Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 23

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Бурмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Д.Энхжаргалын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга, Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчид холбогдох,

“Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны дарга, Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Б.Дарихжавын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 32-01/07 дугаартай актын “ТОГТООХ” хэсгийн Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн бичиг хэрэг, дотоод ажил хариуцсан ажилтнаар ажиллаж байсан О.Энхжаргалаар 1.026.049 төгрөг төлүүлэх гэсэн заалтыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд:                                                                                 

Нэхэмжлэгч: Д.Энхжаргал,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ч.Дашням,

Хариуцагч: Б.Дарихжав,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцов.

 

Тодорхойлох нь:

           Нэхэмжлэгч Д.Энхжаргал нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:  Д.Энхжаргал би Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны дарга, Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Б.Дарихжавын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 32-01/07 дугаартай актын “ТОГТООХ” хэсгийн Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн бичиг хэрэг, дотоод ажил хариуцсан ажилтнаар ажиллаж байсан О.Энхжаргалаар 1.026.049 төгрөг төлүүлэх гэсэн заалтыг дараах үндэслэлээр үл зөвшөөрөн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

1. Доржийн Энхжаргал би 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргатай 09 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулан бичиг хэрэг, дотоод хяналт, хөрөнгө хариуцсан ажилтнаар ажиллаж эхэлсэн ба Хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/104 дүгээр тушаалаар намайг байгууллагын нууц хариуцсан ажилтнаар томилж, үндсэн цалингийн 40 хувьтай тэнцэх нэмэгдлийг тооцож олгохоор  шийдвэрлэсэн билээ. Би ажиллах хугацаандаа хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ болон Нийгмийн даатгалын байгууллагын нууцтай холбоотой асуудлыг Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/62 дугаартай тушаалаар баталсан “Нийгмийн даатгалын ерөнхий газрын нууцыг хамгаалах журам”, “Нийгмийн даатгалын байгууллагын нууц баримт бичгийн жагсаалт”, “Нийгмийн даатгалын ерөнхий газрын нууц баримт бичигтэй танилцах эрх бүхий албан тушаалтны жагсаалт”, байгууллагын дотоод журмын 10.13 дахь заалтыг тус тус мөрдлөг болгон биелүүлж ажиллаж ирсэн.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 132-136 дугаар зүйлд зааснаар хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтан л эд хөрөнгийн хариуцлага хүлээх үндэслэлтэй байна.  Би өөрөө өөртөө шийдвэр гаргаж нэмэгдэл цалин олгоогүй дээр дурьдсанаар ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байсан өөрөөр хэлбэл би өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан зүйл байхгүй тул эд хөрөнгийн хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэлгүй билээ.

3. Намайг Доржийн Энхжаргал буюу Д.Энхжаргал  гэдэг. Гэтэл санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч О.Энхжаргал гэдэг хүнд акт тавьчихаад Д.Энхжаргал намайг биелүүл гэсэн шаардлага тавьж байгаад гомдолтой байна.

4.Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны дарга, Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Б.Дарихжавын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 32-01/07 дугаартай актыг үл зөвшөөрч Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчид 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гомдол гаргасан. Миний гомдлыг хянаад Монгол Улсын Сангийн сайд 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 13-1/2914 дугаар албан бичгээр “...улсын байцаагчийн тогтоосон актыг үндэслэлтэй гэж үзэж байна...” гэсэн хариу ирүүлснийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. 

            Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасныг үндэслэн Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны дарга, Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Б.Дарихжавын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 32-01/07 дугаартай актын “ТОГТООХ” хэсгийн Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн бичиг хэрэг, дотоод ажил хариуцсан ажилтнаар ажиллаж байсан О.Энхжаргалаар 1.026.049 төгрөг төлүүлэх гэсэн заалтыг хүчингүй болгуулахаар гаргаж байгаа нэхэмжлэлийг минь хүлээн авч ханган шийдвэрлэж өгнө үү  гэжээ.

            Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Би 2014 оны 01 дүгээр сарын 04-нөөс эхлэн Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст бичиг хэрэг, дотоод хяналт хариуцсан ажилтнаар томилогдож ажилласан. Мөн давхар нууцын ажилтнаар томилогдож, нэмэгдэл цалинг үндсэн цалингийн 40 хувьтай тэнцэх хэмжээгээр тооцож олгохоор шийдвэрлэсэн. Хүлээсэн үүргийнхээ дагуу Нийгмийн даатгалын байгууллагын нууцтай холбоотой бичиг баримтыг нууцалж, нууцыг чанд сахиж ажиллаж байсан. Нийгмийн даатгалын байгууллага нь босоо удирдлагатай байгууллага юм. Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2015 оны 05 сарын 08-ны өдөр ирсэн А/62 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар Нийгмийн даатгалын Ерөнхий Газрын нууцыг хамгаалах журам, 2 дугаар хавсралтаар Нийгмийн даатгалын байгууллагын нууц баримт бичгийн жагсаалт, 3 дугаар хавсралтаар Нийгмийн паатгалын Ерөнхий газрын нууц баримт бичигтэй танилцах эрхтэй нэр бүхий албан тушаалтны жагсаалтыг баталсан байдаг. Босоо удирдлагатай байгууллага учраас дээрээс ирсэн тушаал, дүрэм, журам, зааврыг үг дуугүй дагадаг байгууллага байгаа юм. Мөн байгууллагын дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.13 дахь заалтан дээр байгууллагын нууцад ямар ямар бичиг баримт орохыг заасан байгаа, тэрийг мөрдөж ажиллаж ирсэн. 2017 оны 03 сард Аудитын байгууллагаас “...тухайн байгууллагын ямар баримт бичгийг нууц гэж байгаагаа тодорхойлоогүй, Төрийн нууцын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг зөрчсөн гэсэн шалтгаанаар 1.026.049 төгрөг төлүүлэх” тухай акт хүлээж авсан. Би тухайн үед ажиллаж байхдаа бичиг хэрэг хариуцаж ажиллаж байсан болохоос тодорхой нэгэн шийдвэр гаргаад гарын үсэг зурдаг албан тушаалтан байгаагүй. Тийм учраас үүнийг үндэслэлгүй гэж үзээд Сангийн яам руу өргөдөл гаргасан. Хариу татгалзсан байдлаар ирсэн. Тэгээд энэ актын үнэн зөвийг тогтоож өгөөч гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүнтэй зэрэгцээд 2017 оны 05 сарын 25-ны өдөр Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын  хороо болон Хүний эрхийн үндэсний комисс руу хандаж өргөдөл бичсэн. Хүний эрхийн Үндэсний комиссоос хариу нь ирсэн байгаа, түүнийг хэрэгт хавсаргасан. Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо утсаар хариу өгдөг болсон гээд зөвлөх Баярсайхан утсаар ярихдаа “...чиний албан тушаал бол өөрөө өөртөө тушаал гаргаад цалин нэмэгдэл олгодог албан тушаал биш, чиний буруу байхгүй учир харъяалах шүүхдээ хандаж асуудлаа шийдвэрлүүлээрэй...” гэсэн. Байгууллагын нууцад цалин хөлстэй холбоотой асуудал, бүтэц зохион байгуулалт, санхүү,  ажилчдын хувийн хэргүүд хамаардаг байсан. Тухайн үед буюу 2015 оны 11 сараас 2016 оны 02 сарын 20-ны хооронд Эдийн засгийн байдлын ил тод байдлыг дэмжих тухай хууль хэрэгжиж эхэлсэн ба тухайн хуулийг Нийгмийн даатгалын ерөнхий газраас “...нууцын зэрэглэлтэй хэрэгжүүлэх ёстой...” гэсэн бичиглэл ирж байсан. Ер нь төрийн байгууллагад ажиллахад маш их ачаалалтай бөгөөд тэр дундаа Нийгмийн даатгалын байгууллага нь ачаалал ихтэй, хүн амдаа шууд хүрч ажилладаг, тэтгэвэр тэтгэмжийн хүрээнд бүхий л насны хүмүүсийн эрүүл мэнд, нийгмийн даатгалыг хариуцаж ажилладаг. Ажлын 18 цагаас хойш сунаж ажиллах бараг 21, 22 цаг хүртэл ажиллах, амралтын өдрүүд, баярын өдрүүдэд ч ажилладаг байсан. Тухайн үед Нийгмийн даатгалын бичиг хэрэг хариуцсан ажилтан маань хүний нөөц, нярав, нууцын ажилтан гээд 4 ажлыг хавсарч хийдэг байсан. Байгууллагын дотоод журам дээр Нийгмийн даатгалын  ерөнхий газраас ирсэн 2015 оны 05 сарын 08-ны өдөр ирсэн А/62 тоот тушаалын 6 дугаар зүйлд “...нууцын ажилтанд 20-40 хувийн нэмэгдэл олгоно...” гэж заасныг манай удирдлагууд үндэслэл болгосон болов уу. Уг тушаал маань юуг үндэслэж гарсан бэ? гэхээр Тагнуулын ерөнхий газрын 2015 оны 01/886 тоот албан тоотод үндэслэсэн. Тухайн үед манай Ерөнхий газар Тагнуулын байгууллагат хандсан байна гэж ойлгож байгаа юм. Тиймээс “Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Б.Дарихжавын тавьсан 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 32-01/07 дугаартай актын нууцын нэмэгдэл 1.026.049 төгрөг төлүүлэх актыг хүчингүй болгож өгнө үү” гэв

 

           Хариуцагч Б.Дарихжав шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдлийн удирдлагын газрын 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсны дагуу Сангийн сайдын баталсан нэгдсэн удирдамжаар Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст хийсэн шалгалтаар Монгол Улсын Төсвийн тухай,Нягтлан бодох бүртгэлийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Хөдөлмөрийн Нийгмийн даатгалын хууль тогтоомж эдгээртэй холбогдох эрхийн акт зөрчсөн нэлээдгүй зөрчил дутагдал илэрч санхүүгийн хяналт шалгалт, улсын ахлах байцаагч, улсын байцаагч нар төлбөрийн акт тогтоож төсвийн болон сангийн орлогод нөхөн төлүүлэх, зөрчлийн арилгуулах зэргээр шийдвэрлэж уг шийдвэрийг Дотоод аудитын хороогоор хэлэлцүүлэн баталгаажуулах, шалгалтын дүн гарахаас өмнө илэрч буй зөрчил дутагдлын талаар Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга, ахлах нягтлан бодогч ажилтнуудад хэлж тайлбарлан, шалгалтын явцад зарим зүйлийг тодруулан, ил тод байдлаар явуулсан.

            Санхүүгийн хяналт, аудитын ажилтнууд бид Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”, Сангийн сайдын 2016 оны 107 дугаар тушаалаар батлагдсан “Санхүүгийн хяналт шалгалтын стандарт”-ын хүрээнд хяналт шалгалт, аудитын ажиллагааг 2016 оны 03 дугаар сарын 01-нээс сар гаруй хугацаанд явуулж аудитын тайлан, танилцуулга, акт, албан шаардлагуудыг аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс, Сангийн яаманд мөн хариуцагч нарт тус тус ирүүлсэн юм.

            Шалгалтаар 2016 онд Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Байгалмаа бичиг хэрэг, дотоод ажил хариуцсан ажилтан Д.Энхжаргалд үндсэн цалингийн 40 хувиар тооцож нууцын нэмэгдэл 2016 оны 01 дүгээр сараас 07 дугаар сар хүртэлх хугацаанд 1.026.049 төгрөгийг олгож Төрийн нууцын тухай хуулийг зөрчсөн байх тул 32-01/07 тоот улсын ахлах байцаагчийн акт тогтоон Д.Энхжаргалаар төлүүлэхээр шийдвэрлэсэн болно. Уг актанд Төрийн хяналт шалгалтын тухай хууль, дотоод аудитын дүрэмд заасны дагуу “Улсын ахлах байцаагчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл 10 хоногийн дотор Улсын ерөнхий байцаагчид гомдол гаргах эрхтэй” гэж дурдсан. Үүний дагуу Д.Энхжаргал нь Улсын ерөнхий байцаагчид 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гомдол гаргасан байна. Монгол Улсын Сангийн сайд, Улсын Ерөнхий байцаагч Б.Чойжилсүрэнгийн гарын үсэгтэй 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 13-1/2914 тоотыг үндэслэлтэй байна гэж үзэж байна гэсэн дүгнэлтийг гарган Д.Энхжаргалд хүргүүлэн хувийг манай байгуулагад ирүүлсэн.

            Тагнуулын ерөнхий газрын 2015 оны 01/866 тоот албан бичгийг үндэслэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны А/62 тоот “Журам батлах тухай” тушаалын гуравдугаар хавсралтаар “Нийгмийн даатгалын ерөнхий газрын нууц баримт бичигтэй танилцах эрх бүхий албан тушаалтны жагсаалт”-ыг баталж, Нийгмийн даатгалын ерөнхий газарт нууцын ажилтан байхаар тогтоосон байна. Дээр дурдсан жагсаалтанд бичиг хэрэг, дотоод ажил хариуцсан ажилтан хамаарахгүй байгаа талаар уг бичигт тодорхой заалтаар тайлбарлан бичсэн байна.

            Д.Энхжаргалын овгийн эхний үсгийн алдаа гарган О гэж бичсэн актад залруулга хийж Д.Энхжаргал болгосон талаар 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 32-1/16 тоот актыг албан бичгийн хамт хүргүүлж, өмнө нь бичсэн актын хувийг буцаан авахуулсан. Д.Энхжаргалын гомдлыг шалгаж байгаа Сангийн яамны ажилтанд Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргаас ирүүлсэн албан тоот, овгийн эхний үсгийг буруу бичсэн тайлбар бичигтэй явуулсан. Залруулсан актыг Д.Энхжаргалд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн  дарга ахлах нягтлан бодогч Б.Зоригоо хүлээлгэн өгсөн.

            Жич: Тус байгууллагад Энхжаргал нэртэй хүн ганц ажиллаж байсныг дурдая.

             Д.Энхжаргал нь өөрөө байгууллагад хохирол учруулаагүй гэж үзэж байгаа ч 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Нийгмийн даатгалын хэлтсийн даргатай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод нууцын зэрэглэлтэй ажил хөдөлмөр эрхэлнэ, нууцын нэмэгдэл олгоно гэсэн заалт байхгүй. Энэ нь хийж гүйцэтгээгүй ажилд цалингийн нэмэгдэл авсан, мөн нууцын зэрэглэл тогтоолгоогүй тагнуулын байгууллагаас зөвшөөрөл аваагүй зэрэг асуудлууд байна. Миний хувьд төсөв санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих, эрсдэл учрахаас сэргийлэх, төрийн албанд үнэнч шударга байх, улсын ахлах байцаагчийн хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх  эрх, үүрэгтэй. Иймд төлбөр тооцох болсон шалтгааны талаар тухайн үед манай Д.Энхжаргал, И.Уянга нарыг ирж уулзахад нь өөрсдөд нь ойлгуулж хэлсэн.

            Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Б.Дарихжав миний хувьд Д.Энхжаргалыг танихгүй, тэр хүнийг гэж сонгосон асуудал байхгүй, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст ажилтай 20 гаруй ажилтнаас илүү олгогдсон цалинг төлүүлэх, 1 ажилтанд дутуу төлбөр зөрчлийг илрүүлэн төлүүлэхээр шийдвэрлэж, уг зөрчлийг цаашид гаргахгүй байхаар таслан зогсоож ажилласан болно. Санхүүгийн хяналт шалгалтын стандарт, санхүүгийн хяналт шалгалт, аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ эрсдэлтэй байгууллагуудыг сонгон хяналт шалгалтад хамруулах төлөвлөгөөг гарган батлуулж хэрэгжүүлдэг, тухайн байгууллага нэгжийн 2-3 жилийн хугацааны баримт материалыг шалгалтад хамруулдаг учраас өнгөрсөн 2016 оны баримтад тухайн зөрчлүүд илэрч байсан юм. Сангийн сайд, Улсын ерөнхий байцаагчийн ирүүлсэн хариу бичигт хууль, эрх зүйн тайлбарыг бичсэн байгаа тул давхцуулан бичсэнгүй гэжээ.

    Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний хувьд Д.Энхжаргал гэж хүн дээр тухайлж акт тавиагүй. Д.Энхжаргалтай цуг бас нэг хүн байгаа, 2 хүн дээр нууцын нэмэгдэл олгож байгаад нь акт тавьсан. Актан дээрээ уг актыг эс зөвшөөрвөл Улсын ерөнхий байцаагчид ханд гэсэн байгаа юм. Яагаад акт тавих болсон бэ? гэхээр манайх Сангийн сайдын баталсан удирдамжаар Нийгмийн даатгалын байгууллагуудад улсын хэмжээнд нэгдсэн шалгалт явуулсан. Энэ шалгалтаар Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газрын 2015-2016 оны бүх санхүү болон үйл ажиллагааны баримт бичигт шалгалт хийж дүгнэлт гаргасан. Улсын ахлах байцаагчийн хувьд аудит, хяналт шалгалтын ажлаа ахалж явуулсан. Надтай хамт санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ш.Мөнхжаргал хамтарч ажилласан. Бидний анхаарлыг хамгийн их татсан зүйл нь цалин хөлс тогтоолт, олголттой холбоотой маш их зөрчил гарч байсан. Нийт 200 гаруй сая төгрөгийн төлбөр дутагдал бүхий акт тавигдсан байгаа. Энэ дотроо өнөөдрийн яригдаж байгаа Д.Энхжаргалийн 1.026.049 төгрөгийн актыг хүчингүй болгож өгөөч гэсэн асуудал багтаж байгаа. Тухайн үед Д.Энхжаргал тэр хуралд байгаагүй. Би нягтлан Оюунгэрэл, Урантөгс, хэлтсийн дарга Зоригоо нарт 2 өдрийн өмнө зар тарааж, хамт олны хуралд актыг  танилцуулсан. Бид нарын үйл ажиллагаа Төрийн хяналт шалгалтын хуульдаа захирагдаад явдаг. Уг актын 3-р заалтаараа  актыг үндэслэлгүй гэж үзвэл ерөнхий байцаагчид ханд гэсэн байсан. Тэрний дагуу Д.Энхжаргал ерөнхий байцаагчид хандсан байсан. Тэрнээс өмнө Д.Энхжаргал надтай ирж уулзаад “би Д овогтой, та О гээд тавьчихсан байна” гэхээр нь “чи бичиг хэргийн ажилтан танайд ганц л чи ажилладаг юм байна лээ” гэж хэлж байсан. Нягтлан бодогч нь “До” гэж цалингийн цэсэн дээрээ тавьсан байсныг бид нар “Д” үсэг нь илүү юм байна гээд Оюунгэрэл бид нар харж байгаад “О” гэж тавьсан. Тухайн актанд гарын үсэг зурсан байгууллагын дарга харж байсан “овгийн үсэг дээр алдаа гарсан байна” гээд актыг шинэчлээд өөрт нь болон Нийгмийн даатгалын газарт хүргүүлсэн. Бид нарын акт дүгнэлт бол Сангийн яамны Санхүүгийн хяналт шалгалтын удирдлагын газарт хүргэгдээд улсын хэмжээнд нэгтгэгдсэн. Тэнд бид нарын актыг судалж байгаа, хяналт тавьж байгаа хүн байгаа. Би төрийн өмнөөс ажил гүйцэтгэж байгаа, төсвийн хөрөнгийг буруу зарцуулсан зүйл дээр акт тавих эрх бүхий албан тушаалтан  мөн учраас акт тавьсан. Мөн актын үндэслэлийн тухайд сүүлд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалаар нууцын нэмэгдэл гаргаж болно гэсэн журам ирсэн. Тэр журман дээр Тагнуулын байгууллагаас зөвшөөрөл авах ёстой гэсэн байдаг. Хамгийн гол нь Тагнуулын байгууллагаас зөвшөөрөл аваагүй, нууцын зэрэглэлээр энэ хүнийг цалинжуулсан. Д.Энхжаргал хэдий өөрөө захирамжлах тушаал гаргаагүй ч гэсэн нууцын албан тушаал эрхэлж байгаа үүднээс би энэ цалин хөлсийг авах ёстой юу гэдгийг өөрөө илэрхийлэх ёстой, нөгөө талаар ажлын байрны тодорхойлолт дээр Нийгмийн даатгалын журмын дагуу “нэмэгдэл олгоно” гэсэн зүйл байгаагүй. Тийм учраас зөрүүг тооцож гаргасан байгаа. Нарийн тооцвол төрд хэдэн жил ажилласнаар дараах шатлалаар цалинжуулна гэсэн байдаг. Тухайн үед Д.Энхжаргал дээр төрийн байгууллагад ажиллаж байгаа хүн учир ТҮ4-1 дүгээр шатлалаар цалин тогтоогдох ёстой байсан, ур чадвар байлаа гэхэд мэргэжлээрээ таарч байна уу гээд үзэхээр архив бичиг хэргийн ажилтны сургууль төгссөн диплом зэргийг гаргаж өгөөгүй. Эдгээрийг харгалзаж үзвэл ТҮ4-1, ТҮ4-2 дугаар шатлалаар тогтоох байсан байх, гэхдээ тэрийг бид нар тооцоогүй. Хамгийн гол нь Төсвийн хуулийн дагуу шалгалт явуулж акт тогтоосон. Энэ хугацаанд бид нар Тагнуулын байгууллагаас асуухад “нууцын зэрэглэл тогтоогоогүй” гэсэн. Мөн энэ хугацаанд 2, 3 аймагт ийм асуудал гараад акт тавигдаад төлөгдөөд дууссан. Манай нэг онцлог бол тухайн оны шалгалтыг дараа онд нь явуулдаг учраас, одоо бид нар 2016 оны зүйлийг 2017 онд ярьж байна. 2 жилийн хугацааны баримтыг араас нь дүгнэж гаргасан. Энэ актын тухайд Д.Энхжаргалын хүсэлт гаргасны дагуу ерөнхий  байцаагч буюу Сангийн сайд дүгнэлтээ гаргаад энэ акт үндэслэлтэй байна гэсэн байгаа. Төрийн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа агентлаг, түүний эрх бүхий албан тушаалтны хувьд төсвийн зарцуулалтанд хяналт шалгалт хийн акт гаргасан юм гэв. 

 

                                                          Үндэслэх нь:

            Нэхэмжлэгч иргэн Д.Энхжаргал нь тус шүүхэд хандаж “Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны дарга, Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Б.Дарихжавын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 32-01/07 дугаартай актын “ТОГТООХ” хэсгийн Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн бичиг хэрэг, дотоод ажил хариуцсан ажилтнаар ажиллаж байсан О.Энхжаргалаар 1.026.049 төгрөг төлүүлэх гэсэн заалтыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны дарга, Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Б.Дарихжавын 2017 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 32-01/16 дугаартай актын “ТОГТООХ” хэсгийн Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн бичиг хэрэг, дотоод ажил хариуцсан ажилтнаар ажиллаж байсан Д.Энхжаргалаар 1.026.049 төгрөг төлүүлэх гэсэн заалт нь илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох ” гэж өөрчилсөн  болно.

Шүүх нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар түүний хууль зүйн үндэслэл, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга, Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Б.Дарихжав, Санхүүгийн хяналтын улсын байцаагч Ш.Мөнхжаргал нар нь Сангийн сайдын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр баталсан Эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газар болон түүний харъяа байгууллагуудын үйл ажиллагаанд хийх хяналт шалгалтын нэгдсэн удирдамж / Х.х 37-39 /-ийг үндэслэн Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2015, 2016 онуудын Санхүүгийн үйл ажиллагаанд явуулсан хяналт шалгалтын үр дүнд улсын ахлах байцаагчаас  тухайн байгууллагадаа ямар төрлийн үйл ажиллагааг нууц гэж үзэж байгаагаа тодорхойлоогүй, Төрийн нууцын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16,1-д заасныг зөрчсөн гэж дүгнээд О.Энхжаргал, И.Уянга нараар “Нууцын нэмэгдэл буцаан төлүүлэх тухай” 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 32-01/07 дугаартай  актыг үйлдсэн байна.

            Уг актандаа Энхжаргалын овгийн эхний үсгэн дээр алдаа гарсан гэж үзээд   актад залруулга хийн 32-01/07 дугаарт актыг хүчингүй болгон 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 32-01/16 дугаартай акт / Х.х 69-70/-ыг гаргажээ.

            Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын  2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/99 дугаар тушаал /Х.х-ийн 31/-аар нэхэмжлэгч Д.Энхжаргалыг Бичиг хэрэг хөрөнгө дотоод хяналт хариуцсан ажилтнаар томилж үндсэн цалинг TY-5-4 шатлалаар тогтоож, мөн өдрийн Б/104 дугаартай  “Д.Энхжаргалыг нууцын ажилтнаар томилох тухай”  тушаал /Х.х-ийн  71 /-аар хэлтсийн нууц хариуцсан ажилтнаар томилж нууцын нэмэгдэлд үндсэн цалингийн 40 хувийг олгохоор болсон ба Д.Энхжаргалд  2016 оны 01 дүгээр сараас 2016 оны 07 дугаар сар хүртэл нийт 1.026.049 төгрөгний нууцын нэмэгдэл олгосон болох нь  хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Д.Энхжаргал шүүх хуралдаан дээр “Байгууллагын дотоод журам, Нийгмийн даатгалын ерөнхий газраас ирсэн 2015 оны 05 сарын 08-ны өдрийн  А/62 тоот тушаалын 6 дугаар зүйлд “...нууцын ажилтанд 20-40 хувийн нэмэгдэл олгоно...” гэж заасныг манай удирдлагууд үндэслэл болгосон болов уу?, уг тушаал маань юуг үндэслэж гарсан бэ? гэхээр Тагнуулын ерөнхий газрын 2015 оны 01/886 тоот албан тоотод үндэслэсэн. Тухайн үед манай Ерөнхий газар Тагнуулын байгууллагад хандсан байна гэж ойлгож байгаа юм”  гэж маргажээ.

            Нийгмийн даатгалын ерөнхий газар нь “Нийгмийн даатгалын байгууллагын нууцыг хамгаалах журам”-ын төсөлд санал авахаар 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 1/748 дугаар бүхий албан бичиг хүргүүлэхэд Тагнуулын ерөнхий газраас 2015 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн 01/886 дугаартай албан бичгээр төсөлд өгөх тодорхой саналгүй гэж хариу өгсний дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/62 дугаарт тушаалын 1 дүгээр хавсралтаар “Нийгмийн даатгалын байгууллагын нууцыг хамгаалах журам” 2 дугаар хавсралтаар “Нийгмийн даатгалын байгууллага дахь төрийн болон байгууллагын нууцтай танилцах эрх бүхий албан тушаалтны жагсаалт” 3 дугаар хавсралтаар “Нийгмийн даатгалын байгууллага дахь төрийн болон байгууллагын нууц баримт бичгийн жагсаалт” зэргүүдийг батлан гаргасан байна.

            Гэтэл “ Нийгмийн даатгалын байгууллагын нууцыг хамгаалах журам”-ын 1.3-д “Нийгмийн даатгалын байгууллага дахь төрийн болон байгууллагын нууцыг хамгаалах ажлыг байгууллагын даргын шууд удирдлага дор нууцын ажилтан хариуцна. Байгууллагын дарга нууцын ажилтны үүргийг байгууллагынхаа аль нэг ажилтанд хавсруулан гүйцэтгүүлж болно. Тагнуулын байгууллагын зөвшөөрөлгүйгээр “нууцыг тухайн ажилтанд хариуцуулахыг хориглоно” 6.2-д “Байгууллага нууцын ажилтанд нийгмийн даатгалын байгууллагад ажилласан хугацаанаас хамааран үндсэн цалингийн  20-40 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдэл олгоно” мөн Төрийн нууцын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “ Төрийн нууцыг хариуцах нууцын ажилтныг уул ажилд авахын өмнө тагнуулын байгууллага шалгаж зөвшөөрөл олгоно” 16.2-д  “Тагнуулын байгууллагын зөвшөөрөлгүйгээр төрийн нууцыг хариуцуулахыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчин Тагнуулын байгууллагаас зөвшөөрөл авалгүйгээр Д.Энхжаргалыг нууцын ажилтнаар томилж үндсэн цалингийн 40 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдлийг олгосон  байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт аудитын алба, улсын ахлах байцаагчийн гаргасан 32-01/16 дугаартай актыг үндэслэлтэй гэж үзэж нэхэмжлэгчийн  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 10 дугаар зүйлийн 10.9.8, Төрийн нууцын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны дарга, Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Б.Дарихжавын 2017 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 32-01/16 дугаартай актын “ТОГТООХ” хэсгийн Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн бичиг хэрэг, дотоод ажил хариуцсан ажилтнаар ажиллаж байсан Д.Энхжаргалаар 1.026.049 төгрөг төлүүлэх гэсэн заалт нь илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэгч Д.Энхжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  70,200 / далан мянга хоёр зуун / төгрөгийг Төрийн сангийн 100131400941 тоот дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ж.БУРМАА