Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2020/0284

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 15 өдөр                                   

     Дугаар 101/ШШ2020/00284

Улаанбаатар хот

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн, 0000 регистрийн дугаартай, Хэнтий аймаг, Хэрлэн сум, 0-р баг, Өргөө 0 тоотод оршин суух, Н0н овогт Г0н Дийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын хуулийн этгээд 000 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 00-р хороо, 00-р хороолол 0-р байранд оршин байх “Т” ХХК-нд холбогдох,

18,068,843 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхтуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батцэрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Билгүүн, гэрч Н.Бундгаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Г.Биндэръяа нар оролцов.

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.Д Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3-р багийн нутаг дэвсгэрт баригдаж буй “Т” ХХК-ийн Шинэ өндөрхаан хорооллын орон сууц нь 2017 оны 11 дүгээр сарын 1-нд ашиглалтад орон сууцандаа ипотекийн 8 хувийн зээлээр захилга авна гэсний дагуу 57,36 мкв 2 өрөө орон сууцыг 51,986,800 төгрөгөөр харилцан тохиролцож орон сууцны захиалгын гэрээг 2017 оны 5 дугаар сарын 8-нд хийсэн. Орон сууцны урьдчилгаанд 2017.5.10-нд 6,000,000 төгрөг, 2017.7.18-нд 5,000,000 төгрөг, 2017.8.18-нд 5,660,00 төгрөг, 2017.11.22-нд 2,826,800 төгрөг, 2018.1.4-нд 2,500,000 төгрөг, 2018.1.31-нд 2,000,000 төгрөг нийт 23,986,800 төгрөг буюу 46 хувийг төлсөн. Тухайн орон сууц нь 2018 оны 1 сард оршин суугчдаа оруулж эхэлсэн бөгөөд энэ үед ипотекийн зээл хэрэгжиж эхлэхгүй байснаас болж төлөлтийг бүрэн хийж чадаагүй юм. Гэвч компаниас үлдэгдэл төлбөрөө яаралтай хий гэсэн үүргийг өгсөн дагуу бид хашаа байшин, автомашин гээд бүх зүйлээ зарсан одоогоор төлбөр төлөх боломжгүй байна. 46 хувийг нь төлсөн учраас байрандаа оруулж хугацааг сунгаж өгөөч, өвлийн хүйтэнд зуны байшинд хүүхдүүд даарч зутарч хүнд байгаа талаараа компанийн удирдлагуудад удаа дараа хүсэлт тавьж байсан боловч хэл ам хийж гүйлээ гэсэн шалтгаанаар байрандаа оруулаагүй. Ипотекийн зээл угаасаа хэрэгжихгүй танай байрыг төлбөрөө гүйцэд төлнө гэсэн Ч.Ганзул гэдэг хүнд өгөхөөр болсон хурдан шилжүүл гэж дарамталсаар байгаад зөвшөөрсөн гэсэн бичгийг 2018.6.14-нд хийлгэж авсан. Тэгэхдээ тухайн компанийн ерөнхий захирал Доржмягмар удирдлага нь урьдчилгаа мөнгийг чинь 10 хувийг суутгахгүйгээр Ч.Ганзул гэдэг хүний мөнгийг орж ирэхээр нь гаргаж өгнө гэж эхнэр Энхтуяа руу маань залгаж ярьсан юм. Тэгээд мөнгө нь орж ирэхгүй байхаар нь 2018.10.22-нд ерөнхий захирал Доржмягмартай УБ хотод очиж уулзахад урьдчилгаанд төлсөн төлбөр чинь 1,2 хувийн хүүгийн хамт 28,504,321 төгрөг болсныг 2018.11.25-нд 14,000,000 төгрөг, 2018.12.25-нд 14,504,311 төгрөгийг буцаан төлөх бөгөөд хугацаандаа төлөөгүй тохиолдолд 1,8 хувийн хүүтэйгээр төлнө гэсэн баталгааг бичгээр гаргаж өгсөн. Гэвч 1 сарын дараа буюу 2018.12.24-нд 14,000,000 төгрөгийг эхнэр А.Энхтуяагийн дансанд шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл 14,504,311 төгрөгийг одоо хүртэл өгөөгүй байна. Энэ хугацаанд бид орох оронгүй хүүхдүүдээ дагуулж айлд амьдарч, байр түрээслэх, УБ хот руу компанийн удирдлагуудтай уулзахаар явах гээд маш их зардал гаргаж, сэтгэл санааны хүнд байдалд ороод байгаа юм. Иймээс бидний үлдэгдэл болох 14,504,311 төгрөг, хүүгийн зардал 2,088,620 төгрөг, унааны зардал 434,600 төгрөг нийт 17,024,531 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

Компанийн захирал Г.Доржмягмар нь орон сууц захиалгын гэрээг цуцлах шаардлага удаа дараа тавьж тус гэрээний 4 дүгээр зүйлийн 4.9 дэх хэсэгт заасан  гэрээний нийт үнийн дүнгийн 10 хувийн торгуулийг захиалагч талаас суутган авахгүй байх нөхцөлтэй харилцан тохиролцсоны дагуу 2018.06.14-ний өдөр тус гэрээг цуцлуулсан бөгөөд гэрээний мөнгийг 2018.11.25-2018.12.25-ны өдөр 2  хувааж буцааж төлөх ба хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 1,8  хувийн хүү төлөх тухай баталгааг 2018.10.22-ны өдөр гаргаж өгсөн байдаг. Хугацаа хэтрүүлсний хүний төлбөр 2018.12.25-ны өдрөөс хойш 1 сарын хүүгийн төлбөрт 261,077,598 төгрөг хэтрүүлсэн хугацаа 1 жил буюу 12 сарын хүүний төлбөр нийт 3,132,932 төгрөг төлөх ёстой байна. 2019.09.04-ний өдөр гаргасан нэхэмжлэлдээ хүүний төлбөрт 2,088,620 төгрөг нэхэмжилсэн ба нэхэмжлээгүй үлдсэн 1,044,312 төгрөгийг нэмж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа тул хариуцагч “Т” ХХК-иас нийт 18,068,843 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “Т” ХХК-ийн Хэнтий аймаг дахь 48 айлын орон сууцанд Г.Д нь 57.36 м.кв талбайтай 2 өрөө орон сууц захиалсан. Орон сууцны урьдчилгаа төлбөрт 2017 оны 05 дугаар сарын 10-нд 6,000,000 төгрөг, 07 дугаар сарын 18-нд 5,000,000 төгрөг, 08 дугаар сарын 18-нд 5,660,000 төгрөг, 11 дүгээр сарын 22-нд 2,826,800 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 04-нд 2,500,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 2,000,000 төгрөг, нийт 23,986,800 төгрөгийг төлж барагдуулсан. Орон сууцны 1 м.кв талбайн үнийг 880,000 төгрөгөөр, нийт үнийг 50,476,800 төгрөгөөр харилцан тохиролцсон бөгөөд 12 дугаар сард багтааж барилгыг улсын комисс хүлээж авсан. Орон сууцыг 2017 оны 12 дугаар сард багтааж улсын комисст хүлээлгэж өгөхөөр Орон сууц захиалгын гэрээгээр тохиролцсон. 2 гэрээ хэлбэрийн хувьд өөр байгаа боловч агуулгын хувьд ижил байна. Ингээд 2018 оны 01 дүгээр сард айлуудыг орон сууцанд оруулж эхэлсэн. Энэ үеэр Г.Дийн зүгээс үлдсэн төлбөр болох 26,490,000 төгрөгийг орон сууцны зээлээр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Гэвч 2018 оны 06 дугаар сард н.Доржмягмар захирлыг утсаар ярихаас өмнө ямар нэгэн байдлаар зээл судлагдаж, зээлийн хэлбэрээр орон сууцны үлдэгдэл төлбөр төлөх асуудал яригдаагүй байсан. 2018 оны 06 дугаар сард “Т” ХХК үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байсан учраас тухайн орон сууцыг чөлөөлж, иргэн н.Ганзулд худалдсан. Гэхдээ байрыг худалдахдаа Г.Дийн гэр бүлээс зөвшөөрөл авсан. Мөн орон сууцны урьдчилгаанд төлсөн төлбөрөөс гэрээнд заасны дагуу 10 хувийн суутгал хийхгүй гэж харилцан тохиролцсон байдаг. Анхны авсан 23,986,800 төгрөгөөс 14,000,000 төгрөг төлсөн байгааг хасаж, үлдэгдэл 9,986,800 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. 3,132,932 төгрөгийн хүүг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хүү гэдгийг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.2 дахь хэсэгт зааснаар мөнгөн зээлийг ашиглах боломжийн хариу үйлдлийг хүү гэж нэрлэхийг тайлбарласан байдаг. Хүү бол үүргийн гүйцэтгэлийг хангах арга бол биш. “Т” ХХК нь Г.Доос мөнгөн зээл авсан харилцаа үүсээгүй учраас хүү төлөх үүрэг үүсээгүй гэж үзэж байна. Хэрэв талууд хүү төлөхөөр харилцан тохиролцож байгаа бол энэ талаар бичгээр гэрээ байгуулах ёстой. Талуудын хооронд мөнгөн төлбөрийн хүү төлөх ямар нэгэн Зээлийн гэрээ байхгүй. Иймээс хүү нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Замын зардлын 434,600 төгрөгийг хохирол гэж нэхэмжилж байгаа гэж ойлголоо. Энэ бензины баримтуудыг харахад “Т” ХХК-иас болж  Г.Дид учирсан хохирол гэж үзэх ямар ч боломж байхгүй. Өөрөөр хэлбэл яг энэ цаг хугацаанд “Т” ХХК-тай уулзаж байгаа эсэх, дуудаж  байгаа эсэх гээд ямар байдлаар хохирол үүссэн болох нь тодорхойгүй байна. Хэрэгт “Т” ХХК-тай уулзсан, эсхүл “Т” ХХК-иас дуудсан баримт авагдаагүй. Иймээс “Т” ХХК-иас болж Г.Дид учирсан хохирол гэж үзэх ямар ч боломжгүй гэж үзэж байна. Мөн тухайн Орон сууц захиалгын гэрээ захиалагчийн буруутай үйлдлийн улмаас буюу гэрээний үүргээ биелүүлээгүйгээс цуцлагдсан. Тус гэрээний 4.8-д зааснаар орон сууцны үлдэгдэл төлбөрийг банкны зээлээр төлөх тохиолдолд гэрээ байгуулснаас хойш зээл хүссэн материалыг банканд өгч судлуулан зээл олгохыг зөвшөөрсөн банкны шийдвэрийг гүйцэтгэгчид өгнө, 4.9-д захиалагч нь зээл хүссэн материалыг банканд гаргаж өгч судлуулаагүй буюу зээл олгох асуудал шийдвэрлэгдэхгүй 1 сараас илүү хугацаагаар удааширсан тохиолдолд гүйцэтгэгч энэхүү гэрээнээс татгалзах эрхийг эдлэх бөгөөд ийнхүү гэрээ цуцалсан тохиолдолд байрны нийт үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг захиалагч гүйцэтгэгчид төлөх бөгөөд түүний төлсөн төлбөрөөс гүйцэтгэгч суутган авах эрхийг эдэлнэ. Үүний дагуу захиалагч орон сууц захиалгын гэрээнээс татгалзсан. Нэхэмжлэгч яг ямар үндэслэлээр нэхэмжилж байгаагаа тайлбарласангүй. Гэрээнээс татгалзсан үр дагаврыг нэхэмжилж байгаа гэж ойлгож байна. Тухайн гэрээнээс татгалзах үед захиалагчийн буруутай үйлдэл байсан учраас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.2-т зааснаар ямар нэгэн байдлаар хохирол нэхэмжлэх эрх үүсэхгүй. 227.1-т Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. Тэгэхээр захиалагч үүргээ гүйцэтгээгүйгээс болж гэрээнээс татгалзаж, хохирол нэхэмжилж байна. Мөн хүү тохирсон н.Доржмягмар захирлын баталгаа гаргах нь гэх гар бичмэл байгаа. Энэхүү өргөдлийг компанийг төлөөлж гаргасан гэж үзэх боломжгүй. “Т” ХХК гэрээ байгуулсан учраас хамаарахгүй. Өөрөөр хэлбэл компанийн тамга тэмдэг дарагдсан зүйл байхгүй. Иймээс 9,986,800 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                   

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Д нь хариуцагч “Т” ХХК-нд холбогдуулан 17,024,531 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэлийн шаардлагаа 1,044,312  төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 18,068,843 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 9,986,800 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг “... 2017 оны 5 дугаар сарын 08-ний өдрийн орон сууц захиалгын гэрээ”-ний дагуу хангуулна” гэж тодорхойлсон.

Хэрэгт хариуцагч хуулийн этгээдийг төлөөлж Н.Бундагаа болон Т.Баярмаа нар нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан 2017 оны 5 дугаар сарын 08-ний өдрийн “Орон сууц захиалгын гэрээ” тус тус авагдсан байх боловч эдгээр гэрээнүүдэд талуудын илэрхийлсэн хүсэл зориг, агуулгын хувьд талууд маргахгүй байна. /х.х-ийн 5-9, 89-91 дэх талд/

Зохигч талуудын хооронд 2017 оны 5 дугаар сарын 08-ний өдөр “Орон сууц захиалгын гэрээ” байгуулагдсан байх ба уг гэрээгээр гүйцэтгэгч “Т” ХХК нь Хэнтий аймгийн 48 айлын орон сууцны байрны 2 дугаар орцны 1 давхрын 57.36 м.кв орон сууцыг барьж гүйцэтгэн хүлээлгэн өгөх, захиалагч Б.Д нь ажлын хөлс төлөхөөр харилцан үүрэг хүлээсэн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан тус гэрээний хуулбараар тус тус тогтоогдож байна.

Тухайн гэрээнд талуудын илэрхийлсэн хүсэл зориг, агуулга болон талууд уг гэрээг байгуулж байх тухайн цаг хугацаанд гэрээний зүйл болох 57.36 м.кв талбайтай 2 өрөө орон сууц бодитоор бий болоогүй, хариуцагч шинээр барьж гүйцэтгэхээр хүсэл зоригоо харилцан илэрхийлсэн байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан “ажил гүйцэтгэх гэрээ”-ний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зохицуулсан.

Ажил гүйцэтгэгч тал буюу хариуцагч тус орон сууцны 1 м.кв-ийг 880,000 төгрөг, нийт 50,476,800 төгрөгөөр барьж гүйцэтгэхээр тохиролцсон байх ба нэхэмжлэгчээс орон сууцны урьдчилгаанд 23,986,800 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байхаас гадна хариуцагч энэ үйл баримтын талаар маргахгүй байна. /х.х-ийн 16-19 дэх талд/

Нэхэмжлэгч буюу захиалагч гэрээгээр хүлээсэн үнэ төлөх үүргээ биелүүлэх боломжгүй улмаас гүйцэтгэгч талын санаачилгаар талууд харилцан тохиролцож гэрээг цуцалж, гэрээний зүйлийг гүйцэтгэгч нь бусдад худалдсан болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 12, 85-86  дахь талд/

Өөрөөр хэлбэл, гэрээний аль нэг талын үүргийн зөрчлийн улмаас бус талууд гэрээг харилцан тохиролцож цуцалсан байх ба хариуцагч нь нэхэмжлэгчид орон сууцны урьдчилгаанд төлсөн төлбөрөөс 14,000,000 төгрөгийг буцааж өгсөн байх ба талууд энэ талаар маргахгүй байна.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар гэрээ биелэгдээгүй улмаас гэрээний оролцогч талууд өгсөн авсан зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн мөнгөө шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээний дагуу орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн мөнгийг 1.2 хувийн хүүгийн хамт нийт 28,504,321 төгрөг төлнө гэсэн баталгааны дагуу хариуцагчийн төлсөн 14,000,000 төгрөгийг хасч, үлдэх 14,504,311 төгрөг, мөн хугацаандаа төлөөгүй тохиолдолд 1.8 хувийн хүүтэйгээр буцаан  төлнө гэж тохиролцсоны дагуу хүү 3,132,932 төгрөг, гэрээний үүргээ гүйцэтгээгүй улмаас нэхэмжлэгчээс гарсан унааны зардалд 434,600 төгрөгийг тус тус гаргуулна гэж тайлбарласан.

Хэрэгт хариуцагч “Т” ХХК-ийн захирал Доржмягмараас 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гараар бичсэн баталгаа гаргах тухай баримт авагдсан байх ба уг баримтад “Хэнтий аймгийн Шинэ Өндөрхаан хорооллын 48 айлын орон сууцны 16-н тоотын захиалагч Д захиалгын 28,504,321 төгрөг 1.2 хувь хүүгийн хамт болсныг 2018-11-25нд 14,000,000, 2018-12-25-нд 14,504,311 төгрөгийг буцаан төлөлт хийх бөгөөд хугацаандаа төлөгдөөгүй тохиолдолд хүүг 1.8 хувиар бодох болно” гэжээ. /х.х-ийн 15 дахь талд/

Хариуцагч нь тус албан бичигт хуулийн этгээдийн тамга, тэмдэг дарагдаагүй хууль ёсны баримт биш байх тул тус баримтад дурдсан хүүг төлөх үндэслэлгүй гэж маргасан.

Хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээдийн илэрхийлсэн хүсэл зоригийг тамга, тэмдэг дарагдаагүй үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй бөгөөд харин тухайн хүсэл зоригийн илэрхийлэл, агуулга нь хуульд нийцэж байгаа эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй.

Тус баримтын агуулгаас үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчийн төлсөн орон сууцны урьдчилгаа төлбөрийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны дотор төлөхдөө 1.2 хувийн хүүтэйгээр, уг хугацааг хэтрүүлсэн тохиолдолд үлдэгдэл мөнгийг 1.8 хувийн хүүтэйгээр төлөх талаар хоёр өөр агуулгыг илэрхийлсэн байна.

Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт “Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй” гэж зохицуулсан.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нэгэнт 1.2 хувийн хүүгийн хамт төлөхөө илэрхийлж, тус хүсэл зоригийг хэрэгжүүлсэн байх тул тус хүсэл зоригийг хүчин төгөлдөр гэж үзнэ.

Түүнчлэн, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан нөхцөл болох “... түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж зохицуулсантай тус хүсэл зориг нийцэж байх тул хариуцагчаас орон сууцны урьдчилгаа төлбөрт төлөх үлдэгдэл 14,504,311 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Уг албан бичигт дурдсанаар “хугацаандаа төлөгдөөгүй тохиолдолд хүүг 1.8 хувиар бодох болно” гэсний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас 14,504,311 төгрөгийн хүүнд 3,132,932 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна”, 43.4 дэх хэсэгт “Хэлцлийн агуулгыг тодорхойлох боломжгүй бол уг хэлцлийг хийгдээгүйд тооцно” гэж зохицуулсан бөгөөд хариуцагчийн илэрхийлсэн тус хүсэл зоригийн илэрхийллийн агуулгыг тодорхойлох боломжгүй байна гэж үзэв.

Тодруулбал, 1.8 хувийн хүүг өдөр эсхүл сар, жилийн хүү гэж үзэж илэрхийлсэн эсэх нь тодорхойгүй байх тул тус шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан.

Нэхэмжлэгч нь хариуцагчтай уулзахаар Хэнтий аймгаас Улаанбаатар хотруу ирж, буцахад зарцуулсан шатахууны зардалд 434,600 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд тус шаардлагаа нотолж ирүүлсэн баримтуудаар нэхэмжлэгчид ийнхүү хохирол учирсан гэж шууд эргэлзээгүй дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна. /х.х-ийн 20-22 дахь талд/

Дурдсан үндэслэлүүдээр, хариуцагч “Т” ХХК-иас 14,504,311 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Дид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 3,564,532 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Талууд гэрээний аль нэг тал үүргийн зөрчил гаргасан эсэх талаар маргаагүй тул нэхэмжлэгчээс хариуцагч ипотекийн зээлд хамруулна гэсэнтэй холбоотой баримт болон хариуцагч орон сууцыг хугацаандаа барьж гүйцэтгэсэн эсэхтэй холбоотой баримтуудад тусгайлан дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Т” ХХК-иас 14,504,311 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Дид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 3,564,532 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 272,713 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид  230,521 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Дид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа  өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ЭНХЖАРГАЛ