Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2017/0729

 

 

 

 
2017 оны 10 сарын 12 өдөр     Дугаар 221/МА2017/0729             Улаанбаатар хот


“М В С” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Гангэрэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагч “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч нийслэлийн Худалдан авах ажиллагааны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0638 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагч “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батхуягын гаргасан давж заалдах гомдлоор, “М В С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ, нийслэлийн Засаг дарга /Тамгын газар/, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0638 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 27 дугаар зүйлийн 27.3, 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, 47 дугаар зүйлийн 47.2.2-т заасныг баримтлан, нэхэмжлэгч “М В С” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-ын 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2/776, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 06/630 дугаар албан бичгүүд болон нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан … дугаартай “Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр “А” хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажил”-ын тендер сонгон шалгаруулалтыг тус тус хүчингүй болгож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 46 дугаар зүйлийн 46.1.3-д заасныг баримтлан “Хамгийн сайн” гэж үнэлэгдэж, гэрээ байгуулах эрх олгогдсон “М В С” ХХК-тай гэрээ байгуулаагүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт тус тус даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагч “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0638 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна.
1. Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/221 дүгээр захирамжаар Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр “А” хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажлыг зохион байгуулж, уг ажилд шаардлагатай 2,631,533,719 төгрөгийг нийслэлийн 2016 оны төсвийн хөрөнгөөс санхүүжүүлэхээр баталсан.
Гэвч Монгол улсын Засгийн газрын 2016 оны 38 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/616 дугаар захирамжаар улс, нийслэлийн эдийн засаг, төсвийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас төсвийн алдагдлыг бууруулах зорилгоор 2016 оны төсөвт тодотгол хийж дуусах хүртэлх хугацаанд “Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалтыг зарлахгүй, гэрээ байгуулахгүй, байгуулсан боловч худалдан авалт нь эхлээгүй арга хэмжээний санхүүжилтийг зохих журмын дагуу зогсоож” шийдвэрлэсэн.
Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс нь дээрх тогтоол, захирамжийг хэрэгжүүлж ажилласныг шүүх буруутгаж хууль зөрчсөн гэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Шүүх хэргийн үйл баримтыг дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 4/09 дүгээр тогтоолоор Нийслэлийн 2016 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулж, холбогдох санхүүжилтийг нээсний дунд “Гэр хороолол дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ, авто замын зураг төсөл, угсралтын ажилд 2016 онд 2,958.2 төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэж, 2016-2017 онуудад уг ажил хэрэгжихээр заажээ” гэж үндэслэл болгон шийдвэрлэсэн.
Харин дээрх нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 4/09 дүгээр тогтоолоор баталсан санхүүжилт ямар ажлын санхүүжилт гэдэг нь тодорхой бус, үүнийг нотолсон баримт хэрэгт байхгүй байхад шүүх 2.958.2 төгрөгийн санхүүжилтийг шууд Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр “А” хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажлын санхүүжилт гэж таамаглалд үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй “О э” ХХК-ийг гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулалгүй хэргийг шийдвэрлэж гуравдагч этгээдийн  хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Нэхэмжлэгч “М В С” ХХК нь “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-ын 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2/776, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 06/630 дугаар албан бичгийг тус тус хүчингүй болгуулах, гэрээ байгуулаагүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож гэрээ байгуулахыг “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт тус тус даалгах, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан … дугаартай “Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр “А” хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажил”-ын тендерт сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол зэргээс үзвэл нэхэмжлэгчээс нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан … дугаар тендер сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулахаар маргасан бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар энэхүү тендер сонгон шалгаруулалтын ажлын гүйцэтгэгчээр “О э” ХХК шалгарсан байх ба анхан шатны шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэсэн байна.
Зүй нь дээрх нөхцөл байдалтай холбогдуулж шүүх нэхэмжлэгчээс маргаж буй нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан тендер сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж заасны дагуу гуравдагч этгээдээр “О э” ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах зайлшгүй шаардлагатай байжээ.
Тодруулбал, Үнэлгээний хорооны 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн тэмдэглэлээр “Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт “А” хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажил”-ын гүйцэтгэгчээр шалгарсан “О э” ХХК нь сонгон шалгаруулалтын мэдэгдлийг авсан, аваагүй эсэхээс үл хамаарч эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөхгүй гэх үндэслэлээр гуравдагч этгээдээр татах байх боломжгүй, шүүхийн шийдвэрийн улмаас “О э” ХХК-ийн эрх зөрчигдөхгүй гэж үзэхээргүй байна.
Тиймээс хуулийн этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, эрх үүргийг нь тайлбарлах, хариу тайлбарыг авах болон хуулийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, улмаар энэ нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй байна.
Нөгөөтэйгүүр, анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Санхүү, Төрийн сангийн хэлтсийн даргын гарын үсэг бүхий “Гэрээ буцаах тухай” 06/630 дугаар албан бичиг, мөн “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-ын 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 2/776 дугаар албан бичгүүдийг тус тус захиргааны актын шинжийг агуулж байгаа эсэх, эдгээр албан тоотыг хүчингүй болгосноор түүний ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргээгдэх эсэхийг анхаарах нь зүйтэй байна.
Иймд дээр дурдсан ажиллагаа хийгдээгүй байхад давж заалдах шатны шүүх зөрчлийг арилгаж, маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Түүнчлэн хариуцагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0638 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 


                    ШҮҮГЧ                         Э.ЛХАГВАСҮРЭН
                    ШҮҮГЧ                         Ц.САЙХАНТУЯА
                    ШҮҮГЧ                         Э.ХАЛИУНБАЯР