Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2020/00462

 

                                     

 

 

 

2020 оны 01 сарын 30 өдөр         Дугаар 101/ШШ2020/00462            Улаанбаатар хот

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, шүүгч Т.Болормаа, Н.Сарангүн нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, *******,******* тоотод оршин суух, Баянбэрх овогт Төмөрхилийн ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, *******,*******,*******,******* тоотод оршин суух, Бүрд овогт Батсүхийн ******* /РД:/-т холбогдох,

 

Гэм хорын хохирол 17,605,583 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.******* би 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 05-ны өдр шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах АВ центерийн 12 давхарт байрлах караокед иргэн Б.*******т зодуулж, хүндэвтэр гэмтэл авсан. Уг асуудлыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 619 тоот Шийтгэх тогтоолоор эцэслэн шийдвэрлэж, Б.*******ыг миний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 11.4.1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. Уг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дугаарт “хохирогч Т.*******ын ажилгүй байсан хугацааны цалин гэх 13,604,114 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлсний эцэст буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй” хэмээн шийдвэрлэсний дагуу ийнхүү шүүхэд хохирлоо нэхэмжлэхээр хандаж байна.

Хариуцагч Б.*******ыг уг балмад үйлдлийн улмаас миний биед “баруун шагайн үений мултрал, баруун шагайн дотор хашлага ясны хугарал, 1 хавирганы хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт” гэх гэмтэл үүссэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу Шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон. Үүний улмаас миний бие 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Гэмтэл согог үндэсний төвийн яс, үе мөчний 1 дүгээр тасгийн их эмч Э.гээр ахлуулсан мэс засал хийлгэсэн бөгөөд үүний улмаас Капитрон банкны төлөөлөн удирдах зөвлөлийн ажил албан тушаалыг тодорхой хугацаанд эрхлэх боломжгүй болсон. Өөрөөр хэлбэл уг эрүүгийн хэрэг үйлдэгдсэн өдөр болох 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд эрүүл мэндийн шалтгааны улмаас ажил албан тушаалаа эрхэлж чадаагүй болно. Ажилгүй байсан хугацааны цалингийн тооцооллыг дор дурдсан байдлаар хийсэн болно. Үүнд: 2018 оны 05 дугаар сар үндсэн цалин 5,000,000 төгрөг, ажиллавал зохих хоног 23, ажилласан хоног 19, тооцсон цалин 4,130,435 төгрөг, 2018 оны 06 дугаар сар үндсэн цалин 5,000,000 төгрөг, ажиллавал зохих хоног 20, ажилласан хоног 20, тооцсон цалин 5,000,000 төгрөгш, 2018 оны 07 дугаар сар үндсэн цалин 5,000,000 төгрөг, ажиллавал зохих хоног 19, ажилласан хоног 17, тооцсон цалин 4,473,684 төгрөг нийт 13,604,119 төгрөг.

Түүнчлэн миний бие 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг дуустал хугацаанд ажил, албан тушаалаа эрхэлж чадаагүй. Учир нь уг гэмтлийн улмаас дахин “Номун” эмнэлэгт хагалгаанд орсон бөгөөд үүний улмаас ажлаас чөлөөтэй байсан. Энэ нь 1098846 тоот “Эмнэлгийн хуудас” болон 1129194 тоот “Эмнэлгийн хуудас” зэргээр бүрэн тогтоогдож байгаа болно. Уг хугацаанд ажил албан тушаалаа эрхэлж чадаагүйн улмаас нийт 3,042,064 төгрөгийн цалинг авч чадаагүй хохироод байна. Нөгөөтэйгүүр уг хагалгаанд орох болон орсны дараах эмнэлгийн үйлчилгээ, эм тариа, бусад зүйлсийг өөрийн зардлаар гаргасан бөгөөд хариуцагч Б.******* миний биед уг гэмтэл учруулаагүй байсан бол надаас уг зардал гарахгүй байсан. Үүнийг тухайн эмнэлгийн үйлчилгээ, эм тариа, бусад зүйлсийн үнийг төлсөн баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд энэ нь нийт 959,400 төгрөгийн зардал гарч хохирол учраад байна.

Иймд хариуцагч Б.*******аас 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл цалин 13,604,119 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацааны цалин 3,042,064 төгрөг, эмчилгээний зардал 959,400 төгрөг нийт 17,605,583 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.******* нь 2018 оны 5 дугаар сарын 04-05-ны өдөр шилжих шөнө иргэн Б.*******т зодуулж хөлөндөө Шүүх шинжилгээний хүрээлэнгийн дүгнэлтээр хөлөндөө хүндэвтэр гэмтэл авсан. Уг гэмтлээс шалтгаалан гурав дахь удаагаа хагалгаанд орсон. Хагалгаанд удаа дараа орсон шалтгаан нь хөлний болон шагайн хэсэг бүхэлдээ бяцраад цууралт явагдсан бөгөөд эдгээр гэмтлийг нэг удаагийн хагалгаагаар эмчлэх боломжгүй. Эхний асуудал бол эрүүгийн асуудал шийдэгдэх явцад 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сар хүртэлх хугацаанд мэс ажилбарын улмаас нэхэмжлэгч эрхэлж байсан ажлаа хийж чадаагүй. Хагалгаанд орсон болон хагалганы эм тарианы асуудал нь эрүүгийн журмаар шийдвэрлэгдсэн. Нэхэмжлэгч 2018 оны 5 сард нийт 23 хоног ажиллахаас 19 хоног ажиллаагүй, 2018 оны 6 дугаар сард 20 хоног ажиллаагүй, 2018 оны 7 дугаар сард 19 хоног ажиллахаас 17 хоног ажиллаагүй. Ингээд нийт ажиллаж чадаагүй улмаас авч чадаагүй цалин нь 13,604,119 төгрөг болсон. Үүнд нийгмийн даатгалын асуудлыг оруулаагүй. Зөвхөн авч чадаагүй цалинг л оруулж өгсөн. Нэхэмжлэгч нь дахин Номуун эмнэлэгт хагалгаанд орсон. 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 18-ны хүртэлх хугацаанд хагалгаанд орж, эмнэлэгт хэвтсэн. Эмнэлгийн магадалгаагаар лист авсан. Лист болон Номуун эмнэлгийн тодорхойлолт зэрэг баримтуудыг хэрэгт гаргаж өгсөн. Энэ хугацааны ажилгүй байсан цалингаас нийгмийн даатгалаас өгсөн лист хасагдаад авч чадаагүй цалин нь 3,042,064 төгрөг болсон. Үүн дээр хагалгааны зардал, ор хоногийн мөнгө, хагалгааны өмнөх болон дараах эм тарианы мөнгө болон цалин нь нийлээд нийт 17,605,583 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан баримт болон Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 497 дугаар зүйлийн 497.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Т.*******ын нэхэмжлэлтэй, Б.*******т холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримттай танилцсаны дараа дэлгэрэнгүй тайлбар, нотлох баримт гарган өгөх болно гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Т.******* Б.*******т холбогдуулан гэм хорын хохирол 17,605,583 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Хариуцагч Б.******* 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 05-ны өдөр шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд Т.*******ыг зодон эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулжээ.

 

            Б.*******ын буруутай үйлдлийн улмаас Т.*******ын биед “баруун шагайн үений мултрал, баруун шагайн дотор хашлага ясны хугарал, 1 дүгээр хавирганы хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт” гэмтэл үүсжээ.

 

            Сүхбаатар  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дугаар сарын 17-ны өдрийн шийтгэх тогтоолоор Б.*******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.*******ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.

 

            Т.******* Б.*******т зодуулсны улмаас 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэл, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл өвчтэй байсан хугацааны цалингийн зөрүү 16,646,183 төгрөг, эмчилгээний зардал 959,400 төгрөг нийт 17,605,583 төгрөг гаргуулна гэжээ.

 

            Нэхэмжлэгч Т.******* 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр хүртэл өвчтэй байсан, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл өвчтэй байсан талаарх баримтаа ирүүлсэн байна.

 

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д зааснаар Т.******* хариуцагч Б.*******ын буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй юм.

 

            Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалын хавсралтаар дундаж цалин хөлс бодох аргачлалын дагуу Т.*******ын 2018 оны 5,6,7 дугаар сарын цалингийн дундаж 5,078,665 төгрөг, нэг өдрийн цалин 236,217 төгрөг байх бөгөөд тэрээр 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр хүртэл, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийт 58 хоног өвчтэй байжээ. /хх-ийн 6-7 дугаар тал/

           

            Нэхэмжлэгч нь эмчилгээний зардал 959,400 төгрөг гаргуулна гэж нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт нийт 690,400 төгрөгийн баримт авагдсанаас хэргийн 10 дугаар талд авагдсан Булга медикал, Батзэгст гэх баримтууд нь Т.*******ын эмчилгээний зардал гэж үзэх боломжгүй байх тул эмчилгээний зардлаас 15,900 төгрөгийг хасч шийдвэрлэсэн болно.

           

   Иймд Т.*******ын нийт өвчтэй 58 хоногийн цалин 13,700,586 төгрөг, эмчилгээ хийлгэсэн 674,500 төгрөг нийт 14,375,086 төгрөгийг Б.*******аас гаргуулан Т.*******од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,230,497 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.т 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 14:30 минутын шүүх хуралдааны товыг түүнд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр мэдэгдсэн бөгөөд тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т зааснаар хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1.-д зааснаар хариуцагч Б.*******аас 14,375,086 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,230,497 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэг зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.*******аас*******9,825 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120..-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

             

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Г.СОЛОНГО

 

                                           ШҮҮГЧИД                                             Т.БОЛОРМАА

 

                                                                                                            Н.САРАНГҮН