Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 369

 

“Б.Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын

ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн

даргад холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч:        Х.Батсүрэн  

Шүүгчид:                       Г.Банзрагч

                                       Б.Мөнхтуяа

                                       П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:             Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг

Нэхэмжлэлийн шаардлага: Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/515 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах тухай.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0192 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2018/0315 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, Г.Н,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д нар,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаагийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0192 дугаар шийдвэрээр Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.13, Захиргааны ерөнхий хуулийн 40.1, 40.3, 40.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Б.Д” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/515 дугаар шийдвэр /албан бичиг/-ийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гуравдагч этгээдийн гаргасан гомдлоор хэргийг 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2018/0315 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0192 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Б.Д” ХХК-ийн Хот, суурины хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/515 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд “Бат баян дулаан” ХХК-ийн захирал З.Даваажаргалын гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.

         Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.13-т заасны дагуу зохицуулах зөвлөл бүрэн эрхийнхээ хүрээнд хурлаар хэлэлцсэн асуудлаараа тогтоол гаргаагүй гэж хариуцагчийг буруутгадаг боловч энэ нь нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүйгээс гадна ийнхүү тогтоол гаргаагүйгээс нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна” гэжээ. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан асуудлуудыг бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлэхдээ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.13-д заасан зөвлөлийн хурлын тогтоол гаргах, Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д “захиргааны үйл ажиллагааны хэлбэрийг хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны байгууллага тухайн хуульд заасны дагуу хэрэглэнэ” гэж тус тус хуульчилсан ба Засгийн газрын 2012 оны 46 дугаар тогтоолоор баталсан “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дүрэм“-ийн 5.1-д “зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь зөвлөлийн хуралдаан байна”, 5.3-д “зөвлөлийн хуралдааны шийдвэр тогтоол хэлбэртэй байна”, 5.4-д “зөвлөлийн тогтоолд зөвлөлийн дарга гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна” гэж заасан байна. Шүүх хариуцагч нь хэн хэний хооронд үүссэн ямар маргаан хүлээн авч, хэрхэн дээрх хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан бүрэн эрхийнхээ дагуу шийдвэрлэх асуудал гэж үзсэн талаар дүгнэлт хийгээгүй, өөрөөр хэлбэл хариуцагч нь хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хамаарахгүй асуудлыг хүлээн авч зөвлөлийн хурлаар хэлэлцсэн болох нь Зохицуулах зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хуралд оролцсон гишүүдийн хэлэлцэхгүй орхих тухай гаргасан санал хурлын тэмдэглэлд тодорхой тусгагдсан байдаг. Гэтэл Зохицуулах зөвлөлийн нэрийн өмнөөс ажлын алба өөрт олгогдоогүй асуудлаар ямарч шийдвэргүйгээр төрийн байгууллагын нэр барьж, нэхэмжлэгчийн бүртгэлд хасалт хийж, гуравдагч этгээдэд давуу байдал олгон нэмж бүртгэсэн нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 10.1.5, 22 дугаар зүйлийн 22.2, Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.7-д заасныг зөрчсөн. Ийнхүү хариуцагч нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчсөн байна.

4. Нэхэмжлэгч “Б.д” ХХК-ийн хувьд “М.И” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан Ивээл хотхоны 41 а, б, в байрны нийт 243 айлын цэвэр бохир ус хангамж болон гадна инженерийн шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээг хариуцахаар тус компанитай 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулан ажиллаж байжээ гэжээ. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан “Б.Д” ХХК болон “М.И” ХХК-ийн хооронд 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Ивээл” хотхоны 41а, 41б, 41в байрны инженерийн шугам сүлжээ, хоолойн гадна, дотор шугам, узелийн тоног төхөөрөмжийг “Б.д” ХХК-д шилжүүлэх” зорилгоор “Орон сууцны ашиглалтыг шилжүүлэх гэрээ”, 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан “Хамтран ажиллах гэрээ” зэрэг 2 гэрээг, гэрээний заалтуудыг ялгаж салган дүгнээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасныг зөрчсөн. Хэрэгт авагдсан бичгийн баримтаар “М.И” ХХК болон нэхэмжлэгч компанийн хооронд 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдсан “Орон сууцны ашиглалтыг шилжүүлэх гэрээ”-ний 1.2-д “М.И” ХХК нь орон сууцны барилгын ил далд инженерийн шугам, засварын ажлыг барилгын баталгаат 3 жилийн хугацаанд бүрэн хариуцан ажиллана гэсэн үүрэг хүлээсэн, барилгын баталгаат хугацаа 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр дуусахаар гэрээнд заасан байдаг. Харин 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний 1.1-д гүйцэтгэгч нь захиалагчийн барьж ашиглалтад оруулсан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ивээл” хотхоны 41а, 41б, 41в блок бүхий 240 айлын 1 давхартаа оффис үйлчилгээний орон сууцууд болон дундын өмчлөлийн эд хөрөнгө, шугам сүлжээний ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээг хариуцан гүйцэтгэх, дундын өмчлөлийн ашиглалт хамгаалалт, засвар үйлчилгээнд шаардагдах хөрөнгийг орон сууц өмчлөгчдөөс төвлөрүүлэх ажлуудыг тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд хариуцан ажиллахаар тохиролцсон нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна.

5. Зохицуулах зөвлөлийн ямарч шийдвэргүйгээр ажлын албанаас манай эрхлэн хариуцаж байсан “Ивээл хотхоны 41а, 41б, 41в байрны усан хангамж, ашиглалт үйлчилгээг бүртгэлээс хасч “Б.д хан” ХХК-ийн бүртгэлд нэмж бүртгэсэн бүртгэл болон манай компанийн үндсэн хөрөнгийн бүртгэлтэй өмч хөрөнгийг бусдын өмчлөлд хууль бусаар шилжүүлэн харьяаллын бус асуудлыг шийдвэрлэсэн нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 19 дүгээр зүйлийн 19.2, 19.3, 22 дугаар зүйлийн 22.2-т заасныг зөрчсөн. “Б.Д” ХХК, “М.И” ХХК-ийн хооронд 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан “Орон сууцны ашиглалтыг шилжүүлэх гэрээ” хийгдсэнээс хойш 2 жил 7 сарын хугацаанд ямар нэгэн маргаангүй, гэрээгээ дүгнээгүй байхад гэрээний хугацаа дууссан гэж ямар ч үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

6. Нийтийн орон сууцны инженерийн байгууламж болох цэвэр, бохир усны шугам сүлжээ, холбогдох байгууламжийг нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн аль нь байхаас үл хамаарах үндсэн хөрөнгийн блансад бүртгэсэн ч гэсэн энэ нь захиран зарцуулах эрхтэйгээр өмчлөх үр дагаврыг бий болгохгүй, өөрөөр хэлбэл уг байгууламжийг ашиглаж орон сууцны айл өрхөд үйлчилгээ үзүүлэх, улмаар түүний засвар үйлчилгээг хариуцан эрхэлж буй Зохицуулах зөвлөлөөс олгосон тусгай зөвшөөрөл бүхий этгээд нь үйл ажиллагаа эрхлэн явуулах зорилгоор уг байгууламжийн ашиглалтыг хариуцахаар байна. Нэхэмжлэгч нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т заасны дагуу олгогдсон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр дээрх чиг үүргийг хэрэгжүүлж байгаа хувийн хэвшлүүдийн нэг билээ. Гэтэл төрийн байгууллагын зарим албан тушаалтны хууль бус үйлдэл хирээс хэтэрч бүртгэлээс яагаад хасах, нэмэх болсон үндэслэл, шалтгаан нөхцөлийг нягтлан шалгаж тогтоохгүйгээр, зөвхөн нэг талын хүсэлтээр өөрөөр хэлбэл БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “М.И” ХХК-ийн хүсэлтээр төрийн ажил үйлчилгээг явуулж тэдэнд давуу байдал олгож байгаа нь Өрсөлдөөний тухай хууль болон Тусгай зөвшөөрлийн тухай хууль, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулиар олгогдсон эрхээ нэхэмжлэгч компани хэрэгжүүлэх боломжгүй болгон хязгаарласан байхад шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

7. “М.И” ХХК нь 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр “Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 хороо, Ивээл хотхоны 41а, 41б, 41в байрны инженерийн шугам сүлжээ, хоолойн гадна дотор шугам, узелийн тоног төхөөрөмжийг “Б.д” ХХК-д шилжүүлэх” зорилгоор “Орон сууцны ашиглалтыг шилжүүлэх гэрээ”-г байгуулсан атлаа дахин “Б.д хан” ХХК-д ус дулаан дамжуулах шугам сүлжээг шилжүүлэх 2 дахь гэрээ байгуулсан. Гэрээ дуусгавар болсон талаарх баримт хэрэгт байхгүй, Ивээл хотхоны 41а, 41б, 41в байрны ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг тусгай зөвшөөрөл эзэмшигч “Б.Д” ХХК-ийн бүртгэлээс хасах эрх хэмжээ Зохицуулах зөвлөлд хуулиар олгогдоогүй, шилжүүлэн бүртгэх шийдвэр гараагүй, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д “ус хангамж, ариутгах татуургын барилга байгууламж, шугам сүлжээний өмчлөх эрх өөрчлөгдөх нь эдгээр барилга байгууламж, шугам сүлжээний үйл ажиллагааг зогсоох үндэслэл болохгүй” гэж хуульчилжээ. 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний 3.3-д “гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс захиалагч нь тус орон сууцны инженерийн байгууламжийн ашиглалт, үйлчилгээний ажилд оролцохгүй” гэж “М.И” ХХК нь гэрээгээр үүрэг хүлээсэн байдаг. Гэтэл шүүх дээрх нөхцөл байдалд үнэлэлт хийгээгүй атлаа ямарч баримтгүйгээр “шилжүүлэн бүртгэсэн хариуцагчийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй” гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн. ...Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

8. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

9. Нэхэмжлэгч “Б.д” ХХК нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын тухай хуулийн 12 дугаар 12.2.4-12.2.8-д заасан үйл ажиллагааг “М.и” ХХК-тай 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу тус компанийн барьж ашиглалтад оруулсан “Ивээл” хотхоны 41а, 41б, 41в орон сууцны барилгуудад үзүүлж байсан, хариуцагч Зохицуулах зөвлөл нь “М.и” ХХК-иас гаргасан “... “Б.д” компанитай байгуулсан гэрээний хугацаа дууссан, эдгээр байрнуудын ус дулаан дамжуулах төв болон гадна шугам сүлжээг тусгай зөвшөөрөл эзэмшигч “Б.д”ХХК-д шилжүүлсэн” гэх албан бичиг, ус дулаан дамжуулах төв шилжүүлэх гэрээ, орон сууцны ашиглалт шилжүүлэх, шилжүүлэн авах гэрээ, хөрөнгө шилжүүлэх тухай акт, тус байруудыг хариуцсан “Шинэ ивээл” сууц өмчлөгчдийн холбооны хүсэлт зэргийг үндэслэн “Б.д” ХХК-ийн 00178 дугаар тусгай зөвшөөрлийн нь хавсралтын бүртгэлээс дээрх байруудыг хасч, гуравдагч этгээд “Б.д” ХХК-ийн 00061 дугаар тусгай зөвшөөрлийн хавсралтад тухайн байруудыг бүртгэж баталгаажуулсан үйл баримт тогтоогдсон, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.

10. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т “тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжилтийг хянах”,10.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх” бүрэн эрхийг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл /цаашид “Зохицуулах зөвлөл” гэх/-д олгосон, энэ тохиолдолд хэрэглэгч буюу “М.и” ХХК-иас өөрийн эзэмшлийн ус дулаан дамжуулах төв болон гадна дотор инженерийн шугам сүлжээг “Б.д” ХХК-д шилжүүлж, тус компаниар 41а, 41б, 41в байруудын ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцуулахаар болсон, үүний улмаас тусгай зөвшөөрөл эзэмшигч “Б.д” ХХК, хэрэглэгч “М.и” ХХК-ийн хооронд маргаан үүссэн гэж үзэхээр байх тул бүртгэл хийсэн хариуцагчийн үйл ажиллагаа нь хуулиар түүнд олгосон бүрэн эрхийн хүрээнд хамаарч байна.

11. Түүнчлэн, тусгай зөвшөөрөл эзэмшигч “Б.д” ХХК, хэрэглэгч “М.и” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн гэрээний хугацаа дуусч цаашид сунгагдахгүй болсноо хэрэглэгчээс мэдэгдсэн, нэгэнт хэрэглэгч үйлчилгээ авах тусгай зөвшөөрөл эзэмшигчээ сонгож, хүсэлтээ гаргасан байхад Зохицуулах зөвлөл 41а, 41б, 41в байруудын оршин суугчид, нийтийн эрх ашигт нийцүүлэн дээрх бүртгэлийг хийснийг буруутгах үндэслэлгүй, захиргааны байгууллага уг шийдвэрийг гаргахдаа нөхцөл байдлыг тогтоож, маргалдагч талуудыг сонсох ажиллагааг урдчилан хийсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

12. Үүний зэрэгцээ, Зохицуулах зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээс үзэхэд, тусгай зөвшөөрөл эзэмшигч “Б.д” болон хэрэглэгч “М.и” компаниудын хооронд байгуулагдсан гэрээний үүрэгтэй холбогдох маргааныг шийдвэрлээгүй, захиргааны хэргийн шүүх иргэний эрх зүйн хуулийн этгээдүүдийн хооронд байгуулагдсан гэрээг дүгнэхгүй, тус шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш учир нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “давж заалдах шатны шүүх, ...бүрэн эрхийнхээ хүрээнд хамаарахгүй асуудлыг хүлээн авч хэлэлцсэн хариуцагчийн үйлдэлд дүгнэлт хийгээгүй, ... 2 гэрээг дүгнээгүй, нотлох баримтаар үнэлээгүй” гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

13. Түүнчлэн, Зохицуулах зөвлөл бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэсэн асуудлаар тогтоол гаргаагүй нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.13-т заасан хурлын шийдвэр тогтоол хэлбэртэй байна гэснийг зөрчсөн хэдий ч үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй тул давж заалдах шатны шүүхийн энэ дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

14. Иймд, дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2018/0315 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Х.БАТСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                                    Ч.ТУНГАЛАГ