Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2023/0149

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 09 өдөр                  Дугаар                                     Улаанбаатар хот

          221/МА2023/0149              

 

 

Д.Мын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Д.М

Нэхэмжлэгч: Д.М

Хариуцагч: Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 42 дугаартай “Шилжүүлэх тухай” тушаалын Д.Мод холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2022/0979 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, Х.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ү, О.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 128/2022/0784/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.М нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргад холбогдуулан “Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 42 дугаартай “Шилжүүлэх тухай” тушаалын Д.Мод холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2022/0979 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 46.2.5, 62 дугаар зүйлийн 62.1.3, 62.1.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Мын “Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 42 дугаартай “Шилжүүлэх тухай” тушаалын Д.Мод холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2022/0979 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

3.1. Д.М миний бие 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэх Засгийн газрын хэрэг эрхлэх газарт Стратеги удирдлага, зохицуулалтын газрын Гадаад хамтын ажиллагааны албаны дарга, шинжээчээр, Төрийн албаны хүний нөөцийн удирдлага зохицуулалтын газрын ахлах шинжээчээр, Гадаад төсөл хамтын ажиллагааны газрын ахлах шинжээчээр тус тус ажиллаж байгаад 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс Бодлого төлөвлөлтийн газрын ахлах шинжээчээр ажиллаж байсан. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга нь 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 42 тоот тушаалаар намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж, Эдийн засаг, хөгжлийн яаманд шилжүүлсэн агуулга бүхий тушаалыг гаргасан.

3.2. Анхан шатны шүүх хэт нэг талыг баримталж, нөхцөл байдлыг хариуцагчид ашигтайгаар тайлбарлаж, төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” гэж заасныг зөрчиж байна.

3.3. Төрийн албан тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна гэж заасан бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын байр хасагдсан тохиолдолд хэрхэх талаар төрийн албаны тухай хуулийн 62.1.4 дэх хэсэгт “... эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих ...” баталгаагаар хангадахаар тодорхой зохицуулсан нь тухайн байгууллага дотроо мэргэжил, мэргэшлийн дагуу өөр албан тушаалд ажиллах талаар хуульчилсан гэж ойлгож байна. Гэтэл Засгийн газрын хэрэг эрхлэх газарт орон тоо хасагдаагүй байхад намайг Эдийн засаг хөгжлийн яаманд миний мэргэжил, мэргэшлээс өөр албан тушаалд шилжүүлсэн нь хууль бус бөгөөд анхан шатны шүүх тухайн асуудлыг төрийн албаны тухай хуульд тодорхой зохицуулсан байхад хуулийг тайлбарлаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасныг үндэслэж ажлын байр хасагдсан төрийн байгууллагад ажиллах төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

3.4. Засгийн газрын хэрэг эрхлэх газарт миний ажиллаж байсан Хөгжлийн бодлого зохицуулалтын газрын чиг үүрэг нь шилжсэн болохоос миний ажлын орон тоо хасагдах эсэх, Эдийн засаг хөгжлийн яаманд миний мэргэжил, мэргэшлийн дагуу эрхлэх байсан албан тушаал байсан эсэх талаар шүүх холбогдох баримтуудыг гаргуулж аваагүй зөвхөн эдийн засаг хөгжлийн яам руу чиг үүрэг шилжсэн тухай баримтыг үнэлж, шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасан “хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй, 32 дугаар зүйлийн 32.1-д заасан “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэх заалтуудыг зөрчсөн.

3.5. Шүүх хурал болох үед миний итгэмжлэгдсэн төлөөлөг Ц.Ууганцэцэг Филиппин улсад ажлаар явж байсан бөгөөд бид шүүх хуралд биечлэн оролцох хүсэлтэй байсан боловч шүүх хурлын тов зарлагдсан, удаа дараа хойшлуулах боломжгүй гэж хуралд орохыг шаардсан тул шүүх хуралд бид цахимаар оролцсон. Техникийн нөхцөл байдлаас шалтгаалж шүүгчийн болон бусад оролцогчдын яриа сайн сонсогдохгүй байсан мөн бидний яриа шүүхэд бүрэн ойлгомжтой сонсогдсон эсэх нь эргэлзээтэй, шүүхийн өмнө эрх тэгш байх эрх зөрчигдсөн. Шүүх хуралдаан мэтгэлцэх зарчим бүрэн бодитой хэрэгжээгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагч талаас давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргасан ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий боловч баримтлах ёсгүй хуулийн заалтыг баримталсан тул зөвтгөсөн өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгч Д.М Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргад холбогдуулан “Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 42 дугаартай “Шилжүүлэх тухай” тушаалын Д.Мод холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

3.1. Д.М нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 65 дугаар тушаалаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Стратегийн удирдлага, зохицуулалтын газрын гадаад хамтын ажиллагааны албаны даргаар томилогдон ажиллаж мөн даргын тушаалуудаар Мэдээллийн технологийн хэлтэст гадаад, дотоод сүлжээ хариуцсан ахлах шинжээч, Төрийн албаны хүний нөөцийн удирдлага, зохицуулалтын газар ахлах шинжээч, Гадаад төсөл, хамтын ажиллагааны газарт ахлах шинжээч, Бодлого төлөвлөлтийн газарт ахлах шинжээчээр тус тус ажиллаж байжээ.

3.2. Гэвч тус газрын Тэргүүн дэд даргын 2022 ны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Шилжүүлэх тухай” 42 дугаар тушаалаар “Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийн эрхлэх асуудлын хүрээ өөрчлөгдсөн, Засгийн газрын бүтцэд Эдийн засаг, хөгжлийн яам шинээр байгуулагдсан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтцээс Бодлого төлөвлөлтийн газар хасагдаж, хөгжлийн бодлого төлөвлөлтийн чиг үүрэг нь Эдийн засаг, хөгжлийн яаманд шилжсэн” үндэслэлээр Д.Мыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Эдийн засаг, хөгжлийн яаманд шилжүүлжээ.

4. Нэхэмжлэгчээс “... анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ... нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй ... шүүх хуралдааныг цахимаар зохион байгуулсан” гэсэн үндэслэлийн хүрээнд давж заалдах гомдол гаргасан.

4.1. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэх гомдлын тухайд.

4.1.1. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-д зааснаас гадна дараахь баталгаагаар хангагдана”, 62.1.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох”, Монгол Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолын 15-д “... мөн зүйлийн 27.2.4-т заасан “орон тоо хасагдсан” гэдгийг Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.1-д зааснаар тус тус ойлгоно” гэж, мөн Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.1-д “орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино” гэж тус тус заажээ.

4.1.2. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 100 дугаар тогтоол, 101 дүгээр тогтоолын 6 дахь заалт, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 16 дугаар тушаалын 3 дахь заалтаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Бодлого төлөвлөлтийн газрын хэрэгжүүлж байсан “хөгжлийн бодлого, төлөвлөлт”-ийн чиг үүрэг нь Эдийн засаг, хөгжлийн яаманд шилжсэн, тус газрын бүтцээс Бодлого төлөвлөлтийн газар хасагдаж, орон тоо цөөрсөн болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна.

4.1.3. Нэгэнт Д.Мын ажиллаж байсан Бодлого төлөвлөлтийн газрын чиг үүрэг Эдийн засаг, хөгжлийн яаманд шилжсэнтэй холбогдуулан түүний эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр шилжүүлсэн хариуцагчийн шийдвэр Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасантай нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

4.2. Нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй гэх гомдлын тухайд.

4.2.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй, 32.4-т “Шүүх хуралдаан товлохоос өмнө хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нотлох баримт гаргаж өгөх үүрэгтэй, түүнчлэн нотлох баримт цуглуулахыг захиргааны хэргийн шүүхээс шаардах эрхтэй” гэж тус тус заасан.

4.2.2. Нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... миний ажлын орон тоо хасагдсан эсэх, Эдийн засаг, хөгжлийн яаманд миний мэргэжил, мэргэшлийн дагуу эрхэлж байсан албан тушаал байсан эсэх талаар холбогдох баримтыг шүүх гаргуулж аваагүй” гэсэн боловч нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс энэ талаарх хүсэлтийг шүүхэд гаргаагүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул дээрх гомдол үндэслэлгүй байна.

4.3. Шүүх хуралдааныг цахимаар зохион байгуулсан учраас мэтгэлцэх зарчим бүрэн бодитой хэрэгжээгүй гэх гомдлын тухайд.

4.3.1. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 82 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас буюу цахимаар оролцуулах ажлыг зохион байгуулах журам”-ын 4.4-д “Цахимаар оролцогч дараах шаардлагыг хангана”, 4.4.1-д “цахимаар оролцох нөхцөл, шаардлагыг хангах систем, сүлжээ, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл (холбогдох апликэйшн, системийг суулгасан /zoom, google meet гэх мэт/ ухаалаг гар утас, таблет, зөөврийн эсхүл суурин компьютертой, цахим сүлжээнд холбогдсон байх, хангалттай дата ашиглах эрхтэй байх)-ийг хувьдаа бүрэн хангасан байх, 4.4.2-т “цахимаар оролцогч нь шүүгч, шүүх бүрэлдэхүүн түүнийг сонсож байгаа болон техникийн саатал гараагүй эсэхийг байнга хянаж байх” гэж тус тус заасан.

4.3.2. Шүүхээс цахим оролцогчийн баталгаа гаргаж өгсөн бөгөөд дээрх журмын дагуу зохион байгуулсан шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж, талуудын мэтгэлцсэн асуудал шүүх хуралдааны тэмдэглэлд бүрэн тусгагдсан, шүүх хуралдааны процессыг дуу, дүрсний бичлэгт буулгасан байхад мэтгэлцэх зарчим бүрэн бодитой хэрэгжээгүй гэж үзэх боломжгүй.

5. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

6. Харин анхан шатны шүүх шийдвэрийн Тогтоох хэсэгт баримтлах ёсгүй хуулийн заалтыг баримталсан байх тул уг заалтуудыг хассан өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2022/0979 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “46 дугаар зүйлийн 46.2, 46.2.5, 62 дугаар зүйлийн 62.1.3” гэснийг хасч, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ                                             Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                                       Г.МӨНХТУЛГА 

 

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ