Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 355

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 166/2017/0346/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагч А.Оргилбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Пүрэвдорж,

Шүүгдэгч Онарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт Сэр-Одын Одбаярт холбогдох эрүүгийн 1718003510143 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Монгол овогт Сэр-Одын Одбаяр /РД:СФ81031811/, 1981 оны 03 дугаар сарын 18-нд Хэнтий аймгийн Батноров суманд төрсөн, 36 настай, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын технологийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Дархан-Уул аймаг Дархан сумын 9 дүгээр баг 4/4 дүгээр байрны 21 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Онь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 30-аас 2017 оны 10 дугаар сарын 31-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг 4/4 дүгээр байрны 21 тоотод өөрийн эхнэр Ц.Нандиндарийг “чи хүнээр гуяа базуулж хөхрөөсөн байна, хэнтэй хаана хоносон бэ” хэмээн хэрүүл маргаан үүсгэж, хэл амаар доромжлон улмаар гар утсаар нь нүүрийг нь цохиж, хоолойг нь боож, үсдэж унагаан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Онь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 30-аас 2017 оны 10 дугаар сарын 31-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг 4/4 дүгээр байрны 21 тоотод өөрийн эхнэр Ц.Нандиндарийг “чи хүнээр гуяа базуулж хөхрөөсөн байна, хэнтэй хаана хоносон бэ” хэмээн хэрүүл маргаан үүсгэж, хэл амаар доромжлон улмаар гар утсаар нь нүүрийг нь цохиж, хоолойг нь боож, үсдэж унаган биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, духны цус хуралт, хүзүү, хоолойны баруун өмнө хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол учруулсан болох нь:  

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч С.Одбаярын өгсөн:  Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би гэртээ орж ирэхэд 5 хурууны хөхөрсөн байсан. Юу болсон талаар асуухад худлаа ярьсан болохоор сэгсэрсэн. ...Толгой нь гэмтсэн, зүүн эгэм нь хугарсан. Би өөрийнхөө үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Манай хадам аав, ээж хоёр манай эхнэрийг Увс руу аваад явсан. Цаашид гэр бүлийн хүнтэйгээ хамт амьдарч, уучлалт гуймаар байгаа гэх мэдүүлэг.

 

Мөрдөн байцаалтад

Хохирогч Ц.Нандиндарийн өгсөн: ... 2017 оны 10 дугаар сарын 30-аас 2017 оны 10 дугаар асрын 31-нд шилжих шөнө Одбаяр согтуу гэртээ орж ирээд миний хөнжлийг татаж хараад гуян дээр байсан бага зэргийн хөхрөлтийг хараад хүнээр гуяа базуулсан байна хэнтэй хоносон гээд хардаад эхэлсэн. Тэгээд намайг 00 ороход араас Одбаяр миний хүзүүг 2 гараараа боогоод амьсгал давчдуулахаар нь би амь тэмцээд өөрийгөө хамгаалах гэхдээ л Одбаярыг маажсан. Тэгсэн Одбаяр миний хүзүүг тавиад үснээс үсдэж босгоод 00-оос гаргасан. Намайг унтлагынхаа өрөөнд ортол миний гар утсыг үзэж шалгаж байгаад гар утсаар маань миний толгой нүүр лүү цохиод тэгээд намайг түлхэхэд би унахдаа зүүн нүдээрээ ор мөргөсөн. Одбаярт зодуулснаас болж миний толгой тогтмол өвдөөд байгаа. Зүүн нүдний зовхи хөхөрсөн, бас дух хөхөрсөн. Зүгээр байж байгаад хардуулж зодуулж эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирсондоо маш их гомдолтой байна. Одоо бол Одбаяртай дахин хамт амьдрахгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-25/,

 

Насанд хүрээгүй гэрч О.Бархасбаярын өгсөн: ...2017 оны 10 дугаар сарын 30-ны орой ээж болон дүү бид 3 гэртээ байж байхад аавыг найз Ундрах нь 22 цаг өнгөрч байхад гэрт оруулж ирсэн. Ээж даймонд кафед зөөгч хийдэг байхдаа ширээний өнцөгт цохиод гуяа хөхрүүлсэн гэж урьд нь аавд хэлж байсан. Тэр орой аав ээжийн хөнжлийг сөхсөн. Тэгээд ээжийн гуян дээр хөхөрснийг хүний 5 хурууны мөр байна гээд ээж рүү дайраад байсан. Ингээд аав ээжийг 00-ын өрөөнд зодоод байгаа бололтой чимээ гараад ээж болиоч гээд орилоод байсан. Ингээд 00-оос гарч ирэхэд ээжийн үс сэгсийсэн, зодуулсан, хоолойг нь боосон юм шиг хоолойд нь улаан ором гарсан байсан. Тэгсэн аав ээжийн гар утсыг үзэж байснаа утсаар нь нүүр лүү нь 2-3 удаа цохиод нүдийг нь улайлгасан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-36/,

 

Гэрч Б.Чин-Очирын өгсөн: ...Нөхөр нь гэх Одбаяр дундаж хэмжээний согтолттой байсан. Одбаяраас яагаад эхнэртээ агсан тавиад байна гэхэд Одбаяр надад хөдөө ажиллаж байгаад гэртээ иртэл эхнэрийн гуян дээр хүний гараар базсан юм шиг 5 хурууны мөр гарч хөхөрсөн байхаар нь би эхнэрээсээ болсон зүйлийг асуухад эхнэр юм хэлэхгүй байхаар нь уур хүрээд эхнэрээ ганц хоёр алгадчихсан юм гэсэн ...Ц.Нандиндарь үс нь нилээд сэгсийсэн байдалтай доошоо хараад нүүрээ дараад уйлаад орон дээрээ суугаад байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-61/,

 

Гэрч Б.Отгонсүрэнгийн өгсөн: ...Тухайн айлд Одбаяр гэх махлаг биетэй өндөр залуу дундаж согтолттой, эхнэр Нандиндарь нь жижиг өрөөний орон дээрээ унтлагын хувцастай хөнжлөө нөмөрсөн уйлсан шинжтэй нүүрээ гараараа дарж доош харж суусан, үс нь сэгсийсэн байдалтай байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-58/,

 

Гэрч Ц.Цэрэндуламын өгсөн: ...Би төрсөн дүү Оюунбилэгтэй хамт гэрт нь яваад ортол Нандиа унтлагынхаа хувцастай, өрөөсөн нүд нь хавдсан, хоолойд нь багалзуурдсан улаан ором гарсан, үс нь сэгсийсэн байсан. Одбаяр нилээн ууртай байхаар нь Нандиагаас юу болсон талаар асуухад Одбаяр шууд Оюунбилэг бид 2-т дүүгийн чинь гуян дээр хөхөрсөн байна, хэнтэй хаана юу хийснийг нь мэдэхгүй гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45/,

 

Гэрч С.Одцэцэгийн өгсөн: ...Ингээд гэрийнх нь гадаа Цэрэндулам, Оюунбилэг нартай таараад хамт Одбаярын гэрт ороход Нандиндарь жижиг өрөөндөө орондоо хэвтэж байсан. Одбаяр гал зуухны өрөөндөө том хүүтэйгээ байсан. Тэгээд би Одбаяраас юу болоод байгаа юм бэ гэхэд Одбаяр эгчээ намайг 1 хоног гэрээс хол явчихаад ирэхэд Нандиа миний итгэлийг алдаж байна. Би Нандиад гомдож байна гэсэн. Юу болсон юм бэ гэхэд Одбаяр та хардаа гэснээ Нандиа дээр намайг дагуулж очоод хөнжлийг нь сөхөж Нандиагийн зүүн гуяыг харуулсан. Тухайн үед Нандиагийн зүүн гуяны гадна талд нэг жижиг, дотор тал 3 жижиг хөхөрсөн байсан. ...Одбаяр надад Нандиа 3 дахиа болж байгаа эхний 2 удаад би уучилсан, би эр хүн шүү дээ гээд байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-49/,

 

Гэрч Ц.Оюунбилэгийн өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 30-ны 00 цаг болж байхад Нандиндарийн хүү Бархасбаяр залгаад та манайд хурдан хүрээд ирээч аав ээжийг зодоод ээж болохоо болилоо гэсэн. ...том эгч Цэрэндулам бид 2 Нандиагийн гэр лүү шөнийн 02 цагийн үед ороход Одбаяр бага зэргийн согтуу, Нандиагийн үс нь сэгсийсэн, зүүн нүд нь нилээн том хавдсан, хүзүү хоолой нь улайсан, Нандиагийн үснээс зулгаасан байдалтай байсан. Гайхаад Нандиагаас юунаас болоод ингэж байгаа юм бэ гэхэд Одбаяр надад Нандиагийн хөл хөхөрсөн байна хүнээр базуулсан юм биш үү гэсэн... гэх мэдүүлэг /хх-38-39/,

 

Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 27-28/,

Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 30-33/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 1096 дугаартай “Ц.Нандиндарийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, духны цус хуралт, хүзүү, хоолойны баруун өмнө хэсгийн зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 63/, шинжээчийн мэдүүлэг /хх-67-68/,

Монгол овогт Сэр-Одын Одбаяр, Шараахан овогт  Цэрэннадмидын Нандиндарь нарын 2006 оны 3 дугаар 20-нд гэр бүл болсныг 2006 оны 11 дүгээр сарын 17-нд иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн 1310 дугаарт бүртгэж гэрчилгээ олгов гэх гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 91/ зэрэг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон эд мөрийн баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч С.Одбаяр, Ц.Нандиндарь нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн байна.

 

Иймд шүүгдэгч С.Одбаяыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчихийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Нандиндарийн биед хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь С.Одбаяраас нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

Иймд улсын яллагчийг санал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Одбаярт 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Хавтаст хэргийн 95 дугаар талд шүүгдэгч С.Одбаярын ХААН банкны 5048144215 тоот дансан дахь 559803 төгрөгийг битүүмжилж, зарлагыг зогсоосныг үүгээр мэдэгдье гэх албан бичиг авагджээ.

Гэвч хөрөнгө битүүмжлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг ажиллагаанууд нь мөрдөгчийн саналыг үндэслэн прокурорын зөвшөөрлөөр хийгддэг ажиллагаа байхад ХААН банкинд албан бичиг явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч С.Одбаярын ХААН банкны 5048144215 тоот дансан дахь 559803 төгрөгийг битүүмжилж, зарлагыг зогсоосныг хүчингүй болгох нь зүйтэй байна.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан болон  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. шүүгдэгч С.Одбаярын ХААН банкны 5048144215 тоот дансан дахь 559803 төгрөгийг битүүмжилж, зарлагыг зогсоосныг хүчингүй болгосугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Одбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ИХТАМИР