Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 491

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Иргэн Б.Б

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга

Гуравдагч этгээд: О.Н

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн *** дугаар захирамжийн О.Нт холбогдох хэсгийг, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 100 дугаар захирамжийн О.Нт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”

Нэхэмжлэлийн тодруулсан шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн *** дугаар захирамжийн О.Нт холбогдох хэсгийн Б.Бийн байшинтай давхцсан хэсгийг болон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 100 дугаар захирамжийн О.Нт холбогдох хэсгийн Б.Бийн байшинтай давхцсан хэсгийг тус тус хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ж, нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ө, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, гуравдагч этгээд О.Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 7 дугаар гудамж, 96 тоот хаягт оршин суудаг иргэн Б.Б миний бие уг газартаа 2003 оноос хойш өнөөдрийг хүртэл 13 жил оршин сууж амьдарч байна.

2015 оны 1 дүгээр сард уг газраа эзэмших өмчлөх хүсэлтээ өгсөний дагуу Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн ***дугаар захирамж гарч 423 м.кв газар надад эзэмшүүлэхээр болсон.

Анх энэ газрыг хүнээс аман тохиролцоогоор худалдан авсан бөгөөд тухайн үедээ уг газрыг 10х6 хэмжээтэй нэлээд муудсан байшинтай нь хамт авч өөрсдөө зардал гаргаад засч, янзлаад өнөөдрийг хүртэл амьдарч байна.

Ингээд дээрхи захирамжийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээгээ авахаар дүүргийн Өмч, газрын харилцааны албанд очиход таны газрын зарим хэсгийг хажуу айлын О.Нт давхар өмчлөгдсөн байна.

Бид нар уг газрын хил заагийг нарийн сайн нягтлалгүй ийм зүйл болчихсон байна.

 Танай байшин байгаа хэсэг газар О.Нийн газар гэж захирамж гарсан байна гэсэн.

Манай хөрш айл болох О.Н нь намайг газрын гэрчилгээгээ аваагүй байгааг мэдэж байсан учир үүнийг далимдуулан өөрийн бусдаас шилжүүлэн авсан 293,8 м.кв газар дээрээ манай хэсэг газрыг нэмж 372 м.кв газар болгон зураг үйлдүүлэн газрын албанд нэр дэвшүүлэх нэрээр миний байшин байгаа хэсэг газрыг өөрийн газар дээр нэмж хууль бусаар захирамж гаргуулан авсанд гомдолтой байна.

О.Нийн газрын өмнөх эзэмшигч Д.Б, мөн М.Г нар 293,8 м.кв газар эзэмшиж байсан гэдгээ үнэн зөвөөр тайлбар гаргадаг, энэ баримт нь байгаа юм.

Энэ талаар Нийслэлийн Өмчийн харилцааны газарт гомдол гаргахад 2016 оны 2 дугаар сарын 14-ний өдөр **** тоот албан бичгээр хариу өгч шүүхээр шийдвэрлүүл гэсэн байх тул шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “Б.Б миний бие Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн *** тоот захирамжийн О.Нт холбогдох хэсгийн зарим хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлтэй хэрэгт нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 100 дугаар захирамжийн О.Нт холбогдох хэсгийн зарим хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа тул Сонгинохайрхан дүүргийн Засаг даргыг хамтран хариуцагчаар татаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн О.Н нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны *** тоот хашааны 372 м.кв газрыг өмчилж авах хүсэлтээ гаргасан бөгөөд өргөдлөө дараах бичиг баримтуудыг хавсаргасан байна. Үүнд:

1. Сонгинохайрхан дүүргийн 69 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт;

2. Газар эзэмших эрхийн *** тоот гэрчилгээ;

3. Иргэний үнэмлэхийн хуулбар;

4. Газрын байршлын кадастрын зураг зэрэг болно.

Дээрхи хүсэлт, бичиг баримтуудыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2015 оны *** тоот захирамжаар иргэн О.Нт 372 м.кв газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Иргэн О.Нийн кадастрын зурагнаас харахад 97 тоот хашааны эзэмшигч Б.Бийн үл хөдлөх эд хөрөнгө болох өвлийн байшинг оруулан О.Нт газрыг өмчлүүлсэн байгаа бөгөөд үүнийг гуравдагч этгээд хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийн 12 дугаар зүйлд “Аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд зааснаар нийслэлийн Засаг дарга нь өөрийн эрхийн дагуу гаргасан захирамжаа хүчингүй болгох үндэслэл байхгүй тул  мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Иргэний газар өмчлөх эрх зөрчигдсөн бол түүнийг шүүхийн журмаар сэргээн тогтооно” гэж заасны дагуу шийдвэрлүүлэх саналтай байна” гэжээ.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардах хэсэгт Нийслэлийн Засаг даргын 2015 оны *** дугаар захирамжийн О.Нт холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулах тухай дурьджээ.

Нэхэмжлэлийн утга хэсэгт иргэн Б.Б нь маргаан бүхий газарт 13 жил амьдарсан гэх бөгөөд дүүргийн Өмч, газрын харилцааны албанд 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр албан ёсоор газар эзэмших хүсэлтээ гаргасан байна.

Иргэний хүсэлтийг судалж дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас газар эзэмшүүлэх захирамжид тусган дүүргийн Засаг даргын 2015 оны ***дугаар захирамжаар 423 м.кв газар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

Мөн иргэний хүсэлт гаргасан материалтай хамт маргаан бүхий газарт амьдарч айсан гэх иргэн Д.Б нь нэхэмжлэлд дурдагдсан кадастрын давхцалын талаар албан ёсоор тайлбар гаргаж, маргаан үүсгэхгүй болохоо бичгээр ирүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн газар эзэмших хүсэлт гаргаж байх үед маргаан үүсэх нөхцөл байгаагүй болох нь дүүргийн Өмч, газрын харилцааны албаны архивт байгаа баримтаар нотлогдож байна.

Иймд хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна” гэжээ.

Гуравдагч этгээд О.Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анх манайх 2003 онд иргэн Д.Баас нэгж талбарын **** дугаартай 372 м.кв газрыг худалдаж авсан. Тухайн үед миний ээж болох О.Н орон нутгийн иргэншилтэй байсан тул өөрийн хамаатан болох М.Гантулгын нэр дээр авсан байсан. 

Үүнээс хойш 2008 онд тухайн эзэмшиж буй газрын м.кв дээр зөрүү гарч иргэн Д.Бтай холбогдон газар эзэмших гэрчилгээгээ гаргуулсан. 2015 оны 1 сард Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны албанд өмчлөх өргөдөл гаргасан боловч өмч, газрын харилцааны албанаас танай кадастрын зураг Д.Бын нэр дээр байна.

Иймд өмчлөх боломжгүй гэсэн хариу өгсөн тул бид Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны албанд иргэн Д.Баар кадастрын зургийн нэр шилжүүлэх албан тодорхойлолт хийлгүүлэхээр Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 07-ний өдрийн *** дугаартай газар өмчлүүлэх захирамж хуулийн дагуу гарсан гэж үзэж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч иргэн Б.Б нь шүүх хуралдаанд “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн *** дугаар захирамжийн О.Нт холбогдох хэсгийн Б.Бийн байшинтай давхцсан хэсгийг болон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 100 дугаар захирамжийн О.Нт холбогдох хэсгийн Б.Бийн байшинтай давхцсан хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-ыг гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн үндэслэлийг тайлбарлавал:

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 100 дугаар захирамжаар болон “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн *** дугаар захирамжаар О.Нт газар эзэмшүүлж, өмчлүүлэхдээ иргэн Б.Бийн байшин байрлаж газрыг оруулж буюу Б.Бийн байшин байрлаж буй газартай давхцуулан эзэмшүүлж, өмчлүүлсэн нь хууль зөрчсөн байна.

Газрын тухай хуулийн 31-р зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн  энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана”.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд Засаг дарга нь уг газар бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцсан эсэх, газрыг өмчилж авах эрх бүхий этгээд мөн болохыг нотолсны үндсэн дээр газар эзэмшүүлж, өмчлүүлэх захирамж гаргахаар хуульчилсан ба дүүргийн болон нийслэлийн Засаг дарга нар О.Нт газар эзэмшүүлж, өмчлүүлэхдээ Б.Бийн байшин байрлаж буй газартай давхцсаныг шалгалгүйгээр, О.Н тухайн газрыг бүхэлд нь өмчилж авах эрх бүхий этгээд мөн болохыг нотлон шалгалгүйгээр газар эзэмшүүлж, өмчлүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж шүүх үзлээ.

Дүүргийн болон нийслэлийн Засаг дарга нар О.Нт газар эзэмшүүлж, өмчлүүлэхдээ иргэн Б.Бийн байшин байрлаж газрыг оруулж буюу Б.Бийн байшин байрлаж буй газартай давхцуулан эзэмшүүлж, өмчлүүлж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн  болох нь дараах үйл баримт, үндэслэлүүдээр нотлогдож байна.Үүнд:

• Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2003 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 137 дугаар захирамжаар Д.Баас М.Гд 293.8 м.кв хэмжээтэй газрыг эрх шилжүүлэн эзэмшүүлсэн атлаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 100 дугаар захирамжаар М.Гас О.Нт эрх шилжүүлэн эзэмшүүлэхдээ 78.2 м.кв газрыг нэмж 372 м.кв хэмжээтэй болгож эзэмшүүлсэн нь хууль бус байна.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2003 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 137 дугаар захирамжаар Д.Баас М.Гд 293.8 м.кв газрыг эрх шилжүүлэн эзэмшүүлсэн болох нь 2003 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр олгосон ****дугаар  бүхий газар эзэмших гэрчилгээгээр нотлогдож байна. 

• 2008 оны 03 дугаар сарын 03-ны өдөр нотариатаар гэрчлүүлсэн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-ээр 293.8 м.кв газрыг шилжүүлсэн байхад Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 100 дугаар захирамжаар газрын хэмжээг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэн 372 м.кв болгож, Б.Бийн байшин байрлаж буй газартай давхцуулан О.Нт дүүргийн Засаг дарга газар эзэмшүүлсэн нь хууль зөрчсөн байна.

• Маргаан бүхий газрыг М.Г, О.Н нарт эзэмшүүлэхээс цаг хугацааны хувьд өмнө Б.Бийн байшин баригдсан байсан болох нь гэрч Б.Нармандах , С.Буяндалай , Д.Удвалмаа  нарын мэдүүлгээр нотлогдож байна.

• Д.Б нь Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны албанд Б.Бийн байшинтай давхцуулан газрын кадастрын зураг хийлгэсэн болохоо хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий хүсэлт  гаргасан байна.

• Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн газрын давхцлыг харуулсан зураг, тайлбарууд

• Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар зэрэг болно.

Нэхэмжлэгчийн маргаж буй давхцуулан эзэмшүүлж, өмчлүүлсэн газрын хэмжээ нь 78.2 м.кв болох нь М.Гд 2003 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр олгосон ****дугаар  бүхий газар эзэмших гэрчилгээ, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 100 дугаар захирамж, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн газрын давхцлыг харуулсан зураг, тайлбарууд зэргээр тодорхой нотлогдож байна.

Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасан байна.

Шүүх дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн *** дугаар захирамжийн О.Нт холбогдох хэсгийн Б.Бийн байшинтай давхцсан 78.2 м.кв-д холбогдох хэсгийг болон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 100 дугаар захирамжийн О.Нт холбогдох хэсгийн Б.Бийн байшинтай давхцсан 78.2 м.кв-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.БАТЗОРИГ