Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 330

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж,

нарийн бичгийн дарга Л.Содномдорж,

улсын яллагч С.Болорчулуун,

шүүгдэгч Н.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт Н-ийн Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 1710005670184 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1979 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Төв аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникийн слесарь мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 05 дугаар хороо, ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Н-ийн Д.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Яллагдагч Н.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 09 дүгээр хороо, ********** тоотод өөрийн эхнэр Д.С-ыг цохиж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Н.Д: “...Мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм хэрэг хийхгүй, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Д.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 09 дүгээр сарын 21-ний орой 20 цагийн үед нөхөр Н.Д гэртээ согтуу ирээд манай аав Д-тэй нэг шил архи хувааж уусан. Н.Д манай аавтай нэг их дотно байдаггүй. Тэгээд тэр орой аавтай маань дотносох гэж нэг шил архи хувааж уусан. Аав нэг их уугаагүй гэртээ ороод унтсан, харин нөхөр Н.Д нилээн согтчихсон намайг юм дуугарахгүй байна гээд хэл амаар доромжлоод  худалдаж авсан байрны сард төлөх төлбөрийг чинь төлж чадахгүй яаж 20 жил төлөх юм бэ?, үр хүүхэддээ болон өөрсөддөө ч хувцас авч өгч чадахгүй насаараа өртэй явах юм байна гэж орилж хашгираад миний гарыг мушгиж байгаад зүүн талын нүүр рүү цохьсон. Тэгэхээр нь би эцэг, эхдээ хэлээд цагдаад хандсан. ...Одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” /хх-ийн 20-23/ гэсэн,

 

Шүүгдэгч Н.Д мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хөдөө ажиллаж байгаад 700.000 төгрөгний цалинтай ирээд бүгдийг нь эхнэр Д.С-т өгсөн. Машиндаа засвар хийлгэх гэсэн юм гээд эхнэр Д.С-аас 400.000 төгрөг өгчих гэхэд байрны лизингээ төлнө гээд өгөөгүй. Мөн би байрны лизингийг нь төлөөд хадмын хажуу талын амбаарт амьдарна гэхэд дургүйцэж байсан. Би 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн байрандаа буюу Д.С-ын ахынд очиход надад хоол хийж өгдөггүй хүн чинь төрсөн ахдаа хоол хийгээд байхаар нь явья гээд аваад гарсан. Маргааш нь буюу 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр би гэрээсээ гарч яваад найзтайгаа архи уугаад, орой 20 цагийн үед согтуу орж ирээд хадам эцэг Д-тэй дахин нэг шил архи хувааж уучихаад эхнэр Д.С-т агсам тавьж түүнийг цохисон...” /хх-ийн 35-36/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн №12198 тоот дүгнэлт: “...Дүгнэлт: 1. Д.С-ын биед баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, зүүн гарын 4-р хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун гуяны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

                   2.4 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

                   3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                   4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...”  /хх-ийн 30/ гэсэн дүгнэлт,

 

                   - Шүүгдэгч Н.Д-ын иргэний үнэмлэхийн хуулбар, ял шалгах хуудас  /хх-ийн 37,43/ зэрэг болно.  

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

Шүүгдэгч Н.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 09 дүгээр хороо, ********** тоотод өөрийн эхнэр Д.С-ыг цохиж, түүний эрүүл мэндэд “баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, зүүн гарын 4-р хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун гуяны цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.С-ын мэдүүлэг,  шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12198 тоот дүгнэлт, шүүгдэгч Н.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Д-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Н.Д нь гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн,  хохирогч Д.С нь шүүгдэгчтэй сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тухай хүсэлтээ илэрхийлсэн байна. /хх-ийн 56/

 

Иймд шүүгдэгч Н.Д-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчаас гаргасан саналын хүрээнд шүүгдэгчид торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв. 

 

Эрүүгийн 1710005670184 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

      

1. Шүүгдэгч Б овогт Н-ийн Д-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д-т 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Н.Д-т оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 1710005670184 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Д-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                                  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Д.АЛТАНЖИГҮҮР