Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сономдовчингийн Энхтөр |
Хэргийн индекс | 182/2019/02940/И |
Дугаар | 888 |
Огноо | 2020-04-17 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 888
Ш.О-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч Г.Даваадорж, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2020/00536 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ш.О-ийн хариуцагч “Э-” ХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С, Д.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.
Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.О- миний бие “Э-” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарыэ 12-ны Б/622 дугаартай тушаалаар тус компанийн Захиргаа, удирдлагын хэлтэст мэргэжилтнээр томилогдон 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн ажилласан. Ажил олгогч “Э-” ХК нь түүнтэй байгуулсан 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээгээр шинэчилж, 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 2019/71 дугаартай Хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулсан юм. Уг гэрээний хүрээнд “Э-” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Б/359 дугаартай тушаал гарч, түүнийг компанийн Захиргаа, удирдлагын хэлтэст мэргэжилтнээр томилон ажиллуулахаар шийдвэрлэсэн байдаг. Гэтэл “Э-” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Б/843 дугаартай тушаалаар Захиргаа, удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Ш.О-ийг ...2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 28-ны өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нийт 15 өдрийн ажил тасалсан... гэж үзэж ажлаас халсан тушаал гарсан. Ш.О- нь тус компанид ажиллаж байх хугацаандаа өөрт оногдсон, гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ бодитойгоор хэрэгжүүлэн биелүүлж, ажлын байрны чиг үүргээ шударгаар гүйцэтгэдэг байсан. Ш.О- нь 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр, 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрүүдэд биеийн эрүүл мэндийн байдлын улмаас үүрэгт ажлаа тодорхой цагаар гүйцэтгэх боломжгүй болж дээд шатны албан тушаалтан болох Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Х.Батсайханаас цагийн чөлөө авч, Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт биеийн эрүүл мэндээ үзүүлсэн байдаг. Улмаар эмчийн үзлэгээр түүнийг нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлэхийг зөвлөсөн бөгөөд маргааш өглөө буюу 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн өглөө ажлаасаа дахин чөлөө авч, эмнэлгийн байгууллагаас эрүүл мэндийн үйлчилгээ авч, эмчилгээ хийлгүүлсэн. Ш.О- нь эрүүл мэндийн байдлаас шалтгаалан үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсноо ажил олгогчдоо тайлбарласан бөгөөд ажлаас чөлөөлсөн эмнэлгийн магадалгааг ажилд ирэхдээ авч ирэхийг анхааруулсан байдаг. Тэрээр үргэлжлүүлэн хорооны өрхийн эмнэлэгт үзүүлж, эмнэлгийн магадлагаа авсан байдаг бөгөөд 10 сарын 25-ны өдрийг хүртэл сунгагдсан байдаг. Өөрөөр хэлбэл, 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 25-ны өдрийг хүртэл ажил тасалсан гэх 15 хоногийн хугацаанд Ш.О- нь өвчтэй байсан нь баримтаар тогтоогдож байгаа. Харин Ш.О- нь хүндэтгэн үзэх шалтгаанаас болж уг эмнэлгийн магадалгаануудыг ажил олгогч талдаа хүргэн өгч чадаагүйгээс шалтгаалан ажил олгогчоос ийм тушаал гарсан байна. Энэ тушаалын талаар Ш.О- огт мэдээгүй, байгууллагаас мэдэгдээгүй бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шуудангийн байгууллагаас хүлээн авсан байдаг. Тийм учраас 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэлээ бичиж, шууданд хийсэн, маргааш өдөр нь амралтын өдөр байсан, нэхэмжлэл шүүхэд 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр очсон байгаа тул хөөн хэлэлцэх хугацаан дотроо нэхэмжлэлээ гаргасан байдаг. Иймд Ш.О-ийн өвчтэй байх цаг хугацаанд ажил, албан тушаал нь хадгалагдаж байх ёстой байтал түүнийг ийнхүү ажил тасалсан гэж үзэж ажлаас нь чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Ш.О-ийг Захиргаа, удирдлагын хэлтсийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тооцон гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхүй байна. Ш.О- нь Э- ХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны Б/359 дугаар тушаалаар Захиргаа, удирдлагын хэлтсийн мэргэжилтнээр томилогдон ажилласан. Э- ХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Б/843 дугаар Ш.О-ийг ажлаас халах тухай тушаал гарсан байдаг. Тус тушаал нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлтэй бөгөөд Захиргаа, удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Ш.О-ийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 28-ны өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нийт 15 өдрийн ажил тасалсан үйлдэл нь Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн ноцтой зөрчил юм. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн гэрээнд 2 ба түүнээс дээш өдөр, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд 3 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан бол ноцтой зөрчилд тооцон ажлаас чөлөөлөхөөр заасан байгаа. Харин Ш.О- нь 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 28-ны өдрүүдэд нийт 15 өдрийн ажил тасалсан нь ажилтны ажлын цагийн мэдээ, ЗУХ гэсэн ажилтнуудын ажлын цагийн бүртгэлийн баримтаар нотлогдож байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 28-ны өдрийг хүртэл эмчилгээ хийлгүүлсэн гэж бичсэн байна. Гэтэл гүйцэтгэх захирлын 2018 оны А/265 дугаар тушаалаар батлагдсан компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 5.2.19-д ажилтан өвчний улмаас эмнэлэгт хэвтсэн бол эмнэлгийн магадлагаа, эмнэлгийн хуудсыг ажлын 5 хоногт багтаан захиргаа, удирдлага хариуцсан нэгжид хүргүүлнэ гэж заасан гэтэл Ш.О- нь өнөөдрийг хүртэл “Э-” ХК-д ирүүлсэн баримт байхгүй. Түүнтэй утсаар холбогдох гээд чадаагүй, утас нь холбогдохгүй байсан. Тийм учраас захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Батсайхан нь зөрчлийг илрүүлж, тэмдэглэл үйлдсэн байдаг юм. Түүнээс гадна Ш.О- 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б/528 дугаар тушаалаар сахилгын сануулах шийтгэл авч байсан. Өөрөөр хэлбэл, ажлын байранд бусадтай бүдүүлэг харьцаж, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзсэн, энэ тушаалыг Ш.О- тухайн үедээ мэдээд зөвшөөрөхгүй гэсэн боловч шүүхэд ямар нэгэн байдлаар гомдол гаргаагүй. Иймд сахилгын шийтгэлгүйд тооцох 1 жилийн хугацаа дуусаагүй байхад Ш.О- нь 15 өдөр ажил тасалж дахин ноцтой зөрчил гаргасан байдаг. Түүний чөлөөтэй байсан гэх 3 дугаар эмнэлгийн болон Хасагт-Эрдэнэ өрхийн эмнэлгийн магадлагаа нь эргэлзээтэй, магадлагаа олгох журам зөрчсөн байдаг. Журамд эмнэлгийн магадлагааг 3, 3 хоногоор сунгах, эмчлэгч эмчээс гадна ерөнхий эмч хянаж, тамга дарна гэсэн байдаг. Гэтэл Хасагт-Эрдэнэ өрхийн эмнэлэг нь 7 хоногоор магадлагаа олгож, дахин 5 хоногоор сунгасан байдаг. Харин тус эмнэлгээс ирүүлсэн баримтаар Ш.О- нь 3-н удаа л үзүүлсэн байдаг. Тийм учраас уг эмнэлгийн магадлагаагаар түүнийг хүндэтгэн үзэх шалтаантай байсан гэж үзэхгүй, тэгээд ч уг магадлагааг ажлын газартаа огт ирүүлээгүй, утас нь холбогдохгүй байсан. Тийм ч учраас түүнийг ажлаас чөлөөлсөн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Б/843 дугаар тушаалыг шуудангаар, түүний гэрийн хаягаар хүргүүлсэн. Үүнийг Ш.О- 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өөрөө гардан авсан байдаг. Үүнээс хойш 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор гомдлоо шүүхэд гаргах байсан, гэтэл шүүхэд 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан 1 сарын хугацааг хэтрүүлсэн гэдэг нь харагдаж байна. Иймд манай байгууллагын гаргасан тушаал хууль зүйн үндэслэлтэй тул Ш.О-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т тус тус зааснаар “Э-” ХК-д холбогдох Захиргаа, удирдлагын хэлтсийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай Ш.О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ш.О- нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дудаж, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар 140 400 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч Ш.О-т олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүхэд гаргасан өөрийн шаардлага, түүний үндэслэлээ өөрөө нотлох үүднээс 15 хоног өвчтэй байсны улмаас ажлаас чөлөөлөх тухай баримт болох Улсын гуравдугаар төв эмнэлгийн болон Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны "Хасаг-Эрдэнэ" өрхийн эрүүл мэндийн төвийн магадлагаа болон шинжилгээний баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Анхан шатны шүүх нь, Улсын гуравдугаар төв эмнэлэг болон "Хасагт-Эрдэнэ" өрхийн эрүүл мэндийн төвөөс олгосон эмнэлгийн магадлагаануудыг Эрүүл мэндийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 450 дугаар тушаалаар батлагдсан "Эрүүл мэндийн бүртгэлийн маягт АМ-8 гэсэн эмнэлгийн магадлагааны загвар", Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1999 оны А/243 дугаар тушаалаар батлагдсан "Эмнэлгийн магадлагаа гаргах нийтлэг журам"-д заасан журмын заалтуудад нийцэхгүй, магадлагааг тухайн байгууллагын эрх баригч нь баталгаажуулаагүй, "Хасагт-Эрдэнэ" өрхийн эрүүл мэндийи төвийн магадлагаа нь 3 хоногоор бус 5 хоногоор сунгагдсан байна гэж дүгнэж нэхэмжлэгчийг Улсын гуравдугаар төв эмнэлэг болон "Хасагт-Эрдэнэ" өрхийн эрүүл мэндийн товд үзүүлж, шинжилгээ өгсөн үйл баримт тогтоогдож байх боловч тус байгууллагаас түүнд олгосон эмнэлгийн магадлагаа нь дээр дурдсан журмуудад нийцээгүй, эргэлзээ төрүүлж байна гэж үзэж, түүнийг 15 хоногийн турш эрүүл мэндийн шалтгаан буюу өвчтэй, хүндэтгэн узэх шалтгаантай байсан гэж үзэх боломжгүй хэмээн дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Улсын гуравдугаар төв эмнэлэг болон "Хасагт-Эрдэнэ" өрхийн эрүүл мэндийн төвөөс олгосон эмнэлгийн магадлагааг эрх бүхий албан тушаалтны баталсан журамд нийцүүлж ном журмын дагуу олгож буй эсэхийг нэхэмжлэгч нь мэдэх, нягтлан шалгах боломжгүй. Анхан шатны шүүх хэргийг хэлэлцэж, нотлох баримтыг шинжлэн судлахад эргэлзээтэй, эргэлзээ төрүүлж буй нотлох баримт байвал түүнийг нягтлан шалгахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас нотлох баримт гаргуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9, 123 дугаар зүилиин 123.3 дах хэсэгт зааснаар шийдвэрлэх боломжтой байх байсан. "Хасагт-Эрдэнэ" өрхийн эрүүл мэндийн төвөөс Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн биелэлтэд хариу ирүүлсэн албан бичигт нэхэмжлэгч Ш.О- нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 7 /долоо/ хоног ажлаас чөлөөлсөн магадлагааг олгосон. 2019 оны 10 цугаар сарын 21-ний өдрөөс 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 5 /тав/ хоногоор эмнэлгийн магадлагааг сунгасан тогтоогдсон. Эл 12 хоногийн хугацаанд Ш.О- нь тус эрүүл мэндийн төвд 3 удаа үзүүлж байсан нотлогдог. Өөрөөр хэлбэл, 2019 оны 10 дугаар сарын 11, 21, 25-ны өдрүүдэд үзүүлж байсан уг албан бичиг болон эмчийн үзлэгийн бүртгэлээр тогтоогдог. Наад зах нь энэ үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ш.О- нь эдгээр өдрүүдэд өрхийн эрүүл мэндийн төвд үзүүлж байсан нотлогдож эрүүл мэндийн шалтгаантай буюу өвчтэй, хүндэтгэн үзэх шалтгаантай нөхцөл байдал үүсэж байсан харагдана. Улсын гуравдугаар эмнэлгийн хувьд ч мөн ижил 2019 оны 10 дугаар сарын 8, 11-ний өдрүүдэд үзүүлж, шинжилгээ өгч байсан нотлогдсон. Анхан шатны шүүх энэхүү үйл баримтыг тогтоосон байдаг боловч нэхэмжлэгчийг "...15 хоногийн турш эрүүл мэндийн шалтгаантай буюу өвчтэй, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх боломжгүй юм гэж үзсэн ойлгомжгүй байна. Нэхэмжлэгчийн хувьд 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 11-ний өдрийг хүртэл, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 18-ны өдрийг хүртэл, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 25-ны өдрийг хүртэл хугацаанд өвчтэй байсан, сунгалт хийлгүүлсэн нь Улсын гуравдугаар төв эмнэлэг болон "Хасагт-Эрдэнэ" өрхийн эрүүл мэндийн төвийн эмнэлгийн магадлагаагаар нотлогдоно. Энэхүү эмнэлгийн магадлагаа нь холбогдох журамд заасны дагуу гарч, баталгаажиж, сунгагдаагүй нь нэхэмжлэгч Ш.О-ийг эдгээр өдрүүдэд эмнэлгийн байгуулпагаар үйлчлүүлсэн, эмчид үзүүлсэн хууль зүйн фактыг шууд үгүйсэх ёсгүй юм. Эмнэлэг, эмнэлгийн байгууллагын ажилтан өөрийн бичсэн магадлагаагаа салбарын сайдынхаа батлан гаргасан журмын дагуу гараагүй үйлдэлд нэхэмжлэгчийг буруутгах, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь түүний хууль ёсны эрхийг ноцтойгоор зөрчиж байна гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч миний бие үзэж байна. Нэхэмжлэгчийн хувьд 15 хоног өвчтэй байсан нь дээрх 2 эмнэлгийн магадлагаагаар нотлогдох учраас "Эрдэнэс-тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Б/843 дугаар "Ажлаас халах тухай” тушаалын үндэслэл хэсэг болох Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасан хуулийн үндэслэлүүд няцаагдана. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна.
Нэхэмжлэгч Ш.О- нь хариуцагч “Э-” ХК-д холбогдуулан Захиргаа удирдлагын хэлтсийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэж маргажээ.
Хэрэгт авагдсан “Монгол шуудан” ХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 08/123 дугаар тодорхойлолт, хүргэлтийн дэвтрийн хуулбар, шуудангийн дугтуй, зохигчдын тайлбарыг харьцуулан үзэхэд нэхэмжлэгч Ш.О- нь ажлаас чөлөөлсөн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Б/843 дугаар тушаалыг шуудангаар 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, нэхэмжлэлээ 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр тус шүүхийн хаягаар шууданд хийсэн үйл баримт тогтоогдож байна./1хх 14, 100, 2хх 203-204 дүгээр тал/
Уг баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасан хугацааны дотор шүүхэд гомдлоо гаргасан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй.
Харин шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Анх нэхэмжлэгч Ш.О- нь “Э-” ХК-д 2018 онд хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр Захиргаа, удирдлагын хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байгаад, 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан нь хэрэгт авагдсан хөлсөөр ажиллах гэрээ, хөдөлмөрийн гэрээ, ажилд томилсон болон чөлөөлсөн тушаал, ажлын байрны тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдсон./1хх 6-7, 46-54 дүгээр тал/
Улмаар ажил олгогчийн Б/843 дугаартай тушаалаар “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, компанийн хөдөлмөрийн дотоод журмын 2.5, 3.12, 4.1.2, 4.1.4, 5.2.1, 5.2.3, 8.1.3, 8.3.1, 8.5 дахь заалт, хөдөлмөрийн гэрээний 3.1.5, 4.1.3, 4.4.2 дахь заалтуудыг үндэслэн нэхэмжлэгч Ш.О-ийг Захиргаа, удирдлагын хэлтсийн мэргэжилтний үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /1хх 13 дугаар тал/
Тодруулбал, нэхэмжлэгч нь 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б/528 дугаар тушаалаар сахилгын зөрчилтэй байх хугацаандаа давтан зөрчил гаргаж 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 28-ны өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нийт 15 өдрийн ажил тасалсан ноцтой зөрчил гарган үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй... гэж үзэж нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг хариуцагч дуусгавар болгосон байна.
Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.3, 8.3.1-д ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлийг гаргасан бол ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар, зохигчдын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4, 4.4.2-т зааснаар ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш өдөр ажил тасалсан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар тус тус заажээ./1хх 34-39, 46-50 дугаар тал/
Хэрэгт авагдсан “Хасагт-Эрдэнэ” өрхийн эрүүл мэндийн төвөөс ирүүлсэн албан бичиг, эмчийн үзлэгийн бүртгэлээс үзэхэд нэхэмжлэгч Ш.О- нь тус эмнэлэгт 2019 оны 10 дугаар сарын 11, 21, 25-ны өдрүүдэд үзүүлж, тус газраас 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 18-ны өдрийг хүртэл 7 өдөр ажлаас чөлөөлсөн магадлагааг олгож, уг магадлагаанд ерөнхий эмч н.Цогцолмаа гарын үсэг зурж, тэмдэг дарсан, мөн энэхүү магадлагаа нь 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 25-ны өдрийг хүртэл дахин 5 хоногоор сунгагдсан нь Эрүүл мэндийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 450 дугаар тушаалаар батлагдсан “Эрүүл мэндийн бүртгэлийн маягт АМ-8 гэсэн эмнэлгийн магадлагааны загвар”, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1999 оны А/243 дугаар тушаалаар батлагдсан “Эмнэлгийн магадлагаа гаргах нийтлэг журам"-д заасныг зөрчсөн болох нь тогтоогдож байх боловч үүнд нэхэмжлэгчийг буруутгах, түүнийг тухайн үед өвчтэй байсан гэдгийг үгүйсгэх баримт гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, эмнэлэгийн байгууллагаас нэхэмжлэгчийг өвчтэй байх үед нь магадлагаа олгохдоо эрх бүхий байгууллагаас тогтоосон журмыг зөрчсөнд нэхэмжлэгч буруугүй. Нэхэмжлэгч өөртөө хууль зөрчиж эмнэлэгийн магадлагаа бичээгүй, хуурамч баримт бүрдүүлсэн болох нь тогтоогдохгүй байхад түүнийг ажлын цаг тасалж, сахилгын зөрчил гаргасан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
Мөн Улсын гуравдугаар төв эмнэлгээс “Э-” ХК-д 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүргүүлсэн албан бичиг, хавсралт болох эмнэлгийн шинжилгээний баримтаар нэхэмжлэгч Ш.О- нь 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрүүдэд Улсын гуравдугаар төв эмнэлэгт шинжилгээний цаг авч, үзүүлсэн байх бөгөөд тус газраас түүнийг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 11-ний өдрийг хүртэл 3 өдөр ажлаас чөлөөлсөн болох нь эмнэлгийн магадлагаагаар тогтоогдож байна./1хх 15-18, 109-112, 122 дугаар тал/
Хэрэгт ажилтны сахилгын зөрчлийн хуудас, 2019 оны 08, 09, 10 сарын ажилтны цагийн бүртгэлийн мэдээ, ажлын цагийн тооцоо, 2019 оны 10 дугаар сарын 09, 24, 25, 29-ний өдрүүдийн ажлын цагийн гэнэтийн бүртгэл зэрэг баримтууд авагдсан байна.
Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.9, 6.15-т зааснаар Хөдөлмөрийн тухай хууль болон ажилтны ажлын цаг бүртгэлийг холбогдох журмаар зохицуулахаар заасан байх бөгөөд энэхүү заалтын дагуу “Э-” ХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/468 тоот тушаалаар ажлын цаг ашиглалтын журам болон чөлөө олгох хуудас, цагийн чөлөө олгох хуудас, ажилтныг илүү цагаар ажиллуулах хуудас зэргийг хавсралтаар баталжээ.
Уг журмын 3 дугаар зүйлд “...ажилтан өвчтэй байхдаа биеэр эсхүл бусад этгээдээр дамжуулан мэдэгдэх, 4 дүгээр зүйлд “...хүндэтгэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш удаа ажлын байранд байгаагүй, чөлөөний хуудас, эмнэлгийн магадлагаа, эмнэлгийн хуудас болон холбогдох бусад баримтыг журамд заасан хугацаанд хүний нөөцийн асуудал хариуцсан нэгжид ирүүлээгүй бол ажил тасалсанд тооцохоор” тус тус зохицуулсан байх боловч энэ талаар нэхэмжлэгчид танилцуулсан талаар баримт хэрэгт авагдаагүй байна. Нэхэмжлэгчийн мэргэжилтнээр ажилладаг хариуцагч байгууллагын Захиргаа удирдлагын хэлтсээс дээрх ажлын цаг ашиглалтын журмыг боловсруулан гаргасан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар нь нэхэмжлэгч уг журмыг мэдэж байсан буюу танилцуулсан гэх үндэслэл болохгүй юм. Мөн уг журмыг байгууллагын дотоод сүлжээгээр цахимаар танилцуулсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул хариуцагчийн энэ талаарх тайлбар үндэслэлгүй байна.
Иймээс нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээний 4.4.2-т нэрлэн заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш өдөр ажил тасалсан буюу ажилтан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй.
Улмаар нэхэмжлэгч шалтгаангүйгээр ажил тасалсан, эмнэлгийн чөлөөтэй талаарх баримтыг байгууллагад огт ирүүлээгүй, утас нь холбогдохгүй байсан бөгөөд өвчтэй байсныг нотлох эмнэлгийн магадлагаанууд нь журамдаа нийцээгүй, эргэлзээтэй, уг баримтуудаар түүнийг өвчтэй байсан гэж үзэхгүй, тэрээр сахилгын сануулах шийтгэлтэй байх хугацаандаа дахин ажлыг 2, 3 ба түүнээс дээш өдөр тасалж, хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан гэж хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй тайлбарын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй гэж үзнэ.
Хөдөлмөрийн гэрээгээр нэхэмжлэгчийн үндсэн цалин 1 452 000 төгрөг байхаар тогтоосон байх бөгөөд талууд цалингийн хэмжээний талаар маргаагүй учир нэхэмжлэгчийн нэг сарын цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.
Иймд нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаал хууль зүйн үндэслэлгүй буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т нийцээгүй байх тул түүнийг Захиргаа, удирдлагын хэлтсийн мэргэжилтний ажилд нь эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 1 452 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, уг хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт зааснаар түүний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2020/00536 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 128.1.5., 69 дүгээр зүйлийн 69.1., 49 дүгээр зүйлийн 49.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.О-ийг “Э-” ХХК-ийн Захиргаа, удирдлагын хэлтсийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1 452 000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т зааснаар дээрх хугацааны олговроос зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч байгууллагад даалгасугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
С.ЭНХТӨР