Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2016/0559

 

Иргэн Б.Батдэлгэрийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Б.Батдэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Өлзийбаяр, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхбаяр, гуравдагч этгээдийн өмгөөлөгч З.Цэнгэнбаяр нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 491 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн Б.Батдэлгэрийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 491 дүгээр шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/257 дугаар захирамжийн О.Наранцэцэгт холбогдох хэсгийн Б.Батдэлгэрийн байшинтай давхацсан 78.2 м.кв-д холбогдох хэсгийг болон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 100 дугаар захирамжийн О.Наранцэцэгт холбогдох хэсгийн Б.Батдэлгэрийн байшинтай давхацсан 78.2 м.кв-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхбаяр давж заалдах гомдолдоо: “Миний ээж О.Наранцэцэг нь 2003 онд Д.Баасанжав гэдэг хүнээс уг газрыг худалдах, худалдан авах гэрээ хийж, өөрөө хөдөөний харьяалалтай болохоор өөрийн дүү М.Гантулгын нэр дээр гэрээ хийж авсан.

Үүнээс хойш 2007 онд өөрийн нэр дээр болгуулах болсон боловч уг газрын хэмжээн дээр зөрүү гарсан учир дахин иргэн Баасанжавыг дуудан худалдсан газрын эзэмших эрхийн гэрчилгээг гаргаж өгч газрын асуудлаа дуусга гэхэд за хэмээн холбогдох бичиг баримтыг авч яван 2008 оны эхээр газар эзэмших Сонгинохайрхан дүүргийн захирамж кадастрын зургийн хамт авчирч өгсөн болно.

Үүнээс хойш 2015 онд өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар Дүүргийн өмч харилцааны газарт хандахад танай кадастрын зураг Д.Баасанжав гэдэг хүний нэр дээр гарч ирээд байна, мөн маргаантай тул иргэн Баасанжаваас нотлох баримт авчирч өгөх хэрэгтэй гэсэн.

Үүний дагуу бид дахин 2015 оны 01 дүгээр сарын 16 нд Баасанжав өөртэй нь очиж уулзаж, албан тодорхойлолт хийлгүүлж нотариатаар баталгаажуулан Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд өгөхөд үүнийг үндэслэж бидэнд дээрх газрын 2015 оны 04 дүгээр сарын 07 ны өдөр А/257 дугаар газар өмчлөх шийдвэрийг гаргаж өгсөн.

Шийдвэрийг хууль бус гэж үзэх шалтгаан нь иргэн Батдэлгэр нь 2005 оноос хойш уг газар дээр ирсэн. Бусдын газар дээр өөрийн байшин оруулж эзэмших гэсэн боловч гэрчилгээ нь одоог хүртэл гараагүй. Маргаан бүхий газрыг эзэмших, өмчлөх эрх байхгүй нь ойлгомжтой байна.

Шүүх шийдвэр гаргахдаа анх энэ газрыг иргэн Батдэлгэрт иргэн Мөнхжаргал зарсан гэх боловч нотолж гаргаагүй. Иргэн Мөнхжаргалаас яг үнэн чанартаа аваагүй, харин иргэн Баасанжаваас авсан.

Энэ нь газрын албанаас маргааныг таслахын тулд Баасанжавыг дуудаж ирүүлснээр нотлогдож байгаа юм.

Манай газар дээр байгаа уг байшин иргэн Баасанжавын байшин бөгөөд өөрөө нурааж авч явна гэж ярьдаг байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, өмчлөх эрхийг хамгаалж, асуудлыг хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Батдэлгэрээс “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 100 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/257 дугаар захирамжийн О.Наранцэцэгт холбогдох хэсгийн Б.Батдэлгэрийн байшинтай давхацсан хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Батдэлгэр нь Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 6-96 тоотод 2003 оноос хойш амьдарсаар ирсэн нь хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 375 дугаар тодорхойлолт, гэрч Б.Нармандахын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/45 дугаар захирамжаар тухайн хаягт байрлах амины хашааны зориулалттай 423 м.кв газрыг Б.Батдэлгэрт эзэмшүүлжээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 6-96 тоотын 293.8 м.кв газрыг иргэн Д.Баасанжаваас М.Гантулгад 2003 онд худалдсан гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх талаар гаргасан өргөдөл зэргийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2003 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 137 дугаар захирамжаар тухайн газрыг иргэн М.Гантулгад, М.Гантулгаас уг газрыг иргэн О.Наранцэцэгт шилжүүлэхээр байгуулсан 2008 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 100 дугаар захирамжаар газрыг иргэн О.Наранцэцэгт шилжүүлэн, 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхдээ газрын хэмжээг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн болох нь тогтоогджээ.

Тодруулбал, иргэн Д.Баасанжавын “газрын кадастрын зураг хажуу айлын буюу Б.Батдэлгэрийн хашааг давж зурагдсан, маргаан үүсгэхгүй” талаар Сонгинохайрхан дүүргийн газрын албанд гаргасан өргөдөл, гэрч Б.Нармандахын мэдүүлэг, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн газрын давхацлыг харуулсан зураг зэрэг баримтуудаар иргэн Д.Баасанжав М.Гантулгатай Худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа Б.Батдэлгэрийн амьдардаг байшин хамаарах газрыг М.Гантулгад хамааруулан худалдаагүй болох нь тогтоогдсон, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 100 дугаар захирамжаар иргэн М.Гантулгаас О.Наранцэцэгт шилжүүлэхдээ газрын хэмжээг 372 м.кв болгож үндэслэлгүйгээр нэмэгдүүлэн иргэн Б.Батдэлгэрийн байшин байрлаж байгаа газарт давхцуулан газар эзэмшүүлсэн, хариуцагч Нийслэлийн Засаг дарга 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/257 дугаар захирамжаар тухайн газрыг иргэн О.Наранцэцэгт өмчлүүлсэн нь тогтоогджээ.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 /Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна/, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д /Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана/-д зааснаас үзвэл дээрх байдлаар бусдын эзэмшиж, ашиглаж байгаа буюу нэхэмжлэгч Б.Батдэлгэрийн газартай давхцалтай эсэхийг хариуцагч албан тушаалтнууд шалгаж тодруулаагүйгээр иргэн О.Наранцэцэгт газар эзэмшүүлж, өмчлүүлсэн нь хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн, хариуцагч албан тушаалтнуудыг эдгээр шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн болох нь тогтоогдсон байна.

Иймд эдгээр үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 491 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                                Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР