Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 329

 

 Ч.Э, Ц.Б, Б.А,

С.Б нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоол, Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 13 дугаар магадлалтай, Ч.Э, Ц.Б, Б.А, С.Б нарт холбогдох 182100540307 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Ө.Батболд нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1975 онд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй,

Дорнод аймгийн сум дундын шүүхээр 1999 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж хянан харгалзсан,

Дорнод аймгийн сум дундын шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2/49 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-д зааснаар 5 жил 1 сар хорих ял шийтгүүлж Өршөөл үзүүлэх комиссын 2006 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 3503 дугаартай тогтоолоор эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 27 хоногийн хорих ялаас өршөөгдөж суллагдсан,

Дорнод аймгийн сум дундын шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сар хорих ял,

Дорнод аймгийн сум дундын шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 31/а дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сар баривчлах ял тус тус шийтгүүлж, 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, С овогт Ч-ийн  Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1982 онд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, У овогт Ц-ын Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэгт,

3.Монгол Улсын иргэн, 1977 онд төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, У овогт С-ын  Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэгт,

4. Монгол Улсын иргэн, 1984 онд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, У овогт Б-ийн А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч Б.А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт мөн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлахаар өөрчилж, Ц.Б, Ч.Э, Б.А, С.Б нарыг бусдын эд хөрөнгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар Ц.Б, Ч.Э, С.Б, Б.А нарыг тус бүр 1 жил хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд, М.Энхтуяа нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Ө.Батболд нар хамтран гаргасан гомдолдоо “Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.А-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэснээс гадна нэг талыг хэт барьж, яллах нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон. Шүүгдэгч нарын мэдүүлэг өөр хоорондоо зөрүүтэй байхад үүнд дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Мөрдөн байцаалтын шатанд Ч.Э нь хулгайлах гэмт хэрэг үйлдэх санааг Б.А-ыг гаргасан гэх боловч уг зүйл нь оролцогчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар няцаагддаг. Дөрвөн шүүгдэгчийн гэрчээр өгсөн мэдүүлэг болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд нь өөр хоорондоо зөрүүтэй байхад Б.А-ыг бусадтай бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж яллаж байгаа нь ойлгомжгүй байна. Тухайлбал Ч.Э-өөс бусад нь Б.А-ыг гэмт хэрэг үйлдэхэд санаачлаагүй талаар мэдүүлдэг. Архи хулгайлах юм уу гэж тоглоомоор хэлснийг нь улсын яллагчийн зүгээс захиалагч, зохион байгуулагч гэж ялласныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон атлаа ял халдаасан нь үндэслэлгүй болсон. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4-д заасны дагуу Б.А-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Мөн хуралдаанд хяналтын прокурор О.Сарангэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан үйл баримтыг зөв тогтоосон. Шүүгдэгч Ч.Э, Ц.Б, Б.А, С.Б нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Ө.Батболд нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн Ч.Э, Ц.Б, Б.А, С.Б нарт холбогдох нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Ч.Э, Ц.Б нар нь бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Дорнод аймгийн Булган сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Ч.Г-ын эзэмшлийн “Д” нэртэй хүсний дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтэрч “Экс”, “Ерөөл” нэртэй архи хулгайлж, 166,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ч.Э, Ц.Б нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн тэднийг бусдын эд хөрөнгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгч нарт хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулжээ.

Харин Б.А, С.Б нарын талаар хийсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль зүйн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Шүүгдэгч Ч.Э, Ц.Б, Б.А, С.Б нарын  үйлдлийн улмаас бусдад учирсан хохирлын дүн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан бага гэх хэмжээнд хүрэхгүй боловч үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд нэвтэрсэн гэсэн үндэслэлээр хулгайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан гэж дүгнэжээ. Энэ тохиолдолд нэвтрэх үйлдэлд шууд оролцсон гүйцэтгэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй боловч тухайн үйлдэлд биечлэн оролцоогүй Б.А, С.Б нарын оролцоог хулгайн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэх боломжгүй болно.

Иймд тэдний үйлдэлд хулгайн гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан нийгмийн аюулын хэр хэмжээ нь бодит хохирол, хор уршигт хүрэхгүй гэж үзэж  гэмт хэрэгт тооцохгүй байхаар шийдвэрлэлээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Э нь төмөр олж ирэн дэлгүүрийн цонхны торыг хөшиж байгаад цонхыг нь хагалсны дараа Ц.Б дэлгүүр рүү нэвтэрч “Экс”, “Ерөөл” нэртэй нийт 8 ширхэг архи хулгайлсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогджээ.

Харин шүүгдэгч С.Б, Б.А нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар хэрэгсэхгүй болгож, цагаатгахаар шийдвэрлэв.

Иймд шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Ө.Батболд нарын хамтран гаргасан гомдлыг хангаж, шийтгэх тогтоол, магадлалд дээрх өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоол, Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 13 дугаар магадлалын шүүгдэгч Б.А, С.Б нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож,

Дорнод аймгийн прокуророос шүүгдэгч Б.А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг, С.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тус тус хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгасугай.

2. Б.А, С.Б нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, тэднийг нэн даруй суллаж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

                       

 

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН