Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 0373

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр

Улсын яллагч Ц.Идэрмөнх  

Хохирогч Д.Рэнцэнноров

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг  

Шүүгдэгч С.Д нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Дэлгэрмаад холбогдох эрүүгийн 1725002190125 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

  1. .Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Тайж овгийн С.Д, Монгол Улсын иргэн, 1970 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Булган аймагт төрсөн, 47 настай, эмэгтэй, тусгай дунд дунд боловсролтой, бичээч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт , урьд ял шийтгэлгүй,  хэрэг хариуцах чадвартай /РД: /

 

2.Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

  Шүүгдэгч С.Дэлгэрмаа нь 2017 оны 09 сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Спорт ордон” –ны арын зам дээр такси үйлчилгээнд явж байхдаа Д.Рэнцэнноровын итгэмжлэн хариуцуулж мөнгөний барьцаанд өгсөн LG-К4 загварын гар утсыг завшсан гэж Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Д.Рэнцэнноровын “2017 оны 09 сарын 06-ны өдөр би 2-7 дугаар байрны хажуу талын таксины буудлаас саарал өнгийн жижиг машинтай эмэгтэй жолоочтой таксинд суугаад спорт ордонд хүргүүлсэн таксины мөнгө байхгүй болохоор нь эхнэрээсээ мөнгө аваад гараад ирье, тэр болтол би гар утсаа барьцаанд үлдээе гээд тэр эмэгтэй таксины жолоочид хар өнгийн LG-K-4 маркийн гар утсаа орхиод Спорт ордон руу орсон. 10 орчим минутын дараа эхнэртэйгээ гарч ирээд утсаа авах гэтэл нөгөө жолооч байхгүй байсан. Гар утасруугаа залгах гэсэн чинь тэр өдөр миний гар утсыг аваагүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 16-р хуудас/

 

2. “Мобиком” ХХК-ны хэрэглэгчийн хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалт. /х/х-н 9, 43-р хуудас/

 

3. Эд мөрийн баримт хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл. /х/х-н 12, 44-р хуудас/

 

4. “Бан хас” ХХК-ний шинжээчийн 2017 оны 09 сарын 12-ны өдрийн 191 дугаартай дүгнэлтийн “Шинжээчийн дүгнэлт гаргахтай холбоотой зах зээлийн судалгааг харьцуулан нарийвчлан судалж холбогдох тооцоо судалгаа хийж үнэлгээний дүгнэлтийг гарган 380 000 төгрөгөөр тогтоосон” гэсэн үнэлгээ. / хх-ийн 24-26-р хуудас/

 

5. Гэрч Д.Ширэнбуугийн “ 2017 оны 9 дүгээр сарын 6-нд билүү 7-ны өдөр сайн санахгүй байна 11 цаг 50 минутын орчим 2-н 6 дугаар байрны зогсоол дээр ирэхэд хар нүдний шилтэй, ногоон палажтай өндөр эмэгтэй над дээр хүрч ирээд миний машинд сууж спортын ордон хүргүүлсэн. Тэгээд хүргүүлж явахдаа надаас энэ газраас таксинд явдаг уу гэж асуусан. Яасан гэхэд өчигдөр нөхөр нь 11 цаг 50 минутын орчим эндээс нэг эмэгтэй жолоочоор спортын ордон хүргүүлээд буух үедээ түр утсаа барьцаанд үлдээгээд надаас мөнгө аваад нөгөө таксинаасаа утсаа авах гэсэн чинь жолооч эмэгтэй нь хөдлөөд явчихсан юм байх. Тэгээд нөхөрийнхөө гар утас руу хэд хэдэн удаа залгаад байхад огт утсаа авахгүй юм гэж ярьсан. Тэр үйл явдлыг ярьсан хүн бол утсаа алдсан хүний эхнэр нь юм байна гэж ойлгосон. Нөхөр нь нилээд их согтолттой байсан эсвэл утсаа хаяж гээсэн байх. Олж авсан хүн нь залгахаар огт авахгүй байна гэж байсан” гэсэн мэдүүлэг. /х/х-н 20-р хуудас/

 

6. Шүүгдэгч С.Дэлгэрмаагийн “2-7 дугаар байрны баруун талын зогсоол дээр такси үйлчилгээнд явах гээд зогсож байхад 60 орчим насны эрэгтэй хүн машинд суугаад спорт ордон хүргүүлсэн. Ахад нь мөнгө алга, чи намайг 20-30 минут хүлээгээд байж бай, би эхнэрээсээ картаа авчихаад гарч ирнэ гэж хэлэхээр нь хурдлаарай, би замын 1 дүгээр эгнээн дээр зогсож байгаа, цагдаа ирээд хөөгөөд явуулчихана шүү гэхэд за чи намайг хүлээгээд гарч ирэхгүй бол явчих, чамаас би гар утсаа бүтэн сайн өдөр авъя гэж хэлээд явсан. Тэр ахыг би орсноос хойш 20-30 минут хүлээгээд гарч ирэхгүй болохоор нь явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-н 35-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

 

Шүүгдэгч С.Дэлгэрмаа нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 2-4-ийн зогсоол дээр зогсож байхад 60  орчим настай эрэгтэй хүн гарч ирээд утсаар нилээд ярьж байгаад тэгээд хөдлөөд комплекс орсон. Комплексын гадаа нилээд утсаар  ярьж байгаад гарч ирэхгүй байхаар нь надад утсаа үлдээх гэхээр нь би таны утсыг авахгүй гэхэд би эхнэрээсээ картаа аваад гараад ирье би өөр тийшээ хүргүүлнэ гэж хэлээд буусан. Би нэгдүгээр  эгнээнд зогсож байна. Удаан зогсож болохгүй, цагдаа торгоно гэдгийг би энэ хүнд хэлсэн. Энэ хүн өөрөө 20-30 минут хүлээгээд ирэхгүй бол чи яваарай. Би чамаас бүтэн сайнд өөрөө утсаа авна шүү, хэн ч залгасан бай миний  утсыг битгий аваарай, би өөрөө ирж авна гэж хэлсэн. Тэр өдрөөс хойш 2-4-ийн зогсоолоос би явж байсан. 09 дүгээр сарын 15 юм уу 16-ны өдөр цагдаа над руу утсаар яриад таньд нэг хүний утас байна уу,  нэг хүн утсаа барьцаанд тавьсан уу гэж асуухаар нь тийм гэж хэлсэн. Намайг цагдаа дээр дуудахаар нь аваачиж өгсөн. Дараа нь 14 хоногийн дараа намайг дуудаад, мөрдөн байцаалтанд шилжлээ гэж хэлсэн. Надад энэ хүний утсыг завших ямар ч шаардлага байхгүй. Би хагас сайнд энэ хүний утаснаас эхлээд 800 нэгж авсан, дараа нь 500 нэгж авсан” гэв.

 

Хохирогч Д.Рэнцэнноров  мэдүүлэхдээ “2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гэрийнхээ хаалгыг хаачихсан гэртээ орж чадахгүй байсан. Манай эхнэр спортын ордонд ажилладаг. Эхнэр рүүгээ очиж түлхүүр авъя гээд таски аваад суусан. Би халамцуу байсан. Таксинд орж суугаад спортын ордон дээр очоод манай эхнэр энд байгаа ороод мөнгө аваад гараад ирье гэж хэлсэн. Барьцаа өг гэхээр нь би  утсаа үлдээсэн. Манайх 2-7-д байдаг. Тэр хавьд олон удаа таксигаар явж байсан. Утсаа орхиод ордон руу ороход эхнэртэйгээ зөрчихсөн байсан. Би 10-15 минут болсон байх би гарч ирэхэд байхгүй байсан. Эргээд би эхнэртэйгээ түлхүүрээ аваад явсан. Буудал дээр очиход энэ хүн байгаагүй. Утас руугаа залгахад утас дуудаад байсан. Орой болтол залгахад утас аваагүй. Тэгээд бүр орой болоход утас унтарсан. Нэг хоноод нөгөөдөр нь мобиком дээр очоод дэлгэрэнгүй хуулга авсан. Хуулга авахад миний утаснаас 2 удаа 500 болон 300 нэгж шилжсэн байсан. Нэгж шилжсэн дугаар руу нь  манай эхнэр залгахад орос хүн авсан. Тэрнээс хойш дахин утасдаагүй. Тэгээд утас салсан. 1 дэх өдөр болохоор нь хуулгаа аваад цагдаад өргөдөл бичиж өгсөн. 2 дугаар хорооллын байцаагч Цогтсайхан гэдэг байцаагчтай уулзаад өргөдөлөө өгсөн. Дараа нь эдийн засгийн хэлтэсийн цагдаа Түмэндэмбэрэл гэдэг хүн дээр оч гэсэн. Дараа нь байцаагч Цогтсайхан тэр утас руу утасдахад юу яриад байгаа би Оюутолгойд ажилладаг хүн гэж хэлсэн. Дахиж хариу өгөөгүй. Түмэндэмбэрэл гэдэг байцаагч байцаасан байх. Цагдаагийн Түмэндэмбэрэл гэдэг хүн дуудаад утсыг чинь олсон мэдүүлэг өг гээд би мэдүүлэг өгсөн. Мөрдөн байцаах тасгаас миний утсыг өгсөн. Шүүх хурал болно гэхээр нь өөрийхөө зүйлийг олсон болохоор гомдол байхгүй гэж хэлээд бичиж өгсөн Одоо гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг дүгнэлтдээ: С.Дэлгэрмааг гэм буруугүйд тооцох үндэслэлтэй байна. Нэг хүн согтуу явж байгаад утсаа 1000 төгрөгний барьцаанд өгсөн. Сайн дураараа утсаа өгөөд гарч ирэхгүй болохоор нь таксины жолооч нь явсан. Энэ утсаа барьцаанд орхиод яваад байгаа юм уу эсхүл Д.Рэнцэнноров С.Дэлгэрмаад итгэмжилж хариуцуулаад байгаа юм уу. 2015 оны Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан санагдаж байна. Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан бол гэж заасан байгаа. Рэнцэнноров С.Дэлгэрмаад юу гэж  хэлээд итгэмжлэн хариуцуулж өгөөд байгаа юм бэ. Чи миний утсыг бүрэн бүтэн байлгаж байгаарай гээд С.Дэлгэрмаа энэ хүний өмнө ямар нэгэн үүрэг хүлээсэн байх ёстой. Хариуцаж байгаагийнхаа хувьд С.Дэлгэрмаа Рэнцэнноровын өмнө ямар нэг үүрэг хүлээж байгаа. Тийм зүйл байхгүй байна. 2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлд бусдын эд хөрөнгийг завших үрэгдүүлэх гэсэн байгаа. Аж ахуйн нэгж байгууллага иргэдийн өмчийг  итгэмжлэн хариуцсан этгээд завшвал энэ зүйл ангиар шийтгэнэ. Мөн Эрүүгийн хуулийн 152 дугаар зүйл байгаа хадгалуулсан буюу бусад зорилгоор итгэмжлэн өгсөн бусдын эд хөрөнгийг завших гэсэн байгаа. Шинэ Эрүүгийн хуулинд энэ хоёр зүйлийг юу гэж заасан байна гэхээр бусдын хадгалуулсан буюу бусад зорилгоор  итгэмжлэгдэн өгсөн эд хөрөнгийг завших гэдэг нь байхгүй болоод 150 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг завших үрэгдүүлэх гэж ороод ирсэн. Орж ирэхдээ юу гэж орж ирж байгаа бэ? гэхээр бусдын итгэмжлэн хариуцуулсан  эд хөрөнгийг завших гэж байгаа. Итгэмжлэн гэдэг нь юу гэсэн үг бэ, хариуцуулна гэдэг нь юу гэсэн үг юм үүнийг тогтоох ёстой. Би юу гэж хэлэх гээд байна гэхээр С.Дэлгэрмаа өөрийнх нь сайн дураараа 1000 төгрөгийн барьцаанд  үлдээсэн утсыг хадгалж байсан. 1300 нэгж авсан. 1300 төгрөгний нэгж авсан гэвэл энэ нь гэмт хэргийн шинж биш юм шиг санагдаад байгаа юм. Гар утас завшсан гэвэл завшаагүй утас нь байж л байсан. Хохирогч өөрөө шилжүүлээд өгсөн. Яаж хариуцуулж, итгэмжилсэн бэ  гэдэг  зүйл байхгүй байна. Шинэ Эрүүгийн хууль мөрдөж эхлээгүй бол хадгалуулсан буюу бусад зорилгоор итгэмжлэн өгсөн бусдын эд хөрөнгийг завших гэдгээр шийтгэж болно. Гэтэл 09 дүгээр сарын 06-нд үйлдсэн хэрэгт хөрөнгө завших гэдгээр С.Дэлгэрмааг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлгүй. Итгэмжилсэн, хариуцуулсан эд хөрөнгө. 1000 төгрөгийн барьцаанд өгсөн зүйлийг нь авсан гэвэл аваад завшсан гэдгийг юугаар ойлгох бэ, завшсан гээд өнгөрсөн тоон дээр ярьж байгаа. Гэтэл утас байж л байсан. Шинэ Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд хөрөнгө завших дотор нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэдэг нь хөдөлмөрийн гэрээгээр эд хөрөнгө хариуцаж байхдаа түүнийг завших үйлдлийг хэлнэ. Хүндрүүлэх нөхцөл байдлуудыг нь авч үзсэн ч гэсэн албан тушаалаа ашигласан, ноцтой эсхүл их хэмжээний хохирол учруулсан, зохион байгуулалттай бүлэг гэхээр хуучин Эрүүгийн  хуулийн 150 дугаар зүйлийг шинэ Эрүүгийн хуулинд ингэж орж ирсэн. Итгэмжлэн хариуцна гэдгийг Эрүүгийн эрх зүйгээр юу гэж тайлбарладаг бэ гэхээр  гэрээгээр чи энэ хөрөнгийг захиран зарцуулаарай гээд итгэл өгөөд эд хөрөнгөө шилжүүлж өгөөд байгаа үйлдэл юм. Бусдын итгэлийг хүлээж аваад тэр хөрөнгийг захиран зарцуулах явцдаа эд хөрөнгийг өөрийн болгож авахыг завших гэж хэлнэ. Хариуцна гэдэг нь хэдэн ширхэг номыг би Оюунчимэгийн өмнөөс худалдах борлуулах итгэмжлэлийг авлаа. Авсан номоо борлууллаа, мөнгийг нь завшчихлаа. Итгэмжилсэн бол би завшсан энэ үйлдэлдээ хариуцлага хүлээнэ. Тийм учраас С.Дэлгэрмаагийн хувьд Д.Рэнцэнноровоос ямар нэгэн байдлаар итгэмжилж тэр утсыг аваагүй. Энэ зүйл хэсгээр ял шийтгэгдэх үндэслэл байхгүй гэж би хэлэх гэж байна. Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хөрөнгө завших 1 дэх хэсэгт зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан бол гэсэн байгаа. Би хохирогчоос асуусан. Та яагаад өгөх болсон бэ гэхэд би 1000 төгрөгийн барьцаанд сайн дураараа өгсөн гэдгээ хэлсэн. Шинэ Эрүүгийн хуулийн бусдын барьцаанд өгсөн эд зүйлийг өгөөгүй бол энэ нь гэмт хэрэг гэж хуульчлаагүй байна. Харин энэ нь барьцаанд тавьсан бол барьцааны  эд зүйлийг үгүй болговол Иргэний эрх зүйн харилцаа болж байна. Эрүүгийн хуулийн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө  биш байна гэж хэлж байна. Бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд С.Дэлгэрмаа биш байна  гэсэн 2 үндэслэл байна. Хэрвээ эргэлзээтэй байвал С.Дэлгэрмаад ашигтай шийдвэрлэх зарчим байж болж байна. Бичлэг хийсэн сим сольсон гэдэг нь нотлогдоогүй. Нотлогдоогүй зүйлээр гэм буруутайд тооцох ёсгүй. Энэ хоёр хүн нэгнээ зүс мэдэх юм байна. Хохирогч би танихгүй мэдэхгүй гэж хэлснийхээ дараа нь манай тэндээс явдаг болохоор гэж үг алдсан. Зүс мэдэх юм байна гэдэг нь тодорхой ойлгогдож байгаа юм. С.Дэлгэрмаад амралтын өдрүүдэд авна гэж хэлсэн гэдэг нь тодорхой болж байна. С.Дэлгэрмаа нь таксины  үйлчилгээ эрхэлдэг. Гэрч Алтанцэцэг, Ширэнбуу гэдэг хүмүүс хэлсэн. Манай энд ийм ийм такси байдаг гэж хэлсэн. Өөрийнх нь мэдүүлгээр цагдаад 09 дүгээр сарын 11-ний дараа гомдол гаргасан байдаг. Гэхдээ өөрөө гомдол гаргаагүй. Эхнэр нь гаргасан байдаг. 5 хоногийн дараа цагдаад 09 дүгээр сарын 11-нд гомдол гаргаад 12-нд шалгаад 2 гэрч байцаасан. С.Дэлгэрмаа гэж ийм машинтай хүн байдаг тэр хүн байж магадгүй гээд заасан. 09 дүгээр сарын 12-ноос хойш юу хийгээд байгаа юм.  С.Дэлгэрмаагийн яриад байгаа надруу 09 дүгээр сарын 15 юм уу 16-ны өдөр цагдаагаас дуудаад утсыг нь авсан гэдэг нь үндэслэлтэй. 10 дугаар сарын 03-ны өдөр утсыг нь хурааж аваад байлгаж байгаад Эрүүгийн хэрэг үүсгэж байгаад өгсөн байдаг. Хууль хэрэглээнийхээ тал дээр толгойн эргэсэн байна гэж би ойлгож байна. Эрүүгийн төлөөлөгч нар нь мөрдөгч болсон. Мөрдөгч нар нь хуулиа мэдэхгүй байгаа. 5 хоногийн дараа цагдаад өгсөн, 9 хоногийн дараа энэ хүн утсыг нь аваачиж өгсөн байна. Сим картыг нь сольсон гэдэг нь тогтоогдоогүй асуудал. Бичлэг хийгдсэн байж магадгүй. Түмэндэмбэрэл гэдэг хүн 09 дүгээр сарын 12-нд С.Дэлгэрмаа гэдэг хүн мөн байна гэдгийг тогтоосон байж яагаад 10 дугаар сарын 03-ны өдөр гэрчийн мэдүүлэг авсан. Энэ хүнийг гэмт хэрэг үйлдлээгүй гэдэг гэмт хэргийн шинж нь энэ зүйл дээр харагдаж байна. Утсыг нь авсан өөр дээрээ байлгаж байгаад 10 хоногийн дараа хүлээлгэж өгч байна. Энэ хугацаанд Эрүүгийн хэрэг үүсгэх үү гээд, эсхүл үнэлгээ хийлгэсэн юм байна. Энэ  үндэслэлийг хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Энэ хүн өөрөө гомдол гаргаагүй байхад энэ хүнийг хохирогчоор тогтоосон байсан. Гарын үсэг нь өөр хүнийх байсан. Өргөдөл нь он сар өдөргүй байсан.  Хамгийн гол үндэслэл бол сайн дураараа 1000 төгрөгний барьцаанд өгсөн гар утас, 9 хоногийн дараа цагдаагийн байгууллага дуудахаар нь өгсөн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй, гэмт хэрэг биш байна. Итгэмжилж өгсөн эд хөрөнгө биш байна, итгэмжилж хариуцаж авсан этгээд нь С.Дэлгэрмаа биш байна. Утсаа нэхлээ олоод өгсөн. Ийм үйл явдал болсон байна. Энэ үндэслэлээр С.Дэлгэрмаагийн үйлдлийг гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэл байхгүй, итгэмжлэн  хариуцсан этгээд биш байна гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн саналыг гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийвдэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутэй эсэхэд түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлан хэрэглэхэд эргэлзээ гарвал гэсэн өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийг тайлбарлаж эргэлзээгүйгээр бусдад эд хөрөнгөө итгэмжлэн хариуцуулаагүй байна. Итгэмжлэн хариуцсан хүн нь С.Дэлгэрмаа биш байна. Итгэмжлэн өгсөн эд хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй байна. Үүгээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн тайлбарлаж үзье гэвэл хөрөнгө завших гэдэг ерөнхий ойлголтоор бол дотроо итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө гэсэн байна. Үүнийг бид нар 17.4 дүгээр зүйлийг тайлбарлахад эргэлзээтэй гэж үзвэл С.Дэлгэрмааг гэм буруугүйд тооцох үндэслэл гарч ирж байна. 1300 төгрөг авсан гэдэг нь С.Дэлгэрмаагийн буруу. Гэхдээ хохирогчоос 1000 төгрөг авах ёстой.  Өөрөө хэлсэн би тэндээс явдаг гэж. Тэнд С.Дэлгэрмааг зогсдог гэж хоёр жолооч гэрчилж хэлээд байгаа. Тэгэхээр С.Дэлгэрмаа тэнд зогсдог. 2-4 зогсоол дээр зогсдог, 2-7 тоотод Рэнцэнноров амьдардаг учраас тааралдах байх гэсэн итгэл аль алинд нь байсан байгаа. Хохирогч манай тэндээс явдаг гэж хэлсэн. Мөн С.Дэлгэрмаа энэ хүнийг тэндээс суудаг би зүс мэднэ гэж хэлдэг. Тэгэхээр энэ хүнд завшаад алга болох сэтгэл байгаагүй. С.Дэлгэрмаа нь нэг газраа зогсдог 6 жил таксинд явж байгаа. Хүмүүс мэддэг, хамт ажилладаг жолооч нар нь мэддэг, энэ хүн өөрөө сууж явсан хүнээ танина гэж бат итгэлтэйгээр надаас авна гэж бодсон. Нөгөөдөр авна гэдэг нь амралтын өдөр болж таарч байгаа юм. Ийм нөхцөл байдал байхад энэ хүнийг гэм буруутайд тооцож ял шийтгэнэ гэдэг нь харамсалтай” гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Хэрэг 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, спорт ордоны арын зам дээр хохирогч Д.Рэнцэнноровын  барьцаанд өгч итгэмжлэн хариуцуулсан гар утсыг завшсан, хохирол 380 000 төгрөг гэж тогтоогдсон. Ийм гэмт хэрэгт холбогдож байгаа. Мөрдөн байцаалтанд мөн энэ асуудал яригддаг. С.Дэлгэрмаад тэтгэвэр авдаг, уулзах уу гэсэн зүйл ярьдаг. Тэгээд би нэгдүгээр эгнээнд зогсож байгаа хурдлаарай гэж хэлсэн. Утсаа надад үлдээсэн, бүтэн сайнд авъя, манай эхнэр залгавал битгий аваарай би өөрөө ирж авна гэж хэлсэн гэж мэдүүлдэг. Энэ мэдүүлгийг яагаад үгүйсгэх гээд байна бэ? гэхээр хохирогчийн мэдүүлэг тогтвортой байдаг, мөн шүүх хурал дээр өгсөн мэдүүлэг нь тогтвортой байдаг. Хохирогч 2-7 байранд түлхүүрээ дотор нь түгжээд мөнгө болон карт байхгүй учраас эхнэр дээрээ мөнгө авах гэж очсон. Тэгээд барьцаа үлдээ гэсэн. Тэгэхээр нь утсаа үлдээсэн. 10-15 минутын дараа гараад ирэхэд байхгүй байсан. Тэр орой нь утас руугаа залгахад утсыг нь аваагүй. Дараа нь симээ сэргээлгээд бийлээ авахад нэгж шилжүүлсэн байсан гэж хэлдэг. Хэргийн бодит байдал нийцсэн мэдүүлэг хохирогч өгч байна гэж хэлье. Шүүдэгчийн зүгээс өөрийнхөө гэм бурууг хүлээх үүрэг хүлээхгүй, мэдүүлэг өгөхгүй байх, өгөх эрхтэй. Шүүгдэгчийг хэргийн бодит бодит байдал нийцэхгүй мэдүүлэг өгч байна гэж хэлэх гэсэн юм. 94352929 дугаар эхнэрийнх нь нэр дээр байдаг гэж хэлсэн. Хэрвээ С.Дэлгэрмаа завших санаа зорилго үйлдэл үзүүлээгүй гэх юм бол тэр утсыг цаашаа аваад явах, утаснаас нь нэгж шилжүүлж авах, хуучин сим карт хийх, бичлэг хийх үйлдэл гаргахгүй. Таксинд явж байхдаа тэнд байдаг бусад хүмүүсээс асууж утсыг нь буцааж өгөх үйлдэл гаргаагүй. Мөн хохирогч  эхнэрийнхээ утас болох 99362100 гэдэг утаснаас тэр орой нь залгахад аваагүй. Хохирогчийн мэдүүлгээр нөхрийнх нь утас руу залгахад орос хүн авсан, би Оюутолгойд ажилладаг, надад хамаагүй гээд утсаа тасласан. Тэр утсаа ч гэсэн салгасан байдаг. Хохирогчийн утас нэг нээгдээд нэг салаад байдаг. Олон хоног болж байхад нь өгөхгүй, цагдаагийн байгууллагын ажилтан дуудаж, прокурорын зөвшөөрлөөр хураан авч  байгаа энэ үйлдэл нь шүүгдэгчид эд хөрөнгийг завших санаа зорилго байна гэдгийг харуулж байна. С.Дэлгэрмаагийн өөрийнх нь яриад байгаагаар надад завших санаа зорилго байгаагүй гэдгээр хэргийг хэрэгсэхгүй болгох, шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх боломжгүй. Харин С.Дэлгэрмаагийн энэ  хугацаанд гаргасан үйлдлээр энэ хэргийн сэдэл зорилго, бусад хэргийн шинжийг тодруулах ёстой гэдгийг хэлье. Эрүүгийн хэргийн процесс гомдол мэдээллээс эхлээд ямар байдаг талаар би тайлбарлаж хэлье. Гомдол мэдээллийг аваад гэмт хэргийн шинж байгаа хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн, хэрэг бүртгэл дээр холбогдогч нарыг тогтоосон. Мөрдөгчөөс яллагдагчаар татах санал гаргасан. Саналыг 14 хоногийн дотор прокурор шийдвэрлэх ёстой. Саналыг шийдвэрлээд яллагдагчаар татсан. Яллагдагчаас мэдүүлэг авч, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Мөн шүүгдэгчээс  хурааж авсан гар утсыг  хохирогчид хүлээлгэж өгсөн. Ийм процессоор  явагддаг. Хохирогч би энэ эмэгтэйг танихгүй, харин утсаа үзэхэд нэг бичлэг байсан,  эмэгтэй хүн байсан. Тэр эмэгтэй мөн байна гэсэн мэдүүлэг өгч байна. С.Дэлгэрмаа үүнийг юу гэж ярьдаг бэ? гэхээр би тэр утсыг машинаасаа гаргаагүй гэдэг. Мөн өөрөө нэгж шилжүүлэх гэж нээхдээ бичлэг хийгдсэн байх гэж хэлсэн. Өөрөө нөт 2 гэдэг гар утас барьдаг. Адилхан маркын гар утас ашигладаг. Өөрөө нээж байгаа юм чинь яагаад бичлэг хийгдсэн бэ гэдэг нь сонин болж хувирч байна. Тухайн өөрийнхөө эзэмшилд шилжүүлээд авсан, өөрөө завшаад авсан үйлдэл хийгээд, нэгж шилжүүлж авсан утасны дугаараар хайж үзээд, ямар дугаар руу олон хандалт хийсэн байна гэдгийг тодруулсан баримт байгаа. Энэ байдлаар С.Дэлгэрмаа гэдэг хүнийг олж авсан. Хэргийг илрүүлсэн. С.Дэлгэрмаа утасдахаар нь байгаа гээд аваад ир гэхээр нь өгсөн, шүүгдэгчийн өмгөөлөгчийн судалснаар нөхөж баримт хийсэн мэтээр яриад байгаа асуудал байхгүй гэдгийг хэлье. Эдгээр баримтууд хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна. Шүүгдэгчийн яриад байгаа үйлдүүд нь  давхар нотлож байна. Ийм учраас шүүгдэгч С.Дэлгэрмааг бусдын хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргаж байна. Нэгж авч байгаа, утсыг аваад ашиглаад байгаа гээд аль алинаар завших гэмт хэрэг үйлдэгдсэн байна гэдгийг илэрхийлж байна Шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Ял шийтгэл оногдуулах үндэстэй” гэв.

 

            Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч С.Дэлгэрмаа нь 2017 оны 09 сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Спорт ордон”-ны арын зам дээр такси үйлчилгээнд явж байхдаа Д.Рэнцэнноровын мөнгөний барьцаанд итгэмжлэн хариуцуулж өгсөн LG-К4 загварын гар утсыг завшихыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Д.Рэнцэнноровын мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, Бан хас ХХК-ний үнэлгээний 191 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

 

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч санал дүгнэлт гаргахдаа “Гар утас мөнгөний барьцаанд үлдээсэн нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө биш, С.Дэлгэрмаа нь завших гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийгээгүй, иргэний эрх зүйн харилцаа гэж мэтгэлцсэн. Улсын яллагч санал дүгнэлтдээ “С.Дэлгэрмаа нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон гэм буруутай” гэж дүгнэсэн байна.

 

            2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт завших гэмт хэргийг тодорхойлохдоо 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлд заасан “аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэн хариуцсан этгээд завшсан” 152 дугаар зүйлд заасан “бусдын хадгалуулсан буюу бусад зорилгоор итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг завшсан” гэмт хэргүүдийн шинжийг багтаан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан гэж тодорхойлсон байна. Иймд С.Дэлгэрмаагийн үйлдэл нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж үзлээ.

 

            Завших гэмт хэргийн онцлог нь бусдын эд хөрөнгийг хүлээн авч, итгэмжлэн хариуцах үүрэг үүсч, захиран зарцуулах боломж бий болсноор гэмт хэрэг төгссөн гэж үзэхгүй бөгөөд итгэмжлэн хариуцаж авсан эд зүйлээ завших санаа сэдлээ үйлдлээрээ хэрэгжүүлж, хууль бусаар захиран зарцуулж бодит хохирол бий болсноор уг гэмт хэргийг төгссөн гэмт хэрэг гэж үзнэ. Хавтаст хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзвэл С.Дэлгэрмаа нь мөнгөний барьцаанд үлдээсэн гар утсыг буцаан өгөхгүй байх санаа сэдлээ хохирогчийн утасны дуулдагыг авахгүй байх, цагдаагийн байгууллагаас түүнийг олж ирүүлэх хүртэл утсыг буцаан өгөх талаар ямар нэг санаачлага гаргаагүй зэрэг үйлдэл, эс үйлдэхүйгээр хэрэгжүүлсэн боловч гар утсыг хууль бусаар захиран зарцуулж, бодит хохирол учруулсан гэж үзэхэд учир дутагдалтай, эргэлзээтэй байна. Иймд С.Дэлгэрмааг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшихыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлаж, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний гадаад улсад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Д.Рэнцэнноров нь гар утсаа хүлээн авсан, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Тайжгэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Д-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар шүүгдэгч С.Д-д оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний гадаад улсад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

   6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС