Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 327

 

                                                                           

Д.О-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, хохирогч Г.Э, шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 153 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 365 дугаар магадлалтай, Д.О-д холбогдох 1811024750981 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1968 онд төрсөн, 51 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, М овогт Д-ийн О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Хавтаст хэрэгт уг хэрэг маргаан гарах болсон шалтгаан нөхцөлийг мөрдөн байцаалтаар бүрэн тодруулсан боловч прокурор, анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн талаар хууль зүйн зөв үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Яллагдагч Д.О нь хүний биед хөнгөн хохирол учруулах санаа бодолгүй байсан, харин хохирогч гэх Г.Э-ийн илтэд дээрэнгүй авир араншин болон шууд чиглэсэн довтолгооны эсрэг зүй ёсны шаардлага тавьж, өөрийн болон хүүхдийнхээ амь бие, эрүүл мэндийг хамгаалсан үйлдэл хийсэн нь хэрэгт авагдсан камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч А.Б, З.У нарын мэдүүлгүүдээр хангалттай нотлогдож байхад шүүх эдгээр баримтад буруу дүгнэлт өгч Д.О-г гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1,1.2 дахь хэсгүүдийг зөрчсөн. Шүүх эмнэлгийн шинжээчийн 10707 дугаартай дүгнэлтээр ...Г.Э-ийн биед гэмтлийн гаралтай төмсөгний хурц үрэвсэл ... гэсэн ямар ч нотолгоогүй /эмнэлгийн оношгүй/, хохирогч гэх этгээдийн амаар өгсөн мэдүүлгээр дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй байна. Шинжээчийн дүгнэлтийн талаар шинжээч эмч нараас тодруулж байцаалт аваагүй, шүүгдэгч Д.О-гийн эзэмшлийн 60-84 УНЧ дугаартай “Тоёота Рав-4” загварын тээврийн хэрэгслийн толь болон гар утсанд учирсан хохирлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3-т заасныг зөрчсөн. Мөн шийтгэх тогтоол, магадлалд хохирогч Г.Э-ийн хууль бус үйлдэл болох Д.О, түүний хүү А.Б нарын эсрэг амь бие, эд хөрөнгө, эрүүл мэндийн эсрэг шууд хийсэн довтолгооны талаар нэг ч үг өгүүлбэр, дүгнэлт оруулаагүй бөгөөд хэрэгт авагдсан баримтаар нотлогдож тогтоогдсон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4-т заасан “Хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” байдлыг орхигдуулсан гэж үзнэ. Учир нь маргаан гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогчийн гэм буруутай үйл ажиллагаа, зүй ёсны шаардлага тавьсан иргэний эрхийг үл хүндэтгэсэн, хэл амаар доромжилсон, түлхсэн, цохьсон, хүч хэрэглэсэн хохирогч гэх Г.Э-ийн дээрэнгүй, өөртөө эрдсэн, эмэгтэй хүнийг илтэд басамжилсан увайгүй зан авир, үйлдлээс шууд шалтгаант холбоотой гэж үзнэ. Хохирогч гэх Г.Э нь эмнэлгийн баримтууд гаргасан байх боловч эдгээр нь хэт өндөр үнэлгээтэй эмнэлэгт үзүүлсэн баримт байх ба харьцуулан шинжлэх нотлох баримт байхгүй байхад ашиг сонирхлын зөрчилтэй хохирогчийн гаргаж өгсөн баримтыг шууд нотлох баримтаар тооцсоныг хангалттай баримт гэж үзэх үндэслэлгүй, эдгээр баримтаар хохирлыг шууд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасныг зөрчсөн. Шүүгдэгч Д.О-г үйлдсэн гэх гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан баримтуудаар хангалттай үгүйсгэгдэж байхад гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Иймд хэргийн бодит нөхцөл байдал болон камерийн бичлэг зэрэг шууд нотлох баримтаар Д.О нь хохирогч гэх Г.Э-ийн шууд чиглэсэн довтолгооны эсрэг өөрийн болон үр хүүхдийнхээ амь бие, эрүүл мэндийг хамгаалсан аргагүй хамгаалалт хийсэн нь нотлогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 32.5 дугаар зүйлийн 1.1-т заасны дагуу Д.О-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор О.Сарангэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.О нь тээврийн хэрэгслийн зогсоолоос болж хохирогч Г.Э-тэй маргалдаж, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Хохирогч Г.Э нь шүүгдэгчтэй маргалдсаны дараа өөрийнхөө тээврийн хэрэгсэл дээр ирсэн байхад Д.О нь ирж түүнийг өшиглөж байгаа нөхцөл байдлаас үзэхэд аргагүй хамгаалалт гэж үзэх боломжгүй. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн Д.О-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Д.О нь 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мандухай” зочид буудлын хашаан дотор тээврийн хэрэгслийн зогсоолоос болж Г.Э-тэй маргалдаж, улмаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.О-гийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулжээ.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд аргагүй хамгаалалтыг тулгарсан довтолгооны шинжтэй халдлага эхэлсэн эсвэл эхлэх нь тодорхой болсон үед хийх бөгөөд довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг энэ ойлголтод хамааруулахгүйгээр хуульчилсан. Өөрөөр хэлбэл нийгэмд аюултай гэмт халдлага нэгэнт эхэлсэн, эсхүл довтлох аюул занал бодитой байгаа, тиймээс хамгаалалтыг хойшлуулж болохгүй болсон үед л аргагүй хамгаалалтын эрх үүснэ. Харин хожимдож хийсэн хамгаалалт нь түрүүлж хийгдсэн хамгаалалттай хууль зүйн үүднээс нэгэн адил үнэлэгдэж аргагүй хамгаалалтад эс тооцогдон учруулсан хор уршигтаа эрүүгийн хариуцлага хүлээх үндэслэлийг хамгаалагчид бий болгоно.

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч, хохирогч нар нь тээврийн хэрэгслийн зогсоолоос болж хоорондоо маргалдаж, Г.Э нь Д.О-тай хамт явсан хүү А.Б-ын тухайн үйл явдлыг бичсэн гэх бичлэгийг устгуулахаар гар утсыг нь булаацалдсанд хорсож дургүйцсэн шүүгдэгч Д.О нь хохирогчийн араас нь очиж түүний өшиглөж, маажсанаас болж хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулснаас үзэхэд Г.Э-ийн үйлдлийг тулгарсан довтолгоо гэж үзэх үндэслэлгүйгээс гадна шүүгдэгч хариу үйлдлийг хуульд заасан цаг хугацаанаас зөрүүлж хийсэн гэж үзэхээр байна.

Дээрх байдлаар энэ хэрэгт аргагүй хамгаалалтын нөхцөл байдал үгүйсгэгдсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 153 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 365 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН