Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2022/0979

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.М*******

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.У*******,

Хариуцагч: Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ү*******, О.Д******* нарын хоорондын төрийн албаны тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.М*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ү*******, О.Д*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Амин-Од нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 65 дугаар тушаалаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Стратегийн удирдлага, зохицуулалтын газрын гадаад хамтын ажиллагааны албаны даргаар анх томилогдон, Тэргүүн дэд даргын холбогдох тушаалуудаар Мэдээллийн технологийн хэлтэст гадаад, дотоод сүлжээ хариуцсан ахлах шинжээч, Төрийн албаны хүний нөөцийн удирдлага, зохицуулалтын газарт ахлах шинжээч, Гадаад төсөл, хамтын ажиллагааны газарт ахлах шинжээч, Бодлого, төлөвлөлтийн газарт ахлах шинжээчээр тус тус ажилласан байна.

1.2. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 42 дугаартай нэр бүхий 5 албан хаагчийг Эдийн засаг, хөгжлийн яаманд шилжүүлэн ажиллуулах тушаал гарсан байна.

1.3. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2022 оны 42 дугаар тушаалыг эс зөвшөөрч Д.М******* нь Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 06/1619 дугаар албан бичгээр ... 42 дугаар тушаалын танд холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байх тул таны гомдлыг шийдвэрлэх боломжгүй байна гэх хариуг өгсөн байна.

1.4. Д.М*******оос 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 42 дугаартай "Шилжүүлэх тухай" тушаалын Д.М*******од холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч Д.М******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

Д.М******* миний бие 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Стратеги удирдлага, зохицуулалтын газрын Гадаад хамтын ажиллагааны албаны дарга, шинжээчээр, Төрийн албаны хүний нөөцийн удирдлага зохицуулалтын газрын ахлах шинжээчээр, Гадаад төсөл хамтын ажиллагааны газрын ахлах шинжээчээр тус тус ажиллаж байгаад, 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс Бодлого төлөвлөлтийн газрын ахлах шинжээчээр ажиллаж байсан. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга нь 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 42 дугаартай тушаалаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын нэр бүхий ажилтныг үүрэгт ажлаас чөлөөлж, Эдийн засаг, хөгжлийн яаманд шилжүүлсэн агуулга бүхий тушаалыг гаргасан ба тус тушаалын хавсралтад Д******* овогтой М******* миний нэр тусгагдсанаар миний бие 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөгдсөн. Миний бие Төрийн албан хаагчийн тусгай шалгалтад тэнцэж, Төрийн албан хаагчийн тангараг өргөж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Бодлого төлөвлөлтийн газрын ахлах шинжээчээр ажиллан, төрийн албан хаагчийн нийтлэг болон нэмэгдэл баталгааг эдлэн ажиллаж байсан. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга нь тушаал гаргах үндэслэлээ тайлбарлахдаа Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Бодлого төлөвлөх чиг үүргийг Эдийн засаг хөгжлийн яаманд шилжүүлсэн тул Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт бүтцийн өөрчлөлт орсон гэх талаар дурдаж, тушаалынхаа хууль зүйн үндэслэлийг Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалтаар тодорхойлсон.

Миний бие Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтцэд өөрчлөлт оруулах тухай мэдэгдлийг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч танилцаад, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт 4 жил гаруй хугацаанд Стратеги удирдлага, зохицуулалтын газрын Гадаад хамтын ажиллагааны алба, Төрийн албаны хүний нөөцийн удирдлага зохицуулалтын газар, Гадаад төсөл хамтын ажиллагааны газар, Бодлого зохицуулалтын газарт тус тус ажиллаж байсан, өөрийн эзэмшсэн мэргэжил, мэдлэг, ур чадварын дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтцэд хэвээр үлдэх, эсхүл шинээр нэмэгдэх өөр орон тооны ажилд шилжиж ажиллах боломжтой талаарх хүсэлтээ 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргад хандаж гаргасан боловч 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүсэлтийг хүлээн авахгүй гэх хариуг өгсөн.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга нь Төрийн албаны тухай хуульд заасан Төрийн жинхэнэ албан хаагчийн ажлаас чөлөөлөх үндэслэлд хамаарахгүй хуулийн заалтыг баримтлан Д.М******* намайг ажлаас чөлөөлсөн бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт заасан зохицуулалтыг буруу хэрэглэж, Д.М******* намайг ажлаас чөлөөлөөд Эдийн засгийн хөгжлийн яам руу шилжүүлсэн гэх байдлаар тус тушаалыг гаргасан байдаг. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт заасан төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох" нэмэгдэл баталгааг төрийн албан хаагчид олгосон, Төрийн албан хаагч надад эрх олгож, давуу байдал бий болгох ёстой хуулийн зохицуулалтыг үндэслэл болгон намайг ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна.

Төрийн албаны тухай хуулийн дээрх заалтад заасан өөр ажил, албан тушаалд шилжин ажиллах ажилтны эрхийг баталгаажуулсан зохицуулалт нь тухайн ажилтан өөрөө хүсэж, хүсэлтээ гаргаж, тухайн байгууллага дотроо өөр тохирох ажил албан тушаалд шилжин ажиллах талаар зохицуулсан байхад хуулийг өөр байдлаар тайлбарлан хэрэглэж, төрийн жинхэнэ албан хаагч надад олгогдсон эрхийг, миний эрх ашиг сонирхлыг зөрчиж, ажлаас чөлөөлөх үндэслэл болгосонд гомдолтой байна.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Бодлого төлөвлөх чиг үүргийг Эдийн засаг хөгжлийн яаманд шилжүүлсэн шийдвэрийн дагуу бүтэц орон тоогоо 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр өөрчлөн баталсан тус шинэчлэн баталсан бүтцэд Бодлого төлөвлөлтийн газар хасагдсан боловч Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын нийт ажилтнуудын тоо хэвээр хадгалагдсан.

Миний бие Төрийн албаны тухай хуулийн дээрх зохицуулалтын дагуу Төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаа эдэлж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тохирох ажил, албан тушаалд ажиллах хүсэлтээ илэрхийлсэн байхад өмнөх ажлын байр байхгүй болсон гэх үндэслэлээр хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь илтэд үндэслэлгүй гэж үзэж байна. Би Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Стратеги удирдлага, зохицуулалтын газрын Гадаад хамтын ажиллагааны албаны дарга, шинжээчээр, Төрийн албаны хүний нөөцийн удирдлага зохицуулалтын газрын ахлах шинжээчээр, Гадаад төсөл хамтын ажиллагааны газрын ахлах шинжээчээр, Бодлого төлөвлөлтийн газрын ахлах шинжээч зэрэг ажлыг хийж гүйцэтгэж байсан бөгөөд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын шинээр батлагдсан ажлын байрны хэд хэдэн орон тоонд томилогдон ажиллах, ажил үүргийн тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, тус газарт үргэлжлүүлэн ажиллах бүрэн боломжтой, хангалттай мэдлэг, дадлага, ур чадвар эзэмшсэн байхад хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, сул ажлын байрны орон тоонд шинээр ажилтан сонгон авч ажиллуулж байгаа нь үндэслэлгүй байна.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 42 дугаартай "Шилжүүлэх тухай" тушаалын агуулга нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын ажилтныг ажлаас нь чөлөөлж, Эдийн засаг, хөгжлийн яам руу шилжүүлэн ажиллуулах агуулгатай мэт харагдаж байгаа боловч бодит байдал дээр Эдийн засаг, хөгжлийн яам нь ажлаас чөлөөлөгдсөн ажилтнуудыг шууд ажилд авах үүрэг байхгүйгээс гадна, Д.М******* миний ажиллаж байсан Бодлого төлөвлөлтийн газрын ахлах шинжээчийн орон тоо Эдийн засаг, хөгжлийн яаманд огтхон ч байхгүй юм. Миний бие өөрийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэх талаар Төрийн албаны зөвлөлд хандсан боловч 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 06/1619 дугаартай "Гомдлын хариу хүргүүлэх тухай" албан бичгээр Д.М******* надаас гаргасан гомдлыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн тул зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр тус шүүхэд хандсан болно.

Иймд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 42 дугаартай "Шилжүүлэх тухай" тушаалын Бодлого төлөвлөлтийн газрын ахлах шинжээч Д.М******* надад холбогдох хэсгийг хүчингүй болгож, Д.М******* намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Эдийн засаг хөгжлийн яам байгуулагдсантай холбоотой бүтцэд байсан нэгжийг шилжүүлж байна гэсэн агуулгатай 42 дугаар тушаал гарсан. Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Төрийн албаны тухай хуулийг тайлбарласан 08 дугаар тогтоол, 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолоор тус тус тайлбарласан. Хариуцагчаас тодорхой үндэслэлийн дагуу нэгж өөрөө шилжсэн учраас үүнийг хууль бус гэж үзэхгүй байна гэж тайлбарладаг. Энэ тайлбараар бол чиг үүрэгт холбоотой шийдвэр өөрөө албан хаагчдыг тухайн чиг үүрэгтээ шилжүүл гэсэн зүйл байхгүй. Энэ тушаалаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн. Хариуцагч талаас тайлбарлаж байгаа тайлбар боломжгүй тайлбар. Чиг үүргийг шилжүүлснээс биш ажиллаж байсан хүмүүсийг тухайн яам руу шилжүүлэх нь өөрөө боломжгүй зүйл гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно гэж заасан. Чиг үүрэг нь шилжсэн зайлшгүй шаардлага гэж үзэж байна уу гэхээр ажил үүрэг гүйцэтгэж байсан Д.М*******ын тухайд үндсэн мэргэжил болоод шилжүүлж байгаа албан тушаал нийцдэггүй. Төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсон гэдэг. Шилжүүлэхтэй холбоотой шийдвэр гарахаас өмнө удаа дараа хүсэлтүүд гаргаж байсан. Тухайн байгууллага төрийн албан хаагчтай тохиролцсон гэж үзэх боломжгүй. Анх томилогдсоноосоо хойш чиг үүрэг шилжсэнтэй холбоотой 6 удаа өөр өөр албан тушаал нэхэмжлэгч гүйцэтгэсэн байдаг. Удирдлага хооронд харилцан тохиролцсон уу гэхээр 023/351 дугаар албан бичиг байдаг. Үүнээс харахад удирдлага хооронд тохиролцсон байдал харагдахгүй байна. Мөн үндсэн мэргэжил эдийн засгийн буюу хөгжлийн бодлогын чиглэлээр нарийн мэргэшсэн хүн биш. Иймд шинэ яам хөгжлийн бодлогын асуудлыг шийдэх судалгаанд ажиллах хүмүүс учир мэргэжлийн хувьд таарахгүй байна гэж үзэж санал болгосон ажлаас татгалзсан. Засгийн газрын хуучин орон тоо яг хэвээрээ батлагдсан байдаг. Чиг үүрэг шилжсэн, орон тоо хасагдсан тоогоор батлагдаагүй хуучин байснаар батлагдсан. Д.М*******ын тухайд бодлого төлөвлөлтийн газрын ахлах шинжээчээр хамгийн сүүлд ажилласан байдаг. Албан тушаалын тодорхойлолтоо ч олж хараагүй. Яг ямар чиг үүрэгтэйгээр, төрийн албаны зөвлөл зөвшөөрсний дагуу ажил хийж байсан уу гэхээр нэхэмжлэгч ямар чиг үүргийг гүйцэтгэж байсан нь тодорхой бус байна. Энэ нэхэмжлэгчээс хамаарахгүй тэргүүн дэд даргын үүргийн асуудал. Хэлэлцүүлгийн явцад харж байхад нэхэмжлэгчийн ярьж байгаагаас хувийн хэрэгтэй албан хаагчдыг танилцуулдаггүй. Үндсэн албан тушаалын тодорхойлолт бичиг баримтуудтай танилцах боломжгүй гэдэг. Энэ бол хүний нөөцийн ажилтны хариуцдаг ажил. Албан тушаалтныг тогтвор суурьшилтай ажиллуулах нь хүний нөөцийн үүрэг. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын юун дээр ч хамаагүй үлдэхийн тулд энэ хүн ингээд байгаа гэж хэлж байна. Төрийн албанд мерит зарчим буюу, туршлагатай хүнээ үлдээж ажлаа сайжруулж явдгийг үгүйсгэсэн тайлбар гэж харж байна. Өөрийн хуучин ажил албан тушаалын нийгмийн баталгаа нь бууруулахгүйгээр өөр ажил албан тушаалд тодорхой бүтцэд эрхлээд явахад болно гэсэн зүйлийг хэлж байгаа. Энэ бол зөвхөн чиг үүргийг шилжүүлсэн Засгийн газрын шийдвэр. Чиг үүргийн дагуу бүх албан тушаалтнуудыг шилжүүлэх гэсэн агуулга харагддаггүй. Хэрэг эрхлэх газрын холбогдох албан тушаалд үлдээж, тогтвортой явуулах нь хүний нөөцийн бодлогын гол асуудал гэв.

 

Гурав. Хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ү*******, О.Д******* нар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

Д.М******* нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 65 дугаар тушаалаар тус газрын Стратегийн удирдлага, зохицуулалтын газрын Гадаад хамтын ажиллагааны албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр анх томилогдож, Тэргүүн дэд даргын мөн оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 167 дугаар тушаалаар тус албанд шинжээчээр томилогдон, албаны даргын үүргийг хариуцаж ажиллаж байсан. Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 459 дүгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтцийг шинэчлэн батлах тухай" тогтоолоор Гадаад хамтын ажиллагааны албыг татан буулгаж, чиг үүргийг Төрийн ёслол, хамтын ажиллагааны газарт шилжүүлсэн. Үүнтэй холбоотойгоор, Захиргаа, хүний нөөцийн газраас шинжээч Д.М*******од сонсох ажиллагаа хийх тухай мэдэгдэл өгч, улмаар 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Мэдээлэл, технологийн хэлтэст шинжээчээр ажиллуулах талаар мэдэгдсэн. Энэхүү сонсох ажиллагааны үеэр Д.М******* нь "Мэдээллийн технологийн хэлтэст шинжээчийн албан тушаалаар ажиллах бодолгүй байна. Техникийн биш, илүү хөгжих боломжтой, үйлдлийн систем тал руугаа ажиллах хүсэлтэй байна." гэдгээ илэрхийлсэн.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 48 дугаар нь тушаалаар Д.М*******ын эзэмшсэн мэргэжлийг харгалзан Мэдээллийн технологийн хэлтэст гадаад, дотоод сүлжээ хариуцсан ахлах шинжээчийн албан тушаалд томилсон. Гэтэл 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Д.М*******оос "...байгууллагын бүтцэд өөрчлөлт орж байгаатай холбогдуулан миний бие Төрийн албаны хүний нөөцийн удирдлага, зохицуулалтын газарт төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн хөдөлгөөн, тоо бүртгэл, сан, судалгаа, дүн шинжилгээний асуудал" хариуцсан ажлын байранд ахлах шинжээчээр ажиллах хүсэлтэй байна" гэсэн хүсэлт гаргасан. Энэхүү хүсэлтийн дагуу Тэргүүн дэд даргын 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 63 дугаар тушаалаар Мэдээллийн технологийн хэлтсийн ахлах шинжээч Д.М*******ыг Төрийн албаны хүний нөөцийн удирдлага, зохицуулалтын газарт ахлах шинжээчээр шилжүүлэн ажиллуулсан байна.

"Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтцийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 62 дугаар тогтоолоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтцэд Гадаад төсөл, хамтын ажиллагааны газрыг нэмж байгуулсан. Гэтэл Д.М******* нь 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр гаргасан хүсэлтдээ "...байгууллагын бүтцэд өөрчлөлт орж байгаатай холбогдуулан миний бие Гадаад төсөл, хамтын ажиллагааны газарт референтээр ажиллах хүсэлтэй байна, шийдвэрлэж өгнө үү гэжээ. Энэхүү хүсэлтийн дагуу Тэргүүн дэд даргын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 233 дугаар тушаалаар Д.М*******ыг тус газарт ахлах шинжээчээр томилсон.

"Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтцийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 30 дугаар тогтоолоор гадаад төсөл, хамтын ажиллагааны газар татан буугдсантай холбоотойгоор Захиргаа, зохион байгуулалтын газраас 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр энэхүү нөхцөл байдлыг холбогдох албан хаагчдад танилцуулсан. Энэ өдөр Д.М******* "Нөхцөл байдлыг ойлгож байна. Бодлого, төлөвлөлтийн газарт үргэлжлүүлэн ажиллах саналтай байна." гэдгээ илэрхийлэн, бичгээр хүсэлт өгсөн. Тухайн үед өөрийн эзэмшсэн мэргэжил, туршлагад тохирсон албан тушаалд бусад нэгжид шилжин ажиллах талаар саналаа илэрхийлэх боломжтой байсан. Энэхүү хүсэлтийн дагуу Тэргүүн дэд даргын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 77 дугаар тушаалаар Д.М*******ыг Бодлого, төлөвлөлтийн газарт ахлах шинжээчээр томилсон.

Монгол улсын 2022 оны төсвийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар Эдийн засаг, хөгжлийн яам Засгийн газрын бүтцэд байгуулагдаж, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудлын хүрээнээс хөгжлийн бодлого, төлөвлөлт, эдийн засгийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлж, салбар, дэд бүтцийн зохистой харьцааг тогтоох асуудал, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, бүртгэлийн асуудал тус тус хасагдаж, эдгээр чиг үүрэг нь Эдийн засаг, хөгжлийн сайдын эрхлэх асуудалд шилжсэн.

Үүнтэй холбогдуулан "Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 14 дүгээр тогтоолын 3 дахь заалтаар Засгийн газрын гишүүдийн эрхлэх асуудалд өөрчлөлт орсонтой холбогдуулан чөлөөт бүсийн хөгжил, концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлого, хөгжлийн бодлого, төлөвлөлт, эдийн засгийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлж, салбар, дэд бүтцийн зохистой харьцааг тогтоох асуудал, улсын эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэл, макро эдийн засгийн судалгаа, төлөвлөлт, зээл тусламжийн нэгдсэн бодлогод хамаарах чиг үүргийг Эдийн засаг, хөгжлийн яаманд шилжүүлж, холбогдох баримт, материалыг хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулахыг...", 4 дэх заалтаар "Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, Сангийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцэд тус тус өөрчлөлт оруулах санал боловсруулж батлуулахыг... холбогдох сайд нарт тус тус даалгасан. Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Бодлого төлөвлөлтийн газрын нийт албан хаагчдад бодлого төлөвлөлтөд хамаарах чиг үүрэг шилжсэн талаар мэдэгдэл өгсөн.

Сангийн сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын үүргийг хариуцагч Б.Жавхланд 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ХЭГ/89 тоот албан бичгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Бодлого төлөвлөлтийн газрын хөгжлийн бодлого төлөвлөлтийн чиг үүргийг холбогдох албан хаагчдын хамт Эдийн засаг, хөгжлийн яаманд шилжүүлэх зайлшгүй шаардлага үүсэж байгаа талаар мэдэгдэж, шилжүүлэх ажлын байрны чиг үүрэг, зэрэглэл, холбогдох албан хаагчдын мэдээллийг хүргүүлсэн.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтцэд Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 100 дугаар тогтоолоор өөрчлөлт орж тус газрын бүтцээс Бодлого төлөвлөлтийн газар хасагдсан. Энэ хугацаанд Д.М*******оос 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр, 03 дугаар сарын 10-ны өдөр тус тус миний бие цаашид Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тогтвор суурьшилтай, мэргэшиж ажиллах чин хүсэлтэй байна, шийдвэрлэж өгнө үү" гэсэн хүсэлтүүд гаргасан.

Эхний хүсэлтийн хувьд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтэц шинэчлэгдэн батлагдаагүй байсан, нөгөөтээгүүр Бодлого төлөвлөлтийн газарт хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газарт ажиллаж байсан албан хаагчдыг тухайн чиг үүргийг хариуцаж байгаа яаманд шилжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа талаар албан бичиг хүргүүлсэн байсан тул өөрт нь энэ талаар ЗХНУГ-аас мэдэгдсэн. 2 дахь өргөдлийн хувьд "Хариу өгөх тухай дотоод албан бичгээр 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хариу өгсөн. Тэргүүн дэд даргын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 42 дугаар тушаалаар тус газрын Бодлого төлөвлөлтийн газрын 5 албан хаагчийг Эдийн засаг хөгжлийн яамны мэдэлд шилжүүлж, уг тушаалын Д.М*******од холбогдох хэсгийг өөрт нь хүлээлгэн өгсөн. Энэхүү тушаал болон холбогдох бусад мэдээллийг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ХЭГ/690 тоот албан бичгээр Сангийн сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхланд хүргүүлж, холбогдох албан хаагчдыг зохих ажлын байраар хангаж, энэ тухай эргэн мэдэгдэхийг хүссэн.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын 2022 оны 42 дугаар тушаалын үндэслэлийн тухайд:

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын тушаалын үндэслэх хэсэгт заасан хууль тогтоомжийн үндэслэл:

1. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т "төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох." гэсэн төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хуульчилсан.

Төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хуульчилсан энэхүү заалт нь өмнө хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн албаны тухай хууль (2002 оны)-ийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т байсан зохицуулалт бөгөөд уг заалтыг тайлбарласан Улсын Дээд Шүүхийн "Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоол, Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоол тус тус хүчин төгөлдөр үйлчилж байна.

Тухайлбал, Улсын Дээд Шүүхийн Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолын 15-д "... мөн зүйлийн 27.2.4-т заасан "...орон тоо хасагдсан..." гэдгийг "Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.1-т зааснаар тус тус ойлгоно." гэж, "Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.1-т орон тоо хасагдсан" гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино. гэж тус тус тайлбарлажээ.

Мөн "Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал"-ын тухай Улсын Дээд Шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн зөвлөмжийн 2.1-д "орон тоо хасагдах" гэдгийг тухайн байгууллагын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын байр байхгүй болохыг ойлгоно гэж зөвлөмж болгосон байгааг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудлын хүрээнээс хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал Эдийн засаг, хөгжлийн яаманд шилжиж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтцээс Д.М*******ын ажиллаж байсан Бодлого төлөвлөлтийн газар хасагдсан нь дээрх Улсын Дээд шүүхийн тайлбар, зөвлөмжид дурдсан тухайн байгууллагын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгох бөгөөд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын зүгээс төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар нь хангаж цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих боломжийг олгон, чиг үүрэг нь шилжин очсон Эдийн засаг, хөгжлийн яаманд цалин хөлсийг нь бууруулахгүйгээр шилжүүлэн ажиллуулахаар тушаал гаргасан нь хууль тогтоомжид нийцсэн байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.М******* нь нэхэмжлэлдээ "Төрийн албаны тухай хуулийн дээрх заалтад заасан өөр ажил, албан тушаалд шилжин ажиллах ажилтны эрхийг баталгаажуулсан зохицуулалт нь ажилтан өөрөө хүсэж, хүсэлтээ гаргаж, тухайн байгууллага дотроо өөр тохирох ажил, албан тушаалд шилжин ажиллах талаар зохицуулсан" гэж дурдсан нь хуулийг албан ёсны тайлбараар биш, өөрийнхөөрөө дур мэдэн өөрт ашигтай байдлаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

2. "Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтцийг шинэчлэн батлах тухай Засгийн газрын 2021 оны 30 дугаар тогтоолын 1.3 дахь дэд заалтад "Бодлого, төлөвлөлтийн газар гэж заасныг Засгийн газрын 2022 оны 100 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бодлого төлөвлөлтийн чиг үүрэг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтцээс хасагдсан тухай тогтоолыг үндэслэсэн байна.

3. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2021 оны 20 дугаар тушаалаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын нэгжийн албан тушаалын ангилал, зэрэглэл, орон тоог баталсан. Дээрх Засгийн газрын 2021 оны 30 дугаар тогтоолтой холбоотойгоор энэ тушаалд 2022 оны 16 дугаар тушаалаар нэмэлт, өөрчлөлт орж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын нэгжээс Бодлого төлөвлөлтийн газар хасагдсан тул энэ тушаалыг үндэслэсэн байна.

4. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дүрмийн 7.3.3-т хууль тогтоомжид заасны дагуу ажилтныг албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас нь бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, төрийн албанаас түр чөлөөлөх, халах; 7.4-т Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга энэ дүрмийн 7.3-т заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх асуудлаар хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангуулна." гэж тус тус заасныг үндэслэл болгон Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, "Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 14 дүгээр тогтоол зэргийг хэрэгжүүлэхийн тулд Тэргүүн дэд даргын "Шилжүүлэх тухай" 2022 оны 42 дугаар тушаалыг гаргасан нь бүрэн үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас нэгэнт чиг үүрэг нь шилжсэн, байгууллагын бүтцээс Бодлого төлөвлөлтийн нэгж хасагдсан тул төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг нь ханган, цалин хөлсийг нь бууруулахгүйгээр өөр ажил, албан тушаалд Засгийн газрын бүтцийн өөр нэг яаманд шилжүүлэн ажиллуулахаар тушаал гаргасан нь хууль тогтоомж зөрчөөгүй байна.

2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Эдийн засаг, хөгжлийн яаманд шилжүүлсэн албан хаагчдын хувийн хэргийг хүлээлгэн өгсөн бөгөөд Д.М*******ын хувийн хэргийг хүлээж аваагүй. Энэ тухайгаа "Д.М******* тус яамнаас санал болгосон ахлах шинжээчийн ажлын байранд ажиллахгүй гэсэн тул төрийн албан хаагчийн хувийн хэргийг хүлээн авах боломжгүй" гэж тайлбарласан. Нэхэмжлэгч нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт бүтэн нэг жилийн хугацаанд хөгжлийн бодлого төлөвлөлтийн ажил хариуцан ажилласан боловч ямар шалтгаанаар Эдийн засаг, хөгжлийн яаманд "мэргэжил, туршлагын зөрүү гарч байгаа тул ажиллах боломжгүй" гэж татгалзсан нь ойлгомжгүй байгаа нөхцөл байдлыг анхаарч үзнэ үү.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байгаа бөгөөд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын 2022 оны 42 дугаар тушаал нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ү******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярианы төгсгөлд дурдагдсан ямар нэгэн тодорхой чиг үүрэг хэрэгжүүлж байсан нь тодорхой биш байж байгаад шилжүүлсэн гэдэг зүйлийг ярьж байна. Тэгэхээр бодлого төлөвлөлтийн газрыг шинээр байгуулсан. Яам байгуулагдах нөхцөл байдал одоогоор бэлэн биш гэж үзээд хэрэг эрхлэх газар чиг үүргийг хэрэгжүүлж байна гээд Бодлого төлөвлөлтийн газар түр үүссэн газар. Нэхэмжлэгч өөрийн хүсэлтийн дагуу Бодлого төлөвлөлтийн газар ажиллах хүсэлтээ өгсөн. Нэхэмжлэгчтэй холбоотой бүх материалыг шүүхэд гаргаж өгсөн. 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Монгол Улсын Төсвийн тухай хууль батлагдаад, мөн өдөр Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт орж, Эдийн засгийн хөгжлийн яамыг байгуулж, Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудлын хүрээнээс хөгжлийн бодлого төлөвлөлтийн асуудал хасагдсан. Үүний дараа мөн Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 06-ний өдөр 14 дүгээр тогтоол гарсан. Энэ тогтоолоор Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тухайн үеийн Монгол Улсын сайд, Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж холбогдох материалыг шилжүүлж, тогтоолын 4 дэх заалт дээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын стратеги,төлөвлөлтийн газрын бүтцийн өөрчлөлт, хөтөлбөр зохион байгуулалтыг шинэчлэн баталж, мөн Сангийн яамны тогтоол гарсан. Энэ тогтоол гарсан өдрөөс ажилчдадаа мэдэгдээд, яам байгуулагдахад тухайн газрын чиг үүрэг шилжинэ гэдэг мэдээлэлтэй байсан. Сайдаас сайдын түвшинд тухайн үедээ Эдийн засаг, хөгжлийн яамны сайд томилогдоогүй байсан. Албан бусаар энэ хүмүүсийг ямар ажил эрхэлж, чиг үүргийг хариуцаж байсан мэдээллүүдийг солилцоод явж байсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт сая дурдлаа нийт орон тоог хасаагүй гэж. Бодлого төлөвлөлтийн чиг үүрэг шилжсэн ч гэсэн чиг үүргийг давхардуулахгүйгээр ажиллуулъя гэдэг төлөвлөгөөтэй явж байсан. Нэхэмжлэгчийн зүгээс эхнээсээ л ямар нэгэн яам руу шилжихгүй гэдгээ илэрхийлж байсан. Гэхдээ хэрэг эрхлэх газар шилжүүлээд ажиллах ямар ажил байгаа эсэх талаар өөрөө мэдэж байсан. Нэхэмжлэгч өөрөө IT үндсэн мэргэжилтэй. Мэдээлэл, технологийн шинээр үүсэж байгаа ажлын байр нь энэ байна гэдгийг өөрт нь хэлсэн, улс төрийн шадар сайд, ерөнхий сайдад харьяалагдаж ажилладаг. Тухайн газар ямар хүн авахаа дарга нь өөрөө мэддэг. Өөр ямар нэгэн ажлын байр гарсан, түүн дээр аваагүй гэдэг зүйл бол байхгүй. Төрийн байгууллага хооронд тохиролцож бол шилжүүлээгүй. 04 дүгээр сарын 20-ны өдөр хувийн хэргүүдийг хүлээлцэж, яаманд өгсөн. Хувийн хэрэгтээ танилцуулаагүй гэдэг баримт хавтаст хэргийн хаана байгаа юм бэ? миний мэргэжлээс хол судалгаа тооцооны ажил санал болгосон гэдэг ч энэ талаарх баримт хэрэгт байдаггүй. Д.М*******ын өөрчлөгдөж байгаа зүйл нь байгууллагын харьяалал л өөрчлөгдөж байгаа болохоос хийж байсан ажил,цалин нь яг адилхан байсан. гэв.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Нэхэмжлэгчийн тайлбараар чиг үүрэг шилжээгүй учраас хэрэг эрхлэх газар ямар ч албан тушаал дээр хамаагүй байж байх ёстой байсан гэсэн тайлбар хэлээд байна.Засгийн газрын бүтцэд Эдийн засгийн, хөгжлийн яам шинээр байгуулагдсан. Шинэ яам байгуулаад мэдээж чиг үүрэг өгнө. Тэр чиг үүргийг гүйцэтгэх албан хаагч байна. Тухайн чиг үүргийг гүйцэтгэх гээд албан хаагч дагаад явахгүй, буцаад тэр бүтэцдээ үлдэхийн бол шинэ яам байгуулах ач холбогдол нь юу вэ? Сангийн яамнаас хоёр газар бүтнээрээ явсан. Хүмүүсээ шилжүүлээд л явуулдаг. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт байгаа өөр нийгмийн баталгааг хэрэгжүүлж болохгүй байсан уу гэж байна. Өөр ямар баталгаа байгаа вэ гэхээр мэргэжлийн дагуу өөр албан тушаалд шилжүүлэх гэж байгаа. Энэ бол бидний ашигласан баталгаа. Эсвэл төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаанд дахин мэргэшүүлж болно. Хууль тогтоомжид заасны дагуу өөр ажлын байранд хангуулах үүнийг бас бид давхар хангаад байгаа. Эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нь олгоод халагдах ийм л баталгаанууд байгаа. Хувийн хэрэг, албан тушаалын тодорхойлолттой тухайн албан хаагч хэзээ ч танилцаж болно. Мөн тухайн хувийн хэргийг албан хаагч өөрөө бүрдүүлж байгаа. Мөн албан тушаалын тодорхойлолтын төслийг албан хаагчид өөрсдөө боловсруулж өгч байгаа. Гэрээт ажилчдын оронд ямар ч хамаагүй ажил дээр ажиллана гээд байна. Тэгвэл мөн бас тухайн албан тушаалд тохирсон шаардлагыг хангах шаардлагатай болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Д.М*******оос Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргад холбогдуулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 42 дугаартай "Шилжүүлэх тухай" тушаалын Д.М*******од холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ,

- Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалт нь тухайн албан хаагч өөрөө хүсэж, хүсэлт гаргаж, тухайн байгууллага дотроо өөр тохирох ажил албан тушаалд шилжин ажиллах талаар зохицуулсан байтал хуулийг өөр байдлаар тайлбарлан хэрэглэж, миний эрх ашиг сонирхлыг зөрчиж, ажлаас чөлөөлсөн,

- Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасны дагуу шилжүүлэхдээ тохиролцоогүй, мэргэжил таарахгүй ажилд хүчээр шилжүүлсэн

- чиг үүргийг шилжүүлсэн боловч орон тоог шилжүүлээгүй гэх агуулгаар тайлбарлан маргасан.

2. Д.М*******ыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 67 дугаар тушаалаар Гадаад хамтын ажиллагааны албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 167 дугаар тушаалаар Гадаад хамтын ажиллагааны албанд шинжээчээр, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 48 дугаар тушаалаар Мэдээллийн технологийн хэлтсийн гадаад, дотоод сүлжээ хариуцсан ахлах шинжээчээр, 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 63 дугаар тушаалаар Төрийн албаны хүний нөөцийн удирдлага, зохицуулалтын газрын төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн хөдөлгөөн, тоо бүртгэл, сан, судалгаа, дүн шинжилгээний асуудал хариуцсан ахлах шинжээчээр, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 233 дугаар тушаалаар Гадаад төсөл, хамтын ажиллагааны газрын хамтын ажиллагааны асуудал хариуцсан Засгийн газрын референтийн ажлын байранд ахлах шинжээчээр, 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 77 дугаар тушаалаар Бодлого төлөвлөлтийн газарт хөрөнгө оруулалтын бодлогын асуудал хариуцсан ахлах шинжээчээр тус тус томилон ажиллуулж байсан байна.

3. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 42 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын эрхлэх асуудлын хүрээ өөрчлөгдсөн, Засгийн газрын бүтцэд Эдийн засгийн хөгжлийн яам шинээр байгуулагдсан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтцээс Бодлого төлөвлөлтийн газар хасагдаж, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн чиг үүрэг нь Эдийн засаг, хөгжлийн яаманд шилжсэн гэсэн үндэслэлээр нэр бүхий 5 хүнийг Эдийн засаг хөгжлийн яамны мэдэлд шилжүүлсний дотор нэхэмжлэгч Д.М******* багтжээ.

4. Д.М******* нь 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн, төрийн жинхэнэ албан хаагч болох тухайд хэргийн оролцогчид маргаагүй.

5. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т төрийн зорилт, чиг үүргийг Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх, төрийн бодлого боловсруулах, төрөөс зайлшгүй үзүүлэх шаардлагатай бусад үйлчилгээг нийтэд хүргэх үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтыг-ыг төрийн алба гэж, 3.1.2-т төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээд-ийг төрийн албан хаагч гэж тус тус тодорхойлсон байх ба төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг 62 дугаар зүйлийн 62.1.4-т төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох гэж тус тус зохицуулжээ.

6. Монгол Улсын Улсын Дээд Шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолын 15-д "... мөн зүйлийн 27.2.4-т заасан "...орон тоо хасагдсан..." гэдгийг "Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.1-т зааснаар тус тус ойлгоно" гэж, мөн Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.1-т орон тоо хасагдсан" гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино гэж тус тус тайлбарлажээ

7. Хариуцагчаас маргаан бүхий Б/42 дугаар тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалт болон Засгийн газрын 2021 оны 30 дугаар тогтоол, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2021 оны 20 дугаар тушаал, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дүрмийн 7.3.3, 7.4-т заасныг тус тус үндэслэсэн байна.

8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан,

8.1. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 10-ний өдрийн 30 дугаар тогтоолоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцэд 1.3.Бодлого төлөвлөлтийн газар гэсэн бүтэц батлагдаж байсан бол мөн Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 100 дугаар тогтоолоор ... Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 30 дугаар тогтоолын 1.3 дахь дэд заалтыг хүчингүй болсонд тооцсугай... гэж тус тус шийдвэрлэсэн,

8.2. Мөн Засгийн газрын 2021 оны оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 56 дугаартай Засгийн газрын хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн батлах тухай тогтоолын хавсралтын 3.3.3. бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн чиг үүрэг: гэснийг Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 101 дүгээр тогтоолын 6 дахь заалтаар хүчингүй болгосон,

8.3. Засгийн Газрын хэрэг эрхлэх газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 20 дугаар тушаалаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын нэгжийн албан тушаалын ангилал, зэрэглэл, орон тоонд 3. Бодлого төлөвлөлтийн газар гэж батлагдсан байсныг мөн газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 16 дугаар тушаалын 3 дахь заалтаар хүчингүй болсонд тооцож шийдвэрлэсэн,

8.4. Засгийн газрын шийдвэрийн дагуу хэрэг эрхлэх газрын бүтэц, зохион байгуулалт удаа дараа өөрчлөгдсөнтэй холбоотойгоор мөн газрын тэргүүн дэд даргын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 67 дугаар тушаал, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 167 дугаар тушаал, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 48 дугаар тушаал, 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 63 дугаар тушаал, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 233 дугаар тушаал, 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 77 дугаар тушаалуудаар Д.М*******ыг тухай бүр эрхэлж байсан албан тушаалуудаас чөлөөлж, өөрийнх нь хүсэлтийн дагуу өөр албан тушаалд шилжүүлэн томилж байсан байх ба хамгийн сүүлд маргаан бүхий 42 дугаар тушаалаар Эдийн засаг, хөгжлийн яамны мэдэлд шилжүүлсэн, баримтуудаас үзвэл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Бодлого төлөвлөлтийн газрын хэрэгжүүлж байсан хөгжлийн бодлого, төлөвлөлт-ийн чиг үүрэг нь Эдийн засаг, хөгжлийн яаманд шилжсэн, тус газрын бүтцээс Бодлого төлөвлөлтийн газар хасагдсан, орон тоо цөөрсөн болох тогтоогдож байна.

9. Мөн Д.М******* нь дээрх тушаалын дагуу Эдийн засаг, хөгжлийн яаманд ажиллаагүй болох нь төрийн албан хаагчийн хувийн хэрэг хүлээлцсэн актад Д.М*******од ажлын байр санал болгож, татгалзсан тул тушаал, шийдвэр албажаагүй тул хувийн хэргийг хүлээж аваагүй болно гэж бичигдсэн болон нэхэмжлэгчийн өөрийнх нь үндсэн мэргэжил эдийн засгийн буюу хөгжлийн бодлогын чиглэлээр нарийн мэргэшсэн хүн биш. Шинэ яам нь хөгжлийн бодлогын асуудлыг шийдэх судалгаанд ажиллах хүмүүс учир мэргэжлийн хувьд таарахгүй байна гэж үзэж санал болгосон ажлаас татгалзсан гэсэн тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... шийдвэр гарахын өмнө ямар нэг байдлаар асуухгүйгээр шийдвэр гаргасан зүйл байхгүй. Яг үнэндээ нэхэмжлэгчээс хамаараад энэ тушаал гарах гэж 7 хоног удааширсан. Би Эдийн засгийн хөгжлийн яам руу явахгүй, өөр ажил хөөцөлдөж байгаа тушаал гаргахаа түр хүлээж байгаач гэсэн гэсэн тайлбаруудаар тус тус тогтоогдов.

10. Хууль тогтоомжийн дээрх зохицуулалт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож буй нөхцөл байдлуудыг нэгтгэн үзвэл, хариуцагч нь маргааны бүхий 42 дугаар тогтоолоор Д.М*******ыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ахлах шинжээчийн албан тушаалаас чөлөөлж, Эдийн засаг хөгжлийн яамны мэдэлд шилжүүлж шийдвэрлэснийг хууль бус гэж үзэх боломжгүй байна. Учир нь:

10.1. Төрийн жинхэнэ албаны хөдөлмөрийн харилцаа дуусгавар болох нэг нөхцөлийг Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна, 46 дугаар зүйлийн 46.2-т Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө:, 46.2.5-д хуульд заасан бусад үндэслэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:, 80.1.1-т ..., ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн; гэж тус тус зааснаас үзвэл, Төрийн тодорхой байгууллагын бүтцээс тодорхой ажлын байрыг хасаж, чиг үүргийг төрийн өөр байгууллагад шилжүүлсэн тохиолдолд ажлын байх хасагдсан төрийн байгууллагад ажиллах төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаа дуусгавар болохоор байна.

10.2. Маргааны тохиолдолд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтцэд Бодлого төлөвлөлтийн газар байгуулахаар шийдвэрлэсэн шийдвэрийг Засгийн газрын 2022 оны 100 дугаар тогтоолоор, тус газрын мөн Засгийн газрын 2022 оны 101 дүгээр тогтоолоор, уг газарт ажиллаж байсан албан хаагчдын орон тоог баталсан шийдвэрийг Хэрэг эрхлэх газрын даргын 2022 оны 16 дугаар тушаалаар тус тус хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн ажиллаж байсан ахлах шинжээчийн ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн байх тул маргаан бүхий 42 дугаар тушаалаар төрийн жинхэнэ албан хаагчийн тухайн төрийн байгууллагад ажиллах хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

11. Дээрх дурьдсан Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2 дахь зохицуулалтуудын агуулгаас үзвэл, эрх бүхий этгээдийн шийдвэрээр тогтоогдсон байсан төрийн байгууллагын бүтэц өөрчлөгдөж, тухайн байгууллагын хэрэгжүүлж байсан чиг үүргийг өөр төрийн байгууллагад шилжүүлэх шийдвэр гарсан тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагч нь төрийн тодорхой зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэйгээр ажилладагынхаа хувьд тухайн албан тушаалыг харъяалах төрийн байгууллагад ажиллахаар байх ба маргааны тохиолдолд, хариуцагчаас төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангах зорилгоор тухайн ажлын байрны чиг үүрэг шилжсэн Эдийн засаг, хөгжлийн яаманд нэхэмжлэгчийг шилжүүлсэн байх боловч нэхэмжлэгч нь санал болгосон ажлын байранд ажиллахгүйгээ мэдэгдсэн байх тул маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй байна. Үүнд:

11.1. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах гэж заасан.

11.2. Хариуцагч захиргааны байгууллагаас хуулийн дээрх зохицуулалтын дагуу хүлээсэн үүргээ хэрэгжүүлж нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байрны чиг үүрэг шилжсэн төрийн байгууллагын мэдэлд түүнийг шилжүүлсэн боловч нэхэмжлэгч уг байгууллагад ажиллахаас татгалзсан атлаа Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалт нь тухайн албан хаагч өөрөө хүсэж, хүсэлт гаргаж, тухайн байгууллага дотроо өөр тохирох ажил албан тушаалд шилжин ажиллах талаар зохицуулсан байтал хуулийг өөр байдлаар тайлбарлан хэрэглэж, миний эрх ашиг сонирхлыг зөрчиж, ажлаас чөлөөлсөн маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй. Тодруулбал,

11.3. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн дугаарлалт болон агуулгыг нэгтгэн тайлбарлавал, төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг эдлүүлэх захиргааны үүрэг нь эхний ээлжид чиг үүрэг шилжсэн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах, харин чиг үүрэг шилжээгүй, ажлын байр бүр байхгүй болсон, орон тоо хасагдсан тохиолдолд төрийн албан хаагчтай тохиролцох замаар өөр ажил, албан тушаалд шилжүүлэн ажиллуулах, ... бусад гэсэн дарааллаар хэрэгжихээр, маргааны тохиолдолд хариуцагч захиргааны байгууллага нь хуульд заасан эхний баталгаа болох нэхэмжлэгчийн ажлын байрны чиг үүрэг шилжсэн төрийн байгууллагад ажиллуулахаар шилжүүлсэн, харин нэхэмжлэгч нь тухайн байгууллагад ажиллахаас татгалзсан байх тул дараагийн баталгаагаар хангагдахаар шаардах эрхгүй юм.

11.4. Өөрөөр хэлбэл, Төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах эрх нь хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас халагдахгүй байх нөхцөлийг бүрдүүлэхээс бус түүнд сонголт хийх эрх олгосон зохицуулалт биш тул нэхэмжлэгч нь хуульд заасан дараалал бүхий баталгаагаар хангагдах боломжтой атал нэхэмжлэгч нь хуульд заасан бус өөрийн сонголтоор нэмэгдэл баталгаа шаардаж байх тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

11.5 Хариуцагч захиргааны байгууллага нь маргаан бүхий актыг гаргахдаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ажиллах төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсныг зохицуулсан хуулийн зохицуулалтыг, мөн чиг үүрэг шилжсэний дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн ажиллуулах харилцааг зохицуулсан хуулийн зохицуулалтуудыг тус тус хэрэглээгүй байх боловч энэ нь маргаан бүхий актыг хүчингүй болгох хангалттай үндэслэл болохооргүй байна.

12. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Төрийн албан хаагчийн шилжүүлэн ажиллуулахдаа зөвшилцөх талаарх хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй гэх агуулгаар маргах боловч маргааны тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн шилжүүлэх, сэлгэн ажиллуулах талаарх хуулийн 44 дүгээр зүйлийн зохицуулалт хэрэглэгдэхээргүй, төрийн байгууллагын бүтэц өөрчлөгдөж, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн, түүнчлэн төрийн байгууллагыг шинээр эмхлэн байгуулсныг ажлын зайлшгүй шаардлагаар төрийн албан хаагчийг шилжүүлэн, сэлгэн ажиллуулах зохицуулалтыг хууль тогтоогчоос тайлбарласан тухайн байгууллагад шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх, онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг нөхцөл, байдал үүссэн гэж үзэхээргүй байна. Иймд нэхэмжлэгчийг өөр байгууллагын өөр албан тушаалд шилжүүлэх талаар түүнтэй зөвшилцөх шаардлагагүй.

13. Шийдвэрийн энэ хэсгийн 8.3 дахь хэсэгт дурдсанчлан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2022 оны 16 дугаар тушаалаар Бодлого төлөвлөлтийн газар-ын бүтэц орон тоог тогтоосон өмнөх шийдвэрээ хүчингүй болгосон, 8.1, 8.2 дахь хэсэгт дурьдсанчлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийнхээ үндэслэл болгож буй төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллаж байсан гэх Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Бодлого төлөвлөлтийн газар-ыг байгуулсан, чиг үүргийг тогтоосон өмнөх шийдвэрийг мөн хүчингүй болгосон байх тул нэхэмжлэгч талын чиг үүрэг шилжсэн боловч орон тоо хасагдаагүй, ажлын байрны тодорхойлолттой танилцаагүй, ямар чиг үүрэг гүйцэтгэж байсныг шилжүүлсэн нь ойлгомжгүй зэрэг тайлбар үндэслэлгүй.

14. Улмаар маргаан бүхий 42 дугаар тушаал нь хууль бус болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн ...Засгийн газрын хэрэг эрхлэх газарт ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлага үндэслэлгүй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 46.2.5, 62 дугаар зүйлийн 62.1.3, 62.1.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.М*******ын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 42 дугаартай "Шилжүүлэх тухай" тушаалын Д.М*******од холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ