Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 509

 

 

 

 

 

 

Л.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2019/03651 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Л.Г-ыннэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Б-д холбогдох,

 

1 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Л.Г

Хариуцагч Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Б-тай “Б” ХХК-ийн угсралтын ажил хийхээр амаар тохиролцож, 22 000 000 төгрөгийн ажлыг 12 000 000 төгрөгөөр хийлгэхээр болсон. Энэ нь 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдөр болсон тохиролцоо юм. Хөлсийг ажлын явцын байдлаар хэсэгчлэн авч, өгөхөөр тохиролцсон. Ингээд би уг ажлыг хийхдээ нэлээд олон хүн авч ажиллуулсан. Хөлсөө цувуулж авч байсан. Ажлаа 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр дуусгаж, хүлээлгэн өгсөн. Энэ хугацаанд нийт ажлын хөлснөөс 9 500 000 төгрөгийг бэлнээр авч, ажил олж өгсний хөлсөнд Б.Б-д 1 000 000 төгрөг өгсөн. Иймд тохирсон ажлын хөлсний үлдэгдэл 1 500 000 төгрөгийг Б.Б-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 6 сарын сүүлээр Л.Г-той “Б” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллахаар тохиролцсон ажлаа 12 000 000 төгрөгөөр хийлгэхээр тохирсон. Надад 1 000 000 төгрөг өгье гэсэн. Ингээд 11 000 000 төгрөгөөс 9 500 000 төгрөг төлсөн. Яагаад 1 500 000 төгрөгийн маргаантай болсон гэвэл ажил хүлээлцэх үед дулаан авахад сануулсаар байтал ангиуд цоожтой өөрөө байхгүй. 5 давхраас ус алдаж хохирол гарсны улмаас тус сургууль материалаа гаргаж засвар хийсэн. Улаанбаатар эрдэм их сургууль “Б” ХХК-тай гэрээтэй. “Б” ХХК-тай би гэрээ байгуулсан. Би Л.Г-той амаар гэрээ байгуулсан. “Б” ХХК-д Улаанбаатар эрдэм их сургууль 3 500 000 төгрөгийг дутуу өгсөн. Ийм учраас Л.Г-д 1 500 000 төгрөг төлөх үндэслэл байхгүй. Энэ үед би Л.Г-д 9 500 000 төгрөг төлөөгүй байсан бол бүр 3 500 000 суутгах байсан. Мөн энэ хүн н.Б-ийн багажийг гэрээс нь худал хэлж аваад одоо хүртэл барьцаалж байгаа гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б-аас 1 500 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Г-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-аас 38 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Г-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хохирлын тухай Улаанбаатар эрдэм их сургуулиас захирал н.А-ийн тодорхойлолт, менежер н.Г-ын гэрчилснийг хангалтгүй гэж үзэж “Б” ХХК-ийн захирлын тодорхойлолтыг хавсаргалаа. Мөн Л.Г-д байгаа 2 000 000 төгрөгөөр үнэлэгдэх багаж надад шилжсэнийг нотлох н.Б-ийн  тодорхойлолтыг хавсаргав. Л.Г 3 500 000 төгрөгөөр хохирол учруулж, 2 000 000 төгрөгийн багаж худал хэлж аваад өгөхгүй байгаа тул би нэмж мөнгө төлөх үндэслэлгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Л.Г нь хариуцагч Б.Б-д холбогдуулан 1 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч Л.Г нь Улаанбаатар Эрдэм их сургуулийн өргөтгөлийн байрны халаалтын системийг суурилуулах ажлыг хийж гүйцэтгэх, харин захиалагч буюу Б.Б нь 12 000 000 төгрөг төлөхөөр ажил гүйцэтгэх гэрээ талууд амаар тохиролцсон байна.

 

Зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээг амаар тохиролцсон байх боловч талууд энэ талаар маргаагүй тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Нэхэмжлэгч Л.Г нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 9 500 000 төгрөг авсан, хариуцагч Б.Б 1 000 000 төгрөг авч ажилласан харин үлдэх 1 500 000 төгрөгийг төлөөгүй гэж маргажээ.

 

Хариуцагч Б.Б гаргасан тайлбартаа “Б” ХХК-иас 3 500 000 төгрөгийг аваагүй, ус алдсанаас үүссэн засварт тооцож надаас суутгасан тул Л.Г-д төлөх төлбөргүй гэх тайлбарууд нь нэхэмжлэгч Л.Г-той байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт хамааралгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй.

 

Түүнчлэн, хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч Л.Г-той төлбөр тооцоо байхгүй гэж тайлбарлаж буй үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй, хэргийн баримтаар хангалттай тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбар, гомдол үндэслэлгүй байна.

 

Дээрх дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2019/03651 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ц.ИЧИНХОРЛОО

               ШҮҮГЧИД                                        Д.ЦОГТСАЙХАН

                                                                      Д.БАЙГАЛМАА