Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 691

 

 

 

 

 

 

 

 

 

“П- ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/00326 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “П- ББСБ” ХХК-ийн хариуцагч Г.Г-т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд                  30 169 900 төгрөг гаргуулах иргэний хэргийг, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-, Э.Хүрэлтогоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Д нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Г- нь “П- ББСБ” ХХК-тай 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр ЗГ17/06/37 тоот зээлийн гэрээг байгуулж 6 сарын хугацаатайгаар 10 000 000 төгрөгийг, 2017 оны 09 сард нэмэлт зээлийн гэрээ байгуулан нэмж 5 000 000 төгрөгийг хэрэглээний зориулалтаар нийт 15 000 000 төгрөгийн зээлийг сарын 4,5% хүүтэй авсан билээ. Түүнчлэн, уг зээлийн гэрээтэй хамт фидуцийн гэрээг давхар байгуулсан бөгөөд уг гэрээгээр Toyota Land Cruiser 150 Prado маркийн xap өнгөтэй, 23-85 УНЧ улсын дугаартай автомашиныг зээлийн барьцаанд тавьсан. Бид зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийн гүйлгээг тухайн өдөрт хийж гүйцэтгэсэн. Гэтэл хариуцагч нь “П-” ББСБ-тай байгуулсан зээлийн гэрээний хавсралтад заасан төлбөрийн хуваарийн дагуу зээлээ төлөөгүй. Иймд зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 15 000 000 төгрөг, зээлийн хүү 12 931 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 223 000 төгрөг, нийт 30 154 000 төгрөг, нотариатын гэрээний 15 000 төгрөг, нийт 30 169 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн зээлийг тухайн үед төлөөд явж байсан. Бизнесийн үйл ажиллагаанаас болж хугацаа хэтрээд төлж чадахгүй болсон. Сүүлдээ бизнес бүтэлгүй болж орлогогүй болсон. Зээлийн алданги, хүү, нэмэгдүүлсэн хүүг 50 хувиар багасгах хүсэлтэй байна. Зээл төлж байх явцдаа зээлийн хүүг багасгаж өгнө үү гэж хүсэлт гаргаж байсан. 4,5 хувийн хүү нь ББСБ-уудын дунд хамгийн өндөр хүүд орж байгаа. Тухайн үед хэрэгцээ гараад 4,5 хувийн хүүтэй зээл авсан. Зээлээ хугацаандаа төлөх байх гэж бодож байсан. Миний хийх гэж байсан ажил маань бүтэлгүй болсон учраас зээлээ төлж чадаагүй. Зээлийн хүүг багасгах талаар хэлж байсан ч зөвшөөрөөгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 224 дүгээр зүйлийн 224.2.3, 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар хариуцагч Г.Г-өөс 25 015 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “П- ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 5 154 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 379 000 төгрөгөөс 308 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70 200 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, Төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 100200600941 тоот данснаас буцаан гаргуулж, хариуцагч Г.Г-өөс 283 025 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч “П- ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх "...нэхэмжлэгчийн эс үйлдлийн улмаас хугацаа хэтэрсэн, үүнээс шалтгаалан хэтэрсэн хугацааны зээлийн хүүгийн хэмжээ нэмэгдсэн..." гэж үзэн Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасныг үндэслэл болгон хариуцагчаас үндсэн зээлийн төлбөрт 15 000 000 төгрөг болон хэтэрсэн хугацааны зээлийн хүүгийн төлбөрт 10 000 000 төгрөг, нийт 25 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн шаардсан мөнгөн дүнгийн үлдэх хэсэг болох 5 154 000 хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дах хэсэгт заасны дагуу хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүүг төлөхөөр заасан. Мөн тус хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дах хэсэгт заасны дагуу талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд зээлдэгч, зээлдүүлэгчийн оршин байгаа газрын хаяг, зээлийн дансны дугаар, зориулалт, зээлдэх мөнгөний дүн, хугацаа, зээлийн хүүгиин хэмжээ, уг гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг хангах арга хэлбэр, гэрээний нөхцөлийг өөрчлөх, гэрээг цуцлах талаар тодорхой тусгаж өгсөн ба зээлдэгч Г.Г- нь зээлийн гэрээний нөхцөлтэй танилцан, зээл эргэн төлөх хугацаа зэргийг харилцан тохиролцож гэрээ байгуулсан атал шүүхээс нэхэмжлэгч зээлийг буцаан шаардахгүй байсны улмаас хариуцагчийн төлөх хэтэрсэн хугацааны зээлийн хүүтийн хэмжээ нэмэгдсэн гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлага болох 30 169 000 төгрөгийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч “П- ББСБ” ХХК нь хариуцагч Г.Г-т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 30 169 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч 23 000 000 төгрөг төлөх боломжтой, харин зээлийн хүү хэт өндөр гэж маргажээ.

 

            Талуудын хооронд 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр ЗГ17/06/37 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Г.Г- нь 10 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэй зээлэх, мөн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр ЗНГ17/09/37 дугаартай Зээлийн нэмэлт гэрээ байгуулж, 5 000 000 төгрөгийг нэмж, өмнөх зээлийн гэрээний үүргийн хамт 15 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцсон нь дээрх гэрээ, талуудын тайлбараар тогтоогдож байна./хэргийн 8-9, 12 дугаар тал/

 

            Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

            Хариуцагч нь зээл авснаас хойш зээлийн гэрээний хугацаанд нийт 6 939 500 төгрөгийг гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу хүүгийн төлбөрт тооцож төлсөн талаар талууд маргаагүй байна.

 

            Гэтэл анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн эс үйлдлийн улмаас хугацаа хэтэрсэн, үүнээс шалтгаалан хэтэрсэн хугацааны зээлийн хүүгийн хэмжээ нэмэгдсэн гэж үзэж, Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасны дагуу хэтэрсэн хугацааны хүүгийн зарим хэсгийг буюу 5 154 000 төгрөгийг хасч тооцсон нь буруу.

Учир нь Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасны дагуу нэхэмжлэгч байгууллага нь зээлийн мөнгийг хугацаа хэтрүүлэн зээлдэгч рүү шилжүүлсэн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдохгүй байх ба хариуцагч зээлийн гэрээний дагуу төлбөр төлөөгүй хугацаа хэтрүүлсэнд нэхэмжлэгч буруутай болох нь тогтоогдохгүй байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгч 10 000 000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр, 5 000 000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр буюу зээлийн гэрээ байгуулсан өдөл тус тус хариуцагчид шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан кассын зарлагын ордер, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр тогтоогдож байна. Мөн хариуцагч төлбөрийг тохиролцсон хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй, гэрээний хугацааг хэтрүүлсэн зөрчил гаргасанд нэхэмжлэгчийн гэрээ цуцлаж, шаардлага гаргах эрхээ эдлэх эсэх нь нөлөөлөхгүй буюу хариуцагч хэзээ хэдэн төгрөгийн төлбөр төлөх үүргээ мэдээгүй буюу мэдэх боломжгүйгээс хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нэмэгдсэн гэж үзэх үндэслэл болохгүй. /хэргийн 13, 38 дугаар тал/ Энэ талаар шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэнд тооцогдоно.

 

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч байгууллагын зээлийн хүү хэт өндөр гэж тайлбарлаж байх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

            Мөн шүүхээс хариуцагч Г.Г-өөс нотариатын зардалд төлсөн 15 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт заасанд нийцжээ.

 

            Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш гэрээгээр тохиролцсон хэмжээгээр хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй тул зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 15 000 000 төгрөг, зээлийн хүү 12 931 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 223 000 төгрөг, нотариатын зардалд төлсөн 15 000 төгрөг, нийт 30 169 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч “П- ББСБ” ХХК-д олгох үндэслэлтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/00326 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт тус тус зааснаар хариуцагч Г.Г-өөс 30 169 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “П- ББСБ” ХХК-д олгосугай” гэж,

2 дахь заалтын “283 025 төгрөг” гэснийг “308 800 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахад нэхэмжлэгчийн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97 414 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

    ШҮҮГЧИД                                 Ч.ЦЭНД

                                                  

                                                      С.ЭНХТӨР