Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2020/00107

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

  

Нэхэмжлэгч: С.О-ийн  нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: М  К М ХХК-д холбогдох

 

            Ажил гүйцэтгүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 15,170,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.О , нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Кадирбек, хариуцагчийн төлөөлөгч Л.Наранжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие М  К М ХХК ХХК-тай 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг барилга хариуцсан захиралтай байгуулсан. н.Энхтүвшин, н.Наранжаргал гэх хүнтэй холбогдож уулзаад ажиллах хүчгүй байгаа учир 2 давхрын талбайг гаргаж өгөөч гэж гуйхад нь би 2 давхрын талбайг гаргаж өгч чадахгүй, нэг давхрыг гаргаж өгье гэж хэлсэн.

Ирж ажлыг нь үзэхэд гадна талын зүйлээ босгосон байсан. Дутуу ажил руу орохгүй, манайх Номинд өндөр цалинтай ажил хийдэг гэж хэлэхэд М  К М ХХК ХХК нь хамаагүй ээ, эхлээд давхар гаргаж өгөөч гээд гэрээ хийгээд орсон.

2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл 594 м.кв талбайтай ажлыг бүрэн хийж дуусгаад цутгасан өдрөөр нь мөнгөө авна гэж байсан ч утсаа авахгүй байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.

9 сард 15,000,000 төгрөг өгсөн, шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа буюу 11 дүгээр сарын 01-ний өдөр 2,500,000 төгрөг өгсөн.

594 м.кв талбайтай ажлын нэг м.кв-ыг 55,000 төгрөгөөр тооцож гэрээ хийсэн. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.О  нь М  К М ХХК ХХК-тай 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Ажил гүйцэтгэх гэрээний 1.2-т ямар ажил гүйцэтгэх талаар тодорхойлж өгсөн. Мөн гэрээний 3.1-т ажлын хөлс төлбөр тооцоог зааж өгсөн.

С.О  нь М  К М ХХК ХХК-тай 32,000,000 төгрөгөөр гэрээ байгуулсан. Хариуцагч тал 10,700,000 төгрөгийн ажил хийгдээд үнэлэгдсэн гэж байгаа боловч үүнийг нотлох нэг ч баримт хэрэгт байхгүй байна. Нэг м.кв нь 60,000 төгрөгийн ажил байсан ч зарим нь зүйл дутуу хийгдсэн учраас нэг м.кв талбайг 55,000 төгрөгөөр тохирч гэрээ байгуулсан. Гэрээнд Л.Наранжаргал нь өөрөө гарын үсэг зурсан.

Нэхэмжлэгч нь 594 м.кв талбайтай ажлыг хийж гүйцэтгэсэн. Гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсэн учраас ажлын хөлсийг шаардаж байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан дүнгээр хангаж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус ажлыг манай компани нь Дорнын эх гэгээ компанитай туслан гүйцэтгэх гэрээ байгуулж ажилласан. Нэхэмжлэгчийн 594 м.кв талбайгаар хэмжиж нэхэмжилж буй мөнгөн дүнг үндэслэлгүй гэж үзэж байна. Өмнөх гүйцэтгэгч дээр 10,700,000 төгрөг гаргаж, тухайн ажлыг үнэлүүлсэн.

н.Энхтүвшин гэх хүн нь манай туслан гүйцэтгэгчээр давхар ажиллаж байсан. Үүний дараа хүн хүч дутуу боллоо С.О тэй гэрээ байгуулаад өг гээд гэрээ байгуулж гарын үсэг зуруулсан. Тухайн үед би өмнө нь гаргасан 10,700,000 төгрөгийг яах вэ гэхэд тэрийг тооцно, дутуу ажил дээр гэрээ байгуулагдаж байгаа. Энэ хүмүүс нь одоогоор С.О ийн хүмүүс, удахгүй ажилдаа орох учраас тэрнээс нь өмнө энэ ажлыг хийлгэе гэж хэлээд гэрээнд гарын үсэг зуруулсан.

Манай компани захиалагчаас орж ирэх дүнгээс хэт өндөр дүнгээр гэрээ байгуулах боломжгүй. Гэтэл өмнө 10,700,000 төгрөг дээр 32,000,000 төгрөгөөр ажил хийлгэнэ гэдэг нь 4,000,000 төгрөгийн алдагдалтай гэрээг байгуулаад түүнийг төлөх ёстой гэдэг байдлаар хандаж байгаа нь буруу гэж үзэж байна.

Гэрээнд зааснаар давхар тутмын талбайн хэмжээг тавьсан. Мөн дутуу ажлыг тооцоод үлдсэн ажлыг гүйцээж хийнэ гэсэн боловч одоо хийсэн байсан ажлыг тооцохгүйгээр нэхэмжлэл гаргасан байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

Нэхэмжлэгч С.О  нь хариуцагч М  К М ХХК ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 17,670,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч М  К М ХХК ХХК-ийн төлөөлөгч нь ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд С.О т 15,000,000 төгрөг төлсөн, мөн 2019 оны 11 дүгээр сард 2,500,000 төгрөг төлсөн, одоо 3,400,000 төгрөг төлөх үлдэгдэлтэй байгаа гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Талуудын хооронд 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 1900 дугаартай “Барилгын угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээ” байгуулж, уг гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны зориулалттай барилгын

8 дугаар давхарын дутуу хэсгийн 1 м.кв ажлын үнэлгээ 55,000 /тавин таван мянган/ төгрөг, 9 дүгээр давхарын 1 м.кв-ын ажлыг 60,000 /жаран мянган/ төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиолцсон байна.

 

            Дээрхи “Барилгын угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээ” нь Иргэний хуулийн 343.1-т заасан хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байгуулсан гэж үзэв.

 

            Хариуцагч М  К М ХХК ХХК нь Дорнын их гэрээ ХХК-ийн барьж байгаа орон сууц, үйлчилгээний зориулалттай барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байсан ба Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1-д зааснаар нэхэмжлэгч С.О  нь туслан гүйцэтгэгчээр оролцсон байна.

 

Нэхэмжлэгч С.О  нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны зориулалттай барилгын 8 дугаар давхарын дутуу ажлыг хийж гүйцэтгэн, захиалагч М  К М ХХК ХХК-д хүлээлгэн өгсөн үйл баримтад талууд маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1-д барилга угсралтын нийт талбай нь давхар тутамд 594 м.кв байх бөгөөд гэрээний дагуу тохиролцсоноор 8 дугаар давхарын нийт ажлын үнэлгээ нь 32,670,000 /55,000х594 м.кв/төгрөг байна.

 

            Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...8 дугаар давхарын ажлыг

Л.Энхтүвшинд 10,700,000 төгрөг төлсөн. Уг ажил нь 32,000,000 төгрөгийн үнэлгээтэй ажил тул төсвөөс хэтэрсэн тул төлөх боломжгүй” гэж тайлбарлах атлаа Л.Энхтүвшинд 10,700,000 төгрөг төлсөн байдлаа баримтаар нотлоогүй, мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 3.2-д “8 дугаар давхарын дутуу ажлыг 55,000 төгрөг” гэж 9 дүгээр давхарын ажлын үнэлгээнээс нэг м.кв-г 5,000 төгрөгөөр бага байхаар тохиролцжээ.

 

            Хариуцагч нь нэхэмжлэгчид 15,000,000 төгрөг төлсөн, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2,500,000 төгрөг төгрөг төлсөн үйл баримтад талууд маргаагүй бөгөөд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 15,170,000 төгрөгийг шаардаж байгаа нь үндэслэлтэй байна.

 

            Хариуцагч нь Л.Энхтүвшинд холбогдуулан Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны зориулалттай барилгын 8 дугаар давхарын ажлын  хөлстэй холбоотой нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

            Нэхэмжлэгч нь шүүхэд 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гаргасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийн баталгаажуулах хүсэлтээсээ татгалзсан тул хүсэлт гаргаагүйд тооцсон болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 347 дугаар зүйлийн 347.1-д зааснаар хариуцагч М  К М ХХК ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 15,170,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.О т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,500,000 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246,300 төгрөг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 233,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй ба хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ЭНХБАЯР