Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 40

 

 

 

 

 

 

 

 

 

 

    Т.Ш, Э.Г нарт холбогдох

      эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                             

            прокурор Б.Баярхүү,

            шүүгдэгч Т.Шын өмгөөлөгч Ж.Нарантуяа,

            шүүгдэгч Э.Гийн өмгөөлөгч Д.Ганхуяг,

            нарийн бичгийн дарга И.Буманбаяр нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 331 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Баярхүүгийн бичсэн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 44 дүгээр улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Т.Ш, Э.Г нарт холбогдох 201726030064 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

1. Боржигон овгийн Таваанаагийн Т.Ш, Төв аймгийн Зуунмод суманд 1983 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн 19-249 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: УЕ83040111/

 

2. Чинус боржигон овгийн Энхбаярын Э.Г, Улаанбаатар хотод 1974 оны 6 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1; Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 20-690 тоотод оршин суух албан ёсны хаягтай,

1994 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,

1997 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2, 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим болох 6 сарыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоосон,

1998 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1, 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 4 жил 6 сарын хугацаагаар тогтоосон,

2000 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлд зааснаар 6 сар хорих ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялаас 1 жил 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 1 жил 7 сарын хугацаагаар тогтоосон, 2001 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

2002 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 2, 224 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, 2004 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

2006 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 14 жил хорих ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хассан, 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг баримтлан 1 жилийн хорих ялыг өршөөн хасч, 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан. /регистрийн дугаар: ШЗ74062877/

 

 Т.Ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 1 дүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө 05 цагийн орчим Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, “Марал” зочид буудалд Э.Гтой бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж, тус буудалд амарч байсан Д.Гт хүч хэрэглэн нүүр рүү нь шилэн аяга шидэж, түүний биед хамар ясны хугарал, хамрын нуруу, дээд доод уруулд шарх, баруун хацарт шарх, баруун нүдний алимны салстад шарх, баруун нүдний алимны салстад цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

 

Э.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 1 дүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө 05 цагийн орчим Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, “Марал” зочид буудалд Т.Штай бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж, тус буудалд амарч байсан Д.Гт хүч хэрэглэн түүнийг шалтаг шалтгаангүйгээр гараараа цохиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, “Төрийн банк”-ны 2 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг гэрэл зургийн газарт Ш.Алтанцэцэгийн эзэмшлийн “HUIWAI P9 Lite” загварын гар утсыг хулгайлан авч 670,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас Т.Шын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Э.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж,

Э.Гийг бусдын эд хөрөнгийг хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

прокуророос Т.Ш, Э.Г нарт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж,

Т.Ш, Э.Г нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Т.Ш, Э.Г нарт тус бүр 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдэж, шүүгдэгч Э.Гийн цагдан хоригдсон 116 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож ял эдэлсэнд тооцож, шүүгдэгч Э.Г нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Т.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Д.Г нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Т.Шаас нэхэмжлэх эрхтэйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг “СД”-ийг хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Баярхүү бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх Т.Ш, Э.Г нарт холбогдох шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, шүүгдэгч нарт ял завших боломжийг олгосон байна.

1. Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсэн заалтыг баримтлан Э.Гийн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Төрийн банк”-ны 2-р давхарт үйл ажиллагаа явуулдаг гэрэл зургийн газарт иргэн Ш.Алтанцэцэгийн “HUIWAI P9 Lite” загварын гар утас хулгайлан 670,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байхад Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэг болгон үндэслэлгүй өөрчилж хэргийг шийдвэрлэн, ял завшуулсан.

2. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Т.Ш, Э.Г нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 1 дүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө 05 цагийн орчим Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Марал” зочид буудалд нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, тус буудалд амарч байсан Д.Гт хүч хэрэглэн түүний нүүр рүү шилэн аяга шидэж, биед нь хөнгөн хохирол учруулж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон байхад хохирогч Д.Г болон Н.Ариунбаяр, Б.Энхмэнд, С.Энхболд нарын мэдүүлэгт бодитой дүгнэлт хийлгүйгээр “2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 05 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, “Марал” зочид буудалд олон нийтийн амгалан тайван байдал болон зочид буудлын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан байдал тогтоогдохгүй” гэж үндэслэлгүй дүгнэн Т.Ш, Э.Г нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилж, хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг шүүхийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр улсын  яллагчийн эсэргүүцэл бичив.” гэв.

 

Шүүгдэгч Т.Шын өмгөөлөгч Ж.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хэрэг үйлдсэн газар нь бар байсан. Энэ нь олон нийтийн үйлчилгээ үзүүлэх газар хэдий боловч тухайн үед үйлчлүүлэгч олон байгаагүй. Зочид буудлын үйл ажиллагааг алдагдуулсан баримт хавтаст хэрэгт байхгүй. Тийм учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь үндэслэлгүй. Харин анхан шатны шүүх зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгосон нь үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Хэрэв анхан шатны шүүхийн зүйлчлэл буруу гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэх үндэслэлтэй гэж үзвэл Т.Шын өмнө нь ял шийтгэл хүлээж байгаагүй, хохирлыг төлсөн, хохирогчийн хохирлоо нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн нөхцөл байдал байгаа. Хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн төрлийн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар “... гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол” гэж заасантай Т.Шын хувийн байдал нийцэж байгаа тул энэ байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 5 жил хүртэл хугацаагаар тэнсэж болох тул шүүх хэрэглэж өгнө үү. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг хэрэглэх боломжтой.” гэв.

 

            Шүүгдэгч Э.Гийн өмгөөлөгч Д.Ганхуяг тус шүүх хуралдаанд гаргасан тайлартаа: “Анхан шатны шүүх Э.Гт 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэг болгон, мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэлийг өөрчилсөн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Э.Гт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалган тодруулсан. Мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Т.Ш, Э.Г нарт холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд улсын яллагчийн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Т.Ш, Э.Г нарт холбогдох хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуралдааныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчиж явуулсан байна.

 

1. Анхан шатны шүүх хохирогч Д.Г, гэрч Б.Энхмэнд, Д.Батмөнх, Н.Ариунбаяр, С.Энхболд нарын мэдүүлэг болон №1215 тоот шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримтаар хураагдсан “Марал” зочид буудлын хяналтын камерын бичлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургууд зэрэг нотлох баримтуудыг буруу үнэлж Т.Ш, Э.Г нарын үйлдлийг “олон нийтийн амгалан тайван байдал, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан байдал тогтоогдоогүй” хэмээн хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсний гадна шүүгдэгч нар нь хохирогчтой хэрхэн маргалдсан болох нь ямар баримтаар тогтоогдсон, улмаар хэргийн зүйлчлэлийг өөрчлөх үндэслэлд хамаарах эсэхэд зохих дүгнэлт хийгээгүй байна. Иймд энэ талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Мөн Д.Г нь зочид буудлын коридорт хохирогчтой зууралдаж байгаад салахдаа өөрийн байрлаж байсан өрөөнөөс шилэн аяга авчирч гартаа атган, ардаа нууж байгаад хохирогчийг өөрөөндөө орсон хойно нь шидэж эрүүл мэндэд нь хохирол учруулсан болох нь камерын бичлэгээс харагдаж байх тул гэмт хэрэг үйлдэхдээ тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэж үзэх эсэх талаар анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцаах эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8 дахь хэсгүүдэд зааснаар шүүх хуралдааныг явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг зөвлөлдөх тасалгаанд шийдвэрлэсний дараа гэм буруутай гэж үзсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг явуулж мөн зөвлөлдөх тасалгаанд шийдвэрлэх журам тогтоосон байхад анхан шатны шүүх Т.Ш, Э.Г нарыг “гэм буруугийн талаар маргаагүй” гэсэн үндэслэлээр гэм буруугийн болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлуудыг нэг шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж хуульд заасан шүүх хуралдааны үе шат, дарааллыг ноцтой зөрчжээ.

 

Шүүх ямар ч нөхцөлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулах бөгөөд хуулиар тогтоосон журмаас гадуур явуулбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд санхина” гэсэн хууль ёсны байх зарчим зөрчигдөхөд хүрнэ.

 

Иймд прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч шийтгэх тогтоолыг хүчингүй болгон Т.Ш, Э.Г нарт холбогдох хэргийг урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэх болсонтой холбогдуулан Э.Гт холбогдох хулгайлах гэмт хэрэгт Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх эсэх талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хэлэлцээгүй болно. 

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 331 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Т.Ш, Э.Г нарт холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.

 

2. Хэрэг шүүхэд очтол Т.Ш, Э.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжүүлсүгэй.

 

   3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ

                                 ШҮҮГЧИД                                                          Т.ӨСӨХБАЯР

                                                                                                            М.ПҮРЭВСҮРЭН