Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 627

 

 

 

 

 

 

 

 

 

“Д-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/00101 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Д-” ХХК-ийн хариуцагч Н.Н-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 99 688 594 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, “Д-” ХХК, Н.Нарантуяа нарын хооронд байгуулагдсан 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн орон сууц захиалан авах гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, захиалагчид төлсөн 31 581 300 төгрөгийг үндсэн төлбөрөөс хасуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Д-” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Н- нь 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “Д-” ХХК-тай тус компанийн барьж ашиглалтанд оруулсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Д-ы 97В байрны 42 тоот 134 884 800 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг авахаар орон сууц захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ байгуулан, урьдчилгаа төлбөрт 43 000 000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл төлбөр 91 884 800 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хувааж төлөхөөр гэрээнд заасан боловч хариуцагч нь төлөөгүй. Н.Н- нь банкнаас зээл авч үлдэгдэл төлбөрөө төлөх хүсэлтэй байгаа илэрхийлэн 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр энэ талаар тусгасан гэрээ байгуулан орон сууцанд нүүж орон амьдарч байгаа боловч зээл бүтээгүй гэсэн шалтгаанаар төлбөрийн тодорхой хэсгээс илүү төлөөгүй бөгөөд түүний хүсэлтийн дагуу талууд 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр орон сууц захиалан авах гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх тухай хэлцэл гэрээ байгуулж, үлдэгдэл 79 534 800 төгрөгийг сарын 0.7 хувийн хүүтэйгээр заасан графикийн дагуу 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл төлж барагдуулахаар, хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцохоор төлбөрийн нөхцлийг өөрчилжээ. Үүнээс хойш хариуцагч Н.Н- нь 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд үндсэн төлбөрт 8 722 280 төгрөг, хүүгийн төлбөрт 5 859 020 төгрөг төлсөн боловч үүнээс хойш үлдэгдэл 70 812 520 төгрөгийн төлбөрийг төлөлгүй, удаа дараа шаардуулсны эцэст 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүүгийн төлбөрт 3 469 814 төгрөг, үндсэн төлбөрт 6 530 186 төгрөг төлснөөс өөр төлбөр төлөлгүй гэрээний үүргээ зөрчсөн. Иймд Н.Н-аас гэрээний үүргийн гүйцэтгэлд 64 282 334 төгрөг болон хугацаа хожимдуулсны алдангийн төлбөрт 35 406 260 төгрөг, нийт 99 688 594 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.Н- шүүхэд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие “Д-” ХХК-тай 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдөр орон сууц захиалгаар барьж гүйцэтгэх гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 5 дугаар байрны 42 тоот 58.14 метр квадрат орон сууцыг 1 метр квадратыг 2 320 000 төгрөгөөр тооцож, нийт 134 884 800 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Захиалгын гэрээний дагуу Н.Н- миний би орон сууцны урьдчилгаа төлбөр 43 000 000 төгрөгийг төлсөн бөгөөд үдэгдэл төлбөрийг 2014 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 20 000 000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 20 000 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор 51 884 800 төгрөгийг төлөхөөр тохиролцсон байдаг. Харин нэхэмжлэгч “Д-” ХХК нь дээр дурдсан орон сууцыг 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор багтаан ашиглалтад хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн ч тохиролцсон хугацаанаас хойш 9 сарын дараа захиалагч Н.Н-т надад хүлээлгэн өгсөн байдаг. Нэхэмжлэгч “Д-” ХХК болон Н.Н- бидний хооронд 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр орон сууц захиалан авах гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх тухай хэлцэл хийгдсэн бөгөөд мөн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр дахин 1 удаа хийгдсэн. Эхний буюу 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн орон сууц захиалан авах гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх тухай хэлцэл хийх үед урьдчилгаа төлбөрт 43 000 000 төгрөг төлсөн байсан бөгөөд үлдэгдэл төлбөр 91 884 800 төгрөгийг банкны зээлээр төлөхөөр тохиролцсон. Гэвч банкны зүгээс өндөр насны тэтгэвэрт гарсан үндэслэлээр орон сууцны 8 хувийн зээл олголт хүндрэлтэй байна, хүлээж бай гэсэн хариуг өгдөг байсан. Энэ талаар “Д-” ХХК-д бүр танилцуулж, компанийн зүгээс зөвшөөрч, банкны зээлээ хөөцөлдөх боломжийг олгосоор ирсэн. Ингээд компанийн зүгээс 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр орон сууц захиалан авах гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх тухай хэлцлийг дахин байгуулсан бөгөөд тус гэрээнд зааснаар миний орон сууцны зээлийн үлдэгдэл 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар 79 534 880 төгрөг үлдсэн. Тус гэрээгээр уг үлдэгдэл төлбөрийг 12 сарын хугацаанд сарын 0.7 хувийн хүүгийн хамт хавсралтад заасан графикийн дагуу 100 хувь төлж барагдуулах, хэрэв энэ хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.3 хувийн алданги төлөх үүргийг гүйцэтгэгч компанийн зүгээс захиалагчид хүлээлгэсэн. Захиалагч Н.Н- би сүүлд байгуулсан тус гэрээгээр надад гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд сарын 0.7 хувийн хүү, хугацаа хэтэрсэн хоног тутам 0.3 хувийн алданги ногдуулах үүрэг хүлээлгэснийг огт мэдээгүй бөгөөд нэхэмжлэгч талаас тус гэрээг 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан гэрээний үргэлжлэл бөгөөд түүнтэй яг адилхан гэрээ гэж тайлбарлаж, улмаар тус гэрээ гэж ойлгож, зөвшөөрсөн. Гэтэл 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн орон сууц захиалан авах гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх тухай хэлцлийг хариуцагч Н.Н- би ноцтой төөрөгдөж, 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн гэрээг дахин хугацааг сунгах зорилгоор байгуулсан гэж өөр хэлцэлийн агуулгаар төөрөгдөж, зөвшөөрсөн байна. Хэрэв уг гэрээг Н.Н- би утга агуулгыг төөрөлдөөгүй бөгөөд өмнө байгуулсан хэлцлээс өөр үүрэг, хариуцлага хүлээлгэж буй гэрээ гэдгийг мэдэж, төөрөлдөөгүй бол, зөвшөөрөх ямар ч боломжгүй юм. Учир нь 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн тус гэрээ нь “Д-” ХХК болон захиалагч Н.Н- нарын хооронд байгуулсан 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 001 захиалагч Н.Н- нарын хооронд байгуулсан 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 001 дугаар орон сууц захиалгаар барьж гүйцэтгэх гэрээний 4.2-т Б тал хугацаандаа төлбөрөө төлөөгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.01 хувьтай тэнцэх алдангийг А тал хоног тутамд төлнө гэж заасан гэрээ зөрчсөний нөхөн төлбөрийн үүргийг 0.3 болгож буюу 30 дахин нэмэгдүүлсэн нь эдийн засгийн нөхцөлийг дордуулсан, захиалагчийг ноцтой төөрөгдөлд оруулах замаар байгуулсан, хууль бус, хүчин төгөлдөр бус хэлцэл болсныг шүүхийн шатанд гэрээг судалж байх явцад мэдсэн юм. Захиалагчийн зүгээс энэхүү гэрээ байгуулагдсанаас хойш буюу 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн хооронд нийт 24 581 300 төгрөгийг төлсөн бөгөөд гүйцэтгэгч компани нэхэмжлэлийн шаардлагад дурдсаны дагуу үндсэн төлбөрт 15 252 466 төгрөг, хүүгийн төлбөрт 9 328 834 төгрөгийг суутган авсан байдаг. Мөн захиалагчийн зүгээс 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр дахин 5 000 000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 2 000 000 төгрөг, нийт 7 000 000 төгрөгийг нэмж төлсөн. Иймд ноцтой төөрөгдлийн улмаас байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн орон сууц захиалан авах гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож, ийнхүү хүчин төгөлдөр бусад тооцсонтой холбогдуулан захиалагчид төлсөн нийт 31 581 300 төгрөгийг үндсэн төлбөрөөс хасч, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Н-аас 80 582 449 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Д-” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 19 106 145 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2.1-д заасныг баримтлан “Д-” ХХК, Н.Н- нарын хооронд хийгдсэн 2018 оны 01 сарын 25-ны өдрийн орон сууц захиалан авах гэрээний үлдэгдэл төлбөр төлөх тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, захиалагчид төлсөн 31 581 300 төгрөгийг үндсэн төлбөрөөс хасуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 656 392 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 556 000  төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 560 862 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрээс хариуцагч Н.Н-ыг 26 860 816 төгрөгийн алдангийн төлбөр төлөхөөр шийдвэрлэсэн хэсгийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана." гэж тус тус заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Тодруулбал, нотлох баримтын тухайд гэвэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дах хэсэгт зааснаар шийдвэрээ шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргах шаардлагатай. Нэхэмжлэгч "Д-" ХХК-ийн зүгээс өөрийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 35 406 260 төгрөгийг хариуцагчийн төлөх ёстой ямар дүнгээс, ямар аргачлалаар бодсон талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй бөгөөд хариуцагчийн зүгээс тус алдангийн дүн нь үндэслэлгүй, хэт өндөр байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дах хэсэгт заасны дагуу алдангийг ямар үнийн дүнгээс хэрхэн тооцсон задаргаа, аргачлалыг шүүхийн журмаар гаргуулахаар 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүсэлт гаргасан. Гэвч шүүх алдангийн тооцоолол үнэн зөв эсэх асуудлыг шүүх хуралдааны явцад тодруулж болно гэж үзэж, хүсэлтийг хангахгүй орхисон. Улмаар шүүх хуралдаан дээр алдангийг хэрхэн, яаж тооцсон зэргийг тодруулж, холбогдох нотлох баримт, тайлбараар батлаагүй байдаг. Гэтэл хариуцагч Н.Н- үлдэгдэл төлбөрөөс өөрийн боломжит бүхий л хэлбэрээр төлж барагдуулж байсан бөгөөд энэ төлөлтүүд тухай бүр хасагдаж, алдангийн дүн гарсан гэх үндэслэл хэрэгт авагсан баримтад байхгүй. Шүүх шийдвэрээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэхгүйгээр гаргасан нь Н.Н-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол, түүний дотор эдийн засгийн нөхцөл байдлыг ноцтой хохироосон гэж үзэх хангалттай үндэслэлтэй. Нэхэмжлэгч болон захиалагчийн хооронд байгуулсан 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн "Орон сууц захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ" хүчин төгөлдөр хэвээр байхад уг гэрээг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэлт, дүгнэлт өгөөгүй нь хэргийг үндэслэл бүхий шийдсэн эсэхэд ноцтой эргэлзээ төрүүлж байна. Учир нь захиалагч болон худалдагч талууд хэн алин нь 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн захиалгын гэрээг цуцлаагүй бөгөөд гэрээ хүчин төгөлдөр хэвээр үйлчилж байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар Хариуцагч Н.Н- нь "Д-" ХХК-тай 2015 оны 05 дугаар сарын 15 өдөр "Орон сууц захиалан авах гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх тухай хэлцэл" байгуулсан бөгөөд тус гэрээгээр Н.Н-д орон сууцны төлөгдөөгүй төлбөрт хүү тооцох, алдангийн хэмжээг нэмэгдүүлэх талаар тусгаагүй байсан. Ингээд нэхэмжлэгчийн зүгээс 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр захиалагч Н.Н-д 2015 оны 05 дугаар сарын 15 өдрийн "Орон сууц захиалан авах гэрэзиий үлдэгдэл төлбөрийг төлөх тухай хэлцэл"-ийн хугацааг сунгаж, дахин байгуулж байгаа, ямар нэгэн өөрчлөлт ороогүй гэж танилцуулан гарын үсэг зуруулж авсан бөгөөд уг гэрээ нь сарын 0.7 хувийн хүү, хоногийн 0.3 хувийн алданги тооцож байгаа гэдгийг ойлгуулж, тайлбарлаагүй бөгөөд хариуцагч Н.Н- нь тухайн гэрээний учир холбогдлыг ойлголгүй зурсан болохоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульчийн туслалцаа авахдаа олж мэдсэн. Улмаар захиалгын гэрээний үүргийн хариуцлага болох алдангийн заалт даруй 30 дахин нэмэгдсэн болохыг мэдэж, тухайн гэрээг ут үндэслэлээр захиалагч танилцуулаагүй, өөрөө хүсэл зоригоо хангалттай тодорхой илэрхийлж байгуулаагүй гэж үзэж "Сөрөг нэхэмжлэлийн шаардлага" гаргаж 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр шүүхээр дамжуулан шүүх бүрэлдэхүүн, хэргийн оролцогчид хүргүүлсэн. Гэвч шүүхээс уг сөрөг нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 08.30 минутын шүүх хуралдаан эхлэхэд танилцуулж, нэхэмжлэгчийн итгэмжтэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарыг шүүх хуралдааны явцад гаргана гэснээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дах хэсэгт заасныг ноцтой зөрчсөн. Учир нь шүүх сөрөг нэхэмжлэлэлийн шаардлагатай холбогдуулан хариу тайлбарыг 14 хоногийн дотор, эсхүл тодорхой хугацаа тогтоож авах шаардлагатай байсан. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчиж, хариу тайлбарын үндэслэлээ нотлох баримтаар баталгаажуулаагүй, баталгаажуулах хуулиар олгосон эрхийг нь хэрэгжүүлэх үүргээ биелүүлэх боломжийг бүрдүүлээгүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс зөвхөн үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан итгэмжлэл авсан бөгөөд үндсэн нэхэмжлэлтэй холбогдуулан тайлбар хийх, нотлох баримт гаргах, шүүх хуралдаанд оролцох эрхтэй байтал шүүхээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагад тайлбар хийх боломжийг олгосон. Үүнтэй адил харицагчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан тайлбар хийх, нотлох баримт гаргах шаардлагатай байсан бөгөөд шүүх нэхэмлэгчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад өгсөн хариу тайлбартай холбогдуулан нотлох баримт, тайлбар гаргах эрхийг зөрчсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа алдаатай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаагүй гэж үзэх хангалттай үндэслэл болно.

Хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шийдвэрлэх тухай: Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ " ... талууд 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр дахин орон сууц захиалан авах гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх тухай хэлцлийг байгуулж, тус гэрээгээр төлбөр төлөх нөхцөл, үүрэг зөрчснөөс хүлээх хариуцлагад өөрлөлт оруулж, 12 сарын хугацаанд сарын 0.7 хувийн хүүгийн хамт графикийн дагуу төлж барагдуулахаар ийнхүү төлөгдөөгүй тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги тооцохоор..., Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй ба талуудын хооронд байгуулсан дээрх гэрээнүүдэд талууд хүсэл зоригоо гарын үсгээр баталгаажуулсан ... " гэх дүгнэлтийг хийжээ. Үүнээс үзэхэд анхан шатны шүүх хариуцагчийн гэрээнд гарын үсэг зурсныг хүсэл зоригоо хангалттай тодорхой илэрхийлсэн гэсэн дүгнэлт хийсэн гэж дүгнэсэн байна. Гэтэл бодит байдал дээр хариуцагч Н.Н- тухайн гэрээнд илэрхийлсэн хүсэл зоригоосоо өөр үр дагавар бүхий гэрээнд гарын үсэг зурахдаа ноцтой төөрөгдсөн болохоо өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан илэрхийлсээр байхад шүүх уг тайлбарт ач холбогдол өгөлгүй, хэрэгт хамааруулаагүй нь шүүхийн шийдвэрийн хууль ёсны байх чадварт эргэлзээ үүсгэж байна. Талуудын хооронд байгуулсагдсан 2015 болон 2018 оны хэлцэл нь талуудын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээний үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх ямар ч үндэслэлгүй гэж хариуцагчийн зүгээс үзэж байгаа бөгөөд анх байгуулсан захиалгын гэрээ хүчин төгөлдөр хэвээр байсаар байхад шүүх уг гэрээнд үнэлэлт дүгнэлт өгөөгүй нь шүүхийн шийдвэр тал бүрээс нь бодитой байх зарчмаа хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Түүнчлэн, сүүлд байгуулсан нэмэлт хэлцлүүд нь хариуцагчийн гэрээний үүргийн хариуцлагыг даруй 30 дахин нэмэгдүүлсэн нь хариуцагч хууран мэхлэгдсэн, эсхүл ятгалга, төөрөгдөлд орсон гэх хангалттай үндэслэлтэй болохыг харуулж байна. Шүүх дараах нөхцөл байдлыг огт харгалзаагүй. амьдралын эх үүсвэрт маш ноцтой, сөргөөр нөлөөлж байна. Учир нь хариуцагч уг орон сууцыг олон арван жилийн хөдөлмөр, хуримтлал, тэтгэвэрийн зээлээр авсан бөгөөд тухайн байрыг 1 м.кв 2 320 000 төгрөгөөр авсан боловч өнөөдрийн байдлаар 1 800 000 төгрөгөөр худалдан борлуулах боломжгүй болоод байгаа юм. Түүнчлэн уг байр нь анх худалдан авахад 134 000 000 төгрөг байсан бол одоо хүү, алданги, бусад төлсөн төлбөр нь нийлээд 200 000 000 төгрөг давж байгаа нь "Д-" ХХК нь захиалагч Н.Н-ыг илтэд, онц ноцтой хохироосон, эрх ашгийг нь ноцтой зөрчсөн хууль бус үйлдэл болохыг давж заалдах шатны шүух анхааралтай судалж үзэхийг хичээнгүйлэн хүсэж байна. Хэрэв ийм их хэмжээний хүү, алданги төлөх байсан бол Иргэний хуулийн дагуу цаг хугацаа алдалгүй гэрээний үүрэг хариуцлагаа биелүүлэхээр шүүхээр дамжуулан шаардах эрх "Д-" ХХК-д байсан боловч, захиалагч намайг харж үзэж байгаа нэрээр олон жил болж, эхний удаа үүрэг, хариуцлага үүрүүлээгүй гэрээ байгуулж, улмаар үүрэг хариуцлагаа нэмэгдүүлж уншин танилцах боломжгүйгээр зуруулж хууран мэхэлж, ноцтой төөрөгдүулсэнд маш их гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийн 26 860 816 төгрөгийн алдангийн төлбөр төлөх хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч “Д-” ХХК нь хариуцагч Н.Н-д холбогдуулан гэрээний үүрэг 99 688 594 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн орон сууц захиалан авах гэрээний үлдэгдэл төлбөр төлөх тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, захиалагчид төлсөн 31 581 300 төгрөгийг үндсэн төлбөрөөс хасуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

            Талуудын хооронд анх 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Орон сууц захиалгаар барьж гүйцэтгэх нэртэй гэрээ байгуулагдаж, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 5 дугаар байрны 42 тоот, 58,14 м.кв талбайтай орон сууцыг 134 884 800 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролжээ. Уг гэрээгээр хариуцагч урдчилгаа төлбөрт 43 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг 2014 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 20 000 000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 20 000 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 51 884 800 төгрөгийг тус тус төлөх үүрэг хүлээсэн байх боловч үлдэгдэл төлбөр 91 884 800 төгрөгийг хариуцагч тохиролцсон хугацаанд төлж чадаагүй учраас уг төлбөрийг банкны зээлээр төлөхөөр 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “орон сууц захиалан авах гэрээний үлдэгдэл төлбөр төлөх” тухай хэлцэл байгуулсан байна. /хэргийн 10-16 дугаар тал/

 

            Гэвч хариуцагч банкны зээлд хамрагдаж чадаагүйгээс талууд дахин 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр орон сууц захиалан авах гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх тухай хэлцлийг байгуулж, тус гэрээгээр төлбөр төлөх нөхцөл, үүрэг зөрчсөнөөс хүлээх хариуцлагад өөрчлөлт оруулж, үлдэгдэл төлбөр 79 534 800 төгрөгийг 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаанд сарын 0,7 хувийн хүүгийн хамт графикийн дагуу төлж барагдуулснаар нэхэмжлэгч өмчлөх эрхийн гэрчилгээг худалдан авагчид шилжүүлэх, төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн алданги тооцохоор тохиролцож зохигчид гарын үсэг зурсан болох нь хэрэгт авагдсан гэрээ, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 17-19 дүгээр тал/ Дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 232 дугаар зүйлийн 232.3, 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна.

 

            Шүүх Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлж, гэрээний агуулгаа өөрсдөө тодорхойлж байгуулсан гэж дүгнэж, Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.

 

            Нэхэмжлэгч “Д-” ХХК нь гэрээний зүйл болох орон сууцыг хариуцагч Н.Н-ын эзэмшил ашиглалтад шилжүүлж, тэрээр 2015 оны 5 дугаар сараас одоог хүртэл амьдарч байгаа талаар талууд маргаагүй байна.

 

            Иймээс хариуцагч хүү болон алданги ногдуулах үүрэг хүлээлгэснийг мэдээгүй, өмнөх 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн гэрээний үргэлжлэл бөгөөд гэрээний хугацаа сунгасан гэж ойлгож, өөр хэлцлийн агуулгаар төөрөгдөж байгуулсан гэж, нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбарыг харьцуулан үзэхэд талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн орон сууц захиалан авах гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх тухай хэлцлийг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2.1-д зааснаар ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй. /хэргийн 53-54, 82 дугаар тал/

 

            Түүнчлэн, хэргийн 5 дугаар талд авагдсан нэхэмжлэгч байгууллагаас 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр О.Аззаяад олгосон итгэмжлэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тус компанийн төлөөлөн оролцох эрхийг олгосон байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

            Хариуцагч нь 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн орон сууц захиалан авах гэрээний үлдэгдэл төлбөр төлөх тухай хэлцлийн дагуу үндсэн төлбөр 79 534 800 төгрөг, 12 сарын хүүгийн төлбөр 6 680 923 төгрөг нийт 86 215 723 төгрөг төлөхөөс нэхэмжлэгчид 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд төлсөн 31 581 300 төгрөгийг хасч тооцоход хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг 54 634 423 төгрөг болж байх боловч шүүхээс хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг 53 721 633 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасанд нийцүүлэн алдангид 26 860 816 төгрөг, нийт 80 582 449 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Д-” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 19 106 145 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч талаас гомдол гаргаагүй учир анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзлээ.

            Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/00101 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292 260 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ, ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                         ШҮҮГЧИД                                 А.ОТГОНЦЭЦЭГ

                   

                                                                                                          С.ЭНХТӨР