Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 692

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2020/00284 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Д-ийн хариуцагч “Т-” ХХК-д холбогдуулан 18 068 843 төгрөг гаргуулах иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Д- Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3-р багийн нутаг дэвсгэрт баригдаж буй “Т-” ХХК-ийн Шинэ өндөрхаан хорооллын орон сууц нь 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ашиглалтад орон сууцандаа ипотекийн 8 хувийн зээлээр захилга авна гэсний дагуу 57.36 мкв 2 өрөө орон сууцыг 51 986 800 төгрөгөөр харилцан тохиролцож орон сууцны захиалгын гэрээг 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хийсэн. Орон сууцны урьдчилгаанд 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 6 000 000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 5 000 000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 5 660 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 2 826 800 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 2 500 000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 2 000 000 төгрөг нийт 23 986 800 төгрөг буюу 46 хувийг төлсөн. Тухайн орон сууц нь 2018 оны 1 сард оршин суугчдаа оруулж эхэлсэн бөгөөд энэ үед ипотекийн зээл хэрэгжиж эхлэхгүй байснаас болж төлөлтийг бүрэн хийж чадаагүй юм. Гэвч компаниас үлдэгдэл төлбөрөө яаралтай хий гэсэн үүргийг өгсөн дагуу бид хашаа байшин, автомашин гээд бүх зүйлээ зарсан одоогоор төлбөр төлөх боломжгүй байна. 46 хувийг нь төлсөн учраас байрандаа оруулж хугацааг сунгаж өгөөч, өвлийн хүйтэнд зуны байшинд хүүхдүүд даарч зутарч хүнд байгаа талаараа компанийн удирдлагуудад удаа дараа хүсэлт тавьж байсан боловч хэл ам хийж гүйлээ гэсэн шалтгаанаар байрандаа оруулаагүй. Ипотекийн зээл угаасаа хэрэгжихгүй танай байрыг төлбөрөө гүйцэд төлнө гэсэн Ч.Ганзул гэдэг хүнд өгөхөөр болсон хурдан шилжүүл гэж дарамталсаар байгаад зөвшөөрсөн гэсэн бичгийг 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хийлгэж авсан. Тэгэхдээ тухайн компанийн ерөнхий захирал Доржмягмар удирдлага нь урьдчилгаа мөнгийг чинь 10 хувийг суутгахгүйгээр Ч.Ганзул гэдэг хүний мөнгийг орж ирэхээр нь гаргаж өгнө гэж эхнэр Энхтуяа руу маань залгаж ярьсан юм. Тэгээд мөнгө нь орж ирэхгүй байхаар нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ерөнхий захирал Доржмягмартай УБ хотод очиж уулзахад урьдчилгаанд төлсөн төлбөр чинь 1,2 хувийн хүүгийн хамт 28 504 321 төгрөг болсныг 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 14 000 000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 14 504 311 төгрөгийг буцаан төлөх бөгөөд хугацаандаа төлөөгүй тохиолдолд 1,8 хувийн хүүтэйгээр төлнө гэсэн баталгааг бичгээр гаргаж өгсөн. Гэвч 1 сарын дараа буюу 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 14 000 000 төгрөгийг эхнэр А.Энхтуяагийн дансанд шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл 14 504 311 төгрөгийг одоо хүртэл өгөөгүй байна. Энэ хугацаанд бид орох оронгүй хүүхдүүдээ дагуулж айлд амьдарч, байр түрээслэх, УБ хот руу компанийн удирдлагуудтай уулзахаар явах гээд маш их зардал гаргаж, сэтгэл санааны хүнд байдалд ороод байгаа юм. Иймээс бидний үлдэгдэл болох 14 504 311 төгрөг, хүүгийн зардал 2 088 620 төгрөг, унааны зардал 434 600 төгрөг нийт 17 024 531 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Компанийн захирал Г.Д- нь орон сууц захиалгын гэрээг цуцлах шаардлага удаа дараа тавьж тус гэрээний 4 дүгээр зүйлийн 4.9 дэх хэсэгт заасан гэрээний нийт үнийн дүнгийн 10 хувийн торгуулийг захиалагч талаас суутган авахгүй байх нөхцөлтэй харилцан тохиролцсоны дагуу 2018.06.14-ний өдөр тус гэрээг цуцлуулсан бөгөөд гэрээний мөнгийг 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2 хувааж буцааж төлөх ба хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 1,8 хувийн хүү төлөх тухай баталгааг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гаргаж өгсөн байдаг. Хугацаа хэтрүүлсний хүний төлбөр 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс хойш 1 сарын хүүгийн төлбөрт 261 077 598 төгрөг хэтрүүлсэн хугацаа 1 жил буюу 12 сарын хүүний төлбөр нийт 3 132 932 төгрөг төлөх ёстой байна. 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан нэхэмжлэлдээ хүүний төлбөрт 2,088,620 төгрөг нэхэмжилсэн ба нэхэмжлээгүй үлдсэн 1 044 312 төгрөгийг нэмж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа тул хариуцагч “Т-” ХХК-иас нийт 18 068 843 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр “Т-” ХХК-ийн Хэнтий аймаг дахь 48 айлын орон сууцанд Г.Д- нь 57.36 м.кв талбайтай 2 өрөө орон сууц захиалсан. Орон сууцны урьдчилгаа төлбөрт 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 6 000 000 төгрөг, 7 дугаар сарын 18-ны өдөр 5 000 000 төгрөг, 8 дугаар сарын 18-ны өдөр 5 660 000 төгрөг, 11 дүгээр сарын 22-ны өдөр 2 826 800 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 2 500 000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 2 000 000 төгрөг, нийт 23 986 800 төгрөгийг төлж барагдуулсан. Орон сууцны 1 м.кв талбайн үнийг 880 000 төгрөгөөр, нийт үнийг 50 476 800 төгрөгөөр харилцан тохиролцсон бөгөөд 12 дугаар сард багтааж барилгыг улсын комисс хүлээж авсан. Орон сууцыг 2017 оны 12 дугаар сард багтааж улсын комисст хүлээлгэж өгөхөөр Орон сууц захиалгын гэрээгээр тохиролцсон. 2 гэрээ хэлбэрийн хувьд өөр байгаа боловч агуулгын хувьд ижил байна. Ингээд 2018 оны 01 дүгээр сард айлуудыг орон сууцанд оруулж эхэлсэн. Энэ үеэр Г.Д-ийн зүгээс үлдсэн төлбөр болох 26 490 000 төгрөгийг орон сууцны зээлээр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Гэвч 2018 оны 06 дугаар сард н.Доржмягмар захирлыг утсаар ярихаас өмнө ямар нэгэн байдлаар зээл судлагдаж, зээлийн хэлбэрээр орон сууцны үлдэгдэл төлбөр төлөх асуудал яригдаагүй байсан. 2018 оны 06 дугаар сард “Т-” ХХК үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байсан учраас тухайн орон сууцыг чөлөөлж, иргэн н.Ганзулд худалдсан. Гэхдээ байрыг худалдахдаа Г.Д-ийн гэр бүлээс зөвшөөрөл авсан. Мөн орон сууцны урьдчилгаанд төлсөн төлбөрөөс гэрээнд заасны дагуу 10 хувийн суутгал хийхгүй гэж харилцан тохиролцсон байдаг. Анхны авсан 23 986 800 төгрөгөөс 14 000 000 төгрөг төлсөн байгааг хасаж, үлдэгдэл 9 986 800 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. 3 132 932 төгрөгийн хүүг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хүү гэдгийг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.2 дахь хэсэгт зааснаар мөнгөн зээлийг ашиглах боломжийн хариу үйлдлийг хүү гэж нэрлэхийг тайлбарласан байдаг. Хүү бол үүргийн гүйцэтгэлийг хангах арга бол биш. “Т-” ХХК нь Г.Д-оос мөнгөн зээл авсан харилцаа үүсээгүй учраас хүү төлөх үүрэг үүсээгүй гэж үзэж байна. Хэрэв талууд хүү төлөхөөр харилцан тохиролцож байгаа бол энэ талаар бичгээр гэрээ байгуулах ёстой. Талуудын хооронд мөнгөн төлбөрийн хүү төлөх ямар нэгэн Зээлийн гэрээ байхгүй. Иймээс хүү нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Замын зардлын 434 600 төгрөгийг хохирол гэж нэхэмжилж байгаа гэж ойлголоо. Энэ бензины баримтуудыг харахад “Т-” ХХК-аас болж Г.Д-ид учирсан хохирол гэж үзэх ямар ч боломж байхгүй. Өөрөөр хэлбэл яг энэ цаг хугацаанд “Т-” ХХК-тай уулзаж байгаа эсэх, дуудаж байгаа эсэх гээд ямар байдлаар хохирол үүссэн болох нь тодорхойгүй байна. Хэрэгт “Т-” ХХК-тай уулзсан, эсхүл “Т-” ХХК-иас дуудсан баримт авагдаагүй. Иймээс “Т-” ХХК-иас болж Г.Д-ид учирсан хохирол гэж үзэх ямар ч боломжгүй гэж үзэж байна. Мөн тухайн Орон сууц захиалгын гэрээ захиалагчийн буруутай үйлдлийн улмаас буюу гэрээний үүргээ биелүүлээгүйгээс цуцлагдсан. Тус гэрээний 4.8-д зааснаар орон сууцны үлдэгдэл төлбөрийг банкны зээлээр төлөх тохиолдолд гэрээ байгуулснаас хойш зээл хүссэн материалыг банкинд өгч судлуулан зээл олгохыг зөвшөөрсөн банкны шийдвэрийг гүйцэтгэгчид өгнө, 4.9-д захиалагч нь зээл хүссэн материалыг банкинд гаргаж өгч судлуулаагүй буюу зээл олгох асуудал шийдвэрлэгдэхгүй 1 сараас илүү хугацаагаар удааширсан тохиолдолд гүйцэтгэгч энэхүү гэрээнээс татгалзах эрхийг эдлэх бөгөөд ийнхүү гэрээ цуцалсан тохиолдолд байрны нийт үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний торгуулыг захиалагч гүйцэтгэгчид төлөх бөгөөд түүний төлсөн төлбөрөөс гүйцэтгэгч суутган авах эрхийг эдэлнэ. Үүний дагуу захиалагч орон сууц захиалгын гэрээнээс татгалзсан. Нэхэмжлэгч яг ямар үндэслэлээр нэхэмжилж байгаагаа тайлбарласангүй. Гэрээнээс татгалзсан үр дагаврыг нэхэмжилж байгаа гэж ойлгож байна. Тухайн гэрээнээс татгалзах үед захиалагчийн буруутай үйлдэл байсан учраас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.2-т зааснаар ямар нэгэн байдлаар хохирол нэхэмжлэх эрх үүсэхгүй. 227.1-т Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. Тэгэхээр захиалагч үүргээ гүйцэтгээгүйгээс болж гэрээнээс татгалзаж, хохирол нэхэмжилж байна. Мөн хүү тохирсон н.Доржмягмар захирлын баталгаа гаргах нь гэх гар бичмэл байгаа. Энэхүү өргөдлийг компанийг төлөөлж гаргасан гэж үзэх боломжгүй. “Тулгаконстракшн” ХХК гэрээ байгуулсан учраас хамаарахгүй. Өөрөөр хэлбэл компанийн тамга тэмдэг дарагдсан зүйл байхгүй. Иймээс 9 986 800 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Тулгаконстракшн” ХХК-иас 14 504 311 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Д-ид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 3 564 532 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 272 713 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т-” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 230 521 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Д-ид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг буюу 4 517 511 төгрөгийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Хариуцагч нь нэхэмжлэгч Г.Д-ид орон сууцны захиалгын гэрээнээс татгалзсаны үр дагаварт төлөх 23 986 800 төгрөгөөс 14 000 000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэгдэл 9 986 800 төгрөгийг буцаан төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дах хэсэгт заасныг үндэслэсэн байх боловч анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн энэхүү заалт нь талуудын хооронд үүргийн харилцаа буюу өр үүссэнийг баталгаажуулах боловч шинээр үүрэг /өр/ үүсгэх үндэслэл болохгүй юм. Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт "Мөнгөн зээлийг ашиглах боломжийн хариу үүргийг хүүгэж нэрлэнэ" гэж тодорхойлсон ба талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн тохиолдолд хүү төлөх хариу үүрэг үүсэхээр тайлбарласан байна. Гэтэл нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд ямар нэгэн зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байтал шүүх хүү төлөх үүрэгтэй мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас хангаж шийдвэрлэсэн 14 504 311 төгрөгөөс үндэслэлгүйгээр хүү гаргуулан, хууль буруу тайлбарлан хангаж шийдвэрлэсэн 4 517 511 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй боловч талуудын маргаанд хамааралтай Иргэний хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой байна.

 

            Нэхэмжлэгч Г.Д- нь хариуцагч “Т-” ХХК-д холбогдуулан 17 024 531 төгрөг гаргуулахаар шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 1 044 312 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 18 068 843 төгрөг гаргуулахаар шаардсанаас, хариуцагч 9 986 800 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

            Талуудын хооронд 2017 оны 5 дугаар сарын 08-ний өдөр Орон сууц захиалгын гэх нэртэй гэрээ байгуулагдаж, гүйцэтгэгч “Т-” ХХК нь Хэнтий аймгийн 48 айлын орон сууцны байрны 2 дугаар орцны 1 давхарын 57.36 м.кв орон сууцыг барьж гүйцэтгэн хүлээлгэн өгөх, захиалагч Б.Дагдандорж нь 51 986 800 төгрөг төлөхөөр харилцан үүрэг хүлээсэн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан гэрээгээр тогтоогдож байна./хэргийн 5-9, 89-91 дүгээр тал/

 

            Шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь буруу болжээ.

 

            Учир нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулга, шинж байдал, хүлээсэн үүргийн шинж чанараас үзэхэд нэг тал нь орон сууцыг шилжүүлэн өгөх, нөгөө тал тохиролцсон төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

 

            Нэхэмжлэгчээс орон сууцны урьдчилгаанд 23 986 800 төгрөг төлсөн, уг орон сууцыг гуравдагч этгээдэд шилжүүлж, тэдний хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ цуцлагдаж, хариуцагч нь нэхэмжлэгчид орон сууцны урьдчилгаанд төлсөн төлбөрөөс 14 000 000 төгрөгийг буцааж өгсөн зэрэг үйл баримтын талаар талууд маргаагүй байна. /хэргийн 12, 85-86 дугаар тал/

            Хэрэгт хариуцагч “Тулгаконстракшн” ХХК-ийн захирал Доржмягмарын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөр огноологдсон, баталгаа гаргах тухай гэсэн гар бичмэл баримтад, “Хэнтий аймгийн Шинэ Өндөрхаан хорооллын 48 айлын орон сууцны 16-н тоотын захиалагч Дагдандорж захиалгын 28 504 321 төгрөг 1.2 хувь хүүгийн хамт болсныг 2018-11-25нд 14 000 000, 2018-12-25-нд 14 504 311 төгрөгийг буцаан төлөлт хийх бөгөөд хугацаандаа төлөгдөөгүй тохиолдолд хүүг 1.8 хувиар бодох болно” гэжээ. /хэргийн 15 дугаар тал/ Хэдийгээр уг баримтад хуулийн этгээдийн тамга, тэмдэг дарагдаагүй байх боловч эрх бүхий этгээд болох хариуцагчийн төлөөлөгч гарын үсгээ зурж, нэхэмжлэгчийн орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн мөнгийг 1.2 хувийн хүүгийн хамт нийт 28 504 321 төгрөг төлөхөө илэрхийлж хэлцэл хийсэн нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн мөнгөө шаардах эрхтэй байна.

 

            Хариуцагчийн дээрх хүсэл зоригийн илэрхийллийн агуулгаас үзэхэд гэрээний үүргийг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-д зааснаар өмнөх үүргийг өөр үүргээр сольж дуусгавар болгосон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүхээс үүнийг тодорхойлох боломжгүй ба 1.8 хувийн хүүг өдөр эсхүл сар, жилийн хүү гэж үзэж илэрхийлсэн эсэх нь тодорхойгүй гэж үзэж, баримт үйлдсэнээс хойш тооцсон хүү 3 132 932 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

            Мөн хариуцагч гэрээний үүргээ гүйцэтгээгүйн улмаас нэхэмжлэгчээс 434 600 төгрөгийн унааны зардал гарсан гэх боловч хэрэгт авагдсан шатахууны баримтууд нь зохигчдын хоорондын маргааны улмаас түүнд хохирол учирсныг эргэлзээгүй нотлох баримтад тооцогдохгүй гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

            Харин шүүхээс Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт гэрээ цуцалсантай холбоотой гэрээнээс учирсан хохирлыг гаргуулах хууль зүйн үндэслэлийг тодорхойлсон, хуулийн нарийвчилсан зохицуулалтыг хэрэглэлгүй, үүрэг гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхийг зохицуулсан Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг хэрэглэсэн нь буруу болжээ. Өөрөөр хэлбэл, гэрээ цуцлагдсантай холбоотой учирсан хохирлыг шаардах эрхийг зохицуулсан заалтыг хэрэглэх юм.

 

            Иймд хариуцагч “Тулгаконстракшн” ХХК-иас 14 504 311 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Д-ид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 3 564 532 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2020/00284 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Тулгаконстракшн” ХХК-аас 14 504 311 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Д-ид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 3 564 532 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87 231 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                       ШҮҮГЧИД                                  Ч.ЦЭНД

 

                                                С.ЭНХТӨР