Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2020/00290

 

Ц.Б-ын хүсэлттэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/00333 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 668 дугаар магадлалтай,

Ц.Б- /**47******/-ын хүсэлттэй,

Нөхөх олговор 40.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С, өмгөөлөгч Л.Б, прокурор Ш.Одонсүрэн, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Хүсэлт гаргагч Ц.Б-ын шүүхэд гаргасан хүсэлтэд: ...Цэрэннадмид овогтой Батжаргал миний аав болох Шарав овогтой Равдансамбуу нь Улсын Дээд шүүхийн 1942 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 74 дугаар тогтоолоор шүүх цаазны бичгийн тусгай ангийн 42, 43, 45-р зүйлүүдээр 4 жил хоригдох ял шийтгүүлжээ. БНМАУ-ын Дээд шүүхийн бүгд хурлын 1964 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 048 дугаар тогтоолоор уг хэрэгт холбогдолгүй болгож цагаатгасан. Улаанбаатар хотын 3-р хорооны 11-р хорин өрхийн 1947 оны бүртгэлд өрхийн тэргүүн Шарав овогтой Равдансамбуу гэж бүртгэгдсэн байна. Улаанбаатар хотын Чойбалсангийн хорооны 8-р хорины 1956 оны хүн амын бүртгэлд ...Даваагийн Цэрэннадмид, ...охин Цэрэннадмидын Батжаргал, хүү Цэрэннадмидын Сүхбаатар нарын 9 хүн бүртгэгдсэн байна. Бидний эцэг Шарав овогтой Равдансамбуугийн төрсөн эгч, ах, дүү нараас одоо эсэн мэнд байгаа хүн үгүй. Төрсөн хүүхэд болох Ц.Б-, Ц.Сүхбаатар нараас өөр хүн байхгүй болно. Бидний эцэг Равдансамбуу шоронд олсон өвчний улмаас 1949 онд идэр залуу 37 настайдаа нас барсан. Эцэг нь эсэргүү болсон биднийг сургуульд орох үед эх Цэрэннадмидаар овоглосон юм. 1998 онд нөхөн олговор авах үед аавтай хамт Үйлдвэрчний Эвлэлийн төв зөвлөлд ажиллаж байсан Ш.Цэнд, Д.Түвшин, авга ах Б.Цогоо нар биднийг Ш.Равдансамбуугийн хүүхдүүд мөн болох тухай тодорхойлолт гаргаж өгсөн байсан. Шүүхийн төрөлжсөн архиваас шүүлгэхэд дээрхи хүмүүсийн гаргасан тодорхойлолтыг устгасан байна. Одоо эдгээр хүмүүс бүгд нас барсан байгаа. Нийгмийг аюулаас хамгаалах байгууллагын төв архивын 1990 оны 09 дүгээр сарын 13 ны өдрийн 10/1270 тоот лавлагаанд /1941 оны 11 сарын 24-ний өдөр Равдансамбуугийн гэр орныг нэгжээд хураан авсан эд зүйлүүдийг жагсаагаад, эдгээр зүйлүүдийг битүүмжлэн Цэрэннадмидад хариуцуулан үлдээсэн байна./ Энэ нь миний эцэг эх нэг гэрт хамт амьдарч байсныг гэрчилж байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох түхай хуулийн 13-р зүйлийн 13.2.1, 13.2.2 дахь заалтын дагуу Ш.Равдансамбуугийн төрсөн охин болох Батжаргал надад цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоос 40 сая төгрөг олгохоор шийдвэрлэн сонинд зарлагдсаны дагуу надад олгогдох нөхөн олговрыг олгож өгнө үү гэжээ.

Төрийг төлөөлж Сүхбаатар дүүргийн прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтогоо шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ...Хэрэгт цугларсан баримтуудаар Ц.Б-ын эгч Ц.Дариймаагийн нас барсан эсэх талаарх Иргэний бүртгэлийн лавлагаа хэрэгт авагдаагүй байна. Энэ лавлагааг холбогдох байгууллагаас гаргуулах саналтай байна. Мөн Ц.Б- гуай болон түүний дүү н.Сүхбаатар нар хэлцэл хийсэн байна. Тухайн хэлцэл нь хэрэгт авагдсан. Хэрэгт итгэмжлэл гаргаж өгөөгүй байна. Тиймээс итгэмжлэлээр оролцуулах шаардлагатай гэж үзэж байна гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/00333 дугаар шийдвэрээр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Хардал мэргэд овогт Цэрэннадмидын Батжаргал/РД: ХА47031502/-ын нөхөх олговорт 40 000 000/дөчин сая/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч Ц.Б-ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 668 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/00333 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч Ц.Б- нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Л.Б-гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.2 дахь заалтад заасан нөхөх олговор олгох мөн хуулийн 23 дугаар зүйлд заасан хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгах гэсэн нэр томъёо нь хууль зүйн ялгаатай ойлголтууд бөгөөд нэхэмжлэгчээр ямар субъект оролцох, нэхэмжлэлийн шаардлага ямар байхаас хамаарч тус хуулийн 13.2 дахь хэсгийг хэрэглэх эсхүл 23 дугаар зүйлийг хэрэглэх нь тодорхойлогдох юм. Тийм ч учраас хууль тогтоогч нь нөхөх олговор олгох болон хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгах гэсэн хууль зүйн ойлголтуудыг хоёр өөр бүлэг болгон хуульчилан зохицуулсан байна. Дээрх хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт дараах 4 нөхцлийг заасан байна. Хилсээр ял шийтгүүлсэн байх; Хэлмэгдэгчийн зөвхөн эхнэр, нөхөр байх; Хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууцаа хураалгуулсан байх; Одоо хүртэл орон сууцгүй байгаа бол. Эндээс авч үзвэл Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх заалт нь улс төрийн хэрэгт хилсээр ял шийтгүүлсэн хэлмэгдэгчийн зөвхөн эхнэр /нөхөр/ нь хэлмэгдүүлэлтийн улмаас үүссэн үр дагаварыг арилгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан нөхцөлд л хэрэглэгдэх зохицуулалт юм. Тодруулбал: Шүүхээс дээрх хуулийн 23.1 дэх хэсгийг хэрэглэж болох урьдчилсан нөхцөл нь тухайн хэргийн нэхэмжлэгчээр хэлмэгдэгчийн зөвхөн эхнэр /нөхөр/ нь оролцож байх нөхцөл юм. Харин энэхүү хэргийн нэхэмжлэгчээр хэлмэгдэгчийн төрсөн охин нь хэрэг хянэн шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байдалд анхан болон давж заалдах шатны шүүхээс буруу дүгнэлт хийж хэрэглэх ёсгүй хууль зүйл, заалтыг хэрэглэсэн гэж үзэж байна. Түүнчлэн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт "...Энэ хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид дараах нөхөх олговрыг олгоно”, мөн зүйлийн 13.2.1-т “....Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, төрсөн болон үрчилж авсан хүүхдэд 80 сая төгрөг”, мөн зүйлийн 13.2.2-т “...Хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, төрсөн болон үрчилж авсан хүүхдэд 40 сая төгрөг гэж тус тус заасан байх ба хэлмэгдэгч Ш.Равдансамбуу болон түүний төрсөн охин Ц.Б- нарт өмнө нь төрөөс гэр, орон сууц олгосон тухай баримт хэрэгт авагдаагүй атал шүүхээс хөрөнгө хураалгасан баримт байхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэл болон гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Нөхөх олговор гаргуулах тухай иргэний хэрэгт хэлмэгдэгчийн эхнэр, нөхрөөс бусад этгээд /хуулийн 10.1 дэх хэсэг/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчээр оролцож буй нөхцөлд хэлмэгдэгч нь цаазаар авах болон хорих ялаар шийтгүүлсэн байхаас гадна нэмэлтээр заавал гэр, орон сууцаа хураалгуулсан байхыг шүүхээс шаардаад эхэлбэл тус хуулийн зорилт алдагдаж, хуулийн үйлчлэлд хамаарч нөхөх олговор авах боломж үгүй болж, цаашид хууль хэрэглээний буруу практик тогтох юм. Тус хуулийн үндсэн зорилт нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч мөн болох нь хууль ёсоор тооцогдсон этгээдийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус амины эрхийг нь зөрчсөнөөс үүссэн хохирлыг нөхөх олговор хэлбэрээр нөхөн төлөх /хуулийн 9.1 дэх хэсэг/ буюу улс төрийн хэрэгт хилсээр ял шийтгүүлж хэлмэгдсэн болон цагаатгагдсан нь төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон л бол хэлмэгдэгч, түүний эхнэр /нөхөр/ эдгээр нь нас барсан бол тэдгээрийн ар гэрийнхэнд хуульд заасан нөхөх олговор /80, 40 сая төгрөг/-ийг заавал олгохоор зохицуулсанд оршиж байгааг анхаарах нь зүйтэй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлд заасныг удирдлага болгон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 668 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг ханган нөхөх олговорт 40.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Ц.Б- нөхөх олговор 40.000.000 төгрөг гаргуулах хүсэлт гаргаж, үндэслэлээ, “миний аав Шарав овогтой Равдансамбуу нь улс төрийн хилс хэрэгт 4 жилийн хорих ялаар шийтгэгдсэнийг цагаатгасан, бид ээжээрээ овоглосон ба төрсөн хүүхдүүдээс ах Ц.С бид хоёроос өөр хүн байхгүй, хуульд заасны дагуу нөхөх олговор 40 сая төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор оролцож “...Ц.Б-ын эгч Ц.Дариймаагийн нас барсан эсэх талаарх лавлагаа, ах Ц.С-х нь итгэмжлэл хэрэгт байхгүй байна...” гэсэн тайлбар гаргасан байна.

Анхан шатны шүүх Ц.Б-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо, “...Шаравын Равдансамбуу болон түүний эхнэр гэр, орон сууцаа хураалгуулсан болох нь баримтаар тогтоогдоогүй байх тул нөхөх олговор ...олгох үндэслэлгүй...” гэснийг давж заалдах шатны шүүх энэхүү дүгнэлтийг зөв гэж үзэн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

1. Хууль хэрэглээний  талаар.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар “..13.2..”  гэсэн хэсэг нэмсэн бөгөөд уг хэсэгт зааснаар “...хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид... нөхөх олговор...”  олгохоор заасан байна.   

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 23.1-д “...орон сууцаа хураалгуулж одоо хүртэл орон сууцгүй байгаа бол... дараалал харгалзахгүйгээр орон сууц, гэр олгоно...” гэжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх, хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан “энэ хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй” гэсэн нөхцөлийг “хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууцаа хураалгаад одоо болтол аваагүй” гэж ойлгож хэрэглэжээ.

Хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан зохицуулалтыг нэг мөр ойлгож хэрэглэх  асуудал чухал байх тул дараах дүгнэлтийг хийлээ.

а/. Дээр дурдсан 13 дугаар зүйл нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн “...нөхөх олговор...” олгох тухай Гуравдугаар бүлэгт, харин 23 дугаар зүйл нь “...үр дагаврыг арилгах...” талаар зохицуулсан Дөрөвдүгээр бүлэгт багтсан байх бөгөөд нөхөх олговор олгох, хэлмэгдүүлэлтийн үр дагаврыг арилгах нь хоорондоо ялгаатай, өөр өөр ойлголт байна.

б/. Хууль тогтоомжийн тухай хуулийн 14, 16 дугаар зүйлийн зохицуулалтаас үзвэл, хууль санаачлагч хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсны үндсэн дээр үзэл баримтлалын төслийг боловсруулан, улмаар баталж, үзэл баримтлалд нь нийцүүлэн хууль тогтоомжийг боловсруулдаг тул хуулийн үзэл баримтлал нь тухай хуулийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэхэд ач холбогдолтой юм. Энэ шалтгаанаар  Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулийн үзэл баримтлалыг судлав. 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулийн үзэл баримтлалд “...хууль батлагдсан 1998 онд хэлмэгдсэн иргэдийн ар гэрт нэг удаагийн нөхөх олговор 1.000.000, 500.000 төгрөгийг олгох, ...хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууцаа хураалгуулсан тохиолдолд орон сууц, гэр олгохоор зааснаас өөрөөр... нөхөх олговорыг хуульчлаагүй, ...нөхөх олговорын хэмжээ өөрчлөгдөөгүй байна. ...хэлмэгдэгчдийн ар гэрийнхэн үр хүүхдүүдэд олгож буй нөхөх олговорыг тэдний амьдралын бодит нөхцөл байдал, төгрөгийн ханш, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан өөрчлөх шаардлагатай байна, ...Иймд улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ял шийтгүүлсэн, хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч болон түүний гэр бүлийн гишүүд өмнө нь орон сууц, гэр түүнтэй тэнцэх нөхөн олговор аваагүй бол хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхдэд нэмэлт нөхөх олговорыг нэг удаа олгохтой холбогдсон зохицуулалтыг нэмж тусгах...” гэжээ.

Өөрөөр хэлбэл, энэхүү хууль нь нөхөх олговрыг нэг удаа бус, харин хоёр удаа хуульд заасан үндэслэлээр олгож болох үзэл баримтлалтай байна.

в/. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсонтой холбогдуулан, нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж байсан бөгөөд үүний дагуу Үндсэн хуулийн Цэцийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дунд суудлын хуралдаан болж 27 дугаар магадлал гарсан байна.

Магадлалд  хуулийн “13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.2.,  23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийн зохицуулалтыг нэн даруй боловсронгуй болох нь зүйтэй гэж үзсэн бөгөөд уг хуралдааны тэмдэглэлд “...Улсын их хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь... 13.2-т заасан нөхцлөөр хэлмэгдэгч, түүний эхнэр /нөхөр/, эсхүл хүүхдэд нөхөх олговор дахин олгохоор хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан, харин хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар өмнө нь ямар нэгэн байдлаар орон сууц эсхүл түүнийг орлох мөнгө авсан хүмүүст дахин нөхөх олговор олгохгүй байхаар хязгаарласан...” гэсэн тайлбарыг хэлжээ.

Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанд гаргасан Улсын Их хурлын төлөөлөгчийн тайлбар нь дурдсан хуулийн үзэл баримтлалаас зөрөөгүй байна.

г/. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн зохицуулалтаас үзвэл уг хууль   “...хэлмэгдэгчдийг цагаатгах... нэр төрийг нь сэргээх... нөхөх олговор олгох... хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаварыг арилгах...” асуудлыг зохицуулах зорилготой байна. 

Хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар учирсан хохирлыг... хуульд заасан үндэслэл журам, хэмжээний дагуу нөхөх олговор хэлбэрээр нөхөн төлнө.   

Хууль анх батлагдахад хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ял шийтгүүлсэн хэлмэгдэгчийн гэр бүлийн гишүүдэд болон хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчид, хэрэв хэлмэгдэгч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүдэд нэг сая төгрөгийн, бусад хэлмэгдэгчид 500.000 төгрөгийн нөхөх олговор олгохоор, ингэхдээ хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 9 дүгээр зүйлийн 9.2-т нөхөх олговорыг нэг удаа олгоно гэж заасан байжээ.

Хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан “нөхөх олговорыг нэг удаа олгох” гэснийг хассан байх тул нөхөх олговорыг дахин олгох буюу энэ нь 13 дугаар зүйлийн 13.2-т ...40 сая болон 80 сая төгрөгийн нөхөх олговор олгох нэмэлт өөрчлөлттэй уялдаатай гэж үзэхээр байна. Иймээс хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.1, 13.2.2 гэсэн заалтууд нь “нөхөх олговор”-ын талаархи зохицуулалт байхын зэрэгцээ “гэр, орон сууцаа хураалгаж, түүний оронд орон сууц, эсхүл орлох мөнгө аваагүй байх” нөхцөл шаардаагүй байна.

д/. Дээр дурдснаас гадна хуулийн нэмэлт өөрчлөлт нь өөр 2 нөхцлийг заасан байна. Тухайлбал,

1-рт, Хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.2-т заасан нөхөх олговрыг хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд олгохоор хуульчилснаас үзэхэд 13.1-т заасан олговорыг авах эрхтэй этгээдээс ялгаатай, хязгаарлагдсан байна.

2-рт, Хуулийн 23.1-ийн дагуу орон сууц, эсхүл түүний оронд мөнгө авсан бол дахин нөхөх олговор олгохгүй гэсэн хориглолттой байна.

2. Хэргийн талаар.

Хэргийн баримтаас үзэхэд Шаравын Равдансамбууг 1941 онд улс төрийн хилс хэрэгт баривчлан, БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1942 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 26 дугаар тогтоолоор 4 жилийн хорих ялаар шийтгэснийг, Дээд шүүхийн бүгд хурлын 1964 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 048 дугаар тогтоолоор цагаатгасан бөгөөд  Цэрэннадмидын Батжаргал, Цэрэннадмидын Сүхбаатар нар хэлмэгдэгчийн төрсөн хүүхдүүд болох нь тогтоогдсон, Ц.Б- нэхэмжлэл гаргаж, мөнгийг хувааж авахаар  тэд хэлцэл хийсэн. Эдгээр үйл баримтыг хоёр шатны шүүх хуульд нийцүүлэн дүгнэжээ.

Ш.Равдансамбуу Шүүх цааз бичгийн 43, 45, 45-р зүйлээр 4 жилийн хугацаагаар шийтгэгдсэн ба эдгээр зүйлд хөрөнгийг хураах нэмэгдэл ял оногдуулна гэж заасан байна.

Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2019.01.22-ны өдрийн 05/397 тоот болон Нийгмийн аюулаас хамгаалах байгууллагын төв архивын 1990.09.13-ны өдрийн 10/1270 тоот лавлагаанд хэлмэгдэгч Ш.Равдансамбуугийн хөрөнгийн талаар, бод 40 гаруй  болохыг дурдснаас гадна гэр орныг нэгжээд 400 төгрөгийг хураан авсан гэжээ.

Хэлмэгдэгч Ш.Равдансамбуу 1945 онд суллагдаж ирээд эхнэр, хүүхдүүдийн хамт амьдарч байгаад 1949 онд , түүний эхнэр Д.Цэрэннадмид, том охин Ц.Дариймаа нар 1957 онд тус тус нас барсан гэх тул охин Ц.Б- нөхөх олговор шаардах эрхтэй байна.

Ц.Б-, Ц.Сүхбаатар нар хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийн хүрээнд орон сууц, гэр шаардах эрхтэй субъектэд хамаарахгүйгээс гадна өмнө нь орон сууц, гэр, эдгээрийг орлох мөнгөн олговор авч байсан нь тогтоогдоогүй байна.

Дурдсан үндэслэлээр хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж, хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.2-т зааснаар Ц.Б-д нөхөх олговорт 40 сая төгрөг гаргуулж, энэ талаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 668 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/00333 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2, 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар улсын төсвөөс 40.000.000 төгрөг гаргуулж Ц.Б-д олгосугай” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-т зааснаар хүсэлт гаргагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ