| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэннадмидын Батсүрэн |
| Хэргийн индекс | 128/2019/0750/З |
| Дугаар | 128/ШШ2022/0186 |
| Огноо | 2022-03-15 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 128/ШШ2022/0186
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: - ХХК
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х овогтой Л
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц овогтой М
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б овогтой Т
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуучлалын сайд
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А овогтой Ц
Гуравдагч этгээд: О овогтой О*******
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б овогтой Д нарыг оролцуулан газрын маргаантай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Л, Ц.М, Б.Т, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д /танхимаар биечлэн/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Намуунтөгөлдөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч - ХХК нь Байгаль орчин, аялал жуучлалын сайдад холбогдуулан Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/158 дугаартай тушаалын 2.041 га гэснийг 1.7 га болгон өөрчлөлт оруулсан захиргааны акт гаргахыг Байгаль орчин, аялал жуучлалын сайдад даалгах, О.О*******д олгосон 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 0171216 дугаартай улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээний хавсралтын Д хэсэгт байгаа 1272.58 м.кв гэсэн бичилтийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгч - ХХК-д Байгаль орчны сайдын 2007 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 287 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүс, Хан-Уул дүүрэг, 11-р хорооны нутаг дэвсгэрт Зайсангийн аманд 2.0 га газрыг аялал жуучлалын зориулалтаар олгосон, гуравдагч этгээд О.О*******д маргаан бүхий Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Газар ашиглах эрхийг сэргээж, эрх олгох тухай А/158 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүс, Хан-Уул дүүрэг, 11-р хорооны нутаг дэвсгэрт Зайсангийн аманд 2.041 га газрыг аялагч түр буудаллах, отоглох зориулалтаар газар ашиглах эрхийг сэргээн олгожээ.
Хариуцагч Байгаль орчин, аялал жуучлалын сайд нь О.О*******гийн дуусгавар болсон газар ашиглах эрхийг сэргээн олгохдоо Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар
зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.1-д заасныг гол үндэслэлээ болгожээ.
3. Нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1066 дугаартай албан бичгээр хүлээн авч, 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхрийцэцэг шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: уянга ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүс, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Зайсангийн аманд 2.0 га газрыг аялал жуулчлал-ын зориулалтаар ашигладаг.
Дээрх газрыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан нөхцөл шаардлагын дагуу, газрын төлбөрөө төлж, хуулийн хүчин төгөлдөр 435 дугаартай гэрчилгээний дагуу ашиглаж ирсэн. Өөрийн ашиглах эрх бүхий газар дээрээ light Residence /гэрэлт хотхон/-ыг барьж байгуулсан. Мөн Golden Buddha & Zaisan central аялал жуулчлал, худалдаа үйлчилгээний цогцолбор төвийг барьсан. Зайсан толгойн баруун талд, авто зам болон Зайсан толгой 2-ын хооронд, Ар зайсангийн голын гольдрол байдаг.
4.1. Манай 2 га газар болон Зайсан толгой 2-ын дунд, Ар Зайсангийн голын гольдролыг оролцуулан баруун талыг Зайсан толгой өөд өгсүүлэн, хууль бусаар О.О******* гэх иргэнд газар ашиглуулахаар шийдвэрлэсэн. Уг газарт нь манай гүний 2 худаг орсон байдаг ба уг шийдвэрээ үндэслээд манай компанид холбогдуулан иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.
4.2. Саяхан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хүчингүй болгосон газрыг ашиглах эрхийг хууль бусаар сэргээж, 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/158 дугаартай тушаал гаргажээ. Уг тушаалаар сэргээсэн 2.041 га газар гэдэгт манай гүний 2 худаг байрлаж буй газар орсон байна. Манай үл хөдлөх эд хөрөнгө байгаа газрыг иргэн О.О*******гийн барьсан үл хөдлөх хөрөнгө байгаа мэтээр ойлгож, манай үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг иргэн О.О*******д ашиглуулахаар шийдвэрлэжээ. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/158 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхрийцэцэг нь 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага болон түүний үндэслэлдээ: Л.Г******* нь хууль бусаар О.О******* гэдэг иргэний өмнөөс гарын үсэг зурж, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 5 хэсэг бүхий 1,7 га газрыг ашиглах эрхийг сэргээж өгөхийг хүссэн. Уг тушаалаар 2,041 га талбай бүхий газар ашиглах эрхийг сэргээсэн нь хууль бус болжээ. Байршил нь тодорхойгүй 2,041 га газрын ашиглах эрхийг сэргээсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6-д заасан зарчмыг зөрчсөн байна.
5.1. Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу баригдсан үл хөдлөх хөрөнгө бүхий газрын ашиглах эрхийг сэргээхдээ үл хөдлөх эд хөрөнгүүд нь О.О*******гийн үл хөдлөх эд хөрөнгө мөн эсэх, хуулийн дагуу баригдсан эсэхийг хуулийн дагуу шалгаж үзээгүй.
5.2. Ашиг эрхийг сэргээлгэх хүсэлт гаргаагүй байхад сэргээсэн нь Зайсан толгойг баруун талаас нь ухаж, байгалийн унаган төрхийг алдагдуулах эрсдэлтэй байна. Иймд 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/158 дугаартай тушаалд 2,041 га гэснийг 1,7 га болгон өөрчлөлт оруулсан захиргааны акт гаргахыг Байгаль орчин, аялал жуучлалын сайдад даалгах, О.О*******д олгосон 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 0171216 тоот улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээний хавсралтын Д хэсэгт байгаа 1272,58 кв метр гэсэн
бичилтийг хүчингүй болгуулах гэжээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Худгийн байршил дээр маргаагүй. Худаг бол "-" ХХК-ийн газар ашиглах эрх бүхий байршилд баригдаагүй боловч худгийн албан ёсны зөвшөөрөлтэй баригдсан. Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6-д зааснаар сав газрын захиргааны бүрэн эрхийн хүрээнд Байгаль орчны албанаас олгосон зөвшөөрөлтэй.
6.1. Маргаан бүхий захиргааны актын тухайн хэсэг хүчин төгөлдөр байснаар нийтийн эрх ашиг зөрчигдөж болзошгүй. Учир нь ус хангамжийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглосон байдаг. Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д Ус хангамжийн эх үүсвэр" гэж худаг, татах, цуглуулах, цэвэршүүлэх байгууламж, түгээх зориулалт бүхий усны барилга байгууламжийг ойлгоно гэж заасны дагуу худаг нь ус хангамжийн эх үүсвэр юм. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно гэж заасны дагуу усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс гэдэгт ус хангамжийн эх үүсвэрийн бүс хамаарах бөгөөд ус хангамжийн эх үүсвэрт худаг хамаарч байна.
6.2. О.О******* нь анх газар ашиглах эрхтэй байсан эсэх нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. Учир нь 2014 оны гэрчилгээний арын солбицлын цэгийг маргаан бүхий газрын солбицлын цэгтэй тааруулахад маргаан бүхий газарт нийт 6 солбицлын цэг байгаа бөгөөд 2014 оны гэрчилгээнд ижил гэж үзэж буй Д талбайд нийт 5 солбицлын цэг байна. Уг сэргээгдсэн гэж маргаж байгаа Д талбайг О.О******* өмнө нь ашиглах эрхтэй байсан эсэхээ нотолж чадахгүй байсан хэвээр байна.
6.3. Тухайн захирамжийн эрх сэргээсэн үндэслэл хангагдаагүй гэж үзэж байна. Төсөл хэрэгжиж эхлээгүй буюу ямар ч бүтээн байгуулалт хийгдээгүй байхад тухайн захирамжийн үндэслэх хэсэгт Нийслэлийн ерөнхий төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу баригдсан үл хөдлөх эд хөрөнгө бүхий газарт газар байгаа тул сэргээсэн гэсэн үндэслэлийг дэвшүүлсэн боловч шүүхийн үзлэг хийсэнчлэн газар нь яг хэвээр байгаа бөгөөд ямар ч барилгажилт буюу бүтээн байгуулалт хийгдээгүй. Тухайн газарт барилгажилт, бүтээн байгуулалт хийгдсэн гэсэн зөвхөн нэг үндэслэлээр эрхийг нь сэргээсэн боловч уг үндэслэл нь хангагдаагүй байна.
6.4. Тухайн газартай дулааны шугамын хамгаалалтын бүс давхцаж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор зураг, холбогдох баримтууд хэрэгт хэд хэд авагдсан буюу тухайн газар нь дулааны шугамтай давхцалтай тул барилгажих боломжгүй гэсэн лавлагаа ирж, хавтас хэрэгт авагдсан. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т шугам сүлжээний газрыг нийтээр ашиглах талбай гэж заасан байгаа бөгөөд тус газар нь дулааны шугам сүлжээний газар мөн юм. Газрын тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан Газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах нийтлэг шаардлага-д хот тосгон, бусад суурины газрыг зохистой ашиглах, хамгаалах талаар дурдсан байдаг. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.9-д Орчны газарт байрлаж байгаа инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээ эрхэлж байгаа мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулахыг хориглоно гэж заасан. Эдгээр хоёр шугамын нэг нь Б******* ХХК-ийн хариуцдаг шугам бөгөөд нөгөө нь Б******* ХХК болон Э******* ХХК гэсэн хоёр компанийн хамтран эзэмшдэг шугам юм. Гуравдагч этгээд нь энэ талаар тайлбарлахдаа нэхэмжлэгч болон гуравдагч этгээд хоорондын гэрээгээр барьж байгуулсан шугам гэж дурдсан боловч тухайн шугам нь өөр талбайд байгаа бөгөөд баригдсан байгаа хоёр шугам сүлжээ нь дээр дурдсан 3 өөр компанийн өмчлөлийн шугам юм. Газрын тухай хуулиар шугам сүлжээний бүтээн байгуулалт хийгдсэн газарт бусад этгээдэд газар ашиглах эрх олгох нь нийтийн ашиг сонирхлыг зөрчинө гэж үзэж байна. гэжээ.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж******* шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: О.О*******гийн газар ашиглах гэрчилгээтэй хавсралтын Д хэсэгт байгаа 1272.58 кв метр газар нь өмнө нь ашиглаж байгаад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар цуцалж, А/158 тоот тушаалаар дахин сэргээж олгосон газар. Нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн газраа газрын гэрчилгээний хавсралтад заасан координатаас илүү гаргаж хашаа барьж, худаг барьсан үйлдэл нь өнөөдрийн нөхцөл байдлыг үүсгэж байх тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
Иймд тухайн газрыг сэргээн олгохдоо бусад эзэмшигч нарын газартай давхцалтай эсэхийг газрын бүртгэлийн мэдээллийн сан болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны хариуг үндэслэн ямар нэгэн давхцалгүйгээр олгосон. Нэхэмжлэгчийн өөрийн хийсэн буруутай үйлдэл байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байгаль орчин аялал жуулчлалын сайд нь 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн А/158 дугаартай тушаалаар иргэн О.О*******д 2.041 га газрыг ашиглах эрх олгосон. Уг газар ашиглах эрхийн Д талбайтай нэхэмжлэгч тал маргаж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т "Нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ гэж заасан. Иймд захиргааны хэргийн шүүх нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн эсэх, эсвэл зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүссэн эсэхийг хянаж үзэх үүрэгтэй.
8.1. Анх нэхэмжлэгч компани нь Манай худаг байгаа газарт О.О*******д газар ашиглах эрх олгосон гэсэн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Гэтэл өнөөдрийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, худгийн байршилтай маргахгүй, харин маргаан бүхий тушаал нь анхнаасаа хууль бусаар олгогдсон тул хүчингүй болгуулъя гэсэн байдлаар маргаж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд огт нийцэхгүй буюу нэхэмжлэгчийн ямар эрх ашиг зөрчигдөж байгаа нь тодорхойгүй байна. Газрын тухай хууль болон гурван талт гэрээг зөрчиж, Дулааны шугам газар доогуур явж байгаа бөгөөд худаг барьсан тул энэ газарт О.О******* нь газар ашиглах эрхгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
8.2. Усан сан бүхий газарт хамгаалалт тогтоох ёстой ба усан сан бүхий газар гэдэг ойлголтыг Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэхь заалтаар зохицуулсан. Үүнд худаг ямар ч хамааралгүй. Байгаль орчны газраас зөвшөөрөл авч, нэхэмжлэгч компани өөрсдөө худаг бий болгосон нь тухайн газарт хамгаалалтын бүс үүсгэж, өөр этгээдэд газар ашиглуулах боломжгүй гэж тайлбарлаж болохгүй. Уг тайлбар нь Усны тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нийцэхгүй. Анх О.О*******д газар олгосон солбицол болон 2019 онд газар ашиглах эрхийг нь сэргээсэн солбицлууд нь хоорондоо өөр байна гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна. "-" ХХК нь гуравдагч этгээд О.О*******гээс өмнө газар ашиглах эрх хүссэн хүсэлтээ гаргаж, тодорхой үнэлгээг хийлгэж, холбогдох хууль, журмын дагуу бичиг баримтуудыг бүрдүүлэн, Байгаль орчин аялал жуулчлалын сайдад хандаж байсан тохиолдолд "-" ХХК-ийн эрх ашиг хөндөгдсөн байж болзошгүй нөхцөл байдал үүснэ. Гэтэл нэхэмжлэгч компани нь худаг барьсан газартаа газар ашиглахаар хүсэлт гаргаж байгаагүй. Газар ашиглах эрхгүй этгээд атлаа 2019 оны А/158 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн Байгаль орчин аялал жуулчлалын сайд нь бүрэн эрхийнхээ хүрээнд А/158 дугаар тушаалыг гаргасан. Энэ нь эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт бөгөөд "-" ХХК-ийг оролцуулан мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
9. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д******* шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: уянга ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/158 дугаар тушаалын дагуу олгосон газраа ашиглах эрхийг бүдүүлгээр зөрчиж байгаа үйлдлээ Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нялзаах, өөрийн хууль бус үйлдлээ уг тушаалаар хаацайлахыг оролцож байна. Учир нь тус компани О.О*******гийн газар руу барилгын шороо, хог хаягдлаа түрэх, уг газар дээр бүдүүлэг үйлдлүүд гарган О.О*******д газраа ашиглах боломж олгоогүй. Энэ үйлдэл нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн 686 дугаартай албан бичигт хавсарган ирүүлсэн зургаас тодорхой харагддаг.
Иймд уянга ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдыг иргэн О.О*******д газар давхцуулан олгосон мэтээр буруутгаж байгаа нь ямар ч үндэслэлгүй гэжээ.
10. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.О*******д анх 2008 онд Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалаар газар олгож байсан бөгөөд 7 га газраас 2 га газрыг нь улсад буцаан өгч, 5 га газартай болсон байдаг. Эдгээр өөрчлөлт орох бүрд гэрчилгээний ард тэмдэглэгээ хийгдэж байсан. Тухайн үед О.О*******гийн ашиглаж байсан 5 га газар нь 7 хэсэг жижиг газруудыг хамарсан байсан. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас архитектур төлөвлөлтийн даалгавар олгосон. Уг архитектур төлөвлөлтийн даалгаврыг одоогийн маргаан бүхий газарт аваагүй. Өөрөөр хэлбэл А, Б, В, Г, Д, Е, Ё гэсэн газруудаас маргаан бүхий газраас бусад хэсэгт нь архитектур төлөвлөлтийн даалгавар авч, уг даалгавруудын дагуу Женерал таун, Пийс виллаж, Астра вилла зэрэг орон сууцны хотхонууд баригдсан.
10.1 О.О*******гийн ашиглаж байгаа Б талбарт О******* ХХК нь барилга барихаар гэрээ байгуулж, барилгын ажил явуулах үедээ бохир усны шугам задарсны улмаас байгаль орчинд сөрөг нөлөөлөл учирсан тухай мэдээлэл гарсан. Үүний дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайд бүрэн эрхийнхээ хүрээнд О.О*******гийн ашиглаж байсан бүх газруудын ашиглах эрхийг нийтэд нь цуцалсан байдаг. Үүнтэй холбоотойгоор О.О******* нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэгдүгээрт О.О*******гийн буруутай үйл ажиллагаа байгаагүй, О******* ХХК-ийн буруу, хоёрдугаарт нь зөвхөн Б талбайд болсон асуудалтай холбогдуулан бусад 6 хэсэг газрын ашиглах эрхийг цуцалсан нь буруу гэдэг байдлаар маргасан. Энэ үед Байгаль орчин аялал жуулчлалын сайд нь тушаал, шийдвэртээ нэмэлт өөрчлөлт оруулж, О.О******* нь тухайн архитектур төлөвлөлтийн дагуу барилга байгууламжуудыг барьсан гэдгийг тогтоож, Б талбайтай холбоотой асуудал нь О******* ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болсон бөгөөд тухайн компани нь байгальд учруулсан хохирлоо засаж, сайжруулсан тул газар ашиглах эрхийг сэргээсэн. Мөн өмнөх тушаал, шийдвэрт маргаан бүхий Д газар нь В газар гэж тэмдэглэгдэж байсан. Үсгийн дугаарлалтууд өөрчлөгдөж, яг тухайн координатаараа Д газар гэж тэмдэглэгдсэн.
10.2 Нийслэлийн Байгаль орчны газраас 2 удаа нэхэмжлэгчид гүний худгийн
зөвшөөрөл олгосон байдаг. Гүний худгийн 2 удаагийн зөвшөөрлийн дагуу нэхэмжлэгч нь 2 удаа гүний худгийг Э******* ХХК-иар өрөмдүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Нэхэмжлэгч компани нь Э******* ХХК-иар 2011 онд эхний худгаа өөрийн болон гуравдагч этгээдийн хэн алины газар дээр өрөмдүүлээгүй, 2019 онд хоёр дахь худгаа өрөмдүүлэхдээ Нийслэлийн Байгаль орчны газраас олгосон зөвшөөрөл бүхий газарт мөн адил өрөмдүүлээгүй. Зөвшөөрлийн дагуу маргаан бүхий газрын урд хэсэгт худаг өрөмдөх ёстой байсан боловч өрөмдөлгүй О.О*******гийн газар дээр худаг өрөмдүүлсэн. Мөн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр О.О*******гийн газар ашиглах эрхийг сэргээсний дараа буюу 2019 оны 8 дугаар сард нэхэмжлэгч нь худгаа өрөмдсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Нэхэмжлэгч компанийн гаргаж буй Манай худаг байгаа газарт О.О*******д газар ашиглах эрх сэргээсэн гэсэн шаардлага нь үндэслэлгүй гэж үзэж байна.
10.3 "-" ХХК нь О.О*******тэй дулааны шугам хамтран ашиглах, түүнд хөрөнгө оруулалт хийх гэрээ байгуулаад дулааны шугамыг нь О.О*******гийн газраар татаж, үүнийхээ төлөө 300,000,000 төгрөгийг төлж, гэрээ хийсэн атлаа энэ дулааны шугам нь өөр газарт байгаа, өөр шугам юм гэсэн үндэслэлгүй тайлбар гаргаж байна. Тухайн дулааны шугам нь О.О******* болон "-" ХХК-ийн 50, 50 хувийн өмчлөлтэй юм. Дулааны шугам явж байгаа газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж болохгүй мэт тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь Улаанбаатар хотын хэмжээнд газар доогуур цэвэр, бохир ус, цахилгаан, дулааны маш олон зуун км үргэлжилсэн шугам явж байдаг. Энэ нь иргэн, хуулийн этгээдийн ашиглаж, эзэмшиж, өмчилж байгаа газруудын доогуур явж байдаг. Инженерийн шугам сүлжээ явах болгонд тухайн газар ашиглах эрхийг цуцлах юм бол хэн ч газар эзэмшихгүй, эсвэл ямар ч барилга, байгууламж баригдахгүй байх үр дагаварт хүрэх байсан. Иймд О.О*******гийн газар доогуур цэвэр, бохир ус, дулаан, цахилгааны шугам явж байгаа нь О.О*******г газар ашиглах эрхгүй гэж үзэж болохгүй.
10.4 О.О*******гийн газар ашиглах эрхийг цуцалснаар нэхэмжлэгчийн ямар ч эрх сэргэхгүй бөгөөд ямар ч эрх ашиг нь зөрчигдөөгүй. Харин эсрэгээрээ хүний газар дээр зөвшөөрөлгүйгээр хашаа барьсан. О.О*******гийн газарт оруулан хашаа барьсан нь хавтас хэрэгт авагдсан байгаа. Мөн төрийн эрх бүхий байгууллагаас өгсөн зөвшөөрлөөс өөр цэгт гүний худаг өрөмдсөн. Энэ гүний худаг нь усан сан бүхий газар биш. Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хууль зүйн үндэслэлтэй тайлбарласан тул давхардуулан тайлбарлах шаардлагагүй гэж үзэж байна.
10.5 О.О*******гийн зүгээс тухайн худгийг нэхэмжлэгч компани ашиглахад цаашид ч татгалзах зүйлгүй. Харин тухайн худгийг барихад гаргасан төлбөрийн тодорхой хэсгийг гаргаж, гуравдагч этгээдийн зүгээс ашиглах сонирхолтой байна. Учир нь хүмүүс өөрийн дураар газар өрөмдөж, худаг гаргаад гүний ус хэрэглэх боломжгүй байдаг. Гүний ус нь байгальд нөхөн сэргээгддэггүй, олон жилийн хугацаанд хуримтлагдан үүсдэг тул байгаль орчинд ээлтэй, гамтай хандах ёстой гэж үзэж, тухайн худгийг буулгах шаардлага тавиагүй, ашиглахыг нь дэмжиж байгаа юм. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд орц, гарц гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байгаа юм. Уг иргэний хэргийг захиргааны хэрэг шийдвэрлэгдэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч тал нь хуулийн дагуу орц, гарц гаргаж өгөх үүрэгтэй байгаа боловч хэрэв дургүй байвал О.О*******гийн зүгээс заавал орц, гарц гаргуулах шаардлагагүй. Мөн уг захиргааны хэрэгт яригдаж буй хоёр гол асуудлын нэг нь гүний худгийн асуудал юм. Нийслэлийн Байгаль орчны газраас 2011 онд олгогдсон бөгөөд энэ нь зөвхөн тухайн жилдээ хүчинтэй байдаг. Гэтэл маргаан бүхий худгийг 2019 онд өрөмдсөн. Иймд нэхэмжлэгч компанийг зөвшөөрөл хүчингүй үед худаг өрөмдсөн гэж үзэж байна. Мөн зөвшөөрөл өгсөн координатын цэгт бус өөр газарт буюу О.О*******гийн газарт өрөмдсөн. Байгаль орчин аялал жуулчлалын яам болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас худагтай холбоотой зөвшөөрөл авах ёстой боловч огт зөвшөөрөл аваагүй. Хэдий Байгаль орчны газраас зөвшөөрөл авсан боловч хүчинтэй хугацаа нь дууссан үед хууль бусаар хүний газар дээр худаг өрөмдсөн. Иймд худагтай холбоотойгоор нэхэмжлэгч өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж тайлбарлах нь үндэслэлгүй юм гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч ХХК нь анх тус шүүхэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/158 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан, шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэлийн шаардлагаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/158 дугаартай тушаалын 2,041 га гэснийг 1,7 га болгон өөрчлөлт оруулсан захиргааны акт гаргахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгуулах, О.О*******д хариуцагчаас олгосон 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах 0171216 тоот гэрчилгээний хавсралтын Д хэсэгт байгаа 1272,58 квадрат метр гэсэн бичилтийг хүчингүй болгуулах гэж өөрчилж, нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ.
2.1. Гуравдагч этгээд нь анх газар ашиглах эрхтэй эсэх нь тодорхойгүй байхад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь хаана байршилтай нь тодорхойгүй 2,041 га талбай бүхий газар ашиглах эрхийг сэргээсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6-д заасан зарчмуудыг зөрчсөн. Сэргээгдсэн гэж маргаж байгаа Д талбайг гуравдагч этгээд өмнө нь ашиглах эрхтэй байсан гэдгээ нотолж чадахгүй байна.
2.2. Тухайн газарт барилгажилт, бүтээн байгуулалт хийгдсэн гэсэн зөвхөн нэг үндэслэлээр О.О*******гийн дуусгавар болсон газрыг сэргээсэн боловч энэ үндэслэл хангагдаагүй байна. Тухайн газар дээр байрлах үл хөдлөх эд хөрөнгүүд О.О*******гийнх мөн эсэх, архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу барилга баригдсан эсэхийг захиргааны байгууллага шалгаж үзээгүй.
2.3. Худаг бол ХХК-ийн ашиглаж байгаа газрын байршилд баригдаагүй боловч нь худгийг албан ёсны зөвшөөрөлтэй барьсан.
2.4. Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс гэдэгт ус хангамжийн эх үүсвэрийн бүс хамаарах бөгөөд ус хангамжийн эх үүсвэрт худаг хамаарч байна. Усны сан бүхий газарт иргэнд газар эзэмшүүлэхийг хориглосон байхад тухайн газарт газар ашиглах эрх олгосон нь хууль зөрчсөн.
2.5. Тухайн газар нь дулааны шугамын хамгаалалтын бүстэй давхцаж байгаа бөгөөд барилгажих боломжгүй. Шугам сүлжээний газарт бусдад газар ашиглах эрх олгох нь нийтийн ашиг сонирхлыг зөрчинө гэж тус тус тодорхойлон маргажээ.
3. Маргаан бүхий Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Газар ашиглах эрхийг сэргээж, эрх олгох тухай А/158 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.1 дэх заалтыг үндэслэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн амны хязгаарлалтын бүсэд иргэн О.О*******гийн дуусгавар болсон газрын Нийслэлийн ерөнхий төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу баригдсан үл хөдлөх эд хөрөнгө бүхий 2,041 га газрын ашиглах эрхийг сэргээж, аялагч түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах эрх олгожээ.
4. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд Хязгаарлалтын бүсэд байгаль орчинд нь сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгөөр дараах үйл ажиллагаа явуулж болно, 11 дүгээр зүйлийн 7-д аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах, 33 дугаар зүйлийн 1-д Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хамгаалалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно, 35 дугаар зүйлийн 1-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана, 36 дугаар зүйлийн 1-д Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана гэж тус тус зааснаар төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамгаалалтын захиргааны саналыг үндэслэн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр газар ашиглуулж болохоор байна.
5. Маргааны үйл баримтаас үзэхэд Байгаль орчин. Ногоон хөгжлийн сайдын 2013 оны А-77 дугаар тушаалаар иргэн О.О*******д Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутагт орших Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд 5,0 га газрыг аялал, жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар шийдвэрлэж, 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2014/31 дугаартай гэрчилгээ олгожээ.
6. Дээрх газар ашиглах эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр байх хугацаанд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 03 дугаар сарын 27-ний өдрийн 333 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт усны нөөцийн хомсдол үүсэхээс сэргийлэх, голын бургас сүйтгэх, уулын өндөр налуу газарт байгалийн унаган төрхийг алдагдуулах эрсдэл бүхий 29 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалтыг гаргаж хүргүүлсэн, энэхүү жагсаалтад иргэн О.О*******д газар ашиглуулах 2014/31 тоот гэрчилгээний хавсралтын Б,В,Г,Д талбай орсон, улмаар Байгаль орчин аялал жуулчлалын сайд нь 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалаар уул нурааж, тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм, горимыг зөрчсөн гэж үзэж, иргэн О.О*******гийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон үйл баримт тогтоогдож байх ба энэ үйл баримттай хэргийн оролцогч нар маргаагүй байна.
7. Гуравдагч этгээд нь ийнхүү газар ашиглах эрхийг нь дуусгавар болгосны дараа 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр газар ашиглах тухай хүсэлтээ Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт гаргасан, хариуцагч нь маргаан бүхий захиргааны актаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 47 дугаар албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн иргэн О.О*******д Хан-Уул дүүрэгт орших Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд 2,041 га талбай бүхий газрыг буудаллах, отоглох зориулалтаар 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар шийдвэрлэж, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн 0171216 дугаар гэрчилгээ олгон, 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 2019216 дугаартай газар ашиглах гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх ба нэхэмжлэгч нь энэхүү маргаан бүхий захиргааны актаар гуравдагч этгээдэд олгогдсон газрын Д хэсэг буюу 1272,58 м.кв газрыг хүчингүй болгуулахаар маргасан, нэхэмжлэлийн гол үндэслэлээ тус компанийн зөвшөөрөлтэй барьсан худагтай давхцуулж гуравдагч этгээдийн дуусгавар болгосон газар ашиглах эрхийг сэргээж, эрх олгосон нь үндэслэлгүй гэж тодорхойлжээ.
8. Нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу өөрийн эзэмшлийн худаг бүхий газраа ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа болон хариуцагч захиргааны байгууллагад гаргаагүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд энэ үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.
9. Хэргийн оролцогчдын тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 2011 онд нэхэмжлэгч ХХК-д Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Зайсан толгойн баруун талд өөрийн ашиглаж байгаа газартаа буюу 470532.05N, 10605446.55E координаттай цэгт худаг өрөмдөх зөвшөөрөл олгогдсон, нэхэмжлэгч нь дээрх координатын цэгээс өөр байршилд буюу 470530.86N, 10605444.24E координатын цэгт худгаа өрөмдүүлсэн, нэхэмжлэгчийн гаргасан гүний худаг нь маргаан бүхий захиргааны актаар гуравдагч этгээдэд ашиглуулахаар олгогдсон 0171216 тоот гэрчилгээн дэх Д талбайд байрлаж байгаа болох нь өрөмдмөл худгийн техникийн паспорт, гэрчилгээ, Нийслэлийн Байгаль орчны газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ний өдрийн 03/321, 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 03/911 дүгээр албан бичгүүд, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн 686 дугаар албан бичгээр ирүүлсэн худгийн байршлыг давхцуулан харуулсан зураглал, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь энэхүү үйл баримтыг үгүйсгэхгүй байх бөгөөд худгийн байршилтай маргаагүй байна.
10. Маргаан бүхий тушаалаар гуравдагч этгээд О.О*******д ашиглуулахаар олгосон Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн амны хязгаарлалтын бүсэд байрлалтай Д талбай бүхий газар нь нэхэмжлэгчид ашиглуулахаар олгосон Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсангийн аманд байрлалтай 2,0 га газартай давхцалгүй болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2/340 дүгээр албан бичиг, түүний хавсралт, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн 05а/2387 дугаар хавсралтаар ирүүлсэн газрын давхцалыг харуулсан зураг, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 285 дугаар албан бичиг болон Газар зохион байгуулалт, геодези, зураг газрын 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/138 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ.
11. Харин нэхэмжлэгчийн барьсан бетонон хашаа нь гуравдагч этгээдийн Д
талбайн баруун хэсэгт 19,3 метр, мөн тус талбайн урд хэсэгт 1,9 метр урттайгаар тус тус давхцалтай болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх ба нэхэмжлэгч нь энэхүү үйл баримттай маргаагүй байна.
12. Дээрх үйл баримтуудаас үзэхэд хариуцагч захиргааны байгууллага нь гуравдагч этгээд О.О*******д Хан-Уул дүүрэгт орших Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд 2,041 га талбай /Д талбай буюу 1272,58 м.кв/ бүхий газрыг буудаллах, отоглох зориулалтаар 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар шийдвэрлэж, газар ашиглах эрхийн 0171216 дугаар гэрчилгээ олгож, 2019/216 дугаартай газар ашиглах гэрээ байгуулсан нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 35 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1, 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.
13. Хууль тогтоогчид Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1-д Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараах тохиолдолд дуусгавар болно, 40 дүгээр зүйлийн 1-ын 1/-д Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр, 2/-т Тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэж тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дуусгавар болох үндэслэлийг тусгайлан заажээ.
Тодруулбал газар ашиглуулах шийдвэрийг үндэслэн газар ашиглах гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон улсын бүртгэлд бүртгэснээр газар ашиглах эрх үүсэх бөгөөд нэгэнт хуульд заасан журмаар үүссэн газар ашиглах эрх зөвхөн мөн хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр дуусгавар болно.
14. Дээрх хуулийн заалтыг маргааны үйл баримттай холбогдуулан авч үзвэл гуравдагч этгээд О.О*******д олгосон Хан-Уул дүүрэгт орших Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд 2,041 га талбай бүхий газрын Д талбай буюу 1272,58 м.кв талбай бүхий газар ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэл бүрдээгүй байхын зэрэгцээ энэ үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
15. Нэхэмжлэгч нь Нийслэлийн Байгаль орчны газраас олгосон зөвшөөрлийн координатын цэгээс өөр байршилд буюу гуравдагч этгээдийн газарт худгаа өрөмдүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх ба хэргийн оролцогч нар нь нэхэмжлэгчийн барьсан худгийг зөвшөөрөлтэй эсэх талаар маргаагүй, нэхэмжлэгч нь худгийг 2019 онд буюу гуравдагч этгээдийн газар ашиглах эрх хүчин төгөлдөр байх хугацаанд өрөмдүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул энэхүү үндэслэл нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
16. Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8 дахь хэсэг нь Монгол Улсын иргэн, Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулахтай холбогдсон харилцааг зохицуулсан нийтлэг заалт бөгөөд энэ заалтаар газар ашиглах тухай хүсэлт гаргах, түүнийг хянан шийдвэрлэх, газар ашиглах гэрээний агуулгыг тогтоох, түүнийг байгуулахад баримтлах журмыг тусгайлан заажээ.
17. Хуульд заасан энэхүү журмаар төрийн захиргааны төв байгууллагаас газар ашиглуулах шийдвэр гаргахдаа тухайн газарт архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу барилгажилт, бүтээн байгуулалт хийгдсэн эсэх, үл хөдлөх хөрөнгө байгаа эсэхийг нягтлан шалгахаар тусгайлан заагаагүй байна. Харин газар ашиглах хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг нягтлан үзэхээр заажээ.
18. Гуравдагч этгээд нь маргаан бүхий Д талбайд барилга байгууламж бариагүй, харин маргаан бүхий захиргааны актаар сэргээсэн бусад талбайд архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу Женерал таун, Пийс виллаж, Астра вилла хотхон баригдсан гэж тайлбарлаж байх ба нэхэмжлэгч нь энэ нөхцөл байдлыг үгүйсгэж маргаагүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Захиргааны байгууллага тухайн газар барилгажилт, бүтээн байгуулалт хийгдсэн эсэх, үл хөдлөх эд хөрөнгө байгаа эсэхийг шалгаагүй. Дуусгавар болсон газрыг сэргээсэн үндэслэл хангагдаагүй гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй.
19. Байгаль орчин., ногоон хөгжлийн сайдын 2013 оны А-77 дугаар тушаалаар иргэн О.О*******д Хан-Уул дүүргийн нутагт орших Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд 5,0 га газрыг аялал, жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар шийдвэрлэж, 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2014/31 дугаартай гэрчилгээ олгосон, мөн Байгаль орчин. аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалаар иргэн О.О*******гийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, 2014/31 тоот гэрчилгээний хавсралт дахь В талбайн солбицлуудтай 0171216 тоот гэрчилгээний хавсралт дахь Д талбайн солбицлууд утга нэг, хариуцагчаас 0171216 тоот гэрчилгээний хавсралтын солбицлын байршлуудыг зургаар /2 дугаар хавтаст хэргийн 88-90, 3 дугаар хавтаст хэргийн 79 дүгээр хуудсанд/ гаргаж ирүүлсэн байх тул байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гуравдагч этгээд О.О******* нь анх газар ашиглах эрхтэй байсан нь тогтоогдоогүй, хаана байршилтай нь тодорхойгүй газар ашиглах эрхийг сэргээсэн гэсэн агуулга бүхий тайлбар үндэслэлгүй байна.
20. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд гуравдагч этгээдэд олгогдсон Д талбай бүхий газраар дулааны хос шугам дайран өнгөрч байх хэдий ч хариуцагч нь маргаан бүхий газрыг гуравдагч этгээдэд буудаллах, отоглох зориулалтаар олгосон, уг газартаа барилга, байгууламж бариагүй, түүнчлэн Газрын тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглоогүй байх тул энэ үндэслэлээр хариуцагч захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй.
21. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна, 3 дугаар зүйлийн 3.1.3-д нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгоно гэж зааснаас үзэхэд захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа хууль бус байх, тэдгээр хууль бус захиргааны акт, үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн өөрийнх нь субъектив эрх зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй гэсэн 2 үндэслэл зэрэг хангагдсан байх агуулгатай байх бөгөөд энэ маргааны хувьд дээрх үндэслэлийн аль аль нь хангагдаагүй байна. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээдийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэх нь тодорхойгүй байхад маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн газар ашиглах эрх зөрчигдсөн гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй юм.
22. Дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл маргаан бүхий захиргааны актын
холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байхын зэрэгцээ
хариуцагч захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа нь холбогдох хуулийг зөрчөөгүй, энэ маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
23. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдон зайлшгүй гарах зардлыг шүүхийн зардал гэнэ, 44.3-т Дараахь зардлыг хэргийн оролцогчоор нөхөн төлүүлнэ, 44.3.1-д шинжээч, орчуулагч, хэлмэрчийн тээвэр, байр, хоолны зардал, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар гүйцэтгэсэн ажил үндсэн ажлын чиг үүрэгт хамаарахгүй бол ажлын хөлс, 47 дугаар зүйлийн 47.1-д Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгчээр шүүхийн зардлыг нөхөн төлүүлэх нь үндэслэлтэй.
24. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь маргаан бүхий газарт хэмжилт хийхээр шинжээч нарыг очиход хэмжилт хийлгэх шаардлагагүй гэж өөрийн ашиглаж байгаа газартаа нэвтрүүлээгүй, гэрчилгээгээр ашиглаж буй газраа хэмжүүлээгүй болох нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2020 оны 09 дүгээр сарын 17-гий өдрийн 2/2700, 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1/3313 дугаар албан бичгүүдээр тогтоогдож байгааг тэмдэглэвэл зохино.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 35 дугаар зүйлийн 35.1, 36 дугаар зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 1, Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/158 дугаартай тушаалын 2,041 га гэснийг 1,7 га болгон өөрчлөлт оруулсан захиргааны акт гаргахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгуулах, О.О*******д хариуцагчаас олгосон 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах 0171216 тоот гэрчилгээний хавсралтын Д хэсэгт байгаа 1272,58 квадрат метр гэсэн бичилтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан шинжээчийн ажлын хөлс 474,480.00 /дөрвөн зуун далан дөрвөн мянга дөрвөн зуун наян мянган/ төгрөгийг нэхэмжлэгч ХХК-аас гаргуулж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг бичгээр гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН