Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 668

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

С- дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/00333 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Б-ын нөхөх олговорт 40 000 000 төгрөгийг гаргуулах иргэний хэргийг, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С, гуравдагч этгээд прокурор Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц овогтой Б миний аав болох Ш.Р нь Улсын Дээд шүүхийн 1942 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 74 дугаар тогтоолоор шүүх цаазны бичгийн тусгай ангийн 42, 43, 45-р зүйлүүдээр 4 жил хоригдох ял шийтгүүлжээ. БНМАУ-ын Дээд шүүхийн бүгд хурлын 1964 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 048 дугаар тогтолоор уг хэрэгт холбогдолгүй болгож цагаатгасан. Улаанбаатар хотын 3-р хорооны 11-р хорин өрхийн 1947 оны бүртгэлд өрхийн тэргүүн Ш овогтой Р гэж бүртгэгдсэн байна. Улаанбаатар хотын Чойбалсангийн хорооны 8-р хорины 1956 оны хүн амын бүртгэлд ... Д-ийн Ц ,.. охин Ц.Б, хүү Ц.С нарын 9 хүн бүртгэгдсэн байна. Бидний эцэг Ш овогтой Р-ийн төрсөн эгч, ах, дүү нараас одоо эсэн мэнд байгаа хүн үгүй. Төрсөн хүүхэд болох Ц.Б, Ц.С нараас өөр хүн байхгүй болно. Бидний эцэг Р шоронд олсон өвчний улмаас 1949 онд идэр залуу 37 настайдаа нас барсан. Эцэг нь эсэргүү болсон биднийг сургуульд орох үед эх Ц-аар овоглосон юм. 1998 онд нөхөн олговор авах үед аавтай хамт Үйлдвэрчний Эвлэлийн төв зөвлөлд ажиллаж байсан Ш.Ц, Д.Т, авга ах Б.Ц нар биднийг Ш.Р-ийн хүүхдүүд мөн болох тухай тодорхойлолт гаргаж өгсөн байсан. Шүүхийн төрөлжсөн архиваас шүүлгэхэд дээрхи хүмүүсийн гаргасан тодорхойлолтыг усгасан байна. Одоо эдгээр хүмүүс бүгд нас барсан байгаа. Нийгмийг аюулаас хамгаалах байгууллагын төв архивын 1990 оны 09 дүгээр сарын 13 ны өдрийн 10/1270 тоот лавлагаанд /1941 оны 11 сарын 24-ний өдөр Р-гийн гэр орныг нэгжээд хураан авсан эд зүйлүүдийг жагсаагаад, эдгээр зүйлүүдийг битүүмжлэн Ц хариуцуулан үлдээсэн байна./ Энэ нь миний эцэг эх нэг гэрт хамт амьдарч байсныг гэрчилж байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох түхай хуулийн 13-р зүйлийн 13.2.1, 13.2.2 дахь заалтын дагуу Ш.Р-ийн төрсөн охин болох Б- надад цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоос 40 сая төгрөг олгохоор шийдвэрлэн сонинд зарлагдсаны дагуу надад олгогдох нөхөн олговрыг олгож өгнө үү гэжээ.

 

Төрийг төлөөлж С- дүүргийн прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтогоо шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хэрэгт цугларсан баримтуудаар Ц.Б-ын эгч Ц.Д-ийн нас барсан эсэх талаарх Иргэний бүртгэлийн лавлагаа хэрэгт авагдаагүй байна. Энэ лавлагааг холбогдох байгууллагаас гаргуулах саналтай байна. Мөн Ц.Б- гуай болон түүний дүү н.С- нар хэлцэл хийсэн байна. Тухайн хэлцэл нь хэрэгт авагдсан. Хэрэгт итгэмжлэл гаргаж өгөөгүй байна. Тиймээс итгэмжлэлээр оролцуулах шаардлагатай гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Хардал мэргэд овогт Ц-ын Б нөхөх олговорт 40 000 000/дөчин сая/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч Ц.Б-ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдах шатны журмаар гомдол гаргаж байна. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын ажилтан н.Г-той очиж уулзахад, түүнээс: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор хуулийн дагуу 40 000 000 төгрөг олгохоор шийдвэрлэн сонинд зарлагдсан гээд надад шаардагдах баримт бичгийн жагсаалтыг өгч, 1998 онд нэг сая төгрөг нэхэмжилж авснаараа Б- нэхэмжлэл бичиж, дүү С-тайгаа хэлцэл хийхэд болно гэж хэлсний дагуу баримт бичгүүдийг бүрдүүлэн шүүхэд өгсөн. Шүүх хуралд прокурорын ажилтнаас: ... Б- гуай болон түүний дүү С- нар хэлцэл хийсэн байна. Хэрэгт итгэмжпэл гаргаж өгөөгүй байна. Иймээс итгэмжлэлээр оролцуулах шаардлагатай гэсэн. Шүүгчээс: С- мөнгө авах эсэх нь тодорхойгүй байна. Хэрвээ та 20 сая төгрөгөө нэхэмжилсэн бол авч болох байлаа гэсэн. 1998 онд нөхөн олговорын нэг сая төгрөгийг би нэхэмжлэл бичиж, дүү бид 2 хийсэн хэлцлийнхээ дагуу хуваан авч байсан. Тэр үед итгэмжлэл шаардаагүй байсан, түүний нэгэн адил гэж бодоод, дүү итгэмжлэл хийлгээгүй. Итгэмжлэл шаардлагатай бөгөөд хэлцэл хүчингүй юм бол энэ тухай шүүхийн ажилтнууд шат шатандаа, анх баримт бичгүүдийг хүлээн авахдаа болон мөн танилцах үедээ бидэнд мэдэгдээгүйд гомдож байна. Дүү С- итгэмжлэл хийлгэж, өгсөн бол бид 40 000 000 төгрөг авах байсан гэж харамсаж байна. 2018 онд ... нөхөн олговорын тухай хуулинд оруулсан өөрчлөлтийн талаар Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Я.С ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаанд хийсэн тайлбартаа: \... Цаазаар авах болон хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчдийн халуун ам бүл болох эхнэр\нөхөр\, үр хүүхдүүдэд учирсан шууд хохирол, тэдний сэтгэл санаа, амьдралын чанарт нь нөлөөлсөн сөрөг үр дагаврыг нь хожуу ч гэсэн арилгах чиглэлээр баталсан хууль юм...\ гэсэн байгаа. Мөн хуулийн 9.1 дүгээр зүйлд “Улс төрийн хилс хэрэгг хэлмэгдэгч мөн болох нь хууль ёсоор тооцогдсон этгээдэд учирсан хохирол \эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус амины эрх зөрчсөнөөс\-ыг энэ хуульд заасан үндэслэл, журам, хэмжээний дагуу нөхөх олговор хэлбэрээр нөхөн төлнө” гэж заасан байна. Гэтэл С- дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс Ш.Р- болон түүний эхнэр гэр орон сууцаа хураалгасан болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Ц.Б-д нөхөх олговорт 40 000 000 төгрөгийг олгох үндэслэлгүй гэж үзээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болголоо. Үүнийг би зөвхөн үгүйсгэх талыг баримтласан шийдвэр гэж үзэж гомдлоо гаргаж байна. Бидний эцэг Р- ямар зан чанартай хүн байсан, юуны учир баригдан хэрхэн шийтгэгдсэн, энэ хилс хэрэг манай гэр бүлийн хүмүүсийн нэр төр, сэтгэл санаа, эрүүл мэндэд машид муугаар нөлөөлөн, амьдралыг хүндрүүлэн доройтуулсан тухай товч дурдан бодит байдлыг ойлгуулахыг хичээе. Анхааралтай уншиж танилцан, үнэн байдлыг ойлгон, хүнлэг сэтгэлээр шийдвэрлэхийг хүсье. Бидний эцэг н.Р-г 1941 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 1942 оны 07 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 8 сар гаруй хорьж, мөрдөн, гүтгэгч н.Д-тай нүүрэлдүүлэх зэргээр улс төрийн хилс хэрэг хүлээлгэхийн тулд төрөл бүрийн хэрцгий арга хэрэглэн эрүүдэн шүүж, 30 гаруй удаа байцаахад” “Надад үйлдсэн эсэргүү хэрэг байхгүй” гэж эрс шулуун мэдүүлсээр байгаад, ямар ч хэрэг хүлээгээгүй боловч н.Д- нартай групплэн ... тасалсан байна. Таслан шийтгэх хуралд н.Р-гаас хэлэхдээ “н.Д-гийн удаа дараагийн ажлын дутагдлын эсрэг тэмцэж байсан учир өс хонзон санаж, гүтгэж байна. Худал хэрэг хүлээхгүй, үнэнийг хэлж байгаад үхнэ. Дайсан намайг барьж байгаад махыг тасдавч, нам засаг, өөрийн ард түмнээс урван тэрсэлсэн зүйл огт байхгүй, эсэргүү Д-д гүтгэгдэн баримтаар тулгагдаж байна” гэж хэлсэн байгаа. Бидний эцэг Р- 18 настайдаа Үйлдвэрчний Эвлэлийн түр сургуульд суралцан, улмаар ҮЭ-ийн төв зөвлөлд зааварлагч, 1932 оноос орлогч даргаар ажиллаж, ЗХУ-ын ҮЭ-үүдийн 9-р их хуралд төлөөлөгчөөр оролцож байжээ. МҮЭ-ийн Төв Зөвлөлийн дарга агсан Лхүмбийг улс төрийн хилс хэрэгт баригдсаны дараа түүний орлогч байсан Р-г тушаал буулган, ажлаас нь халж, Дотоод Яамны хяналтанд авснаар анх хэлмэгдүүлэлт эхэлсэн байдаг. Хэдэн жилийн дараа ажилд дэвшин, Сангийн яамны гаалийн хорооны ба банкны эрхлэгч, ХНХ-ны суртлын хэлтсийн эрхлэгч, Үйлдвэрийн яамны хэлтсийн дарга бөгөөд Налайхын үйлдвэрийн дарга, Улсын хэвлэлийн төв газрын дарга зэрэг ажлуудыг тасралтгүй хийж байгаад, баривчлагджээ. Аав минь залуу наснаасаа нам, улсын хариуцлагатай ажлуудыг үнэн зүтгэлээр сайн хийж байсан учир түүнийг хариуцлагатай ажилд дэвшүүлэн томилж байсан байх. Гэтэл өс хонзонгоор гүтгэсэн н.Д-гийн мэдүүлгээр хоёрдох удаагаа хэлмэгдсэн байна. Бидний аав эр зориг, бие сэтгэлийн их тэвчээр гарган хилс хэрэг хүлээлгүй, амьд үлдсэний ачаар 1947, 1948 онд дүү бид 2 төрсөн. Аав минь олон сар, жилийн эрүүдэн шүүлт, шоронгийн хүнд нөхцлийн улмаас хүндээр өвчилж, идэр залуу, ид бүтээн туурвих 37 настайдаа 1949 оны эцсээр нутагтаа очиж нас барсан. Ш.Р-г таслан шийтгэсэн 74-р тогтоолд: ... 4 жил хорьж, хөрөнгийг хураахаар тасалсан байгаа. Хэрвээ тэр үед гэр орон сууцтай байсан бол хураасан байх магадлалтай. ДЯ-ныхан хэрэгтнээс хураасан эд хөрөнгийг баримтгүйгээр завших байтугай, тогтоол шийдвэргүйгээр хүнийг зодоод алчихаж байсан цаг үе. Манай нагац ах Сэдэд 1990-ээд оны үед ярихдаа: Р- ах Хэвлэлийн төв газрын дарга байх үедээ улсын хэвлэлийн газрын хашаанд байранд суудаг байсан. Ахыг баригдсаны дараа эгч минь хэдхэн сартай нялх охин болон ээжийг дагуулан манайд ирж хамт амьдарч байсан гэж байсан. Одоо бодоход: Дарга байсан учраас албаны байранд сууж байгаад, байраа хураалгаад дүүгийндээ очсон байж магадгүй. Бидний эцэг шоронд яг 4 жил хоригдоод, 1945 оны эцсээр суллагдан гарч, ҮЭ-ийн Төв Зөвлөлд зааварлагч, Хөдөлмөрчдийн амралтын даргаар насан эцэслэтэлээ ажиллажээ. Түүнийг Дээд шүүхийн бүгд хурлын 1964.09.10-ны өдрийн 048-р тогтоолоор цагаатгасны дараа, 1964 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Прокурорын эсэргүүцэлийн хуудсанд нэмж справка бичиж, түүндээ н.Р-гийн үнэмлэхийг гардуулан өгөх эзэнгүй болсон байна. Учир нь түүний эхнэр н.Ц- 1956 онд нас барж, 2 хүүхэд нь байдаг боловч эцэгээ мэдэхгүй ба Р-гийн өөрийн төрөл төрөгсөд гэж мэдэгдэх хүн байхгүй тул ... үнэмлэхийг хэрэгт үлдээн үдэв. н.Б- 1964 оны 11 дүгээр сарын 28 гэжээ. Ингэж НАХЯ-ны ажилтан хошууч н.Б- гэгч аавыг минь нас барсаны дараа хүртэл дахин хэлмэгдүүлж, цагаатгасан үнэмлэхийг нь хүүхдүүд болон ах дүү нарт өгөлгүй нуун дарагдуулсан байсныг 30 шахам жилийн дараа бид санамсаргүй тохиолдлоор мэдэж авсан. Тэр 1964 онд үнэмлэхийг бидэнд өгсөн бол хэлмэгдлийн айдсыг үргээсэн, итгэл, урам зориг нэмсэн, нам засагтаа баярлаж талархсан сайхан үйлс болох байлаа. Энэ үед аавын төрсөн эгч, ах, дүү нар бүгд тавуулаа эсэн мэнд, том эгч болон отгон дүү нь нутагтаа мал маллаж, бусад нь Улаанбаатар хотод ажиллан амьдарч байсан. Дүү н.Б нь онц хилчин бөгөөд, хотын барилга трестэд ажиллаж байсан, түүний хүү н.Ц анхны хөдөлмөрийн баатар барилгачин байсан. ДЯ-ны хяналтанд байсан н.Р-гийн хүүхдүүд, ах дүү нарыг олж, үнэмлэхийг гардуулахад ямар ч бэрхшээл байгаагүй, зөвхөн хүнлэг сэтгэл, шударга зан, ёс зүй хошууч н.Б- гэгчид өчүүхэн ч байхгүйгээс болсон хэрэг.

Аавыг нас барснаас хойш бидний амьдрал хэрхэн доройтсон тухай.

1956 онд Нанзад баатарын гудамжинд \одоогийн Улсын их дэлгүүрийн урд\ байсан манай хашаа газарт орж, тэр үед баригдаж байсан Энх тайвны гүүрийн зүүн талд нүүн очиж, суурьшсан. Энэ оны 12-р сарын 8-нд ээж минь өвчнөөр, том эгч минь 1957.03.19-нд автомашинд дайруулж нас барсан. Бүтэн өнчирсөн биднийг 76 настай эмэг эх Цэрмаа минь асарч, тэжээгчээ алдсаны тэтгэврээр амьдарч байсан. 1958-1959 онд 2 удаа том хүний сугаар татсан их үер болж, бид өмссөн хувцастайгаа үлдэж байлаа. Энэ үеэр эмээ минь үерийн усны бохир, уушигны хатгаа өвчний улмаас бие нь муудаж, эдгэлгүй архагшсаар 1962.03.16-ны өдөр нас барж, дүү бид хоёр дахин өнчирч, 7 хүүхэдтэй нагац ахынхаа асрамжид очсон. Бидний эцэг хилс хэрэгээр олон жил хоригдон, эрүүл мэндээрээ хохирон, ид залуудаа нас бараагүй бол манай гэр бүлийн амьдрал ийнхүү доройтон сарнихгүй байсан гэж боддог. Эцгийн минь эрүүл мэнд, амь нас, манай гэр бүлийнхэний туулсан амьдралын бэрхшээл зовлонг мөнгөөр хэмжих аргагүй. 1940- өөд онд гэр сууц хураалгаагүй байгаа тухай улс орон минь хөгжин, бяр сууж буй өнөөгийн сайхан цагт ярих асуудал биш. Бидний бага нас эх орны их бүтээн байгуулалтын үе, хүмүүсийн хүн чанар, ёс суртахуун сайн байсан цаг үед таарсан азтай. Бид хоёр улс эх орондоо 30 гаруй жил хөдөлмөрлөн, одоо өндөр насны тэтгэврээр амьдарч, 72-73 наслаад байна. Миний бие залуудаа эмнэлгийн лабораторийн хортой нөхцөлд ажиллаж байснаас элэгний цирроз- хатууралтай, Дүү С- зүрхний шигдээсээр өвчилж, зүрхэндээ 2 тэлэгч гуурс тавиулсан байгаа. Бид зөвхөн тэтгэвэрийн мөнгөөрөө олон төрлийн нарийн МК1 мэтийн чухал шаардлагатай шинжилгээ хийлгэж, эмнэлгийн шуурхай чанартай үйлчилгээ авч, биеэ тордож чадахгүй байгаа. Бидний эцгийн олон дахин хэлмэгдэж хохирсон, бид халуун ам бүлийн олон хүнээсээ хагацан зовж, зүдэрсэн бодит байдлыг эрэгцүүлэн бодож, төрийн хайр хишиг болох 40 000 000 төгрөгийг бидэнд олгохыг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Б- нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн төрсөн хүүхдэд олгох нөхөх олговор 40 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдаанд төрийг төлөөлөн оролцсон прокуророос нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэсэн тайлбар гаргажээ. /хэргийн 12, 37 дугаар тал/

 

            Хэлмэгдэгч Ш.Р- нь улс төрийн хэрэгт хилсээр ял шийтгүүлж, цагаатгагдсан болох нь Улсын Дээд шүүхийн 1942 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 74 дүгээр тогтоол, БНМАУ-ын Дээд шүүхийн бүгд хурлын 1964 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн № 048 тогтоол, 1964 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн үнэмлэхийн хуулбар, Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн № 05/397 лавлагааны хуулбараар, мөн Ц.Б- нь хэлмэгдэгчийн төрсөн хүүхэд болох нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 1998 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн шийдвэрийн хуулбар, Үндэсний төв архивын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 03-4/513 дугаар лавлагааны хуулбар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 101/003162 дугаар лавлагаагаар тус тус тогтоогдсон талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

            Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Энэ хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй ... хэлмэгдэгчид дараахь нөхөх олговрыг доор дурдсанаар олгоно” гэж, 13.2.2-т “улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний ... төрсөн хүүхдэд 40 сая төгрөг” гэж, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Улс төрийн хилс хэрэгт шүүх болон түүнийг орлосон байгууллагын шийдвэрээр эрүүгийн ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/ хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан орон сууцаа хураалгуулж одоо хүртэл орон сууцгүй байгаа бол байнга оршин суугаа аймаг, нийслэлийн Засаг дарга дараалал харгалзахгүйгээр орон сууц, гэр олгоно” гэж тус тус заажээ.

 

Шүүхээс уг хэрэгт хамааралтай үйл баримтыг тодруулахын тулд нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг өөрийн санаачилгаар хийж, Нийслэлийн Архивын газраас Ц.Б-д орон сууц олгож байсан эсэх талаарх лавлагааг, мөн Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын газар, Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос хэлмэгдэгч болон түүний эхнэр гэр, орон сууцаа хураалгасан эсэх лавлагааг тус тус гаргуулан авсан байна./хэргийн 21-28 дугаар тал/

 

            Хэргийн 13-14 дүгээр талд авагдсан БНМАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах байгууллагын төв архивын 1990 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 10/1270 дугаар архивын лавлагаагаар Ш.Р- агсны гэр оронд нэгжлэг хийж үнэмлэх, цамц, дээл, малгай зэрэг эд зүйлийг хураан авч эхнэр Д.Ц-ад хариуцуулан үлдээсэн байх бөгөөд гэр, орон сууцыг хураасан талаар дурдаагүй байна.

 

            Имйд дээрх баримтуудаар хэлмэгдэгч болон түүний эхнэр гэр, орон сууцаа хураалгасан болох нь тогтоогдохгүй байх тул шүүхээс нэхэмжлэгчийн нөхөх олговорт 40 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

            Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. С- дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/00333 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д  зааснаар нэхэмжлэгч Ц.Б- нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай. .

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                           ШҮҮГЧИД                                Ч.ЦЭНД

                   

                                                                                                           С.ЭНХТӨР