Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2022/0446

 

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2022/0446

Улаанбаатар хот

 


“Ж-У” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

                                                                                     

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч А.Сарангэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч С.Мөнхжаргал

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа 

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Жигжиддорж

Нэхэмжлэгч: “Ж-У” ХХК

Хариуцагч: БОАЖС

Гуравдагч этгээд:О.О

Нэхэмжлэлийн шаардлага: “БОАЖС-ын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/158 дугаартай тушаалын 2.041 га гэснийг 1.7 га болгон өөрчлөлт оруулсан захиргааны акт гаргахыг БОАЖС-д даалгах, О.О-д олгосон 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 0171216 дугаартай улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээний хавсралтын Д хэсэгт байгаа 1272.58 м.кв гэсэн бичилтийг хүчингүй болгуулах” тухай

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2022/0186 дугаар шийдвэртэй

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, Б.Д нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2019/0750/3

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч “Ж-У” ХХК-аас БОАЖС-д холбогдуулан “БОАЖС-ын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/158 дугаартай тушаалын 2.041 га гэснийг 1.7 га болгон өөрчлөлт оруулсан захиргааны акт гаргахыг БОАЖС-д даалгах, О.О-д олгосон 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 0171216 дугаартай улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээний хавсралтын Д хэсэгт байгаа 1272.58 м.кв гэсэн бичилтийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

  2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2022/0186 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтаар: “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 35 дугаар зүйлийн 35.1, 36 дугаар зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 1, Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ж-У” ХХК-ийн БОАЖС-д  холбогдуулан гаргасан БОАЖС-ын  2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/158 дугаартай тушаалын 2,041 га гэснийг 1,7 га болгон өөрчлөлт оруулсан захиргааны акт гаргахыг БОАЖС-д  даалгуулах, О.О-д хариуцагчаас олгосон 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах 0171216 тоот гэрчилгээний хавсралтын Д хэсэгт байгаа 1272,58 квадрат метр гэсэн бичилтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

  3. Нэхэмжлэгч “Ж-У” ХХК-ийн төлөөлөгч Ц.Ж давж заалдах гомдолдоо:

        3.1. Маргаан бүхий захиргааны акт болох 2019 оны А/158 дугаар тушаалд Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1048 дугаар саналыг үндэслэж, 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/192 дугаар тушаалаар 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өөрчлөлт орсон. Гэтэл шүүх уг баримтыг нотлох баримтаар татан авч дүгнэлт хийлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн.

       3.2. О.О-д олгогдсон газрын доогуур дулааны хос шугам явсан байдаг. Гэтэл энэ талаарх нотлох баримтыг шүүх бүрэн гүйцэт цуглуулалгүй, маргаан бүхий газартай уг дулааны шугам болон уг дулааны шугамын хамгаалалтын зурвас бүстэй хэрхэн давхцаж байгаа талаар шалган, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй.

       3.3. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг дулааны шугамыг хариуцдаг, эзэмшдэг аж ахуй нэгж байгууллагууд болон "Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн. ...

       Иймд анхан шатны шүүх тухайн дулааны хос шугамыг хариуцдаг "Баатар дулаан хан" ХХК, шугамыг эзэмшдэг "Биг кастл" ХХК, "Эрчим скай стар" ХХК болон “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулж, холбогдох тайлбар, нотлох баримтуудыг авсны дараа хэргийг хянан шийдвэрлэх ёстой байсан. ...

      3.4. Мөн сайдын 2018 оны А/76 дугаар тушаалаар цуцалсан гэрчилгээний хавсралтад дурдагдсан газрын хэмжээ нь зөрүүтэй, тодорхойгүй, сайдын А/158 дугаар тушаалаар 1272.58 м.кв газрын эрхийг сэргээж О.О-д олгосон гэх боловч тушаалд энэ тухай огт дурдагдаагүй, зөвхөн гэрчилгээнд л бичигдсэн байдаг. Мөн маргаан бүхий А/158 дугаар тушаалаар О.О-д газар ашиглуулахаар шийдвэрлэсэн гэх боловч уг маргаан бүхий газар нь Архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу олгогдоогүй, тус газарт байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичигт заасан төлөвлөлтөд нийцээгүй, Хан-Уул дүүргийн Засаг даргаас санал аваагүй, БОАЖС-д  хандаж гаргасан 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн газар ашиглах хүсэлтэд О.О гарын үсэг зурсан гэх боловч хүсэлт гаргах үед гуравдагч этгээд О.О нь нь Монгол Улсад байхгүй байсан. ...

     3.5. Бодит байдал дээр О.О-д олгосон газарт орон сууцны барилга барих гэж байгаа нь нэгэнт тодорхой бөгөөд Зайсан толгойг ухаж, уулын өндөр налуу газрыг тэгшлэн барилга барих юм бол Зайсан толгойг нураах, уулын төлөв байдал алдагдах, зайсан толгой руу явах авто замд эвдрэл үүсч нурах аюултай юм. Энэ талаар Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 333 дугаар албан бичигт тодорхой дурдсан байдаг. Энэ нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх заалтыг зөрчиж байна.

    3.6. О.О-ийн газрын гэрчилгээнд бичигдсэн газрын хэмжээ болон Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 47, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 48 дугаар албан бичигт дурдагдсан газрын хэмжээнүүд өөр байх бөгөөд Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг"-т газар зохион байгуулалтын хувьд “Ногоон байгууламжийн бүс” гэж тусгагдсан.

    3.7. Мөн Худгийн зөвшөөрөл авах үед маргаан бүхий газрын газар ашиглах эрхийг О.О-д олгоогүй байсан бөгөөд О.О нь маргаан бүхий газрынхаа төлбөрийг өнөөдрийг хүртэл огт төлөөгүй. Үүнтэй холбоотой баримтыг шүүх нотлох баримтаар хэрэгт аваагүй. Тухайн газарт зөвшөөрөл бүхий худаг байгаа гэдгийг Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам мэдсээр байж гуравдагч этгээдэд газар ашиглуулах эрхийг олгосон. Энэ талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан.

    3.8. О.О-ийн 5.0 га газрыг ашиглах эрхийг баталгаажуулсан 2007 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 392 тоот, 7.0 газрын ашиглах эрхийг баталгаажуулсан 2008 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 678 тоот гэрчилгээнүүдийн хавсралт дахь газрын солбицлоос үзэхэд дээрх 7 болон 5 га газрууд тус бүрдээ 6 эргэлтийн цэг бүхий 1 нэгж газрууд байх бөгөөд дээрх газруудын ашиглах хугацаа дуусгавар болсон бөгөөд газар ашиглах эрхийг сунгасан талаарх шийдвэр огт байхгүй. Мөн 2007 оны 392 болон 2008 оны 678 тоот гэрчилгээний хавсралтад сунгалт хийсэн тэмдэглэл хийгдээгүй байдаг. Үүнээс үзэхэд "маргаан бүхий газрыг О.О-д өмнө нь олгогдсон байсан газар ашиглах эрхийн сэргээсэн” гэж үзэх үндэслэлгүй юм.

   3.9. Маргаан бүхий А/158 дугаар тушаалаар нийт "... 2.041 га газрыг ашиглах эрхийг олгохыг зөвшөөрсүгэй" гэсэн байх боловч энэ хэмжээ нь О.О-д олгогдсон 0171216 тоот гэрчилгээний хавсралтад бичигдсэн 7 тусдаа талбай бүхий газруудын нийт талбайн хэмжээнээс өөр буюу гэрчилгээний хавсралтад тэмдэглэсэн А талбай-4515,67 м.кв, Б талбай-5511,68 м.кв, в талбай-3110,2 м.кв, Г талбай-2933,83 м.кв, Д талбай-1272,58 м.кв, Д.Батбаатар талбай-468,92 м.кв, Ё талбай 1268,52 м.кв гэсэн талбайнуудын нийлбэр 19,081 м.кв /1.9 га/-аас 0,14 га талбайгаар зөрүүтэй байдаг.

  Үүнээс үзвэл маргаан бүхий А/158 дугаар тушаал нь гуравдагч этгээдэд хэзээ, ямар шийдвэрээр олгогдсон хэчнээн хэмжээний талбай бүхий газрын ашиглах эрхийг, эсхүл БОАЖС-ын  2018 оны А/76 дугаар тушаалаар хүчингүй болгосон 0,27 га газрын эрхийг сэргээж байгаа нь ойлгомжгүй, 2,041 га эсхүл 1,9 га талбай бүхий газрыг ашиглуулахаар олгосон эсэх нь тодорхойгүй байна.

 3.10. Маргаан бүхий актыг гаргахдаа Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 99 тоот санал, Ерөнхий шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 13/541 тоот ерөнхий үнэлгээний дүгнэлтийг үндэслэсэн гэх боловч уг дүгнэлт нь О.О-ийн ашиглахаар хүсэлт гаргасан гэх нийт 2,2 га талбайд л хийгдсэн байх бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн өдрийн 13/541 тоот албан бичгээр "... нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай. 2019 оны 02 дугаар улиралд багтаан хийлгэж ирүүлэх"-ийг мэдэгдсэн байх боловч нарийвчилсан үнэлгээ хийгдээгүй, ерөнхий үнэлгээний тайлан нь маргаан бүхий газарт хамаарах эсэх нь тодорхойгүй байдаг.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү ...” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан нотлох баримтыг цуглуулах үүргээ хангалтгүй биелүүлснээс шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

3. БОАЖС 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Газар ашиглах эрхийг сэргээж, эрх олгох тухай” А/158 дугаар тушаалыг гаргахдаа Богд хан уулын дархан цаазат газрын 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн №47, 48, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 99 дүгээр санал, Ерөнхий шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 13/541 дүгээр ерөнхий үнэлгээний дүгнэлт, иргэн О.О-ийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ирүүлсэн хүсэлт зэргийг үндэслэн “О.О-ийн дуусгавар болсон газрыг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөө, Архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу баригдсан үл хөдлөх эд хөрөнгө бүхий 2.041 га газрын ашиглах эрхийг сэргээж, аялагч түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах эрх олгох”-оор шийдвэрлэж, газар ашиглах гэрчилгээг 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр олгожээ.

4. Гэтэл тушаалаар олгогдохоор зөвшөөрсөн болон гэрчилгээнд тусгагдсан талбайн хэмжээ 2.041 га, харин уг тусгай хамгаалалтын газар нутагт газар ашиглах гэрчилгээний хавсралтад тусгагдсан А, Б, В, Г, Д, Е, Ё гэсэн талбайн нийт хэмжээ 1.908 га гэж талбайн хэмжээ зөрүүтэй байна. Тодруулбал,

      4.1. Хариуцагчийн тушаалд дурдсанаар “үл хөдлөх эд хөрөнгө бүхий газрын ашиглах эрхийг сэргээсэн” гэх бөгөөд хэргийн оролцогч нарын маргаж буй Д талбайн хэсэгт үл хөдлөх эд хөрөнгө бий эсэх,

      4.2. Нэхэмжлэгч “Ж-У” ХХК-аас “гэрчилгээний хавсралтад бичилт хийсэн нь О.О-ийн хүсэлтэд байхгүй газарт, сайдын тушаалд дурдагдаагүй газарт, газар ашиглах эрхийг баталгаажуулсан үйлдэл болсон” гэсэн тайлбар гарган маргаж байхад энэ талаар шалгаагүй байна.

      4.3. Үүнээс гадна, тушаалын үндэслэлд тусгагдсан Ерөнхий шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 13/541 дүгээр ерөнхий үнэлгээний дүгнэлт хэрэгт авагдаагүй байна.

   5. Түүнчлэн хариуцагчаас тусгай хамгаалалттай газар нутгийн Богд хан уулын дархан цаазат газрын Зайсангийн амны хязгаарлалтын бүсэд газар ашиглаж байсан гэх иргэн О.О-ийн газар ашиглах эрхийг сэргээхдээ газар эзэмших эрх дуусгавар болох зохицуулалт Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй”, 39.1.3-д “эзэмшигч газар эзэмших гэрээгээ цуцлах тухай хүсэлт гаргасан” гэснийг баримталсан байх бөгөөд шүүх шийдвэр гаргахдаа тус хууль хэрэглээний талаар тодруулаагүй байна.

 6. БОАЖС 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалаар гуравдагч этгээд О.О-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр А/158 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг сэргээхээс өмнө нэхэмжлэгч “Ж-У” ХХК-аас Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаагаар уламжлуулан удаа дараа газар ашиглуулах тухай хүсэлт гаргаж байсан гэх бөгөөд уг хүсэлтийг Төрийн захиргааны төв байгууллага хэрхэн шийдвэрлэсэн талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

 7. Шүүхээс “...2013 оны А-77 дугаар тушаалаар иргэн О.О-д ашиглуулахаар шийдвэрлэж, 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2014/31 гэрчилгээ олгосон” талаар дүгнэсэн байх боловч хэрэгт Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны А-77 тушаал авагдаагүй, газар ашиглах 2014/31 тоот гэрчилгээ хэрэгт авагдсан байх боловч энэ уншиж, судлагдахуйц биш хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй.[1]

 8. Байгаль орчин аялал жуулчлалын сайд “газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухай “2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалаар О.О-ийн газар ашиглах эрхийг 2014/31 дүгээр гэрчилгээний хавсралтын Б талбайн хэсгийг дуусгавар болгосон гэх бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/158 дугаар тушаалаар тухайлбал, маргаан бүхий “Д” талбай бүхий 1272.58 м.кв газрын ашиглах эрхийг ямар учраас сэргээх болсон нь ойлгомжгүй байна.

  9. Учир нь анх 2007 онд тусгай хамгаалалттай газар нутгийн Богд хан уулын дархан цаазат газрын Зайсангийн амны хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх гуравдагч этгээдэд үүссэн түүнээс хойш газар ашиглах хугацааг сунгуулах хүсэлт гаргаж байсан эсэх нь тодорхойгүй байх бөгөөд 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр газар ашиглах Б талбайн хэсгийг дуусгавар болгож, харин 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр газар ашиглах эрхийг сэргээжээ.

10. Дээрх байдлуудаас дүгнэн үзвэл анхан шатны шүүх хэрэгт шаардлагатай нотлох баримтуудыг дутуу цуглуулсан, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн, хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлтэй холбогдуулж хууль зүйн дүгнэлтийг хийгээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 107 дугаар зүйлийн 107.4-д заасантай нийцээгүй байна.

11. Иймээс давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2022/0186 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай. 

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                     А.САРАНГЭРЭЛ 

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                       Т.ЭНХМАА

 

 

 

 

 

 

 

 

[1] 1 дүгээр хавтаст хэргийн 137-139, 3 дугаар хавтаст хэргийн 202, 203 дахь тал