Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 631

 

 

 

 

 

 

 

 

 

С.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2020/00107 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.О-ийн хариуцагч “М-” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 15 170 000 төгрөг гаргуулах иргэний хэргийг, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.К, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “М” ХХК-тай 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг барилга хариуцсан захиралтай байгуулсан. н.Э-, н.Н- гэх хүнтэй холбогдож уулзаад ажиллах хүчгүй байгаа учир 2 давхрын талбайг гаргаж өгөөч гэж гуйхад нь би 2 давхрын талбайг гаргаж өгч чадахгүй, нэг давхрыг гаргаж өгье гэж хэлсэн. Ирж ажлыг нь үзэхэд гадна талын зүйлээ босгосон байсан. Дутуу ажил руу орохгүй, манайх Номинд өндөр цалинтай ажил хийдэг гэж хэлэхэд “М” ХХК нь хамаагүй ээ, эхлээд давхар гаргаж өгөөч гээд гэрээ хийгээд орсон. 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл 594 м.кв талбайтай ажлыг бүрэн хийж дуусгаад цутгасан өдрөөр нь мөнгөө авна гэж байсан ч утсаа авахгүй байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. 9 сард 15 000 000 төгрөг өгсөн, шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа буюу 11 дүгээр сарын 01-ний өдөр 2 500 000 төгрөг өгсөн. 594 м.кв талбайтай ажлын нэг м.кв-ыг 55 000 төгрөгөөр тооцож гэрээ хийсэн. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус ажлыг манай компани нь Дорнын эх гэгээ компанитай туслан гүйцэтгэх гэрээ байгуулж ажилласан. Нэхэмжлэгчийн 594 м.кв талбайгаар хэмжиж нэхэмжилж буй мөнгөн дүнг үндэслэлгүй гэж үзэж байна. Өмнөх гүйцэтгэгч дээр 10 700 000 төгрөг гаргаж, тухайн ажлыг үнэлүүлсэн. н.Энхтүвшин гэх хүн нь манай туслан гүйцэтгэгчээр давхар ажиллаж байсан. Үүний дараа хүн хүч дутуу боллоо С.О-тэй гэрээ байгуулаад өг гээд гэрээ байгуулж гарын үсэг зуруулсан. Тухайн үед би өмнө нь гаргасан 10 700 000 төгрөгийг яах вэ гэхэд тэрийг тооцно, дутуу ажил дээр гэрээ байгуулагдаж байгаа. Энэ хүмүүс нь одоогоор С.О-ийн хүмүүс, удахгүй ажилдаа орох учраас тэрнээс нь өмнө энэ ажлыг хийлгэе гэж хэлээд гэрээнд гарын үсэг зуруулсан. Манай компани захиалагчаас орж ирэх дүнгээс хэт өндөр дүнгээр гэрээ байгуулах боломжгүй. Гэтэл өмнө 10 700 000 төгрөг дээр 32 000 000 төгрөгөөр ажил хийлгэнэ гэдэг нь 4 000 000 төгрөгийн алдагдалтай гэрээг байгуулаад түүнийг төлөх ёстой гэдэг байдлаар хандаж байгаа нь буруу гэж үзэж байна. Гэрээнд зааснаар давхар тутмын талбайн хэмжээг тавьсан. Мөн дутуу ажлыг тооцоод үлдсэн ажлыг гүйцээж хийнэ гэсэн боловч одоо хийсэн байсан ажлыг тооцохгүйгээр нэхэмжлэл гаргасан байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “М” ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 15 170 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.О-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 500 000 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246 300 төгрөг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 233 800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Хариуцагч миний бие анхан шатны шүүхэд туслан гүйцэтгэгчээр ажилласан Л.Энхтүвшингээс 8 дугаар давхарт хийгдсэн байсан ажилд зарцуулсан ажлын хөлс, ажлын акт баримтаа авах гэж хөөцөлдөөд авч чадалгүй байж байгаад шүүх хуралдаанд оролцсон. Анхан шатны шүүхэд тус баримт сэлтийг авч ирж өгөх хугацаа олгох, мөн тус гэрээг байгуулсан Л.Энхтүвшинг оролцуулах хүсэлт тавьсан боловч шүүх хуралдааныг үргэлжлүүлж хурлын шийдвэрийг гаргасан. С.О-тэй байгуулсан гэрээнийн 1,2-т заагдсан ажлын дутуу хэсгийг нэгж талбайн үнэ 55 000 гэснийг өмнө хийгдсэн байсан ажлын үнэлгээг оруулан тооцсон дүн гэж шийдвэрлэсэн. Гэвч энэ барилгын давхар нь 594 м2 боловч тус давхарт хийгдсэн байсан ажлын зураг баримт нотолгоо байсаар атал тус ажилд зарцуулсан зардлын баримт нотлох баримт байхгүй байна гэж үзсэн. Тус гэрээгээр ажил эхлэх үед тухайн ажлын 50 хувийн гүйцэтгэлтэй байсан ба 5 000 төгрөгний хөнгөлөлт нь тус гүйцэтгэсэн байсан ажлыг орлох хэмжээний дүн биш юм. Энэ хийгдсэн байсан ажил болон ажлын үнэлгээнд хөндлөнгийн шинжээч оруулж болох байсан. Шүүх хуралдааны үед нэхэмжлэгч талын нэхэмжилж буй ийм өндөр дүнтэй алдаатай гэрээ байгуулах үндэслэл байхгүй. Мөн гэрээ байгуулж байх үед яригдаж байсан нөхцөл байдлын тухайгаа тайлбарласан болов ч нэхэмжлэл С.О-ийн тайлбартайгаар нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч С.О- нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 17 670 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч 3 400 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

            Талуудын хооронд 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 1900 дугаартай Барилгын угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны зориулалттай барилгын 8 дугаар давхарын дутуу хэсгийн 1 м.кв ажлын үнэлгээ 55 000 төгрөг, 9 дүгээр давхарын 1 м.кв-ын ажлыг 60 000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиолцсон болох нь хэрэгт авагдсан гэрээ, талуудын тайлбараар тогтоогдож байна./хэргийн 5-7, 37 дугаар тал/

 

            Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

            Талууд барилгын 8 дугаар давхарын дутуу ажлыг хийж гүйцэтгэн ажлыг хүлээлгэн өгсөн болон хариуцагч нэхэмжлэгчид 17 500 000 төгрөг төлсөн үйл баримтын талаар маргаагүй байна. Дээрх гэрээний 3.1-д “барилга угсралтын нийт талбай нь давхар тутамд 594 м.кв байх ба нийт төлбөрийг хавсралтад зааснаар тооцно” гэж, 3.2-т гэрээт ажлын 8 дугаар давхарын дутуу хэсгийн 1м2-ын ажлын үнэлгээ 55 000 төгрөг байна” гэж тус тус заажээ./хэргийн 5 дугаар тал ар/

 

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ “...8 дугаар давхарын ажлын зарим хэсгийг хийж гүйцэтгэсэн Л.Эд 10 700 000 төгрөг төлсөн. Уг ажил нь 32 000 000 төгрөгийн үнэлгээтэй ажил учраас төсвөөс хэтэрсэн тул төлөх боломжгүй гэж тайлбарлаж байх боловч тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Мөн Иргэний хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар шүүхээр нотлох баримт бүрдүүлүүлэх буюу гэрч асуулгах хүсэлтийг гаргаагүй байна.

 

            Иймд анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1-д зааснаар 8 дугаар давхарын нийт ажлын хөлс нь нийт 32 670 000 /55 000х594 м.кв/төгрөг болсноос хариуцагчийн төлсөн 17 500 000 төгрөгийг хасч, үлдэгдэл төлбөр 15 170 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

 

            Мөн хариуцагч нь Л.Энхтүвшинд холбогдуулан Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны зориулалттай барилгын 8 дугаар давхарын ажлын хөлстэй холбоотой нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүй талаар дүгнэсэн нь зөв.

 

            Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2020/00107 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233 800 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ, ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                       ШҮҮГЧИД                                 А.ОТГОНЦЭЦЭГ

                   

                                                                                                        С.ЭНХТӨР