Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2022/00026

 

“С э С К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2020/00492 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 779 дүгээр магадлалтай,

 

“С э С К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Л Ж С, Д.Ннарт холбогдох

 

Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч Д.Нгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сумъяагийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батзориг, хариуцагч Л Ж Сны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хонгорзул, хариуцагч Д.Нгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сумъяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2020/00492 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Нгийн хууль бус эзэмшлээс Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Голден вилл хотхон /13380/ Денверийн гудамж 104 дүгээр байр 1002 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаартай, 149.35 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Л Ж С /L J S/-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С э С К ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Нгаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С э С К ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

2. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 779 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2020/00492 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Нгийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч Д.Нгийн өмгөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

3. Хариуцагч Д.Нгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сумъяа хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг тус тус эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. ...Анхан шатны шүүхээс “Баянзүрх дүүргийн 01 дүгээр хороо, Дамбын гудамж, Голден вилл хотхон, 104 дүгээр байр, 1002 тоот орон сууцыг Д.Нбодитоор эзэмшээгүй байхад иргэн Д.Нгаас гаргуулан шийдвэрлэсэн байхад Нийслэлийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасны дагуу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Уг шаардах эрхийг хэрэгжүүлэхийн тулд иргэн Д.Нуг байрыг эзэмшиж байгаа гэдгийг тогтоох зайлшгүй шаардлагатай юм. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс хариуцагч Л Ж С-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хонгорзулын шүүх хурал дээр гаргасан “2018.03.30-ны өдөр байгуулсан орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээг Д.Нгийн дүү гэх залуутай байгуулсан байсан, тухайн гэрээ байгуулдаг өдөр би байгаагүй, хөлслүүлэгч нь Д.Нхэвээрээ байсан” гэх тайлбараар Д.Нг уг байрыг эзэмшиж байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Тухайлбал, Д.Н2018.01 сард уг байрыг Чимэддагвад шилжүүлэн өгсөн бөгөөд 2017 онд түрээслэн суусан Л Ж С-г Чимэддагватай холбон өгч, Л Ж С-г үргэлжлүүлэн түрээслэн суух боломжийг олгосон. Улмаар Л Ж С-гаас 2019 оны түрээсийн төлбөрүүдийг хүлээн авч, Чимэддагвад бэлнээр шилжүүлэн өгч, мөнгө хүлээлцсэн баримт үйлдсэн байдаг бөгөөд уг баримтыг анхан шатны шүүхэд эх хувиар гаргаж өгсөн боловч шүүх үнэлсэнгүй. Мөн Д.Нуг байрыг бодитоор эзэмшээгүй гэдгээ нотлохын тулд уг байранд үзлэг хийх хүсэлт гаргахад нэхэмжлэгч талаас ч тэр уг байр одоогоор хоосон, Д.Намьдардаггүй гэдгийг хүлээн зөвшөөрч үзлэг хийх шаардлагагүй гэх тайлбарыг хэлсэн учраас хүсэлтээсээ татгалзсан болно. Иргэн Д.Ннь Баянзүрх дүүргийн 01 дүгээр хороо, Дамбын гудамж, Голден вилл хотхон, 104 дүгээр байр, 1002 тоот орон сууцыг өмчилж, эзэмшиж чадахгүй байхад эзэмшилд нь байхгүй байрыг иргэн Д.Нгаас гаргуулж шийдвэрлэсэн нь иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Маргааны зүйлийн хувьд нэг буюу Баянзүрх дүүргийн 01 дүгээр хороо, Дамбын гудамж, Голден вилл хотхон, 104 дүгээр байр, 1002 тоотын өмчлөл, эзэмшлийн талаарх маргаан бөгөөд оролцогчийн хувьд Д.Наль аль шүүх дээр зохигчийн байр суурьнаас оролцож байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7, 117 дугаар зүйлийн 117.1-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарна. Гэтэл анхан шатны шүүхээс зохигчийн маргаж байгаа зүйл ба үндэслэлийн талаар маргаж байгаа гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, давж заалдах шатны шүүхээс өмчлөгч нь нэхэмжлэгч байгууллага мөн, “Э Э Ж к” ХХК нь маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрх нэгэнт дуусгавар болсон гэж дүгнэсэн нь буруу юм. Иймд шийдвэр, магадлалаар иргэн Д.Нгийн эзэмшилд байхгүй байрыг Д.Нгаас гаргуулан шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

4. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

 

5. Нэхэмжлэгч “С э С К” ХХК нь хариуцагч Д.Н, Солонгос улсын иргэн Л Ж С нарын хууль бус эзэмшлээс орон сууцаа чөлөөлүүлэх нэхэмжлэлийг гаргасан, хариуцагч Л Ж С нь орон сууц хөлслөх гэрээний хугацаа дуусч Д.Нд орон сууцыг хүлээлгэн өгсөн гэж, хариуцагч Д.Ннь Э.Чимэддагвад орон сууцыг буцаан өгсөн, орон сууцыг эзэмшдэггүй гэж тус тус маргажээ.

 

6. Анхан шатны шүүх хариуцагч Д.Нгийн эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлж нэхэмжлэлийн энэ хэсгийг хангаж, хариуцагч Л Ж С-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаад, хэвээр үлдээжээ. Шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээнэ.

 

7. Нэхэмжлэгч “С э С К” ХХК маргаж буй Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Голден вилл хотхон /13380/ Денверийн гудамж 104 дүгээр байр 1002 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаартай, 149.35 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны өмчлөгч болох нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015.10.26-ны өдрийн 703 дугаар шийдвэр, 2016.01.25-ны өдрийн эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогджээ. /хэргийн 12, 98-102 дугаар тал/

 

8. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар өмчлөгч нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Хариуцагчийн эзэмшил хууль бус байх, нэхэмжлэгч маргаж буй эд хөрөнгийн өмчлөгч байх нь шаардах эрхийг хэрэгжүүлэх хуулийн урьдчилсан нөхцөл нь байна.

 

Шүүхийн дүгнэсэнчлэн, хариуцагч Л Ж С нь 2018.01 сараас хариуцагч Д.Нгаас орон сууцыг хөлслөн амьдарч байгаад гэрээг дуусгавар болгож, орон сууцыг 2019.09.28-ны өдөр буцаан өгсөн, Д.Ннь орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа нь хэрэгт байгаа баримтаар тогтоогдсон, шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. /хэргийн 60-62, 81-83/

 

9. Хариуцагч Д.Нгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...2010.03.15-ны өдөр “Эм Энд Жи” ХХК-тай гэрээ байгуулж маргаж буй орон сууцыг 90,000 ам.доллараар худалдан авахаар тохирч, мөнгийг бэлнээр өгсөн, уг байрыг эзэмшиж байхад маргаан үүсч, 2018.01 дүгээр сард орон сууцыг Э.Чимэддагвад хүлээлгэн өгсөн, Л Ж Сгаас шилжүүлсэн түрээсийн төлбөрийг Э.Чимэддагвад өгсөн, орон сууцыг эзэмшдэггүй, энэ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан, орон сууцны өмчлөл буюу маргаж байгаа зүйлийн талаар шүүхэд өөр хэрэг хянагдаж байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасны дагуу шийдвэрлээгүй” гэж шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахыг хүсчээ.

 

10. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.11.23-ны өдрийн 101/ШШ2018/03567 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.01.11-ний өдрийн 110 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019.05.24-ний өдрийн 001/ХТ2019/00770 дугаар тогтоолоор Д.Нд холбогдох орон сууц чөлөөлүүлэхийг хүссэн “С э С К” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ уг орон сууц Д.Нгийн эзэмшилд байгаа нь тогтоогдоогүй гэж үзсэн байна.

 

11. Тухайн үед хариуцагч Д.Ннь орон сууцыг эзэмшиж байгаагүй боловч дээрх шүүхийн шийдвэр гарснаас хойш Л Ж С-аас орон сууцны хөлсийг авч байсан, хариуцагч Л Ж С-гийн тайлбарт дурдснаар орон сууцыг 2019.09.28-ны өдөр Д.Нд хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсноос үзвэл Д.Нг эзэмшигч гэж үзсэн шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй гэж үзнэ. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ.гэж, 89.2-т “Өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна.” гэж заасан ба Д.Нг хууль ёсны эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн, хариуцагчийн тайлбарт дурдснаар маргаж буй орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай “Э Э Ж к” ХХК-д холбогдох нэхэмжлэлтэй хэргийг өөр шүүхэд хянан шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасан “зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаархи өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа” үндэслэлд хамаараагүй, энэ талаарх шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2020/00492 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 779 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Д.Нгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     Г.АЛТАНЧИМЭГ

                            ШҮҮГЧИД                                                          П.ЗОЛЗАЯА

                                                                                                      Б.МӨНХТУЯА

                                                                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                       Х.ЭРДЭНЭСУВД