Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2019/03651

 

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2019/03651

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ................/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: .................../-д холбогдох

1,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г , хариуцагч Б , нарийн бичгийн дарга Б.Мөнхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би хариуцагч Б тай Б ХХК -ийн угсралтын ажил хийхээр амаар тохиролцож, 22,000,000 төгрөгийн ажлыг 12,000,000 төгрөгөөр хийлгэхээр болсон. Энэ нь 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдөр болсон тохиролцоо юм. Хөлсийг ажлын явцын байдлаар хэсэгчлэн авч, өгөхөөр тохиролцсон. Ингээд би уг ажлыг хийхдээ нэлээд олон хүн авч ажиллуулсан. Хөлсөө цувуулж авч байсан. Ажлаа 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр дуусгаж, хүлээлгэн өгсөн. Энэ хугацаанд нийт ажлын хөлснөөс 9,500,000 төгрөгийг бэлнээр авч, ажил олж өгсний хөлсөнд Б д 1,000,000 төгрөг өгсөн. Нийтдээ 10,500,000 төгрөгийг авсан. Ажлын сүүлчийг гүйцээхдээ 3 хүний 500,000 төгрөгийн хөлс өгөхөөр тохирч ажиллуулсан. Тэр 3 хүнд тус бүрд нь урьдчилгаа 100,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 1,500,000 төгрөгөөсөө тэдэнд 1,200,000 төгрөг өгнө гэж тооцож байсан юм. Гэтэл Б  ажлаа бүтээлгэж авсны дараа 1,500,000 төгрөгийг өгөхгүй өнөөдрийг хүртэл намайг залилсаар байна. Би нөгөө 3 хүнд үлдэгдэл мөнгийг нь өгч чадахгүй хүмүүсийг давхар хохироож байна. Б аас удаа дараа нэхсэн боловч удахгүй өгнө гэж залилсаар өнөөг хүрсэн. Хамгийн сүүлд 2019 оны 10 сарын 5,6-ны өдөр мөнгөө нэхэхэд одоо өгч чадахгүй би хаанаас олж өгөх юм гэж хэлсэн. Иймд тохирсон ажлын хөлсний үлдэгдэл 1,500,000 төгрөгийг Б аас гаргуулж өгнө үү... гэв.

Хариуцагч Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би 2019 оны 6 сарын сүүлээр Г той Б ХХК -ийн туслан гүйцэтгэгчээр ажиллахаар тохиролцсон ажлаа 12,000,000 төгрөгөөр хийлгэхээр тохирсон. Надад 1,000,000 төгрөг өгье гэсэн. Ингээд 11,000,000 төгрөгөөс 9,500,000 төгрөг төлсөн. Яагаад 1,5 сая төгрөгийн маргаантай болсон бэ гэвэл ажил хүлээлцэх үед дулаан авахад сануулсаар байтал ангиуд цоожтой өөрөө байхгүй. 5 давхраас ус алдаж хохирол гарсны улмаас тус сургууль материалаа гаргаж засвар хийсэн. Улаанбаатар эрдэм их сургууль Б ХХК -тай гэрээтэй. Б ХХК -тай би гэрээ байгуулсан. Би Г той амаар гэрээ байгуулсан. Б ХХК -д Улаанбаатар эрдэм их сургууль 3,500,000 төгрөгийг дутуу өгсөн. Би Б ХХК -иас 3,500,000 төгрөг дутуу авч алдагдалд орсон. Ийм учраас би Г од 1,500,000 төгрөг төлөх үндэслэл байхгүй. Энэ үед би Г од 9,5 сая төгрөг төлөөгүй байсан бол бүр 3,5 суутгах байсан. Мөн энэ хүн Бямбахүүгийн багажийг гэрээс нь худал хэлж аваад одоо хүртэл барьцаалж байгаа. Г намайг олон удаа сүрдүүлж байгаа. Энэ учраас шүүхээс намайг 1,500,000 төгрөг төлөх үндэслэлгүйг тогтоож, заналхийлж байгааг анхааруулж өгөхийг хүсэж байна... гэв.

 

Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбар, гэрч нарын мэдүүлгийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г хариуцагч Б д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч тал паарнаас ус алдсанаас хохирол учирсан, захиалагчаас 3,500,000 төгрөгөө дутуу авсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Улаанбаатар Эрдэм их сургуулийн өргөтгөлийн барилгын ажил гүйцэтгэх гэрээг тус сургуулийн захирал Д.Алимаа Б ХХК -тай байгуулсан, Б ХХК  иргэн Б тай гэрээ байгуулсан, Б  Г нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан болох нь зохигчийн тайлбар, гэрч нарын мэдүүлэг, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.

Зохигчдын хооронд 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд ажил гүйцэтгэгч тал Улаанбаатар Эрдэм их сургуулийн өргөтгөлийн байрны халаалтын системийг суурилуулах ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч нь 12,000,000 төгрөг төлөхтэй холбогдсон харилцаа үүссэн байна.

Талууд гэрээг бичгээр байгуулаагүй боловч зохигчдын хооронд хийгдсэн хэлцэл нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Гэрээ ёсоор ажил гүйцэтгэгч тал болох Г Улаанбаатар эрдэм их сургуулийн өргөтгөлийн барилгын халаалтын системийг хийж гүйцэтгэн 2018 оны 9 сарын 15-ны өдөр хүлээлгэн өгсөн болох нь зохигчдын тайлбар, гэрч Б.Ганзориг, Д.Эрдэнэбат, Ц.Хувьт нарын мэдүүлэг зэргээр хангалттай тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй байх ба талууд энэ талаар маргаагүй.

2018 оны 9 сарын 15-ны өдрийг хүртэл захиалагч Б  нийт 9,500,000 төгрөгийг ажил гүйцэтгэгч Г од бэлнээр өгсөн, Г ажлын хөлснөөсөө Б д өгөхөөр тохирсон 1,000,000 төгрөгийг Г авсан гэж тооцож, нийт 10,500,000 төгрөгийг өгсөн, авсан, үлдэх 1,500,000 төгрөг төлөгдөөгүйтэй маргаагүй.

Хариуцагч Б ын ...Б ХХК -иас 3,500,000 төгрөгийг аваагүй... гэх, гэрч Б.Ганзоригийн ....манай сургууль Б ХХК -д 3,500,000 төгрөгийг ус алдсанаас үүссэн засварт тооцож суутгасан нь үнэн... гэх тайлбарууд нь Б ын Г той байгуулсан гэрээний хөлс төлөх үүргээ биелүүлэхээс татгалзах үндэслэлд хамаарахгүй байх ба Б ХХК  болон Б  нарын хооронд байгуулагдсан гэрээний үүрэгт хамааралтай байна.

Иргэн Б  иргэн Г-той байгуулсан гэрээний улмаас 3,500,000 төгрөгийн хохирол учирсан гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн тайлбар, татгалзлаа баримтаар нотолж чадаагүй, сөрөг нэхэмжлэл гаргаагүй.

Иймд хариуцагч Б аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г од олгох нь зүйтэй гэж дүгнэв.

Хариуцагчийн тайлбарт дурдсан нягтруулагч гэх төхөөрөмж С.Бямбахүүгийнх, Г од байгаа гэж зохигч хэн аль нь тайлбарласан тул иргэн С.Бямбахүү иргэн Г оос нэхэмжлэх эрх нь нээлттэйг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулиокн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б аас 1,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г од олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б аас 38,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г од олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Д.БАТЦЭЦЭГ