Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 779

 

 

 

 

 

 

 

 

 

“С-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2020/00492 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “С-” ХХК-ийн хариуцагч Л-, Д.Н- нарт холбогдуулан гаргасан хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагч Д.Н-гийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-, хариуцагч Д.Н-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С-, түүний өмгөөлөгч Л.О-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч “С-” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б- нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... “С-” ХХК нь Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Голден вилл хотхон 104 байр, 1002 тоот 149,35 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч бөгөөд тус орон сууцыг “Э-” ХХК-аас өр төлбөр гаргуулахаар шийдвэрлэсний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар гаргуулан олгож, улсын бүртгэлийн Ү-2204078118 дугаарт бүртгүүлсэн. “С-” ХХК нь өмнөх өмчлөгчийн зөвшөөрлөөр уг орн сууцанд амьдран сууж байсан Б.Байгалмаатай 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулан тус орон сууцыг 224 025 ам.доллароор худалдахаар харилцан тохиролцсон. Худалдан авагч Б.Байгалмаа нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, биелүүлэх тухай удаа дараа шаардахад удахгүй төлнө, зээл бүтэж байгаа гэж худалдагчийг төөрөгдүүлж явсаар сүүлдээ холбоо барихгүй болсон тул “С-” ХХК нь арга буюу 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр орон сууцыг чөлөөлж хүлээлгэн өгөх тухай албан бичиг хүргүүлсэн. Уг албан бичгийг Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн Л- гэх иргэний гэрийн үйлчлэгч Монгол улсын иргэн Н.Отгонцэцэг гардаж авсан бөгөөд тэрээр Л- тус байрыг Д.Н- гэх хүнээс түрээслэн сууж байгаа, Б.Байгалмаа гэх хүнийг огтхон ч таньж мэдэхгүй гэх тайлбарыг бидэнд өгсөн. Дээрх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч “С-” ХХК нь ямар учраас уг байр Д.Н-гийн эзэмшилд орсныг мэдээгүй бөгөөд бидний зүгээс 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Д.Н-гийн хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Гэвч шүүх 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хэргийг хянан хэлэлцэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэл нь орон сууцыг Д.Н- бодитоор эзэмшээгүй байгаа учир хууль бусаар эзэмшиж байна гэж үзэх боломжгүй, харин орон сууцыг бодитоор эзэмшиж байгаа эзэмшигчийг хариуцагчаар татах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн бөгөөд Нийслэлийн давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүх мөн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Иймд Монгол улсын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг үлдэслэж Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Голден вилл хотхон 104 байр, 1002 тоот орон сууцыг Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Л-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү. Л-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хонгорзулын зүгээс орон сууцыг түрээслэн сууж байсан, одоо тус байрандаа амьдрахаа байсан, байр болон түлхүүрийг Д.Н-д хүлээлгэж өгсөн гэх тайлбар гаргасан учир Д.Н-г хамтран хариуцагчаар татаж байна. Иймд Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн Л-, Монгол улсын иргэн Д.Н- нарын хууль бус эзэмшлээс Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Голден вилл хотхон 104 байр, 1002 тоот орон сууцыг албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ли Жи Су, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хонгорзул шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... “С-” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн дагуу хариуцагчаар татагдсан Л- нь Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Голден вилл хотхон 104 байр, 1002 тоотыг Д.Н-тай байгуулсан түрээсийн гэрээний дагуу түрээслэж байсан ба түрээсийн гэрээг дуусгавар болгон 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гарсан. Иймд надад ямар ч хамааралгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч Д.Н-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сумъяа шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... “С-” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг иргэн Д.Н-гийн зүгээс дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд: Иргэн Д.Н- нь 2010 оны 03 дугаар сарын 15-ны өдөр “Э-” ХХК-тай орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Дамбын гудамж, Голден вилл хотхон 104 байр, 1002 тоотын 149,35 м.кв орон сууцыг 90 000 ам.доллараар авахаар харилцан тохиролцсон байдаг. Уг гэрээний дагуу орон сууцны үнэ 90 000 ам.долларыг 2010 оны 03 дугаар сарын 16-ны өдөр бэлнээр төлсөн. Гэрээг “Э-” ХХК-ийн захирал Им Жун Ү-тэй байгуулсан ба орон сууцны үнийг Им Жун Ү-д хүлээлгэн өгчээ. Тухайн үед гэрээг бичгээр хийж, мөнгө хүлээлцэн бичгийн баримт хийгдсэн тул “Э-” ХХК-ийн санхүүгийн тэмдэг дарагдаж баталгаажсан байна. Уг гэрээний 3.1-д орон сууцны үнийг төлж барагдуулмагц гүйцэтгэгч талаас сууцны түлхүүрийг гардуулснаар орон сууцны өмчлөх эрх захиалагчид үүсэхээр заасан. Иргэн Д.Н- нь 2010 оны 03 дугаар сарын 16-ны өдөр орон сууцны үнийг төлж барагдуулсан учраас “Э-” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Дамбын гудамж, Голден вилл хотхон 104 байр, 1002 тоотын 149,35 м.кв орон сууцыг өөрийн өмчлөлийн хөрөнгө гэж итгэж, гэр бүлийн хамт амьдарч байсан. Улмаар уг байрны өмчлөлийн маргаан үүсч, 2018 оны 01 дүгээр сараас хойш уг байрнаас нүүн, иргэн Э.Чимэддагвад байрны түлхүүрийг шилжүүлэн өгсөн. Одоо иргэн Д.Н- нь Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Туулын 10-2 тоот хаягт амьдарч байгаа болно. Мөн иргэн Д.Н-гийн иргэний үнэмлэхийн хаяг Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Дамбын гудамж, Голден вилл хотхон 104 байр, 1002 тоот хэдий ч уг байрыг хууль бусаар эзэмшдэг гэдгийг нотлохгүй гэж өмнө нь 3 шатны шүүхээс дүгнэсэн. Тухайлбал, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 110 дугаар магадлалд “С-” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хянахдаа Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан эрхийг эдлэхэд өмчлөгч өөрийн өмчлөлийн орон сууцаас зөвхөн хууль бусаар оршин сууж байгаа этгээдийг гаргуулахаар шаардах эрхтэй ба хариуцагчийн иргэний үнэмлэхний хаягт тухайн орон сууцны хаяг бүртгэлтэй байх нь түүнийг орон сууцыг бодитой эзэмшиж байгаа, хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж дүгнэх үндэслэлгүй гэж, Улсын дээд шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 001/ХТ2019/00770 дугаар тогтоолд нэхэмжлэгч “С-” ХХК нь маргааны зүйл болон орон сууцны өмчлөгч мөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, харин хариуцагч Д.Н- нь тухайн орон сууцны эзэмшигч болох нь баримтаар тогтоогдохгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан шаардлагыг зөрчөөгүй байна гэж дүгнэжээ. Нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан байна. Гэтэл иргэн Д.Н- нь Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Дамбын гудамж, Голден вилл хотхон 104 байр, 1002 тоотод оршин суудаггүй буюу бодитоор эзэмшихгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн “Э-” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Н-гийн хууль бус эзэмшлээс Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Голден вилл хотхон /13380/ Денверийн гудамж 104 дүгээр байр 1002 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204078118 дугаартай, 149.35 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Л- /Lee Jin Su/-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “С- “ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Н-гаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “С-” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

            Хариуцагч Д.Н-гийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна. Хариуцагч Л--гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хонгорзулын шүүх хурал дээр гаргасан "2018 он 03 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээг Д.Н-гийн дүү гэх залуутай байгуулсан байсан, тухайн гэрээ байгуулдаг өдөр би байгаагүй, хөлслүүлэгч нь Д.Н- овээрээ байсан" гэх тайлбараар Д.Н-г уг байрыг эзэмшиж байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Тухайлбал, иргэн Д.Н- 2018 оны 1 сард уг байрыг иргэн Э.Чимэддагвад шилжүүлэн өгсөн бөгөөд 2017 оноос тус байрыг түрээслэн суусан иргэн Л--г Э.Чимэддагватай холбон өгч, Л--г үргэлжлүүлэн түрээслэн суух боломжийг олгосон. Тухайн байранд БНСУ-ын иргэн Л- нь иргэн Э.Чимэддагватай байгуулсан 2018 оны 03 дугаар сарын 30-ны  өдрийн түрээсийн гэрээний дагуу амьдарсаар байсан. Иргэн Д.Н-гийн хувьд Л--д өмнө байр түрээслэж байсан учир тухайн маргааны зүйл болох байрны түрээсийг хүлээн авч иргэн Э.Чимэддагвад бэлнээр шилжүүлэн өгч, мөнгө хүлээлцсэн баримт үйлдсэн байдаг. Гэвч хуулийн шаардлага хангасан тус нотлох баримтыг шүүхийн зүгээс тодорхой үндэслэлгүйгээр үнэлэхээс татгалзсан. Тус маргааны явцад тус байрыг хариуцагч Д.Н- эзэмшдэг эсэхийг тогтооход ач холбогдол бүхий нотлох баримтыг гаргуулах тухай шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулалгүй шүүх хуралдааныг хийсэн болно. 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг шүүхийн зүгээс хүлээн авч 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 101/Ш32019/18285 дугаар захирамж гарсан байна. Уг захирамжийн Захирамжлах хэсгийн 1-т "Хариуцагч Л--тай байгуулсан түрээсийн гэрээг гаргуулах" талаар шийдвэрлэсэн. Гэвч уг захирамжийг биелэлт хангагдаагүй байхад шүүх хуралдааныг хийсэн байна. Шүүхийн зүгээс Л--аас гаргуулахаар шийдвэрлэсэн тус түрээсийн гэрээ нь иргэн Э.Чимэддагватай байгуулсан гэрээ байдаг бөгөөд энэ гэрээ нь тус байрыг хэн эзэмшдэгийг тогтооход хамгийн чухал баримт байсан. Мөн Д.Н- уг байрыг бодитоор эзэмшээгүй гэдгээ нотлохын тулд уг байранд шүүхийн журмаар үзлэг хийх хүсэлт гаргахад нэхэмжлэгч талаас ч тэр уг байр одоогоор хоосон, Д.Н- амьдардагггүй гэдгийг хүлээн зөвшөөрч үзлэг хийх шаардпагагүй гэх тайлбарыг хэлсэн учраас шүүх үзлэг хийх шаардлагагүй гэж үзсэн болно. Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу бусдын хууль бус эзэмшлээс өөрийн здхөрөнгөө чөлөөлүүлэх шаардлага гаргахад хариуцагч этгээд нь тухайн эд хөрөнгийг бодитоор буюу физик утгаар эзэмшиж байхыг ойлгодог. Гэтэл нэхэмжлэгч талын зүгэзс тухайн байранд Д.Н- амьдардаггүй гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа атлаа хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргасныг шүүх ханган шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байхаас гадна заавал биелэгдэх шинжийг агуулдаг. Гэтэл тус шүүхийн шийдвэр дээрх зарчмыг ноцтой зөрчсөн буюу тус байрыг байрыг бодитоор эзэмшдэггүй этгээдэд байр чөлөөлөхийг даалган шийдвэрлэсэн нь бодит байдал дээр хэрэгжих боломжгүй атлаа иргэн Д.Н-д ноцтой дарамт үзүүлэх шийдвэр болсон байна. Анхан шатны шүүх Д.Н-гийн цагдаагийн    байгууллагад өгсөн мэдүүлгийг шийдвэрийнхээ үндэслэл болгожээ.  Иргэн Д.Н- “Э-” ХХК-аас 2010 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулан Баянзүрх дүүргийн 01 дүгээр хороо, Дамбын гудамж, Голден вилл хотхон, 104 дүгээр байр, 1002 тоот орон сууцыг худалдан авсан бөгөөд тухайн үед Э.Чимэддагва гэдэг хүнээр дамжуулан гэрээ байгуулж байсан учраас Э.Чимэддагваас байр худалдан авсан гэж буруу ойлгосон байсан. Иймд 2018 онд байрны өмчлөлийн маргаан үүсэхэд Э.Чимэддагвад байрны түлхүүрийг буцаан өгсөн байдаг. Д.Н- нь Баянзүрх дүүргийн 01 дүгээр хороо, Дамбын гудамж, Голден вилл хотхон, 104 дүгээр байр, 1002 тоотыг худалдан авсан хэдий ч өөрийн өмчлөх, эзэмших эрхийг хэрэгжүүлж чадахгүй байгаа болно. Тус байрны “Голден Вил “СӨХ-ийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 155, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01/2020 дугаар тодорхойлолтуудад 104 дүгээр байрны 1002 тоотын сууц өмчлөгчийн төлбөрийг Д.Н- төлсөн талаарх тодорхойлолтоор Д.Н-г эзэмшигч гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Тухайлбал, хариуцагч Л--гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019 оны 09 сар хүртэлх хугацааны орон сууцны ашиглалтын төлбөрийг Л- төлсөн гэдгийг шүүх хуралдаан дээр хэлсэн. Байрны ашиглалтын зардлыг тухайн байрыг эзэмшиж, ашиглаж байгаа этгээд төлдөг болох нь харагдсаар байтал 2018 оноос өмнө амьдарч байсан Д.Н- төлсөн болохыг тодорхойлсон СӨХ-ийн тодорхойлолтыг үнэлсэн нь үндэслэлгүй юм. Мөн “С-” ХХК-ийн нэр дээр 2016 онд буюу улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах ажиллагааны үед “Голден Вил” СӨХ нь "Баянзүрх дүүргийн 01 дүгээр хороо, Дамбын гудамж, Голден вилл хотхон, 104 дүгээр байр, 1002 тоотыг 2009 оноос хойш “С-” ХХК-ийг эзэмшиж байгаа"-г тодорхойлсон байдаг. Гэтэл Д.Н-гийн хувьд 2010 оноос хойш 2018 он хүртэл уг байранд амьдарч байсан бөгөөд “Голден Вилл” СӨХ нь “С-” ХХК-ийн хүссэн тодорхойлолтыг гаргаж өгдөг болох нь харагдаж байна. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг бүрэн харгалзалгүй, эргэлзээ бүхий “Голден Вилл” СӨХ-ны тодорхойлолтыг үнэлсэн. Түүнчлэн, иргэн Д.Н-гийн зүгээс 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “Э-” ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүргийн 01 дүгээр хороо, Дамбын гудамж, Голден вилл хотхон, 104 дүгээр байр, 1002 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гарган, иргэний хэрэг үүсгүүлэн маргаж байгаа болно. Д.Н-гийн хувьд уг байрыг гэрээний дагуу худалдаж авсан өмчлөгч бөгөөд өмчлөгч болохыг батлах улсын бүртгэлийн гэрчилгээ нь өөр этгээдийн нэр дээр гарсныг сүүлд олж мэдсэн тул өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Уг асуудлын талаар шүүхэд албан ёсоор нотлох баримтын хамт хүргүүлж, хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргасан. Өөрөөр хэлбэл, тус маргааны зүйлийн хувьд нэг буюу Баянзүрх дүүргийн 01 дүгээр хороо, Дамбын гудамж, Голден вилл хотхон, 104 дүгээр байр, 1002 тоотын өмчлөл, эзэмшлийн талаарх маргаан бөгөөд оролцогчийн хувьд Д.Н- аль аль шүүх дээр зохигчийн байр суурьнаас оролцож байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарч байгаа юм. Гэтэл анхан шатны шүүхээс зохигчийн маргаж байгаа зүйл ба үндэслэл нь уг маргаантай хамааралтай гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй гэж, мөн тус байрыг эзэмшээгүй юм бол өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргаж байгаа йлгомжгүй байна хэмээн дүгнэсэн нь буруу юм. Шүүхийн зүгээс тус байрыг өмчилж ч чадахгүй, эзэмшиж ч чадахгүй байгаа иргэнийг эзэмшиж байна хэмээн дүгнэснийг ойлгох боломжгүй байна. Тус хэргийг хянан шийдвэрлэхэд хэргийн оролцогчийн эрх зүйн туслалцаа авах, өмгөөлөгчтэй хамт хуралд оролцох эрхийг шүүхийн зүгээс ноцтой зөрчсөн. Өөрөөр хэлбэл, тус хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүх хуралдаанд өмгөөлөгч Л.О- миний бие хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцох боломжгүй болсон бөгөөд холбогдох хүсэлт, баримтыг шүүхэд албан ёсоор хүргүүлсэн. Гэвч шүүхийн зүгээс тус хүсэлтийг хүлээн аваагүй бөгөөд хариуцагч Д.Н-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг өмгөөлөгч хэмээн үзэж, шүүх хуралдааныг үргэлжүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч “С-” ХХК нь хариуцагч Л-, Д.Н- нарт холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч Л- нь Д.Н-д, хариуцагч Д.Н- нь Э.Чимэддагвад тус тус буцаан өгсөн гэж маргажээ.

 

            Нэхэмжлэгч “С-” ХХК нь маргаан бүхий орон сууцны өмчлөгч болох нь хэрэгт авагдсан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 703 дугаар шийдвэр, 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна./хэргийн 12, 98-102 дугаар тал/

 

            Иймд нэхэмжлэгч байгууллага нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

 

            Хэрэгт авагдсан хариуцагч нарын хооронд байгуулагдсан 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ, Л--гаас Д.Н-д 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 19 500 000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 3 000 000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 3 000 000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 1 500 000 төгрөгийн хөлс тус тус шилжүүлсэн баримт зэргээр хариуцагч Л- нь уг байрыг хариуцагч Д.Н-гаас хөлслөн амьдарч байсан үйл баримт тогтоогдож байна./хэргийн 60-62, 81-83/

 

            Иймд энэ талаар гаргасан хариуцагч Л-гийн тайлбар үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхээс түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.

 

            Хариуцагч Д.Н- нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “2018 оны 01 дүгээр сард орон сууцыг Э.Чимэддагвад хүлээлгэн өгсөн, орон сууцыг эзэмшдэггүй, энэ талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй, Л-гаас шилжүүлсэн түрээсийн төлбөрийг Э.Чимэддагвад хүлээлгэн өгсөн” гэх агуулгаар тайлбарлаж байх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

            Тодруулбал, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2018/03567 дугаар шийдвэрээр Э.Чимэддагватай байгуулсан гэрээний дагуу орон сууцыг Д.Н- эзэмшилдээ авсан боловч 2018 оны 01 дүгээр сард буцаан өгсөн нь хариуцагчийн тайлбар, Э.Чимэддагва, Л- нарын хооронд 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ зэргээр хариуцагч Д.Н- тухайн үед уг орон сууцыг эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэж “С-” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 110 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 001/ХТ2019/00770 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн байна. /хэргийн 12-23 дугаар тал/. Өөрөөр хэлбэл, дээрх шүүхийн шийдвэр гарах үед уг байрыг хариуцагч Л- түрээслэн амьдарч байсан буюу түүний эзэмшилд байсан тул хариуцагч Д.Н-гийн эзэмшилд байсан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

 

            Харин одоо хариуцагч Д.Н-гийн иргэний үнэмлэхний хаягийн бүртгэл, хариуцагч Л-гийн зүгээс дээрх шүүхийн шийдвэрт дурдсан “Э.Чимэддагватай 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээг Д.Н-гийн дүү гэх залуутай байгуулж байсан ч орон сууцны хөлслүүлэгч нь Д.Н- хэвээр байсан” гэх тайлбар, хариуцагч Л-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хонгорзулаас Д.Н-гийн Хаан банкин дахь 5018418682 тоот дансанд мөнгө шилжүүлсэн баримт зэргийг харьцуулан үзэхэд хариуцагч Д.Н-г маргаан бүхий орон сууцыг эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэлтэй. Учир нь үүнийг хариуцагч Д.Н- үгүйсгэсэн тайлбар, баримтыг гаргаагүй, уг байрыг өөр этгээдэд шилжүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй. Иймд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

 

            Хэдийгээр хариуцагч Д.Н- нь “Э-” ХХК-тай 2010 оны 03 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу өмчлөгч гэж үзэж, өмчлөгчөөр тогтоолгохоор харьяа шүүхэд нэхэмжлэл гаргаж, иргэний хэрэг үүсгэн хянагдаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж тайлбарлаж байгаа боловч дээр дурдсан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр маргаж буй орон сууцны өмчлөгч нь нэхэмжлэгч байгууллага мөн болно. Өөрөөр хэлбэл, “Э-” ХХК нь маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрх нэгэнт дуусгавар болсон байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

            Иймд хариуцагч Д.Н-гийн хууль бус эзэмшлээс Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Голден вилл хотхон /13380/ Денверийн гудамж 104 дүгээр байр 1002 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204078118 дугаартай, 149.35 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч Д.Н-гийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2020/00492 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Н-гийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч Д.Н-гийн өмгөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                ШҮҮГЧИД                                     Ш.ОЮУНХАНД

 

                                             С.ЭНХТӨР