын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Төрийн нууцыг хариуцах нууцын ажилтныг уул ажилд авахын өмнө тагнуулын байгууллага шалгаж зөвшөөрөл олгоно” гэснийг зөрчсөн гэж акт тогтоосон нь хуульд нийцээгүйн зэрэгцээ холбогдох хуулийг үндэслэл болгоогүй, баримтлаагүй нь хууль бус, “нууцын нэмэгдэл цалинг буцаан төлүүлэх” уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Тодруулбал, нэхэмжлэгч Д.Э-г нууц хариуцсан ажилтнаар томилсонтой холбоотой хууль зөрчсөн гэх боловч түүнд нууцын нэмэгдэл олгосон нь Төсвийн тухай хуулийн холбогдох ямар зүйл заалтыг зөрчиж нууцын нэмэгдэл олгосон талаар тогтоолгүйгээр хариуцагч захиргааны акт гаргасан байна.
Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга, Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 32-01/16 дугаар акт нь эрх зүйн үндэслэлийн хувьд, захиргааны байгууллагын явуулж буй үйл ажиллагаа, гаргаж буй акт нь хуульд нийцсэн төдийгүй үндэслэлтэй байх ёстой.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх” гэж зааснаар хуульд үндэслэх зарчим нь захиргааны шийдвэр хуулийн үндэслэлтэй, хүний эрхэнд үндэслэлгүйгээр халдах учиргүй.
Тиймээс маргаан бүхий байцаагчийн 2017 оны 32-01/16 дугаар акт нь холбогдох хуулийн аль заалтад үндэслэж байгаа нь тодорхойгүй, зайлшгүй шаардлагатай хуулийг үндэслэл болгоогүй нь хууль бус байна.
Түүнчлэн, “илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” шаардлагын хувьд эрх ашиг нь хөндөгдсөн этгээд хэдийд ч захиргааны байгууллага, шүүхэд хандаж болох боломж олгодог бол хүчингүй болгуулах шаардлагын хувьд гомдол, нэхэмжлэл гаргах хугацааг захиргааны актыг мэдэгдсэнээс хойш тооцдогоороо ялгаатай. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хувьд анх байцаагчийн актыг “хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон бөгөөд хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” гэж шаардлагаа өөрчилсөн нь нэхэмжлэгч маргаан бүхий актын эрх зүйн үйлчлэлийг дуусгавар болгоход чиглэгдэж байна.
Тодруулбал, анх маргаан бүхий актыг “хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын дагуу хэрэг үүсэхэд шүүхээр хянан шийдвэрлүүлэх хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч алдаагүй бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” гэж өөрчилсөн нь маргаан бүхий актыг хүчингүй болгоход хязгаарлалт болохгүй тул нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн үүднээс Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга, Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 32-01/16 дугаар актын Д.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 23 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.2, 10 дугаар зүйлийн 10.9.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Э-н нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга, Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 32-01/16 дугаар актын Д.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Э-с давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 


ШҮҮГЧ                  О.НОМУУЛИН
ШҮҮГЧ                  Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ                  Э.ХАЛИУНБАЯР