Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 811

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/00462 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.Г-ын хариуцагч Б.Б-т холбогдуулан гаргасан гэм хорын хохирол 17 605 583 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч-, хариуцагч Б.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Т.Г- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Г- би 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 05-ны өдр шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах АВ центерийн 12 давхарт байрлах караокед иргэн Б.Б-т зодуулж, хүндэвтэр гэмтэл авсан. Уг асуудлыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 619 тоот Шийтгэх тогтоолоор эцэслэн шийдвэрлэж, Б.Б-ыг миний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 11.4.1-д зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. Уг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дугаарт хохирогч Т.Г-ын ажилгүй байсан хугацааны цалин гэх 13 604 114 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлсний эцэст буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй хэмээн шийдвэрлэсний дагуу ийнхүү шүүхэд хохирлоо нэхэмжлэхээр хандаж байна. Хариуцагч Б.Б-ыг уг балмад үйлдлийн улмаас миний биед баруун шагайн үений мултрал, баруун шагайн дотор хашлага ясны хугарал, 1 хавирганы хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэх гэмтэл үүссэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу Шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон. Үүний улмаас миний бие 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Гэмтэл согог үндэсний төвийн яс, үе мөчний 1 дүгээр тасгийн их эмч Э.Баасансүрэнгээр ахлуулсан мэс засал хийлгэсэн бөгөөд үүний улмаас Капитрон банкны төлөөлөн удирдах зөвлөлийн ажил албан тушаалыг тодорхой хугацаанд эрхлэх боломжгүй болсон. Өөрөөр хэлбэл уг эрүүгийн хэрэг үйлдэгдсэн өдөр болох 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд эрүүл мэндийн шалтгааны улмаас ажил албан тушаалаа эрхэлж чадаагүй болно. Ажилгүй байсан хугацааны цалингийн тооцооллыг дор дурдсан байдлаар хийсэн болно. Үүнд: 2018 оны 05 дугаар сар үндсэн цалин 5 000 000 төгрөг, ажиллавал зохих хоног 23, ажилласан хоног 19, тооцсон цалин 4 130 435 төгрөг, 2018 оны 06 дугаар сар үндсэн цалин 5 000 000 төгрөг, ажиллавал зохих хоног 20, ажилласан хоног 20, тооцсон цалин 5 000 000 төгрөг, 2018 оны 07 дугаар сар үндсэн цалин 5 000 000 төгрөг, ажиллавал зохих хоног 19, ажилласан хоног 17, тооцсон цалин 4 473 684 төгрөг нийт 13 604 119 төгрөг. Түүнчлэн миний бие 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг дуустал хугацаанд ажил, албан тушаалаа эрхэлж чадаагүй. Учир нь уг гэмтлийн улмаас дахин Номун эмнэлэгт хагалгаанд орсон бөгөөд үүний улмаас ажлаас чөлөөтэй байсан. Энэ нь 1098846 тоот Эмнэлгийн хуудас болон 1129194 тоот Эмнэлгийн хуудас зэргээр бүрэн тогтоогдож байгаа болно. Уг хугацаанд ажил албан тушаалаа эрхэлж чадаагүйн улмаас нийт 3 042 064 төгрөгийн цалинг авч чадаагүй хохироод байна. Нөгөөтэйгүүр уг хагалгаанд орох болон орсны дараах эмнэлгийн үйлчилгээ, эм тариа, бусад зүйлсийг өөрийн зардлаар гаргасан бөгөөд хариуцагч Б.Б- миний биед уг гэмтэл учруулаагүй байсан бол надаас уг зардал гарахгүй байсан. Үүнийг тухайн эмнэлгийн үйлчилгээ, эм тариа, бусад зүйлсийн үнийг төлсөн баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд энэ нь нийт 959 400 төгрөгийн зардал гарч хохирол учраад байна. Иймд хариуцагч Б.Б-аас 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл цалин 13 604 119 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацааны цалин 3 042 064 төгрөг, эмчилгээний зардал 959 400 төгрөг нийт 17 605 583 төгрөгийг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 497 дугаар зүйлийн 497.1-д заасны дагуу хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Т.Г-ын нэхэмжлэлтэй, Б.Б-т холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримттай танилцсаны дараа дэлгэрэнгүй тайлбар, нотлох баримт гарган өгөх болно гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1.-д зааснаар хариуцагч Б.Б-аас 14 375 086 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Баярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 230 497 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэг зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.Б-аас 229 825 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хүсэлтгүйгээр нотлох баримт цуглуулсан. Хөндлөнгийн байх, талуудын хүсэлтгүйгээр өөрийн санаачилгаар ажиллагаа хийхийг хориглосон хэм хэмжээнүүдийг зөрчсөн. Капитрон банк ХХК-аас гаргуулсан банкинд хохирол төлсөнийг төлбөрийн баримт нь нотлох баримтын шаардлага гаргаагүй байхад үнэлж нэхэмжлэлийг хангасан тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг батлах нь зүйтэй байна.

            Нэхэмжлэгч Т.Г- нь хариуцагч Б.Б-т холбогдуулан гэм хорын хохиролд 17 605 583 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Т.Г-ын нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрөн давж заалдах гомдол гаргасан боловч нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт “Давж заалдах гомдол гаргасны дараа зохигч эвлэрэн хэлэлцсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн бол давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Т.Г- нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа илэрхийлж гарын үсгээ зурсан бичгийн баримтыг ирүүлсэн нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

            Иймд давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/00462 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Т.Г- нь хариуцагч Б.Б-т холбогдох гэм хорын хохиролд 17 605 583 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ЦОГТСАЙХАН

 

  ШҮҮГЧИД                                  Ч.ЦЭНД

 

                                                          С.ЭНХТӨР