Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 221/ШШ2023/0023

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б-н овогтой Б-н Ц /РД: /

Хариуцагч: Монгол Улсын Засгийн газар

Нэхэмжлэлийн шаардлага: Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 41 тоот тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгахшаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: хариуцагчийн өмгөөлөгч Г.Д, иргэдийн төлөөлөгч Н.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М нар оролцов.

Хэргийн индекс: 221/2023/0054/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Ц нь Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 41 дүгээр Б.Ц-г ажлаас чөлөөлөх тухай тогтоолыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, тус нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 41 тоот тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоолгож, учирсан хохирол болох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгахболгон өөрчилжээ.

2. Нэхэмжлэгч Б.Ц нь Төрийн албаны мэргэшлийн шалгалтыг 2008 оны 05 дугаар сард өгч тэнцэн, 2018 оны 07 дугаар сард Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөн Эрүүл мэндийн яамны Бодлого хэрэгжилтийг зохицуулах газарт мэргэжилтнээр ажиллаж байгаад тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 327 дугаар тушаалаар тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2 дахь заалтыг үндэслэн чөлөөлөгдсөн. Дээр дурдсан Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэг, Төрийн албаны Нэхэмжлэгч Б.Ц-г Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 01 дугаар сарын 20-ны өдрийн Албан тушаалд түр томилох тухай 22 дугаар тогтоолоор Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг хүчинтэй байх хугацаанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргаар түр хугацаагаар томилогдон ажиллаж байжээ.

3. Б.Ц нь Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга байх үедээ өөртэйгөө холбоотой 5 удаа шийдвэр гаргаж, 6 удаа мөнгөн урамшуулал авсан бөгөөд эдгээр шийдвэрийг гаргахдаа ашиг сонирхлын зөрчлийн мэдэгдэл гаргалгүй, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйл болон 11 дүгээр зүйлийг зөрчсөн гэх зөрчлүүдийг гаргасан гэж үзсэн саналыг Авлигатай тэмцэх газраас Монгол Улсын ерөнхий сайдад хүргүүлсний дагуу Монгол Улсын Засгийн газар Ажлаас чөлөөлөх тухай 41 дүгээр тогтоолыг гаргажээ.

4. Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 01 дугаар сарын 19-ний өдрийн 41 дугаар тогтоолыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд хандаж гомдол гаргасан ба Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Гомдолд хариу хүргүүлэх тухай 01/630 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн гомдолд дурдсан асуудлыг ... Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг Төрийн албаны зөвлөл хянан шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд уг албан тушаалтанд хууль, журамд заасны дагуу төрийн албаны тусгай шалгалт өгөөгүй, нэр дэвшиж, томилогдоогүй байх тул төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэх боломжгүй бөгөөд зөрчигдсөн эрх ашгаа хамгаалуулах эрхтэй этгээд биш байна. Иймд шүүхэд хандахыг зөвлөе гэх хариуг өгсөн байна. Ингэснээр нэхэмжлэгч нь 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ханджээ.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газраас гаргасан шийдвэртэй холбогдох маргааныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх тусгай журмаар хянан шийдвэрлэхээр хуульд нэмсэн тул 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 1328 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэгчээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

6. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

6.1. Б-н Ц нь Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 22 дугаар тогтоолоор Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын албан тушаалд томилогдсон. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын ажил үүргийг гүйцэтгэх явцдаа цар тахлын цаг үед өөрийн эрүүл мэнд, ар гэр, хувийн амьдралаа орхиж, хууль тогтоомжийг мөрдөн, байгууллагын дотоод журмаар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, зохион байгуулалт, төрийн албан хаагчийн ёс зүй, төрийн албаны мерит зарчмыг төлөвшүүлэх бодлого зорилтыг хэрэгжүүлж ажилласан бөгөөд цоо шинэ байгууллагыг бий болгох нөр их ажлын төлөө тууштай зүтгэсэн.

6.2. Гэтэл Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 41 дүгээр тогтоолоор Засгийн хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн. Засгийн газрын Ажлаас чөлөөлөх тухай 41 дүгээр тогтоолыг хууль бус, үндэслэлгүй гэж үзэн Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д Томилох эрх бүхий этгээд болон төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд энэ хуулийн 25, 26, 27, 45, 46, 47, 48 дугаар зүйл, 52.2, 66.1.11-д заасан асуудлаар гарсан маргаан болон төрийн жинхэнэ албан хаагчаас цалин хөлс, ажиллах нөхцөл, баталгааны талаар гаргасан бусад маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ”, 75 дугаар зүйлийн 75.2-т Төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигч гомдлоо холбогдох баримт бичгийн хамт төрийн албаны салбар зөвлөл болон төрийн албаны төв байгууллагад 30 хоногийн дотор гаргана гэж заасны дагуу 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан.

6.3. Улмаар Төрийн албаны зөвлөлөөс 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 01/630 дугаар албан бичгээрКоронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийн зохицуулалт нь төрийн жинхэнэ албан хаагчид Төрийн албаны тухай хуулиар тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хөндөөгүй бөгөөд зөвхөн “…албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалт…”-д хамаарах юм. Төрийн албаны тухай 75 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг Төрийн албаны зөвлөл хянан шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд уг албан тушаалд хууль, журамд заасны дагуу төрийн албаны тусгай шалгалт /тухайн албан тушаалын шалгалт/ өгөөгүй, нэр дэвшиж, томилогдоогүй байх тул төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэх боломжгүй бөгөөд зөрчигдсөн эрх ашгаа хамгаалуулах эрхтэй этгээд биш байна гэдэг хариуг албан бичгээр ирүүлсэн.

6.4. Төрийн албаны зөвлөл нь Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 41 дүгээр Б.Ц ыг ажлаас чөлөөлөх тухай тогтоолыг хууль бус захиргааны акт болох талаар нарийвчлан судалж, хянан шийдвэрлэлгүйгээр өгсөн хариу гэж үзэж дээрх тогтоолыг хүчингүй болгуулахаар Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3-т Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөн тал уг шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж заасан. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 41 дүгээр Ажлаас чөлөөлөх тухай тогтоол нь Захиргааны ерөнхий хууль болон захирамжлалын баримт бичигт тавигдах шаардлагыг хангаагүй ба хуулийн зүйл заалт мөн ажлаас чөлөөлөх болсон үндэслэл зэргийг заах шаардлагыг хангаагүй байна. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуульд захиргааны актыг бичгээр гаргасан тохиолдолд дараах шаардлагыг хангасан байхаар тусгайлан хуульчилсан. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна”, 40.2.3-т Захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах”, 40.2.5-тЗахиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах”, 40.3-т Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана”, 40.4-т Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заахаар тусгасан хуулийн шаардлагад нийцээгүй захиргааны акт гаргасан гэх заалтуудыг тус тус зөрчиж гаргасан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газар нь захиргааны актын үндэслэлд энэ тухай тодорхой заах үүрэгтэй боловч уг шаардлагыг хангаагүй, үндэслэлгүй, хууль бус тогтоол юм. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална, 4.2.1-т Хуульд үндэслэх, 4.2.5-д Зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.

6.5. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 41 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-тЗахиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т сонсох ажиллагааг дараах арга хэлбэрээр явуулна, 27.4.1-т сонсгол зохион байгуулах”, 27.4.2-т саналыг бичгээр авах”, 27.4.3-т биечлэн уулзах”, 27.4.4-т утсаар санал авах”, 27.4.5-т цахим хэлбэрээр санал авах”, 27.4.6-т төлөөлөгчөөр дамжуулан санал авах”, 27.4.7-т бусад, 27.5-т Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна, 27.2-т Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ” гэж заасныг тус тус зөрчиж сонсох ажиллагааг огт явуулаагүй ажлаас чөлөөлсөн байдаг. Иймд дээрх үндэслэлүүдээр Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 41 тоот тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоолгож, учирсан хохирол болох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

7. Хариуцагч Монгол Улсын Засгийн газар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

7.1. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Агентлаг байгуулах тухай 222 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрыг байгуулж, Засгийн газрын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 22 дугаар тогтоолоор Б.Ц ыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын албан тушаалд сонгон шалгаруулалтгүйгээр түр томилсон.

7.2. Улсын Онцгой Комиссын 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 24 дүгээр хурлаас Коронавируст халдварын эмчилгээ, оношилгоонд ашиглах эм, тариа, эмнэлгийн хэрэгслийн 3 сарын нөөц бүрдүүлэх, эмчилгээний өндөр идэвхи, үр дүнтэй эм, зохих нөөц бүрдүүлэх, УОК-ын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 28 дугаар хурлаар нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур, халдваргүйжүүлэлтийн бодис, хамгаалах хувцас хэрэгсэл, тэдгээрийг дотоодод үйлдвэрлэх шаардлагатай түүхий эдийн 3 сарын нөөцийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний дотор бүрдүүлж, тасалдал, хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэгжилтэд хяналт тавих үүргийг Б.Ц д тус тус даалгасан. Гэтэл Б.Ц нь дээрх даалгасан албан үүргүүдийг биелүүлээгүй, шаардлагатай нөөцийг бүрдүүлээгүй, хяналт тавьж ажлаагүйн улмаас эм, эмнэлгийн хэрэгслийн тасалдал үүсэх нөхцөл бүрдсэн тул УОК-ын 2021 оны 07 дугаар сарын 22-ны Адрийн №24 дугаар хурал, Монгол Улсын Ерөнхий сайдад Авлигатай тэмцэх газрын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 01/14216 тоот албан бичгээр Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт ажиллахад илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтантай хариуцлага тооцож, учирсан хохирлыг барагдуулах, таслан зогсоох талаар санал ирүүлж, МУ-ын Сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ХЭГ/77 дугаар албан бичгээр Авлигатай тэмцэх газраас Эм, эмнэлгийн хэрэгслийн, хяналт зохицуулалтын газарт ажиллахад илэрсэн зөрчил Эм, эмнэлгийн хэрэгслийн, хяналт зохицуулалтын газарт ажиллахад илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтантай хариуцлага тооцож, учирсан хохирлыг барагдуулах шуурхай арга хэмжээ авч ажиллахыг мэдэгдсэн. Нэхэмжлэгч нь УОК-оос өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хангалтгүй биелүүлсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайдад Авлигатай тэмцэх газрын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 01/14216 тоот албан бичгээр Эм, эмнэлгийн хэрэгслийн, хяналт зохицуулалтын газарт ажиллахад илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтантай хариуцлага тооцож, учирсан хохирлыг барагдуулах, таслан зогсоох талаар ирүүлсэн санал, Төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд байх хугацаа нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан байхад нөөцийн бүртгэлгүй хүнийг Ковидын тухай хуулийн 3.2-ийг үндэслэн түр томилсон зэргийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 41 дүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн болно. Мөн Б.Ц нь төрийн жинхэнэ албаны нөөцийн хугацаа дууссан, нөөцөд бүртгэлгүй байх тул Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3.2-ийг үндэслэн албан тушаалд томилсон нь хууль бус болсон, Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тохиолдолд маргах эрхтэй бөгөөд уг албан тушаалд хууль, журамд заасны дагуу төрийн албаны тусгай шалгалт өгөөгүй, нэр дэвшиж, томилогдоогүй байх тул төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэх боломжгүй бөгөөд зөрчигдсөн эрх ашгаа хамгаалуулах эрхтэй этгээд биш байна. Хэдийгээр Б.Ц ыг Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3.2-ийг үндэслэн томилсон боловч уг заалт нь Төрийн албаны тухай хуулиар тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хөндөөгүй бөгөөд зөвхөн албан тушаалыг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтад хамаарна. Өөрөөр хэлбэл нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед төрийн байгууллагын үйл ажиллагаа тасралтгүй, хэвийн хэрэгжүүлэх зарчмын хүрээнд Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэлийн хугацаанд төрийн албаны сул орон тоог нөхөх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд сонгон шалгаруулалт явуулахгүйгээр, зохих шаардлага хангасан албан тушаалд томилох тухай ойлголт болно. Тиймээс Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 41 тоот тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

7.3. Нэхэмжлэгч нь даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох" гэж заасны дагуу нэгдүгээрт үйлдэл, эс үйлдэхүй нь хууль бус, хоёрдугаарт түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдвол шаардагдах захиргааны акт гаргахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргахаар байна. Иймээс нэхэмжлэгчид шүүхээр хамгаалуулах хууль ёсны эрх, ашиг сонирхол байхгүй, түүний эрх хөндөгдөөгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

8. Хариуцагчийн өмгөөлөгч Г.Д шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

8.1. Нэхэмжлэгч Б.Ц нь Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 225 дугаар тогтоолоор төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын нөөцөд бүртгэгдсэн боловч Монгол Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 39 дүгээр заалтад зааснаар төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын нөөцөд бүртгэгдсэн хугацаа 2020 оны 12 дугаар 31-ний өдөр дууссан байдаг. 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 222 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрыг байгуулсан. Энэ газрыг байгуулсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 22 дугаар тогтоолоор Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын албан тушаалд Б.Ц ыг түр томилон ажиллуулсан.

8.2. Нэхэмжлэгч нь Улсын Онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хангалтгүй биелүүлсэн байдаг. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдад Авлигатай тэмцэх газрын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0114216 тоот албан бичгээр Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт ажиллахад илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтанд хариуцлага тооцох, учирсан хохирлыг барагдуулах, таслан зогсоох талаар шаардлага хүргүүлсэн. Энэ шаардлагад Б.Ц нь өөртөө 5 удаагийн үйлдлээр урамшуулал авсан нөхцөл байдал тодорхой болсон. Б.Ц ы төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд байх хугацаа нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан. Коронавируст халдвар /ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалт болон Б.Ц ыг түр томилсон зэргийг үндэслэн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 41 дүгээр тогтоолоор Б.Ц ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байгаа.

8.3. Б.Ц нь түр томилогдсоноос гадна тус албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасан тэргүүн түшмэлийн албан тушаалд хамаарч байгаа бөгөөд энэ албан тушаалын ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй албан хаагч байсан. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд нийтлэг шаардлага, 23 дугаар зүйлийн 23.2.1-д тэргүүн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 6-аас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх гэсэн шаардлагыг хангасан байхыг шаардаж байсан. Гэвч Б.Ц эдгээр шаардлагыг хангахгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тодорхой нотлогдож байгаа юм. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй болохыг дээр дурдсан тайлбаруудаар тайлбарлаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч Б.Ц ы гаргасан нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

1.1. Нэхэмжлэгч Б.Ц нь Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан тус шүүхэд 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргаж, 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгч, хариуцагч талаас эвлэрэх, боломжит хугацаа олгохыг хүссэн тул шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн. Гэвч талууд эвлэрээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус хэрэгт оролцохоо больсон гэж шүүгчийн туслахад утсаар мэдэгдсэн. Улмаар 2023 оны 09 дүгээр сарын 20, 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаан хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хойшилсон. Үүний дараа 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хойшилж, 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шүүх хуралдааныг товлож, хэргийн оролцогч нарт шүүгчийн туслах тов мэдэгдсэн. Гэвч шүүх хуралдаанд нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр  ирээгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хурлын өдөр 08 цаг 30 минутад шүүгчийн туслахад ... хүүхдээ эмнэлэгт үзүүлж байна, хүсэлтээ нөхөж явуулна гэж утсаар мэдэгдсэн боловч 10 цаг 30 минут хүртэл хурлыг хойшлуулах хүсэлт, баримтыг ирүүлээгүй тул шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

2. Хэргийн нөхцөл байдал, үйл баримтын тухайд:

2.1. Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийнАгентлаг байгуулах тухай 222 дугаар тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 4.4, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5.1, 9.1, Улсын Их Хурлын 2020 оны 7 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрыг шинээр байгуулсан.

2.2. 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын Ажилд түр томилох тухай 22 дугаар тогтоолоор Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т заасныг үндэслэн Б.Ц ыг Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүчинтэй байх хугацаанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргаар түр томилсон байна.

3. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

3.1. Хариуцагч Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Албан тушаалаас чөлөөлөх тухай 41 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлжээ.

3.2. Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцөд бүртгэх нэр дэвшүүлэх тухай 225 дугаар тогтоолоор Батмөнхийн Ц ыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцөд бүртгэсэн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. Улсын Их хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 39 дүгээр зүйлд Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэнийг удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад оруулах тухай  Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөлийн  шийдвэр  2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байнагэж заасны дагуу Б.Ц ы төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцөд байх хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан байна.

3.3. Авлигатай тэмцэх газраас Эм эмнэлгийн хяналт, зохицуулалтын газарт ажиллахад Б.Ц нь Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга байх үедээ өөртэйгөө холбоотой 5 удаа шийдвэр гаргаж, 6 удаа мөнгөн урамшуулал авсан бөгөөд эдгээр шийдвэрийг гаргахдаа ашиг сонирхлын зөрчлийн мэдэгдэл гаргалгүй, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйл болон 11 дүгээр зүйлийг зөрчсөн гэх зөрчлүүдийг гаргасан гэж үзэж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, таслан зогсоох чиглэлээр холбогдох санал боловсруулан 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.О-д хүргүүлжээ.

3.4. Энэ нь хэрэгт авагдсан 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/132 дугаар зардал гаргах тухай тушаал, 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн ажлын хөлс олгох тухай тушаал, 2021 оны 07 дугаар сарын 24-ний А/143 нэмэгдэл хөлс олгох тухай тушаал, 2021 оны 09 дүгээр сарын 13-ны А/186 дугаар улирлын мөнгө урамшуулал олгох тухай тушаал, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний А/258 дугаар ажлын хөлс олгох тухай тушаал зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

3.5. Улмаар Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржид 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 101/235 дугаар албан бичгээр Улсын онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврын биелэлт болон Авлигатай тэмцэх газраас Эм, эмнэлгийн хэрэгслийн, хяналт зохицуулалтын газарт ажиллахад илэрсэн зөрчил дутагдлын талаарх танилцуулга, холбогдох материалыг хүргүүлжээ.

3.6. Тус танилцуулгад Улсын онцгой комиссын 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 24 дүгээр хурлаас Коронавируст халдвар (Ковид-19)-ын эмчилгээ, оношлогоонд ашиглах эм, тариа, эмнэлгийн хэрэгслийн 3 сарын нөөц бүрдүүлэх, эмчилгээний өндөр идэвхи, үр дүнтэй эм, тарианы татан авалт, ханган нийлүүлэлтийг хийж, бүх шатны эрүүл мэндийн байгууллагад зохиох нөөц бүрдүүлэх, Улсын онцгой комиссын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 28 дугаар хурлаас нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур, халдваргүйжүүлэлтийн бодис, хамгаалах хувцас хэрэгсэл, тэдгээрийг дотоодод үйлдвэрлэхэд шаардлагатай түүхий эдийн 3 сарын нөөцийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний дотор бүрдүүлж, тасалдал, хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэгжилтэд хяналт тавих үүргийг Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Б.Ц д тус тус даалгасан. Гэтэл 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар нэн шаардлагатай үүсгэгчийн эсрэг эм, дуслын шингэн, хувийн хамгаалах хэрэгсэл тус тус 1 сарын нөөцтэй байна. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас нийслэлийн 135 эмийн санд Коронавируст халдвар /Ковид-19/-ын болон томуу, томуу төст өвчний үед хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц, тасалдлын байдалд үнэлгээ хийсэн тайланг ирүүлсэн бөгөөд 29 эмийн санд эм, эмнэлгийн хэрэгсэл тасалдал үүссэн, 15 эмийн санд эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ өссөн гэсэн байна. Мөн Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ХЭГ/77 дугаар албан бичгээр Авлигатай тэмцэх газраас Эм, эмнэлгийн хэрэгслийн, хяналт зохицуулалтын газарт ажиллахад илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтантай хариуцлага тооцож, учирсан хохирлыг барагдуулах шуурхай арга хэмжээ авч ажиллахыг мэдэгдсэн. Б.Ц нь Монгол Улсын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт Агентлагийн дарга агентлагийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, түүний үр дүнг сайдын өмнө хариуцан тайлагнах, 8.3.6 дахь заалтад Эрхэлсэн асуудлаараа сайдад мэргэшлийн зөвлөгөө өгч, холбогдох мэдээллээр хангахүүргээ удаа дараа биелүүлэхгүй байгаа тул үүрэгт ажлаас чөлөөлөх саналтай байнагэжээ.

3.7. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмаас гадна дараахь зарчмыг баримтална”, 7.1.7-т “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, 23 дугаар зүйлийн 23.2.1-т “тэргүүн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 6-аас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх”, 25 дугаар зүйлийн 25.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно”, 27 дугаар зүйлийн 27.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө”, 27.1.1-т “төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс”, 31 дүгээр зүйлийн 31.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд дараахь тохиолдолд авч ажиллуулахыг хориглоно”, 31.1.1-т “энэ хуулийн 22, 23 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Б.Ц ыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна.

3.8. Мөн Коронавирус халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулиар дэлхий нийтийг хамарсан цар тахлын халдварыг бууруулах зорилгоор нийтийн албан тушаалд сонгон шалгаруулалтыг түр хугацаанд зогсоож, энэ хугацаанд төрийн албаны нөөцөд бүртгэлтэй иргэдээс шаардлагатай орон тоог бүрдүүлэхийг зөвшөөрсөн болохоос бус шууд төрийн жинхэнэ албан тушаалд үргэлжлүүлэн томилох эрхийг олгоогүй болохыг  дурдах нь зүйтэй.

3.9. Хэдийгээр нэхэмжлэгчээс ... Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 41 дүгээр "Ажлаас чөлөөлөх тухай" тогтоол нь Захиргааны ерөнхий хууль болон захирамжлалын баримт бичигт тавигдах шаардлагыг хангаагүй ба хуулийн зүйл заалт мөн ажлаас чөлөөлөх болсон үндэслэл зэргийг заах шаардлагыг хангаагүй гэж тайлбарлан маргаж байх боловч нэхэмжлэгч нь Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын албан тушаалын болзол, шаардлага, Төрийн албаны тухай хуулийн 23, 25, 27, 31 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй, зөрчил гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа энэ тохиолдолд маргаан бүхий Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

3.10. Тодруулбал, нэхэмжлэгч нь дээрх хуульд заасан үндэслэл журмын дагуу тухайн албан тушаалд томилогдоогүй тул Төрийн албаны тухай хуульд заасан түүнийг ажлаас чөлөөлөх, халах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах зэрэг төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг эдлэхээргүй байна.

3.11. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ... сонсох ажиллагааг огт явуулаагүй ажлаас чөлөөлсөн гэх бөгөөд хариуцагчийн хувьд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг гаргахдаа тус шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдийн өөрийгөө илэрхийлэх боломж буюу шийдвэр гаргах ажиллагаанд оролцоог нь хангаж, санал, тайлбар гаргах боломжийг олгосон талаар баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй тул уг ажиллагааг хийгээгүй гэж үзэх үндэслэлтэй байх боловч зөвхөн сонсох ажиллагааг хийгээгүй гэсэн үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох боломжгүй.

3.12. Иймд нэхэмжлэгч Б.Ц ы Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 41 тоот тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3.13. Дээрх үндэслэлүүдээр иргэдийн төлөөлөгчийн “... Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх нь зөв байх” гэх дүгнэлтийг авах хууль зүйн үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

3.14. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасан тул нэхэмжлэгчээс мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.14, 112 дугаар зүйлийн 112.1.5-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7, 25 дугаар зүйлийн 25.1, 27 дугаар зүйлийн 27.1.1, 23 дугаар зүйлийн 23.2.1, 31 дүгээр зүйлийн 31.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ц аас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 41 тоот тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгахшаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                          О.ОЮУНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                          С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА