Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 131

 

Р.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч Р.Г, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 355 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаар магадлалтай, Р.Г-д холбогдох 201609000280 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Батхүүгийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1966 онд төрсөн, эрэгтэй, 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зааснаар 960,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай З овогт Р-ийн Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан “Залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Р.Г-ыг бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 2 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтуудыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Р.Г-ыг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй” гэж,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш шүүгдэгч Р.Г нь оногдуулсан хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох ялыг хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн эхний сард 841,333 төгрөг, бусад саруудад сар бүр 833,333 төгрөгийг төлөхөөр тогтоосугай” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Р.Г нь шийтгэх тогтоолоор гаргуулахаар шийдвэрлэсэн хохирлын үлдэгдэл болох 25,000,000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хохирогч Б.Г-т бүрэн төлж барагдуулсныг дурдаж, шүүгдэгч Р.Г-д урьд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн тогтоолоор магадлалын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Г-ын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 6 хоног, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 82 хоног, нийт 88 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,320,000 төгрөгөөр тооцож торгох ялаас хасаж тооцон, үлдэх 18,680,000 төгрөгийн торгох ялыг эдлүүлсүгэй” гэсэн,

тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Шүүгдэгч Р.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш хоёр жилийн хугацаанд сар бүр 778,333 төгрөг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай” гэсэн залруулга тус тус хийжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Батхүү гаргасан гомдолдоо “...Давж заалдах шатны шүүх Р.Г-д анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг торгох ялаар сольж, өөрчлөлт оруулсан боловч ажил, орлогогүй Р.Г-оор нэг сард 833,333 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэснийг өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Р.Г-ыг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч нь бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Анхан шатны шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж хорих ял оногдуулсан. Харин давж заалдах шатны шүүх нь хохирол, төлбөр төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон хуульд заасан торгох ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Батхүүгийн гаргасан гомдлыг үндэслэн Р.Г-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Р.Г нь 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Б.Г-аас мал, махны худалдаа хамтарч хийнэ гэж хуурч 70,000,000 төгрөгийг дансаар авч, үүнээс 16,500,000 төгрөгийг буцаан өгч үлдсэн 53,500,000 төгрөгийг “Э гэж хүнд адуу аваад хил гаргаж өгсөн, Шарын голын уурхайд хөрөнгө оруулалт хийсэн, удахгүй мөнгө орж ирнэ” гэж худал хэлж, өөр зүйлд зарцуулан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж, Б.Г-т их хэмжээний хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Р.Г-ын гэм бурууг хянан хэлэлцэж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар зүйлчилж хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Энэ хэргийн үйл баримтыг тогтоох, шийдвэр гаргах явцад хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, хохирол учруулдаг бөгөөд энэхүү эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэхэд эрүүгийн хариуцлагын зорилго оршдог.

Шүүгдэгч Р.Г нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, дээрх гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн, хохирогч Б.Г нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэн түүнд оногдуулсан торгох ялын хэмжээг хөнгөрүүлэн өөрчилж, цагдан хоригдсон хоногийг эдлэх ялаас нь хасаж тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Батхүүгийн “ял хөнгөрүүлэхийг хүссэн” гомдлыг хүлээн авч энэ талаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 355 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаар магадлалын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Р.Г-ыг 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Г-ын цагдан хоригдсон 88 хоногийн 1 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон 1,320,000 төгрөгийг эдлэх ялаас нь хасаж, үлдэх 8,680,000 /найман сая зургаан зуун наян мянга/ төгрөгийн торгох ялыг төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Г нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай” гэсэн өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

              

                         ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                             Б.БАТЦЭРЭН

                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН