Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 365

 

 

 

 

 

 

 

 2019            4            23                                            2019/ДШМ/365                                                

 

 

Д.О- холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:  

 

прокурор Д.Агар,

хохирогч Г.Эзэнмөнх,

шүүгдэгч Д.О- гийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулж,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 153 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.О- гийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор Д.О- холбогдох эрүүгийн 1811024750981 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол овгийн Даваахүүгийн О- , ................. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:......................../;

 

Д.О-  нь 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мандухай” зочид буудлын хашаанд тээврийн хэрэгслийн зогсоолоос болж иргэн Г.Эзэнмөнхтэй маргалдаж, улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Д.О- гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.О- г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.О- г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.О-  нь торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.О- мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар Д.О- гаас 2,530,000 /хоёр сая таван зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Г.Эзэнмөнхөд олгох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг Сиди-г хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.О- гийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтас хэрэгт уг хэрэг маргаан гарах болсон шалтгаан нөхцөлийг мөрдөн байцаалтаар бүрэн тодруулсан боловч прокурор, анхан шатны шүүх хэргийн талаар хууль зүйн зөв үнэлэлт дүгнэлт өгөөгүй.

Д.О-  нь хүний биед хөнгөн хохирол учруулах санаа бодолгүй байсан. Харин хохирогч гэх Г.Эзэнмөнхийн илтэд дээрэнгүй авир араншин болон шууд чиглэсэн довтолгооны эсрэг зүй ёсны шаардлага тавьж, өөрийн болон хүүхдийнхээ амь бие, эрүүл мэндийг хамгаалсан үйлдэл хийсэн нь хэрэгт авагдсан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч А.Бат-Уянга, З.Уянга нарын мэдүүлгүүдээр шууд хангалттай бүрэн дүүрэн нотлогдож байхад анхан шатны шүүх эдгээр баримтад буруу дүгнэлт өгч Д.О- г гэм буруутайд тооцсныг эс зөвшөөрч байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн №10707 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...Г.Эзэнмөнхийн биед гэмтлийн гаралтай төмсөгний хурц үрэвсэл. ...” гэсэн ямар ч нотолгоогүй “эмнэлгийн оношгүй” хохирогч гэх этгээдийн амаар өгсөн мэдүүлгээр дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй байна. Шинжээчийн дүгнэлтийн талаар шинжээч эмч нараас тодруулж байцаалт аваагүй.

Хавтас хэргийн 64-65 дугаар талд авагдсан Д.О- гийн эзэмшлийн 60-84 УНЧ улсын дугаартай “Тоёота RAV4” автомашины толь болон гар утсанд учирсан хохирлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан.

Мөн тогтоолд хохирогч Г.Эзэнмөнхийн хууль бус үйлдэл болох Д.О- , түүний хүү А.Бат-Уянга нарын эсрэг амь бие, эд хөрөнгө, эрүүл мэндийн эсрэг шууд хийсэн довтолгооны талаар нэг үг, өгүүлбэр дүгнэлт оруулаагүй бөгөөд хэрэгт авагдсан баримтаар нотлогдож тогтоогдсон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “Хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэж заасан байдлыг орхигдуулсан гэж үзнэ.

Учир нь, маргаан гарах болсон шалтгаан, нөхцөл байдал нь хохирогчийн гэм буруутай үйл ажиллагаа, зүй ёсны шаардлага тавьсан иргэний эрхийг үл хүндэтгэсэн, хэл амаар доромжилсон, түлхсэн, цохисон, хүч хэрэглэсэн, хохирогч гэх Г.Эзэнмөнхийн дээрэнгүй, өөртөө эрдсэн, эмэгтэй хүнийг илтэд басамжилсан увайгүй зан авир, үйлдлээс шууд шалтгаант холбоотой гэж үзнэ.

Хохирогч гэх Г.Эзэнмөнх нь эмнэлгийн баримтууд гаргасан байх боловч эдгээр нь 1 эх үүсвэртэй буюу хэт өндөр үнэлгээтэй эмнэлэгт үзүүлсэн баримт байх ба харьцуулан шинжлэх нотлох баримт байхгүй байхад ашиг сонирхлын зөрчилтэй хохирогчийн гаргаж өгсөн баримтыг шууд нотлох баримтаар тооцсныг хангалттай баримт гэж үзэх үндэслэлгүй. Эдгээр баримтаар хохирлыг шууд тооцсон нь эргэлзээтэй гэж үзнэ.

Дээрх нөхцөл байдлуудаар өмгөөлөгчийн зүгээс Д.О- г бусдын бие махбодид хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан гэм буруутайд тооцож, торгох ял оногдуулсан нь хавтас хэрэгт цугларсан баримтуудаар хангалттай үгүйсгэгдэж байна.

Харин хэргийн бодит нөхцөл байдал болон камерын бичлэг зэрэг шууд нотлох баримтаар Д.О-  нь хохирогч гэх Г.Эзэнмөнхийн шууд чиглэсэн довтолгооны эсрэг өөрийн болон үр хүүхдийнхээ амь бие, эрүүл мэндийг хамгаалсан аргагүй хамгаалалт хийсэн нь бүрэн нотлогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эргэлзээтэй нөхцөл байдлыг Д.О- ашигтайгаар шийдвэрлэж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч Г.Эзэнмөнх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү, гомдолтой байна. ...” гэв.

 

Прокурор Д.Агар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.О- гийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолтой танилцсан. Аргагүй хамгаалалт гэж байна. Тухайн үед хохирогч Г.Эзэнмөнх нь амь биед нь аюултай довтолгоо хийсэн үйлдэл тогтоогдоогүй. Тухайн маргаанаас үүссэн гар утасны бичлэгийг “болиоч ээ” гэх үйлдэл болсон. Хэсэг хугацааны дараа хохирогч Г.Эзэнмөнх нь автомашины хаалгыг хааж эргэсний дараа маргаан үргэлжлэн, тэр үед Г.Эзэнмөнхийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол учирсан болох нь тогтоогддог. Хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мандухай” зочид буудлын хашаанд Д.О-  нь  тээврийн хэрэгслийн зогсоолоос болж иргэн Г.Эзэнмөнхтэй маргалдаж, улмаар түүний биед халдаж, эрүүл мэндэд нь “...Төмсөгний хурц үрэвсэл, дух, зүүн дээд зовхи, дээд уруул, амны зүүн хажуу хэсэг, хүзүүний урд хэсэгт болон зүүн хажуу хэсэгт, баруун эгэм, зүүн мөр, цээжний урд дээд хэсэг, зүүн дал, зүүн шуу, зүүн бугалага, баруун шуунд зулгаралт. ...” гэсэн хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Г.Эзэнмөнхийн “...Том охиноо цэцэрлэгээс нь авахаар Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Мандухай” зочид буудлын хашаан дотор байх төлбөртэй зогсоолд ороод ...би охиноо авахаар, 15 цаг болгоод машинаасаа бууж явсан. Охины цэцэрлэг нь урд талд нь байдаг бөгөөд би ороод охиноо хувцаслаад байж байтал эхнэр Уянга 2-3 удаа залгаад “энд нэг эгч гарах гээд уурлаад, загнаад байна” гэж хэлсэн. ...Би хэрүүл маргаан хийгээд яах вэ гэж машинаа холдуулах гэтэл хажууд нь сууж байсан хүүхэд нь бололтой залуу гар утсаа гаргаж, бичлэг хийгээд байсан. Би машиндаа суугаад ухраад зам тавиад өгтөл хашаанаас гарах хүртэл бичлэг хийгээд байхаар нь би машинаасаа буугаад тэр машин дээр очоод “бичлэгээ больчих, наад бичлэгээ устгачихаач” гэхэд хүүхэд нь өөдөөс нэг юм яриад байсан ба би гар утсыг нь булааж аваад устгах санаатай авах гэтэл өгөхгүй байхаар нь би болъё гэж бодоод буцаад машин руу гаа алхаж байхад жолооч эмэгтэй нь машинаасаа бууж гүйж ирээд над руу шууд дайрч футволкноос зуурч, зулгаагаад энд тэндээс маажиж, өшиглөөд дайрахаар нь би хойшоо болоод зугтаасан. Намайг зугтаахад хойноос хөөгөөд гүйж ирээд маажиж, өшиглөөд байхаар нь би холдуулах гээд зууралдах үед мөн тэр эмэгтэйн өмсөж байсан футволк нь урагдсан. ...Тэр үед жолооч эмэгтэй миний нүүр, хүзүү, гар, цээж хэсэгт маш олон удаа маажиж, гэмтэл учруулсан. Ийм зүйл болоод би “болъё, шийддэг газраар нь шийдүүлье” гэж манай эхнэр цагдаа дуудсан ба бид нар хамтдаа цагдаагийн хэлтэс дээр ирж өргөдөл гаргасан. Миний бие энд тэндгүй маажигдаж, гэмтэл учирсан. Мөн миний төмсөг рүү хэд хэдэн удаа өшиглөсөн бөгөөд бага зэрэг хавдчихсан байсан. ...” /хх 16-17/,

гэрч А.Бат-Уянгын “...Урд талд нь цагаан өнгийн “Кроун” загварын автомашин нь гарах зам таглаад зогсчихсон байхаар нь, зогсоолын манаач залууд тухайн машиныг холдуулах талаар хэлсэн. Тухайн машин дотор нэг эмэгтэй сууж байсан ба нэг хүнтэй яриад сууж байсан. Тэгээд 10 орчим минутын дараа жолооч залуу болох Эзэнмөнх гэгч нь хүүхэд дагуулчихсан хүрч ирээд “ийм зайтай байхад багтаад гарч чадахгүй байна уу, өөрсдөө гарахгүй юу, би холдуулж чадахгүй” гэх мэтээр хэлээд байсан ба манаач залуу нь зохицуулахгүй хараад зогсоод байсан. Тэр үед манай ээж Эзэнмөнхөд “чи гарц хаагаад зогсчихоод байгаа юм биш үү, чи цаадах замаа харахгүй юу, яаж машин багтаж гарах юм бэ” гэхэд “аргалаад гарахгүй юу” гэж машины урд ирчихээд уурлаад байсан. Тэгэхээр нь би гар утсаа гаргаж ирээд бичлэг хийхэд өөрийнхөө машин руу очоод толио тэгшлээд явахгүй байсан. Ээж бид хоёр “машинаа урагшлуулчих” гэхэд ухраагаад гаргасан ба бид хоёр хажуугаар нь өнгөрөөд гарч байхад Эзэнмөнх машинаасаа бууж ирээд “зайлаач” гэж машины хойд цонх руу цохисон ба миний цонхоор тонгойж орж ирээд, миний утсыг булааж авах гэсэн. Би гар утсаа холдуулаад байж байтал намайг нүүр орчимд цохиод утас булааж авах гээд дайраад байсан. Тэгж байх үедээ намайг мөн цохих гэж оролдсон. Тэгж байгаад цонхоор оруулсан биеэ татаж аваад, машины хойгуур тойрохоор нь манай ээж мөн машинаас буугаад Эзэнмөнх рүү очоод, ...би тэр үед машин дотроо суугаад Эзэнмөнхийн эхнэр гэх эмэгтэйтэй яриад байж байсан. Эхнэр нь “чи наад бичлэгээ устга” гэж, мөн миний утсыг авах гээд байхаар нь би “нөхрөө болиулаач” гэж хэлсэн. Тэгээд байж байтал ээж машин дотроо орж ирээд суухад Эзэнмөнх хаалгыг нь онгойлгоод хөлнөөс нь татсан. Ээж эсэргүүцээд хөлөө татаж аваад суудалдаа суухад ээжийн дээгүүр нь даваад утас булаах гээд дайраад байсан. Ээжийн хүзүү болон толгойны ар хэсгээс нь базаад байсан. Тэр үед ээж Эзэнмөнхийг холдуулах гэж түлхэж байсан. Тэр үед Эзэнмөнхийн нүүр, ам маажигдсан байсан. Тэгээд дахиад ...маргалдаж байгаад цагдаа дуудсан. ...” /хх 22-23/,

гэрч З.Уянгын “...Нөхөр хүүхдийн цэцэрлэг рүү ороод би машин дотроо хүүхдээ тэврээд сууж байхад, цаад талаас машин хүрч ирээд тулж зогсоод сигнал дарахаар нь би машиныхаа хаалгыг хаасан. Тэгтэл хамгаалагч залуу нь хүрч ирээд “жолоочийгоо дуудчих” гэж хэлэхээр нөхөр рүү гээ залгатал “одоо гарч байна” гэсэн. Тэгэхэд нөгөө машины жолооч эмэгтэй сигнал дараад уурлаад байсан. Тэгэхээр нь нөхөр рүүгээ хэлэхэд “яг очиж байна” гэж удалгүй ирсэн. Ирээд “хангалттай зай байхад чинь юундаа бухимдаад, яагаад эхнэрийг загнаад байгаа юм” гэхэд “олон юм яриад байлгүй хурдан гарга” гэх зүйлийн юм яриад хоорондоо маргалдаж байгаад манай нөхөр машиндаа суугаад ухарч байх үед хүүхэд нь болох залуу утсаараа бичлэг хийгээд байхаар нь би нөхөртөө “хайраа наад бичлэгийг нь болиулаач ээ” гэсэн бөгөөд бид 2 хамт машинаасаа буусан. Би хүүхдээ тэврээд нөгөө залуу дээр очиж “чи ингэж болохгүй, наад бичлэгээ устгачих, яасан гэж бичлэг хийж байгаа юм” гэсэн чинь нөхөр хүрч ирээд “чи наад бичлэгээ устга” гэж хэлээд утсыг нь авах гэхэд утсаа хойш нь болгоод өгөхгүй байсан. Би хүүхдээ уйлахаар нь холдоод нөгөө залуутай юм ярьж байх үед жолооч эмэгтэй машинаасаа бууж, машиныхаа ард талд манай нөхөр рүү өшиглөсөн бөгөөд юм яриад байх шиг байсан. Нэг харахад л манай нөхөр, нөгөө эмэгтэй хоёрын хувцас нь урагдчихсан нөхрийн цээж болон нүүрийг маажчихсан байсан. Тэгээд жолооч эмэгтэй хувцсаа бариад машиндаа суусан бөгөөд манай нөхөр бид хоёр жолооч талын хаалгаар очоод ээжийнхээ цаад талд урд сууж байгаа хүүхдээс нь утсыг нь авах гэж булаацалдаад байсан ба тэр үед ээж нь дахин нэмж нүүр болон хүзүүнээс нь олон удаа маажиж цус нөжийг нь гаргасан. Тэгээд явуулахгүй гэж байгаад би цагдаа дуудсан юм. ...” /хх 24-25/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 10707 дугаартай “...Г.Эзэнмөнхийн биед гэмтлийн гаралтай төмсөгний хурц үрэвсэл, дух, зүүн дээд зовхи, дээд уруул, амны зүүн хажуу хэсэг, хүзүүний урд хэсэгт болон зүүн хажуу хэсэгт, баруун эгэм, зүүн мөр, цээжний урд дээд хэсэг, зүүн дал, зүүн шуу, зүүн бугалага, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. ...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 29-30/,

 

“...О- гийн машин баруун талаас гарч ирэн хашааны хаалгаар гарах үед Эзэнмөнх, Уянга нар нь машинаасаа бууж ирэх ба Эзэнмөнх нь О- гийн машин руу гүйн зүүн талынх нь урд хаалган дээр очих ба цонхоор гараа оруулчихаад болиод машиных нь урдуур тойроод буцаж хүрч ирснээ машины цонхоор гараа оруулах үед машин нь хөдөлж урагшлан зогсоход хаалганы бариулаас татаад дахин цонхоор гараа оруулах үед машин дахин урагш хөдлөн зогсох ба Эзэнмөнх эргэж өөрийнхөө машин руу алхан ....машиныхаа урд хэсэгт ирэн зогсох үед О-  нь машинаасаа буугаад Эзэнмөнхийн зүг гүйн ирж хувцаснаас нь зулгаахаар дайрах ба Эзэнмөнх хажуу тийш холдон хойш ухрах үед дахин дайрч футболкноос нь зулгаан хөлөөрөө Эзэнмөнхийн хөл орчимд өшиглөн дайраад нэгнийгээ түлхэлцэх ба 02.21 цагт дахин өшиглөх ба Эзэнмөнх цамцнаас нь зуурсан байдалтай байх ба хойш болон татах үед О- гийн өмсөж явсан цагаан цамц нь урагдах ба хойш болон тойрч зугтаах үед араас нь О-  хөөж дайрах ба баруун тийш зугтах үед 02:29 цагт Эзэнмөнхийн хойд талаас өмсөж явсан фудволкноос нь барьж аван татахад Эзэнмөнх эргэж харах үед футволк нь урагдах ба  О-  нь цээж хэсэг рүү нь самардан дайрах ба Эзэнмөнх хувцаснаас нь зулгаан хориглож байгаад гараа тавин баруун тийш гүйхэд О-  хойноос нь хөөж харагдахгүй болох ба ...” гэсэн “Мандухай” зочид буудлын гадна машин зогсоолын талбай орчмыг харуулж буй камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 14/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Д.О- г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Д.О- гийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Д.О- гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Д.О- гийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нь “...хохирогч гэх Г.Эзэнмөнхийн илтэд дээрэнгүй авир араншин болон шууд чиглэсэн довтолгооны эсрэг зүй ёсны шаардлага тавьж, өөрийн болон хүүхдийнхээ амь бие, эрүүл мэндийг хамгаалсан үйлдэл хийсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эргэлзээтэй нөхцөл байдлыг Д.О- ашигтайгаар шийдвэрлэж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү, ...Д.О- гийн эзэмшлийн 60-84 УНЧ улсын дугаартай “Тоёота RAV4” автомашины толь болон гар утсанд учирсан хохирлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан, ...хохирогч гэх Г.Эзэнмөнх нь 1 эх үүсвэртэй буюу хэт өндөр үнэлгээтэй эмнэлэгт үзүүлсэн баримтаар хохирол нэхэмжилж байна. ...” гэсэн давж заалдах гомдлыг гаргажээ.

 

Хэрэгт байгаа “Мандухай” зочид буудлын гадна зогсоолын хэсэгт Д.О- , Г.Эзэнмөнх нарын хооронд болсон үйл явдлыг харуулж буй камерын бичлэгээс үзэхэд Г.Эзэнмөнх Д.О- гийн машин руу очин маргалдаж байгаад буцаж машин руугаа явах үед Д.О-  араас нь гүйн ирж Г.Эзэнмөнхийг өшиглөх, зулгаах, самардах зэргээр түүн рүү дайран довтолж, Г.Эзэнмөнхийн биед гэмтэл учруулсан болох нь тогтоогдож байх тул Д.О- г Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан “Өөрийн ойр дотны хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэсэн аргагүй хамгаалалтыг хэрэглэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Харин Г.Эзэнмөнх, Д.О-  нар хоорондоо маргалдаж, түлхэлцэж, хувцаснаасаа зулгаалцах, Д.О- гийн жолоодож явсан машин дотроос гар утсаараа бичлэг хийж буй А.Бат-Уянгын гар утсыг авахаар Д.О- гийн талын машины цонхоор  А.Бат-Уянга руу зүтгэн дайрах үед Д.О- гийн биед учирсан “...зүүн шуу, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт. ...” гэмтэлд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 10762 дугаар шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн зэрэг тогтоогдоогүй /хх 27/ тул эрүүгийн хэргийн шинжгүй байна. Д.О- гийн эзэмшлийн 60-84 УНЧ улсын дугаартай “Тоёота RAV4” автомашины толь болон гар утсанд учирсан хохирлыг Г.Эзэнмөнхийн биед гэмтэл учирсан тус эрүүгийн хэрэгтэй хамтатган эцэслэн хянан шийдвэрлэх боломжгүй бөгөөд шүүгдэгч Д.О-  нь Г.Эзэнмөнхийн үйлдлээс учирсан хохирол гэсэн нотолгоогоо гарган жич иргэний шүүхээр шийдвэрлүүлэх эрх нээлттэй болно.

 

Г.Эзэнмөнхийн биед Д.О- гийн үйлдлээр “...Духны зүүн хэсэгт 2х0,5см, 05х3см,1х0,1см, зүүн дээд зовхинд 1х0,3см, 2х0,4см, дээд уруулын зүүн талд 3х0,5см, 0,5х0,7см, 1х0,5см, амны зүүн хажуу хэсэгт 1,5х0,5см, хүзүүний урд хэсэгт болон зүүн хажуу хэсэгт нэлэнхүйдээ 5х0,5см, 4х0,4см, 2х0,5см хүртэл хэмжээний олон тооны, баруун эгэм, зүүн мөр, цээжний урд хэсэгт нэлэнхүйдээ 10х0,5см, 5х0,5см, 6х0,5см, 7х0,5см хүртэл хэмжээний олон тооны, зүүн далны дээд хэсэгт 6х0,5см, 7х0,5см олон тооны, зүүн бугалганы гадна дээд хэсэг, баруун шууны гадна дунд хэсгүүдэд 5х0,5см хүртэл хэмжээний тоолох боломжгүй олон тооны улаан ягаан өнгийн зулгаралтуудтай. ...” гэсэн гэмтлүүд учирсан талаар шинжээчийн дүгнэлтэд заасан бөгөөд /хх 29/ уг гэмтлийн үр дагаврыг арилгах зорилгоор эмчийн эмчилгээний тодорхойлолт /хх 48/-оор заасан эмчилгээг хийлгэсэн болох нь төлбөрийн баримтуудаар нотлогдож /хх 44-53/ байх тул шүүгдэгч Д.О- гаас эмчилгээний төлбөр болох 2,530,000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Эзэнмөнхөд олгохоор заасан анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.О- гийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 153 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.О- гийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                            Д.ОЮУНЧУЛУУН

 

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ