Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2020/00393

 

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2020/00393

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 25-р хороо,Ш ХХК-ний нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 6-р хороо, Ш.М-д холбогдох үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 33 440 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х /үнэмлэх 2063/, хариуцагч Ш.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов. 

                            

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компани нь 2003 онд гадаад дотоод худалдаа, барилга угсралтын чиглэлээр үүсгэн байгуулагдсан. 2010 онд компанийн өмчлөлийн орон сууцыг иргэн Э.Б нь хууль бусаар шилжүүлэн авсан гэх иргэний маргаанд тус компанийн өмгөөлөгчөөр Ш.М-г авч ажиллуулахаар харилцан тохиролцож тухайн хэрэг маргаанд нь тохирсон хөлсийг тэр үед нь өгч төлбөрийн үлдэгдэлгүй болсон. Гэтэл Ш.М нь тус хэргийг 100 хувь өөрсдийн талд шийдүүлнэ, шүүхэд нөлөөлөхүйц хүмүүстэй уулзаж тохиролцоо хийнэ гэж итгэл үнэмшил төрүүлэн 2011 оны 8-р сарын 27-ноос 2014 оны 8-р сарын 27-ны өдрүүдийн хооронд нийт 9 удаа тус компаниас 33 400 000 төгрөгийг авсан хэдий ч тухайн хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй, биднийг хууран мэхэлсэн хуульч хүнд байж боломжгүй ёс зүйгүй үйлдэл гаргаж манай компанийг хохироосон. Тус төлбөрөө шаардахад ...удахгүй өгнө, намайг жаахан хүлээчих, хэд хоногоос том гэрээний төлбөр орж ирнэ, тэр төлбөрөөс хоёр хуваагаад төлчихнө санаа зоволтгүй гэх мэт зүйл ярьж байсан бөгөөд 2017 оны 1-р сарын үед өөрийн гараар бичсэн хүсэлт гэх зүйл бичиж итгэл төрүүлсэн. Сүүлдээ та хэд хөлөө хүрэх газар хүртлээ яв, би наад мөнгийг чинь өгөх боломжгүй болсон гэх мэт зүйл ярьж биднийг үл тоосон тоож эхэлсэн тул 2017 онд Монголын хуульчдын холбоо, Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр Ш.М-д холбогдуулан гомдол гаргасан. Нийслэлийн Баянзүрх дүүргийн цагдаагийн газар тус хэрэгт эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулаад ямар нэгэн гэрээгүйгээр тус мөнгийг авсан болох нь, тус мөнгийг Н.М нь өөрөө гарын үсэг зурж авсан зэрэг нь тогтоогдсон хэдий ч эрүүгийн хариуцлагад татах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж хэргийг хаасан болно. Иймд арга буюу тус дүүргийн шүүхэд хандах болсон тул хариуцагчаас 33 400 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.М өмгөөлөгчид 2011 оны 08-р сарын 22-нд 3 000 000 төгрөг, мөн оны 09-р сарын 30-нд 1 000 000 төгрөг, 2012 оны 04-р сарын сарын 19-нд 2 440 000 төгрөг, 2013 оны 07-р сарын 01-нд 10 000 000 төгрөг, тус оны 09-р сарын 11-нд 2 000 000 төгрөг, 2013 оны 10-р сарын 02-нд 5 000 000 төгрөг, 2013 оны 12-р сарын 27-нд 5 000 000 төгрөг, 2014 оны 07-р сарын 10-нд 3 000 000 төгрөг, 2014 оны 08-р сарын 27-нд 2 000 000 төгрөг 33 430 000 төгрөгийг өмгөөллийн хөлснөөс гадна өгсөн. Би эдгээр баримтуудыг нотариатаар батлуулсныхаа дараа 2017 оны 09-р сарын 17-нд Ш.М-ийн ажил дээр очиж уулзсан. Ингэж уулзахдаа 2 хүсэлт, 24 000 000 төгрөг, мөн 33 440 000 төгрөгийг чи өгчих гэсэн. Тэгэхэд би авсан юм чинь өгөлгүй яахав гэж хэлсэн. Тэгээд дараа нь 2017 оны 09-р сарын 18, 19, 25 болон 10-р сарын 2-нд утсаар ярьсан. Ингээд өгөхгүй болохоор нь Хуульчдын холбоонд хандсан. Б-ийн байрыг буцааж авч өгнө гэж өмгөөллийн хөлснөөс гадна гарын үсэг зурж авсан. Б.Б нь Ш.М-тэй нэг хувь гэрээ хийдэг, гэрээг өөрөө авчихдаг учраас манайд гэрээ нь байхгүй. Б 122 000 000 төгрөгийн байр байсан, өмгөөллийн хөлс 10 хувь гэхээр 12 000 000 төгрөг авчихсан гэсэн үг. Хуульчдын холбоо манай өргөдлийг цагдаад шилжүүлсэн байсан. Хэрэг 2018 оноос эхлээд 2019 оны 10-р сарын 15-нд хэрэг бүртгэлийн хэргийг хаасан. Иймд Ш.М-ээс 33 440 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Ш.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш компанийн захирал Батболд гэдэг хүнтэй 2008 оны сүүлээр түүний найз болох тухайн үед Чингэлтэй дүүргийн прокуророор ажиллаж байсан З танилцуулсан. Б хүү Б.Д нь танхайн хэрэгт холбогдоод Чингэлтэй дүүргийн цагдаад ...үнсний шилэн саваар хүний нүүр рүү цохьсон...гэх Эрүүгийн хуулийн 181-р зүйлийн 181.3-т зааснаар танхайн хэрэгт шалгагдаж байсан. Би энэ хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж Эрүүгийн хуулийн 99-р зүйл ангиар хохирогчийг гомдолгүй болгоод хэргийг хаасан. Энэ үеэс Б гуайтай ажил хэргийн холбоотой болсон. Тухайн үед н.Б нь Ш ХХК-ийн захирал бөгөөд барилгын үйл ажиллагаа явуулдаг байсан. 2009 оны сүүлээр Б гэдэг хүнийг мэдэх болсон бөгөөд Б.Б, Б.Б нартай ойрын хамаатны хүмүүс. Б нь байрны үнээс 78 000 ам. долларын үлдэгдэлтэй байсан ба хямдхан байр авсан атлаа мөнгөө өгөхгүй байна, эрх зүйн ямар туслалцаа үзүүлэх вэ гэсэн. Тухайн үед бид ихэнхдээ итгэлцлийн журмаар, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдоод мөнгөө өгөлцөж авалцаж байсан. Б.Б гуайг 2017 оноос мэдэх болсон. Учир нь 2017 онд Б.Б-ын дүү А, Т гэж прокурор залуу хоёр хар тамхины хэрэгт холбогдсон. Энэ асуудлаар надтай яриад би өмгөөлөгчөөр ажилласан, энэ үед Б гуай хэргийн талаар надтай утсаар ярьж байсан. Нийт 9 удаагийн үйлдлээр тус компаниас 33 440 000 төгрөг авсан талаар ярьж байна. Энд Б-ийн 78 000 доллар, мөн байранд орчихоод мөнгөө өгөөгүй 5 хүний өр төлбөр багтсан. Эдгээр 5 хүний төлбөрийг би барагдуулсан. Барагдуулсан үнийн 10 хувь гэж тохироод авч байсан. Гэхдээ 10 хувийг тухайн үедээ өгөөгүй, учир нь төлбөр барагдуулаад дууссан чинь Б захирал би мөнгө авахаа болилоо, байраа авъя, энэ байрыг авч өг, хямдхан байр авчихлаа гэдэг шалтгаанаар Б-г шүүхэд өгсөн. Ш ХХК хэзээ ч баримтгүйгээр мөнгө гаргадаггүй, захирал, ерөнхий нягтлан н.Д нарын цохолтоор, нярав Г нь мөнгө өгдөг. Энэ 3 хүнээр дамжихгүйгээр, баримтгүйгээр мөнгө авна гэж байхгүй. Эдгээр баримттай холбоотой жил болгон татварын тайлангаа гаргадаг, татварын тайланд маргаан гарлаа гээд би очиж уулзаж байсан. Эрх зүйн туслалцааны хөлс өмгөөлөгч Ш.М-д өглөө гэх баримтууд тооцооны баримтад бүртгэгдсэн байсан. Би нотлох баримт болгож Б.Д-ий хэргийн талаар цагдаагийн асап сангаас ирүүлсэн баримт өгсөн, би иш татах эрхтэй учраас ярьж байна. Энэ хэрэгт би өмгөөлөгчөөр ажиллахдаа хохирогчид нь 15 000 000 төгрөгийг төлүүлсэн. Мөнгө нь Ш ХХК-иас гарсан. 2014 оны үед, би огноогоо сайн санахгүй байна. Энэ хүмүүсийг ийм юм ярина гэж бодож байсангүй. н.Б бид хоёр бол ах дүү шиг байсан хүмүүс юм. Э.Б-ийн маргаан нь Дээд шүүхээр шийдвэрлэгдэж дууссан, төлбөрөө авсан учраас байрнаас гаргах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Тэгтэл захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан, би энэ хэрэгт нь оролцоогүй, харин 2018 оны 8-р сард захиргааны хэргийн шүүхийн хуралд оролцож өгөөч гэхээр нь хяналтын шатны шүүх хүртэл явсан. Би залилж, хууран мэхэлж мөнгө аваагүй. Эхлээд надаас 24 сая төгрөг нэхсэн, дараа нь компанийн дансаа шүүсэн үү 34 сая төгрөг нэхэмжилсэн юм байна. Б.Б нь А гэж компани худалдаж авсан, тэрийгээ миний нэр дээр шилжүүлчхээд, надаас мөнгө нэхэмжлээд байдаг. Би бодохдоо Б.Б гуайд асуудлыг буруу ойлгуулсан, эсвэл зориуд ийм асуудал ярьж байна гэж бодсон. Хэрвээ миний туслалцаа үзүүлсэн үйл ажиллагаанд гомдолтой байсан юм бол яагаад эдгээр мөнгө өгөгдөөд байсан юм бол. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байдаг бөгөөд би хөлсөөр ажиллаад үүргээ гүйцэтгэсэн. Энэ үүрэгтэйгээ холбоотойгоор шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Эцэст нь би Ш ХХК-ийг залилсан юм бол шаардлага, үндэслэлээ нотлох хэрэгтэй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш ХХК нь Ш.М-д холбогдох үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 33 440 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Ш ХХК нь өмгөөлөгч Ш.М-тэй 2010 оноос хууль зүйн туслалцаа авахаар өмгөөлөгчөөр ажиллуулсан гэх ба энэ хугацаанд 2011 оны 08-р сарын 22-нд 3 000 000 төгрөг, мөн оны 09-р сарын 30-нд 1 000 000 төгрөг, 2012 оны 04-р сарын сарын 19-нд 2 440 000 төгрөг, 2013 оны 07-р сарын 01-нд 10 000 000 төгрөг, тус оны 09-р сарын 11-нд 2 000 000 төгрөг, 2013 оны 10-р сары 02-нд 5 000 000 төгрөг, 2013 оны 12-р сарын 27-нд 5 000 000 төгрөг, 2014 оны 07-р сарын 10-нд 3 000 000 төгрөг, 2014 оны 08-р сарын 27-нд 2 000 000 төгрөг 33 430 000 төгрөгийг өмгөөллийн хөлсөнд шилжүүлсэн нь /хх 13-21/ баримтаар тогтоогдсон, мөнгө хүлээн авсан талаар хариуцагч маргаагүй байна.  

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Э.Б-гийн хэргийг 100 хувь өөрийн талд шийдвэрлүүлж өгнө гэж итгэл үнэмшил төрүүлж авсан...гэж тайлбарлаж, 33 440 000 төгрөгийг гаргуулахаар маргажээ.

 

Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 4-р сарын 19-ний өдрийн 865 дугаартай шийдвэрээр Ш ХХК-ний нэхэмжлэлтэй Э.Б-г орон сууцнаас албадан нүүлгэхийг хүссэн хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шийдвэрийг Нийслэлийн шүүхийн 2012 оны 7-р сарын 2-ны магадлалаар хэвээр үлдээсэн /хх 61-70/ байх ба энэ талаар талууд маргаагүй байна. Энэ хэрэгт Ш.М нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон байна.

 

Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хуулийн 63, 64-р зүйлд зааснаар төлөөлөх бүрэн эрхийг хэрэгжүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26-р зүйлд заасан зохигчийн, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог.

 

Харин хариуцагч нь тухайн хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр оролцсон, нэхэмжлэгч түүнд 12 000 000 төгрөгийн хөлс төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Нөгөө талаас, 2012 оны 7-р сарын 2-ноос хойш Ш.М нь Э.Б-тай холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй, дээрх 33 440 000 төгрөгийг баримтаар авсан нь Э.Б-ийн хэргийг өөрийн талд шийдвэрлүүлэхээр үндэслэлгүйгээр олж авсныг нотлоогүй, харин хэд хэдэн хэрэгт өмгөөлөгчөөр оролцож хөлс авсан, үүний дотор 2013 оны 12-р сарын 27-ны өдрийн А, М нэрээр 5 000 000 төгрөг авсан зэрэг баримтаас үзвэл хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Ш ХХК нь Э.Б-д холбогдох хэргийг өөрийн талд шийдвэрлүүлэх боломжгүйг анхнаасаа мэдэж байсан, энэ зорилгоор мөнгө шилжүүлсэн бол буцаан шаардаж болохгүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

 

Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолох ба залилан мэхэлсэн буюу үндэслэлгүй олж авсан гэж үзэж мөнгөө шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа нь ерөнхий хугацаа 10 жилд хамаарна. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, түр зогссон үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай Баянзүрх дүүргийн прокурорын 702, 702/а, 2978 тоот тогтоол, хэрэг бүртгэлийн хэргийг хаасан тогтоолыг хүчингүй болгох тухай 30 тоот тогтоол, хохирогчийн мэдүүлэг, мөрдөгчийн санал зэрэг баримтууд нь эрүүгийн журмаар шалгаж байсантай холбоотой, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 00988, 2060 дугаартай шийдвэрүүд, 995 тоот магадлал нь Б.Б, Ш.М нарын хооронд үүссэн зээлийн гэрээтэй холбоотой хэргийг шийдвэрлэсэн, 2011 оны 3-р сарын 14-ний өдрийн 1 500 000 төгрөгийн тэмдэгтийн хураамжийн баримт нь энэ хэрэгтэй холбоогүй, Б.Б-н утасны ярианы дэлгэрэнгүй нь Ш.М мөнгө буцааж өгнө гэснийг нотлоогүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492-р зүйлийн 492.1.1, 492-р зүйлийн 492.4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ш.М-ээс 33 440 000 /гучин гурван сая дөрвөн зуун дөчин мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн Ш ХХК-ний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 324 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

        

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Р.АЛТАНТУЯА