Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2020/00326

 

 

 

 

 

 

 

 

2020 оны  01 сары30 өдөр

                              181/ШШ2020/00326

          

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: П  ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Г.Г

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 30,169,900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Мөнхболор, Б.Санжрагчаа, Э.Хүрэлтогоо, хариуцагч Г.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

           

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Г  нь П  ББСБ ХХК-тай 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ЗГ17/06/37 тоот зээлийн гэрээг байгуулж 6 сарын хугацаатайгаар 10.000.000 төгрөгийг, 2017 оны 09 сард нэмэлт зээлийн гэрээ байгуулан нэмж 5,000,000 төгрөгийг хэрэглээний зориулалтаар нийт 15,000,000 төгрөгийн зээлийг сарын 4,5% хүүтэй авсан билээ.

Түүнчлэн уг зээлийн гэрээтэй хамт фидуцийн гэрээг давхар байгуулсан бөгөөд уг гэрээгээр Toyota Land Cruiser 150 Prado маркийн xap өнгөтэй, 23-85 УНЧ улсын дугаартай автомашиныг зээлийн барьцаанд тавьсан.

Бид зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийн гүйлгээг тухайн өдөрт хийж гүйцэтгэсэн. Гэтэл хариуцагч нь П  ББСБ-тай байгуулсан зээлийн гэрээний хавсралтад заасан төлбөрийн хуваарийн дагуу зээлээ төлөөгүй.

Иймд зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 15,000,000 төгрөг, зээлийн хүү 12,931,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,223,000 төгрөг, нийт 30,154,000 төгрөг, нотариатын гэрээний 15,000 төгрөг, нийт 30,169,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үндсэн зээлийг тухайн үед төлөөд явж байсан. Бизнесийн үйл ажиллагаанаас болж хугацаа хэтрээд төлж чадахгүй болсон. Сүүлдээ бизнес бүтэлгүй болж орлогогүй болсон. Зээлийн алданги, хүү, нэмэгдүүлсэн хүүг 50 хувиар багасгах хүсэлтэй байна.

Зээл төлж байх явцдаа зээлийн хүүг багасгаж өгнө үү гэж хүсэлт гаргаж байсан. 4,5 хувийн хүү нь ББСБ-уудын дунд хамгийн өндөр хүүд орж байгаа. Тухайн үед хэрэгцээ гараад 4,5 хувийн хүүтэй зээл авсан. Зээлээ хугацаандаа төлөх байх гэж бодож байсан. Миний хийх гэж байсан ажил маань бүтэлгүй болсон учраас зээлээ төлж чадаагүй. Зээлийн хүүг багасгах талаар хэлж байсан ч зөвшөөрөөгүй” гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                               

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч П  ББСБ ХХК нь хариуцагч Г.Г т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 30,169,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нь зээлийн үндсэн төлбөрт маргаагүй, харин зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 7,000,000 төгрөг төлсөн, одоо дахин хүүнд 12,931,000, нэмэгдүүлсэн хүүнд 2,223,000 төгрөг шаардаж байгаа нь зээлийн хүү хэт өндөр байна. 23,000,000 төгрөг төлөх боломжтой гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Талуудын хооронд 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр ЗГ17/06/37 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулагдаж, уг гэрээний дагуу Г.Г  нь 10,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэй зээлдүүлэх, мөн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр ЗНГ17/09/37 дугаартай “Зээлийн нэмэлт гэрээ” байгуулж, уг гэрээний дагуу 5,000,000 төгрөгийг нэмж зээлэхээр тохиролцож, өмнөх зээлийн гэрээний үүргийн хамт 15,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэйгээр зээлэхээр тус тус харилцан тохиролцсон байна.

 

Дээрх гэрээнээс үүдэлтэй харилцаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дахь заалтад заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа байх ба зохигч талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргахгүй байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дахь заалтад “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагч Г.Г өөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд хариуцагч зээл, түүний хүүг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

 

Хариуцагч нь зээл авснаас хойш зээлийн гэрээний хугацаанд нийт 6,939,500  төгрөгийг төлсөн, нэхэмжлэгчийн зүгээс дээр дурьдсан 6,939,500  төгрөгийг зээлийн хүүгийн төлбөрт тооцсон үйл баримтад маргаагүй болно.

 

Хариуцагч зээлийг буцаан төлөх хугацаа дууссан, уг зээлийн хөрөнгийг бусдад шилжүүлсэнтэй холбоотой асуудал цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа нөхцөл байдал байгааг нэхэмжлэгч байгууллага мэдсэн, уг ажиллагаанд гэрчээр оролцсон атлаа зээлийг буцаан шаардахгүй байсны улмаас хариуцагчийн төлөх хэтэрсэн хугацааны зээлийн хүүгийн хэмжээ нэмэгдсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд энэ тохиолдолд Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь заалтад “үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн эс үйлдлийн улмаас хугацаа хэтэрсэн, үүнээс шалтгаалан хэтэрсэн хугацааны зээлийн хүүгийн хэмжээ нэмэгдсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Хэдийгээр ийнхүү хугацаа хэтрэхэд нэхэмжлэгчийн шууд буруутай үйлдэл, гэм буруу байхгүй хэдий ч Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3 дахь заалтад “Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү ... авах эрхээ алдах үр дагавар түүнд үүснэ” гэж заасны дагуу хэтэрсэн хугацааны зээлийн хүүгийн зарим хэсгийг авах эрхээ алдах үр дагавартай гэж үзэн дээр дурьдсан хэтэрсэн хугацааны хүүгийн зарим хэсгийг буюу 5,154,000 төгрөгийг хасаж тооцон хариуцагчаас үндсэн зээлийн төлбөр 15,000,000 төгрөг болон хэтэрсэн хугацааны зээлийн хүүгийн төлбөрт 10,000,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн шаардсан мөнгөн дүнгийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүх зээлийн тооцооллыг хийхдээ нэмэгдүүлсэн хүүгийн төлбөртэй холбоотой ямар нэгэн тооцооллыг хийгээгүй бөгөөд учир нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 1.2 дахь заалтад нэмэгдүүлсэн хүүг “төлөгдөөгүй байгаа зээлийн үндсэн өрийн үлдэгдлээс тооцно”  гэж заасан тул шүүх талуудын хооронд байгуулсан гэрээнд нэмэгдүүлсэн хүүгийн талаар Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь заалтад нийцсэн байдлаар тохиролцож чадаагүй, өөрөөр хэлбэл зээлийн үлдэгдэл болон хүүгийн төлбөрийн үлдэгдлийн нийлбэрээс нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцсон нь хуульд нийцээгүй гэж үзсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах зорилгоор нотариатын зардалд 15,000 төгрөг төлсөн болох нь баримтаар нотлогдож байх тул хариуцагч Г.Г өөс 15,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 224 дүгээр зүйлийн 224.2.3, 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар хариуцагч Г.Г өөс 25,015,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П  ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 5,154,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 379,000 төгрөгөөс 308,800 төгрөгийг улсын орлогод  хэвээр үлдээж, илүү төлсөн 70,200 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, Төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 100200600941 тоот данснаас буцаан гаргуулж, хариуцагч Г.Г өөс 283,025 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч П  ББСБ ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        С.ЭНХБАЯР