Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2024/0006

 

Б.Ц-ы нэхэмжлэлтэй,

Монгол Улсын Засгийн газарт холбогдох

захиргааны хэргийн тухай

      Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

      Даргалагч, шүүгч:   Х.Батсүрэн

      Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа

      Шүүгчид:                    М.Батсуурь

                                            Ц.Цогт

      Илтгэгч шүүгч:        Д.Батбаатар

      Нарийн бичгийн дарга: Л.Содномдорж.

      Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 23 дугаар шийдвэртэй хэргийг,

      Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор, нэхэмжлэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Д.М, хариуцагчийн өмгөөлөгч Г.Д нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 41 дүгээр тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай;

2.Хэргийн нөхцөл байдал: Монгол Улсын Засгийн газар 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 41 дүгээр тогтоолоор Б.Ц-ыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн.

3.Нэхэмжлэгчээс “... маргаан бүхий захиргааны актын гаргахдаа тайлбар, санал гаргах боломж олгоогүй, сонсох ажиллагаа явуулаагүй” гэж, хариуцагчаас “... Б.Ц албан тушаалд сонгон шалгаруулалтгүйгээр түр томилогдсон, өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хангалгүй биелүүлсэн” гэж тус тус маргасан.

4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх: “...төрийн албаны удирдах ажилтны нөөцөд байх хугацаа дууссан, ашиг сонирхлын зөрчил гаргасан нь тогтоогдсон, тухайн албан тушаалд хуульд заасан үндэслэл журмын дагуу томилогдоогүй” гэх үндэслэлүүдээр Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7, 25 дугаар зүйлийн 25.1, 27 дугаар зүйлийн 27.1.1, 23 дугаар зүйлийн 23.2.1, 31 дүгээр зүйлийн 31.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Л, өмгөөлөгч Д.М нар гомдолдоо:

5.1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаа маргаан бүхий актыг хууль бус байсан болохыг тогтоолгож, учирсан хохирол болох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулахаар өөрчилсөн байтал ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан мэтээр дүгнэж шийдвэрлэсэн.

5.2.Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаж, маргааны үйл баримтын талаар мэтгэлцүүлээгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хүрэлцэн ирэх боломжгүй тухайгаа утсаар мэдэгдсэн ба хойшлуулах үндэслэл байхад шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж шийдвэрлэсэн процессын алдаа болсон.

5.3.Анхан шатны шүүх “цугларсан бүх нотлох баримтуудыг хэрэгт бүхэлд нь хавсаргаж судална” гэсэн боловч шүүхийн шийдвэрт энэ талаар огт дурдаагүй, нэхэмжлэгч сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, ажил үүргээ хангалттай сайн биелүүлж байсан, хайнга хандсан болон өөртөө урамшуулал авсан асуудал байхгүй, ажлаас чөлөөлөхдөө нөхцөл байдлыг бодитоор харж үзээгүй, дүгнэлт өгөөгүй байхад “маргаан бүхий актыг хүчингүй болгох боломжгүй” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай, шүүх нотлох баримтыг үнэлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчихийн зэрэгцээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн.

5.4.Маргаан бүхий акт “Захиргааны ерөнхий хууль болон захирамжлалын баримт бичигт тавигдах шаардлагыг хангаагүй, хуулийн заалт, ажлаас чөлөөлөх болсон үндэслэлийг заах шаардлагыг хангаагүй” нь нэхэмжлэгчийг томилох үед албан тушаалын болзол, шаардлага, Төрийн албаны тухай хуулийн 23, 25, 27, 31 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэдэгтээ ямар ч шалтгаант холбоогүй, логик уялдаагүй болно.

5.5.Маргаан бүхий акт гаргах үед нэхэмжлэгч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсныг шүүх харгалзан үзээгүй, нотлох баримтуудыг өгсөн боловч шүүх шийдвэрт огт дурдаагүй байгаад гомдолтой байна.

5.6.Шүүх “хариуцагч сонсох ажиллагааг хийгээгүй, санал, тайлбар гаргах боломжийг олгосон талаар баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй тул уг ажиллагааг хийгээгүй” гэж дүгнэсэн атлаа маргаан бүхий актыг хүчингүй болгохгүй байгаа нь өөрөө учир дутагдалтай.

5.7.Б.Ц томилогдох үедээ төрийн жинхэнэ албан хаагчийн удирдах албан тушаалын нөөцөд байсан, чөлөөлөгдөх үед ч ковидын хууль хүчин төгөлдөр байсан бөгөөд томилсон нь буруу болсон гэсэн нь хэрэв нэхэмжлэгчийг томилсон шийдвэр үнэхээр буруу байсан бол тэр нь хариуцагч Монгол Улсын Засгийн газрын өөрийнх нь буруу болохоос томилогдох үедээ хуульд заасан шаардлагыг хангаж нөөцөд байсан нэхэмжлэгчийг буруутгах, хөдөлмөрлөх, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалаа төлүүлэх, ажилгүй байсан хугацаанд ногдох цалин хөлсөө авах эрхийг зөрчих хууль зүйн үндэслэл биш юм.

5.8.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

7.Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 222 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрыг байгуулж, үйл ажиллагааг нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлүүлэх арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайдад үүрэг болгосон. Улмаар 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 22 дугаар тогтоолоор Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилсан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг тус тус үндэслэн Батмөнхийн Цэцэгсайханыг Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилсан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль хүчинтэй байх хугацаанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргаар түр томилжээ.

8.Б.Ц-ыг тухайн албан тушаалд томилох үед Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д “тэргүүн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 16-аас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 8-аас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх” шаардлагыг, 27 дугаар зүйлийн 27.1.1-д “төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс” томилж болох зохицуулалттай байснаас гадна Засгийн газрын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалт батлах тухай” 275 дугаар тогтоолоор Засгийн газрын агентлагийн дарга нь Төрийн захиргааны албан тушаалын тэргүүн түшмэлийн ангилалд, ТЗ-14 зэрэглэлтэй байхаар тогтоосон байжээ.

9.Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилсан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “ ... хуулийн дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ” гэх заалт нь уг хуулийн үйлчлэлтэй хугацаанд олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй байх зорилгоор албан тушаалтныг сонгон шалгаруулахтай холбоотой хуулийн зохицуулалтыг түр зогсоосон бөгөөд харин Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан шаардлагыг үл харгалзан албан хаагчийг төрийн албанд томилох агуулгагүй байна.

10.Нэхэмжлэгчийн тухайд уг албан тушаалд түр томилогдох үедээ Төрийн албаны тухай хуулийн дээрх шаардлагыг хангаагүй, төрийн захиргааны удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэгдээгүй байсан нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, холбогдох бусад баримтуудаар тогтоогдсон.

11.Тодруулбал, нэхэмжлэгч Б.Ц 2001-2004 онд Говь-Алтай аймгийн Алтай сумын хилийн цэргийн ангийн хүн эмнэлгийн албаны хүний их эмч, 2005-2007 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Нэгдсэн төв лабораторийн техникийн менежер, орлогч эрхлэгч, 2007-2013 онд Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн, 2014-2015 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дархлаажуулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн, 2016-2017 онд Эрүүл мэндийн сайдын зөвлөх, 2017 оноос “Хавдрын үндэсний зөвлөл” НҮТББ-ын гүйцэтгэх захирлаар ажилласан нь хуульд заасан дээрх төрийн албан тушаалд тодорхой хугацаагаар ажилласан байх шаардлагыг хангаагүй байна.

12.Үүнээс гадна тэрээр Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 35 дугаар зүйлийн 35.1.6-д заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 225 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох төрийн жинхэнэ албан тушаалтны нөөцөд бүртгэгдсэн боловч уг тогтоолын үйлчлэл Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 39-д зааснаар 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон байжээ.

13.Дээрх нөхцөл байдлаас дүгнэн үзвэл хуульд заасан шаардлага хангалгүй төрийн захиргааны албан тушаалд түр томилогдсон Б.Ц-д Төрийн албаны тухай хуулиар төрийн жинхэнэ албан хаагчид олгосон баталгаа хамаарахгүй, өөрөөр хэлбэл, маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байна.

14.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар захиргааны акт хууль бусаас гадна уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдсон тохиолдолд шүүх маргаан бүхий актыг хүчингүй болгох бөгөөд энэ хэргийн тухайд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй нь нотлогдсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

15.Тиймээс хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа “Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулаагүй, шийдвэр гаргах ажиллагаанд нэхэмжлэгчийн оролцоог нь хангаж, санал, тайлбар гаргах боломж олгоогүй” зэрэг нь нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй.

16.Нөгөөтээгүүр, маргаан бүхий захиргааны актад дурдагдаагүй буюу “зөрчил дутагдал гаргасан, албан үүргээ удаа дараа биелүүлээгүй” зэрэг үндэслэлд шүүх хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй.

17.Иймд, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 23 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.БАТСҮРЭН

                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Д.МӨНХТУЯА

                         ШҮҮГЧИД                                                       М.БАТСУУРЬ

                                                                                                     Ц.ЦОГТ

                                                                                                      Д.БАТБААТАР