Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 780

 

 

 

 

 

 

 

 

 

“Ш-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2020/00393 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Ш-” ХХК-ийн хариуцагч Ш.М-д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 33 440 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-, өмгөөлөгч Д.Х-, хариуцагч Ш.М-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь 2003 онд гадаад дотоод худалдаа, барилга угсралтын чиглэлээр үүсгэн байгуулагдсан. 2010 онд компанийн өмчлөлийн орон сууцыг иргэн Э.Болормаа нь хууль бусаар шилжүүлэн авсан гэх иргэний маргаанд тус компанийн өмгөөлөгчөөр Ш.М-г авч ажиллуулахаар харилцан тохиролцож тухайн хэрэг маргаанд нь тохирсон хөлсийг тэр үед нь өгч төлбөрийн үлдэгдэлгүй болсон. Гэтэл Ш.М- нь тус хэргийг 100 хувь өөрсдийн талд шийдүүлнэ, шүүхэд нөлөөлөхүйц хүмүүстэй уулзаж тохиролцоо хийнэ гэж итгэл үнэмшил төрүүлэн 2011 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдрүүдийн хооронд нийт 9 удаа тус компаниас 33 400 000 төгрөгийг авсан хэдий ч тухайн хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй, биднийг хууран мэхэлсэн хуульч хүнд байж боломжгүй ёс зүйгүй үйлдэл гаргаж манай компанийг хохироосон. Тус төлбөрөө шаардахад ...удахгүй өгнө, намайг жаахан хүлээчих, хэд хоногоос том гэрээний төлбөр орж ирнэ, тэр төлбөрөөс хоёр хуваагаад төлчихнө санаа зоволтгүй гэх мэт зүйл ярьж байсан бөгөөд 2017 оны 1 дүгээр сарын үед өөрийн гараар бичсэн хүсэлт гэх зүйл бичиж итгэл төрүүлсэн. Сүүлдээ та хэд хөлөө хүрэх газар хүртлээ яв, би наад мөнгийг чинь өгөх боломжгүй болсон гэх мэт зүйл ярьж биднийг үл тоосон тоож эхэлсэн тул 2017 онд Монголын хуульчдын холбоо, Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр Ш.М-д холбогдуулан гомдол гаргасан. Нийслэлийн Баянзүрх дүүргийн цагдаагийн газар тус хэрэгт эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулаад ямар нэгэн гэрээгүйгээр тус мөнгийг авсан болох нь, тус мөнгийг Н.Мягмарцэрэн нь өөрөө гарын үсэг зурж авсан зэрэг нь тогтоогдсон хэдий ч эрүүгийн хариуцлагад татах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж хэргийг хаасан болно. Иймд арга буюу тус дүүргийн шүүхэд хандах болсон тул хариуцагчаас 33 400 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ш.М- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш- компанийн захирал Батболд гэдэг хүнтэй 2008 оны сүүлээр түүний найз болох тухайн үед Чингэлтэй дүүргийн прокуророор ажиллаж байсан Зориг танилцуулсан. Батболдын хүү Б.Дөлгөөн нь танхайн хэрэгт холбогдоод Чингэлтэй дүүргийн цагдаад ...үнсний шилэн саваар хүний нүүр рүү цохьсон...гэх Эрүүгийн хуулийн 181-р зүйлийн 181.3-т зааснаар танхайн хэрэгт шалгагдаж байсан. Би энэ хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйл ангиар хохирогчийг гомдолгүй болгоод хэргийг хаасан. Энэ үеэс Батболд гуайтай ажил хэргийн холбоотой болсон. Тухайн үед н.Батболд нь “Ш-” ХХК-ийн захирал бөгөөд барилгын үйл ажиллагаа явуулдаг байсан. 2009 оны сүүлээр Болормаа гэдэг хүнийг мэдэх болсон бөгөөд Б.Батболд, Б.Б- нартай ойрын хамаатны хүмүүс. Болормаа нь байрны үнээс 78 000 ам. долларын үлдэгдэлтэй байсан ба хямдхан байр авсан атлаа мөнгөө өгөхгүй байна, эрх зүйн ямар туслалцаа үзүүлэх вэ гэсэн. Тухайн үед бид ихэнхдээ итгэлцлийн журмаар, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдоод мөнгөө өгөлцөж авалцаж байсан. Б.Б- гуайг 2017 оноос мэдэх болсон. Учир нь 2017 онд Б.Батболдын дүү Амарбаясгалан, Тамир гэж прокурор залуу хоёр хар тамхины хэрэгт холбогдсон. Энэ асуудлаар надтай яриад би өмгөөлөгчөөр ажилласан, энэ үед Батсүх гуай хэргийн талаар надтай утсаар ярьж байсан. Нийт 9 удаагийн үйлдлээр тус компаниас 33 440 000 төгрөг авсан талаар ярьж байна. Энд Болормаагийн 78 000 доллар, мөн байранд орчихоод мөнгөө өгөөгүй 5 хүний өр төлбөр багтсан. Эдгээр 5 хүний төлбөрийг би барагдуулсан. Барагдуулсан үнийн 10 хувь гэж тохироод авч байсан. Гэхдээ 10 хувийг тухайн үедээ өгөөгүй, учир нь төлбөр барагдуулаад дууссан чинь Батболд захирал би мөнгө авахаа болилоо, байраа авъя, энэ байрыг авч өг, хямдхан байр авчихлаа гэдэг шалтгаанаар Болормааг шүүхэд өгсөн. Ш- ХХК хэзээ ч баримтгүйгээр мөнгө гаргадаггүй, захирал, ерөнхий нягтлан н.Даваажав нарын цохолтоор, нярав Гэрэлмаа нь мөнгө өгдөг. Энэ 3 хүнээр дамжихгүйгээр, баримтгүйгээр мөнгө авна гэж байхгүй. Эдгээр баримттай холбоотой жил болгон татварын тайлангаа гаргадаг, татварын тайланд маргаан гарлаа гээд би очиж уулзаж байсан. Эрх зүйн туслалцааны хөлс өмгөөлөгч Ш.М-д өглөө гэх баримтууд тооцооны баримтад бүртгэгдсэн байсан. Би нотлох баримт болгож Б.Дөлгөөний хэргийн талаар цагдаагийн асап сангаас ирүүлсэн баримт өгсөн, би иш татах эрхтэй учраас ярьж байна. Энэ хэрэгт би өмгөөлөгчөөр ажиллахдаа хохирогчид нь 15 000 000 төгрөгийг төлүүлсэн. Мөнгө нь “Ш-” ХХК-иас гарсан. 2014 оны үед, би огноогоо сайн санахгүй байна. Энэ хүмүүсийг ийм юм ярина гэж бодож байсангүй. н.Батболд бид хоёр бол ах дүү шиг байсан хүмүүс юм. Э.Болормаагийн маргаан нь Дээд шүүхээр шийдвэрлэгдэж дууссан, төлбөрөө авсан учраас байрнаас гаргах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Тэгтэл захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан, би энэ хэрэгт нь оролцоогүй, харин 2018 оны 8 дугаар сард захиргааны хэргийн шүүхийн хуралд оролцож өгөөч гэхээр нь хяналтын шатны шүүх хүртэл явсан. Би залилж, хууран мэхэлж мөнгө аваагүй. Эхлээд надаас 24 000 000 төгрөг нэхсэн, дараа нь компанийн дансаа шүүсэн үү 34 000 000 төгрөг нэхэмжилсэн юм байна. Б.Батболд нь Аалто гэж компани худалдаж авсан, тэрийгээ миний нэр дээр шилжүүлчхээд, надаас мөнгө нэхэмжлээд байдаг. Би бодохдоо Б.Б- гуайд асуудлыг буруу ойлгуулсан, эсвэл зориуд ийм асуудал ярьж байна гэж бодсон. Хэрвээ миний туслалцаа үзүүлсэн үйл ажиллагаанд гомдолтой байсан юм бол яагаад эдгээр мөнгө өгөгдөөд байсан юм бол. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байдаг бөгөөд би хөлсөөр ажиллаад үүргээ гүйцэтгэсэн. Энэ үүрэгтэйгээ холбоотойгоор шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Эцэст нь би “Ш-” ХХК-ийг залилсан юм бол шаардлага, үндэслэлээ нотлох хэрэгтэй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492-р зүйлийн 492.1.1, 492-р зүйлийн 492.4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Шаравын Мягмарцэрэнгээс 33 440 000 /гучин гурван сая дөрвөн зуун дөчин мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн “Ш-” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 324 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч, түүний өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. “Ш-” ХХК-ний ажилтан Э.Болормаа нь хууль бусаар компаний орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан иргэний маргаанд компани Ш.М-тэй харилцан тохиролцож, гэрээний дагуу өмгөөллийн хөлсийг бүрэн төлж, өмгөөлөгчөөр сонгон авч ажиллуулсан байдаг. Үүнээс хойш Ш.М- нь өмгөөллийн хөлснөөс гадна, ямарч гэрээ, хэлцэлгүйгээр хэргийг нэхэмжлэгчийн талд шийдвэрлүүлнэ, ингэхийн тулд шүүхэд нөлөөлөхүйц ажиллагааг явуулахад зардал шаардлага гэж итгүүлэн 2011 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 33 400 000 төгрөгийг цувуулан авсан боловч амлалтандаа хүрч хэргийг нэхэмжлэгчид ашигтайгаар шийдвэрлүүлж чадаагүй болно. Түүний энэ бусдыг хуурч их хэмжээний ашиг олсон үйлдэл нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан "Бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан" эрх зүйн зохицуулалтанд хамаарах тул 492 дугаар зүйлийн 492.3 дахь хэсэгт "Үүрэг гүйцэтгүүлэхээр бус харин тодорхой үйлдэл хийлгэх буюу үйлдэл хийхгүй байхаар хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн тохиолдолд нөгөө этгээдийн үйлдэл буюу эс үйлдэхүй хөрөнгө шилжүүлсэн этгээдийн хүсэл зоригт нийцэхгүй бол шилжүүлсэн зүйлээ буцаан шаардаж болно" гэж заасны дагуу “Ш-” ХХК-аас өгсөн мөнгө буцаан шаардах бүрэн эрхтэй юм. Гэтэл анхан шатны шүүх "Ш-” ХХК нь Э.Болормаад холбогдох хэргийг өөрийн талд шийдвэрлүүлэх боломжгүйг анхнаасаа мэдэж байсан, энэ зорилгоор мөнгө шилжүүлсэн бол буцаан шаардаж болохгүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй" гэж Ш.М-гийн бусдыг хуурч их хэмжээний хөрөнгийг өөртөө хууль бусаар олж авсан үйлдлийг зөвтгөж дүгнэсэн нь илт үндэслэлгүй байна. Мөн хариуцагч Ш.М- нь шүүхэд Батболдын дүү Б.Дөлгөөн, Б.Амарбаясгалан нарын эрүүгийн хэрэгт өмгөөлөгчөөр ажилласан нь “Ш-” ХХК-аас авсан 33 400 000 төгрөгтэй хамааралтай мэтээр тайлбарладаг боловч Б.Дөлгөөн, Б.Амарбаясгалан нарын гэмт хэрэгт “Ш-” ХХК огт хамааралгүй, уг эрүүгийн хэргүүдийн өмгөөллийн хөлсийг “Ш-” ХХК-ийн үйл ажиллагаатай холбож ойлгох боломжгүй юм. “Ш-” ХХК-ийн зүгээс Э.Болормаа компанийг хохироосон гэх маргаантай холбоотойгоор хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг Ш.М-тэй байгуулсанаас өөрөөр түүнтэй ямар нэгэн эрх зүйн маргаантай холбоотой огт гэрээ байгуулаагүй болно. Гэтэл анхан шатны шүүх Ш.М-г хэд хэдэн хэрэгт өмгөөлөгчөөр оролцож хөлс авсан гэж хэргийн үйл баримтад нийцээгүй дүгнэлт хийсэн нь буруу байна. Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээ сарын 30-ны өдрийн 102/ШШ2020/00393 дугаартай шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан "шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх" хуулийн шаардлагыг зөрчсөн байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч “Ш-” ХХК нь Ш.М-д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 33 440 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Хэргийн 13-21 дүгээр талд авагдсан “Ш-” ХХК-аас хариуцагч Ш.М-д нийт 33 430 000 төгрөг өгсөн санхүүгийн баримтуудыг харьцуулан үзэхэд 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 10 000 000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 5 000 000 төгрөг, 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 3 000 000 төгрөг нийт 18 000 000 төгрөгийг ямар зориулалтаар өгч байгаа буюу шилжүүлсэн үндэслэлийг бичээгүй байна./хэргийн 16, 19-20 дугаар тал/ Энэ баримтуудад дурдсан мөнгийг өөр этгээдэд хариуцагчаар дамжуулан шилжүүлэх зорилгоор өгсөн эсэх үйл баримт тодорхой бус байгаа тохиолдолд нэхэмжлэгч байгууллагаас үндэслэлгүйгээр мөнгө авч, хөрөнгөжсөн эсэх талаар дүгнэлт хийх боломжгүй. Шүүх энэхүү үйл баримтад хамааралтай нотлох баримт бүрдүүлэх журмыг зөрчсөн байна.

 

Учир нь хариуцагчийн зүгээс 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гэрчээр П.Зориг, А.Амарбаясгалан, Д.Даваажав, Б.Дөлгөөн, Э.Болормаа нарыг асуулгах хүсэлт гаргасан байна./хэргийн 106 дугаар тал/ Энэ хүсэлт нь хэрэгт ач холбогдолтой байж болно. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь “Б.Дөлгөөний өмгөөлөгчөөр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, уг хэргийн хохирогчид 15 000 000 төгрөг өгөх зорилгоор нэхэмжлэгч байгууллагаас уг мөнгийг авсан” гэх агуулгаар тайлбар гаргасан байна. Энэ нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүхээс гэрч асуух шаардлагатай байжээ. Гэтэл шүүхээс гэрч асуулгах хүсэлтийг хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчжээ.

 

            Иймд дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулж, хэрэгт авагдсан баримтад үндэслэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, хуулийг хэрхэн зөв хэрэглэх талаар дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2020/00393 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 325 150 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ, ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                            ШҮҮГЧИД                              Ш.ОЮУНХАНД

                   

                                                                                           С.ЭНХТӨР