Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 52

 

 

 

 

 

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалж, 

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Жаргалсайхан,

          Улсын яллагч: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,

           Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Д.Бунжаа,

           Шүүгдэгч: П.Батцэнгэл, Б.Гансүх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Борлууд овогт Пүрэвдоржийн Батцэнгэл, Цагаагчууд овогт Баттогтохын Гансүх нарт холбогдох 201720000148 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, 26 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Малчин сумын 3 дугаар баг “Хар азаргын ус” гэх газарт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, РД:ОЖ91071431, Борлууд овогт Пүрэвдоржийн Батцэнгэл,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, 26 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Малчин сумын 4 дүгээр баг “Цагаан-Эрэг” гэх газарт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, РД:ОЖ91092916, Цагаагчууд овогт Баттогтохын Гансүх.

 

Холбогдсон хэргийн талаар: П.Батцэнгэл, Б.Гансүх нар нь бүлэглэн, машин механизм ашиглаж 2015 оны 9 дүгээр сард Увс аймгийн Малчин сумын нутаг “Хөвч” гэх газраас хохирогч Г.Түвдэндоржийн 1 тооны адууг хулгайлж 625.000 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 01-р тал/,

2. Шүүгдэгч нараас “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт” /хх-ийн 09-14-р тал/,

3. Шүүгдэгч Б.Гансүхээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Мустанг-5 маркийн мотоциклийг хураан авсан тогтоол, мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 15-17-р тал/,

     4. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Мустанг-5 маркийн мотоциклийг  эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 18-р тал/,

5. Хохирогч Г.Түвдэндоржийн мөрдөн байцаалтад өгсөн: “Манайх Малчин сумын 4 дүгээр багт байдаг ба би эхнэр хүүхдийнхээ хамтаар мал маллан амьдардаг. 2015 оны 9 дүгээр сард манайх Малчин сумын 4 дүгээр баг Зах гэх газарт байсан ба манай адуу Хөвч гэх газарт байршин бэлчээрлэж байсан. Манай адуу уг газраас холдоггүй тул тухайн үед би адуугаа 5 хоногт нэг удаа эргэж тойрч бүртгэдэг байсан юм. 2015 оны 9 дүгээр сарын сүлчээр /одоо өдрийг нь сайн санахгүй байна/ адуугаа эргэхэд манай адуун дотор байсан 5 настай хүрэн зүсний гүү ганцаараа алга болсон байсан. Би ижлээсээ салаад явчихсан юм байна гэж бодоод тэр хавийн айлуудын адуунаас хайж хүмүүсээс сурагласан боловч сураг гараагүй. Тэгээд сураг тавьж явсаар нэг өдөр Пүрэвдоржийн Батцэнгэлийг авсан байж магадгүй дам сураг сонсоод Батцэнгэлтэй уулзаад “Чи манай адуунаас яах гэж хүрэн гүү барьж авсан юм бэ?” гэхэд Батцэнгэл надад “Би Гансүхийн хамтаар морь барьж авах гэж байтал танай хүрэн гүү бугуйлд орооцолдож хөлөө хугалчихаар нядалчихсан. Бид нар таны гүүг төлж өгнө” гэж хэлсэн. Би ч гэсэн түүний амьдрал ахуйг нь харгалзан үзэж боломжтой үедээ төлж өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд сүүлд Б.Гансүх, П.Батцэнгэл нар нь надад танай адуунаас хүрэн гүү хулгайлж нядалсан гэдгээ хэлж уучлалт гуйсан. Манай хүрэн гүү даага насанд нь сургаж унаж байсан номхон гүү байсан. Манай хүрэн гүү хажууд нь номхон хөгшин морь гүүний хамтаар шахаад зогсоовол ямар ч тохиолдолд зогсчихдог номхон адуу. Энэ үед нь барих боломжтой. Манай хүрэн гүү буруу хойд хөлнийхөө шагайнд мухар олом, буруу хондлоо дээрээ 2 зэрэгцээ хайруулан тамгатай, буруу чих нь сэтэрхий имтэй гүү байсан. Би гүүгээ 1.000.000 төгрөгөөр үнэлсэн.  Б.Гансүх, П.Батцэнгэл нар миний хохирлыг бүрэн төлж өгсөн. Б.Гансүх эртнээс улаан өнгийн мустанг 5 маркийн мотоцикль унаж байсан. Тухайн үед 2015 оны 9 дүгээр сард уг мотоциклоо унаж байсан. Б.Гансүх, П.Батцэнгэл бид нар зун намрын улиралд айл саахалт буудаг тул манайхны адуу нэг газарт бэлчээрт байдаг. П.Батцэнгэл, Б.Гансүх нар миний хохирлыг төлж, надаас уучлалт гуйсан. Цаашид нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22, 23-р тал/,

6. Гэрч Н.Шагдарын мөрдөн байцаалтанд өгсөн: “Б.Гансүх нь миний ач, П.Батцэнгэл нь миний зээ дүү нар юм. Би эдгээр хүмүүсийн хэргийнх нь талаар сайн мэдэхгүй юм. 2015 оны 9 дүгээр сарын сүүлчээр /өдрийг нь сайн санахгүй байна/ нэг өдөр төрсөн ах Баттогтохын хашаагаар ороод явж байтал тэдний хашаанд байх амбаарыг нь маш олон тооны ялаа эргэж байхаар нь очиход амбаар дотроос нь муудсан өмхийрсэн махны үнэр гарахаар нь дагуу би гайхаад амбаарынх нь доод хэсэгт байсан түлхүүрийг нь авч амбаарыг нь онгойлгож дотор нь ороход амбаар дотор нь одоо санаж байгаагаар бага адууны 4 хөл мах оруулаад тавьчихсан уг мах нь өмхийрөөд өтчихсөн байсан. Ингээд би өөрийнхөө портер маркын машинд уг махыг ачиж “Хар эрэг” гэх газар луу аваачиж хаячихаад эргээд ирэхэд Б.Гансүх, П.Батцэнгэл нар нь Баттогтох ахын хашаанд ирчихсэн байхаар нь би тэд нарыг амбаарт мах оруулсан байна гэж ойлгоод тэр хоёрыг дуудаж ямар учиртай мах авч ирж амбаарт хийсэн юм бэ ? та нар юу хийгээд яваад байна гэхэд тэр хоёр надад бид нар морь барих гэтэл зугтаад баригдахгүй болохоор нь хүний адуунд нийлүүлээд бугуйлдсан. Тэгтэл уг адуунд байсан нэг бага насны гүүний хөл бугуйлд ороолдоод хугарчихаар нь эзнээс нь айгаад нядалчихаад махыг нь авч ирээд хийчихсэн гэж хэлсэн. Би тэр хоёрт та нар эзнийг нь олж юу болсныг хэлж уучлалт гуй гэж хэлчихээд явсан. Тэгээд байж байтал удалгүй нэг өдөр Гансүх, Батцэнгэл нар надтай таарч нөгөө адууны эзэнтэй уулзаад уучлалт гуйгаад гүүнийхэн хохирлыг барагдуулаад өгчихлөө гэж хэлсэн. Тэгээд мартчихсан байгаад саяхан сумын цагдаагаас Гансүх, Батцэнгэл нарыг уг гүүний хохирол төлөөгүйг сонссон. Манай ах Баттогтох нь хөдөө байдаг тул нэлээн олон жил хашаа нь эзэнгүй байгаа. Тэдний хашааны хойд талд манайх байдаг тул бид нар эргэж тойроод байж байдаг. Б.Гансүх нь 2010 онд цэрэгт явахаасаа өмнө улаан өнгийн мустанг 5 маркийн шинэ мотоцикль унаж байсан ба 2015 онд уг мотоцикльтойгоо байсан. Б.Гансүх нь миний төрсөн ахын, П.Батцэнгэл нь миний төрсөн эгчийн хүүхдүүд юм. Б.Гансүх, П.Батцэнгэл нар төлөв даруу зантай, хоёулаа эхнэр хүүхдийн хамтаар мал маллан амьдардаг, сэргэлэн цовоо, нийтэч зантай, хамаатан садан болон найз нөхдийн дунд нэр хүндтэй, амьдралынхаа төлөө зүтгэж яваа залуучууд юм. Б.Гансүх, П.Батцэнгэл нар нь хөдөө байнга байдаг ба тухайн үед өөртөө мөнгөтэй болж сумын төвд хонох гэж ийм болчимгүй зүйл хийсэн гэж би бодож байгаа. Б.Гансүх, П.Батцэнгэл нар нь элдэв муу зуршилгүй, урд өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй хүүхдүүд бөгөөд тэд нар өөрсдөө хийсэн хэрэгтээ маш их гэмшиж харамсаж байгаа тул тэдний амьдрал байдлыг харгалзан үзэж хөнгөн ял оноож өгөхийг хүсэж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р тал/,

7. Гэрч Н.Баттогтохын мөрдөн байцаалтанд өгсөн: “Би Гансүхийг 2015 оны 9 дүгээр сард хамаатны хүүхэд болох Батцэнгэлийн хамтаар Адуугаа хайж яваад манай багийн иргэн Г.Түвдэндоржийн адуунаас 5 настай хүрэн зүсний гүү хулгайлсан гэдгийг нь саяхнаас цагдаагийн газарт шалгагдаж эхлэх үеэс нь мэдсэн. Миний хувьд Гансүх, Батцэнгэл нар нь уг гүүг ямар байдлаар хулгайсан талаар сайн мэдэхгүй. Манайх хөдөө байдаг ба сумын төвд нэг хашаатай хашаан дотор 2 ширхэг амбаартай би хашаагаа 1980 оны үед өөрөө барьж авсан. 2015 онд эзэнгүй байсан ба манай хашааны доод талын хашаанд миний отгон дүү Шагдар байдаг. Одоо санаж байгаагаар би 2010 оны үед Гансүхэд мустанг 5 маркын мотоцикль авч өгсөн. 2015 онд Гансүх нь уг мотоциклтойгоо байсан. Уг мотоцикль нь одоо эвдэрчихсэн манай амбаарт байгаа. Манайх 4 хүүхэдтэй ба Гансүх нь манай бага хүү дээрээ 1 эгч, 2 ахтай. Гансүх 2014 онд өрх тусгаарлан гэр бүл болж тусдаа амьдарч байгаа. Одоо эхнэр болон бага насны 2 хүүхдийн хамт амьдарч байгаа. Гансүх, Батцэнгэл нар нь Г.Түвдэндоржоос уучлалт гуйж хохирлыг нь бүрэн барагдуулж өгсөн. Миний хүү Б.Гансүх нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Бага насны хүүхдүүдийн хамтаар амьдардаг тул хөнгөн ял оноож өгөхийг хүсэж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30-р тал/,

            8. Гэрч Б.Сүнжидмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2014 онд П.Батцэнгэлтэй гэр бүл болсон. Манайх 2015 оны Малчин сумын 3, 4-р багийн зааг нутаг болох “Цахир ус” гэх газар Б.Гансүхийнтэй хамт айл байсан. Би Батцэнгэлийг бусдын адуу хулгайлсан талаар мэдээгүй. 2017 оны 4 сарын сүүлчээр манай сумын Цагдаа нар манайд ирээд Батцэнгэлийг дагуулаад явсан ба Батцэнгэлийг гэртээ буцаад ирэхээр нь би өөрийг нь 2015 оны 9 сард Гансүхийн хамтаар адуугаа авч яваад манай багийн иргэн Г.Түвдэндорж гэх хүний адуунаас нэг тооны гүү хулгайлсан гэдгийг мэдсэн. Тухайн үед манай 2 гэр айл байсан ба Гансүх улаан өнгийн мустанг-5 маркын мотоциклтой байсан. Улсын дугаарын мэдэхгүй байна. Манай нөхөр П.Батцэнгэл нь элдэв муу зуршилгүй урьд өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Найз нөхөд хамаатан садандаа нэр хүндтэй. П.Батцэнгэлийн Аав Пүрэвдорж нь хүнд өвчний учир хэвтэрт байгаа ба биеийнхэн байдал муу байгаа тул хөнгөн ял оноож өгөхийг хүсэж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33-р тал/,

            9. Гэрч Б.Батцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2015 онд 9 сард манайх П.Батцэнгэлийн хамтаар Малчин сумын 3, 4-р багийн зааг болох “Цахирт ус” гэх газарт намаржсан. 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Гансүхийг Сумын хэсгийн төлөөлөгч ирж Батцэнгэлийн хамтаар авж явсан. Гансүхийн буцаад ирэхэд нь ямар учиртай болохыг асуухад бид хоёр адуугаа хайж яваад морь барих гэхэд Г.Түвдэндорж ахын адуунд нийлүүлчихээд сураар бугуйлдаж байгаад нэг гүүний хөлийг нь хугалчихаад айсандаа нядалчихсан гэж хэлсэн. Удалгүй Батцэнгэл Гансүх нарыг аймгийн цагдаагийн газар луу авч явсан ба надтай утсаар ярихдаа бид 2 уг гүүний хөлийг нь хугалаагүй хулгайлж аваад мөнгө болгохоор 4 хөлийн авсан. Тэгээд борлуулж чадалгүй махыг нь муутгаж хаясан гэдгээ хэлсэн. Миний хувьд Батцэнгэл, Гансүх нарыг 2015 оны 09 дүгээр сарын хэдний өдөр уг гүүг хулгайлсан талаар мэдэхгүй байна. Б.Гансүх их хөдөлмөрч, дуу цөөтэй, төлөв даруу зантай бусдад тусархаг хүнтэй зөв боловсон харьцдаг” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36-р тал/,

            10. Гэрч Д.Ренчиндоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Б.Гансүх нь миний авга эгчийн хүүхэд, П.Батцэнгэл нь авга эгчийн нөхөр хүргэн ах Баттогтохын дүү Пүрэвдоржийн хүүхэд юм. Б.Гансүх, П.Батцэнгэл нар нь ах дүүгийн хүүхдүүд юм. 2017 оны 5 сарын 16-ны өдөр Гансүх хөдөөнөөс аймгийн төвд ирсэн ба манайд ирэхээр нь ямар ажилтай яваа талаар нь асуухад Гансүх надад 2015 оны 9 дүгээр сарын сүүлчээр Батцэнгэлийн хамтаар адуугаа хайж яваад Түвдэндорж гэх хүний бэлчээрт байсан адуунаас нэг тооны гүү хулгайлж нядалсан ба уг гүүний махыг мөнгө болгох гэсэн боловч хугацаа алдаж мах нь муудаж хаясан гэж хэлсэн. Надад эдгээр хүүхдүүдийн үйлдсэн хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. 2015 онд Гансүх нь улаан өнгийн мустанг 5 маркийн хуучин мотоциклтэй байгаад 2016 оноос мотоциклоо сольсон. Одоо мустанг 5 маркийн ногоон өнгийн шинэ мотоцикль унаж байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 37-р тал/,

            11. Гэрч Д.Бадрахын мөрдөн байцаалтанд өгсөн:  “Б.Гансүхээс өөрөөс нь 2015 оны 9 сарын сүүлчээр Батцэнгэлийн хамтаар адуугаа хайж яваад Түвдэндорж гэх хүний бэлчээрт байсан адуунаас нэг тооны гүү хулгайлж нядалсан гэж сонссон ба цагдаагийн газарт шалгагдаж байгааг нь мэдсэн. Надад Б.Гансүхийн холбогдсон хэргийн талаар өөр мэдсэн зүйл байхгүй. Б.Гансүх нь эхнэр болон 2 хүүхдийн хамтаар мал маллан амьдардаг. Удмаараа мал маллан амьдарч ирсэн, мал маллах сонирхолтой, төлөв даруу зантай, хүнд тусархуу, найз нөхдийн хувьд нэр хүндтэй, элдэв муу зуршилгүй, урьд өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй хүн юм. Би Б.Гансүхийг хулгай хийх сэтгэхүйтэй хүн биш гэж ойлгодог. Б.Гансүхийг мал хулгайлсан гэдэгт одоог хүртэл итгэхгүй байна. Б.Гансүх нь хүн чанарын хувьд их сайн хүүхэд юм” гэх мэдүүлэг /хх-ийн 38-р тал/,

            12. Гэрч Б.Эрдэнэсүрэн мөрдөн байцаалтанд өгсөн: “Б.Гансүх, П.Батцэнгэл нар нь ах дүү нарын хүүхдүүд бөгөөд бид нар төрөл садангийн холбоотой. 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Батцэнгэл манайд ирсэн. Тэгээд ямар ажилтай ирсэн талаар асуухад цагдаагийн газарт шалгагдаж байгаа гэж хэлээд өөрөө надад 2015 оны 9 дүгээр сарын сүүлчээр Гансүхийн хамтаар түүний мустанг 5 маркийн улаан өнгийн мотоциклоор хайх явцдаа Малчин сумын 3, 4 дүгээр багийн зааг нутагт Хөвч гэх газарт Түдвэндорж гэх хүний бэлчээрт байсан адуунаас нэг тооны гүү хулгайлж нядалж махыг нь мөнгө болгох гээд адуугаа үргэлжлүүлэн хайж явсаар махын муутгаж хаясан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 39-р тал/,

            13.Гэрч С.Отгонхулан мөрдөн байцаалтанд өгсөн: “Би П.Батцэнгэлийг өөрийн хамаатан Гансүхийн хамтаар 2015 оны 9 сарын сүүлчээр адуу хайж яваад Түдвэндорж гэх хүний бэлчээрт байсан адуунаас нэг тооны гүү хулгайлж нядалсан гэдгийг нь өөрөөс нь сонссон. Батцэнгэл нь малчин сумын 3 дугаар багт эхнэр хүүхдийн хамт мал маллан амьдардаг ба Намсрайн Пүрэвдорж гэх хүний том хүүхэд юмаа. Батцэнгэл мал маллах, хурдан морь уяж сойж уралдуулах сонирхолтой төлөв даруу урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 40-р тал/,

            14. “Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 205 дугаартай “Гүү үнэлсэн тухай” дүгнэлт /хх-ийн 42-р тал/,

            15. “Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 214 дугаартай Гэмт хэрэгт ашигласан “Мотоцикль, олс, хутга үнэлсэн тухай” дүгнэлт /хх-ийн 47-р тал/,

            16. “Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 227 дугаратай “Битүүмжилсэн эд хөрөнгө үнэлсэн тухай” дүгнэлт  /хх-ийн 53-р тал/,

            17. Шүүгдэгч нарын хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн 76-109-р тал/,

            18. Хохирогч Г.Түвдэндоржийн Увс аймгийн Цагдаагийн газарт гаргасан хохирол төлбөр бүрэн төлсөн учраас гомдол тэмцэл, нэхэмжлэх зүйлгүй гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт /хх-ийн 24-р тал/,

            19. Шүүгдэгч П.Батцэнгэлийг урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 81-р тал/,

            20. Шүүгдэгч Б.Гансүхийг урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 94-р тал/,

            21. Шүүгдэгч П.Батцэнгэлийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2015 оны 9 дүгээр сард манайх малчин сумын 3, 4 дүгээр багийн зааг нутаг дэвсгэр “Цахирын ус” хэмээх газарт Б.Гансүхийнтэй айл намаржиж байсан. 2015 оны 9 дүгээр сарын сүүлчээр Б.Гансүхтэй орж юм яриад сууж байгаад нэг шил архи хувааж уугаад хамт адуугаа харахаар Гансүхийн мустанг 5 маркийн улаан өнгийн хуучин мотоциклоор явж адуугаа хайсан. Тэгээд бид хоёр адуугаа хайгаад олохгүй хайж явтал малчин сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Хөвч гэх газарт Г.Түвдэндорж ахын адуу байсан ба адууныхан захад хүрэн зүсмийн 4-5 орчим насны гүү байхаар нь бид хоёр уг гүүг авч нядалж зараад мөнгө олохоор болж уг гүүг хажууд нэг нас гүйцсэн хөгшин гүүний хамт адуунаас салган авч шахаж зогсоогоод Б.Гансүхийн мотоциклийн хойд талд явсан цагаан өнгийн татлага уяагаар /цагаан өнгийн дээс/ оосорлож бариад уг газраас холдуулж уулын аманд аваачиж мотоциклийн багажинд байсан Хятад улсад үйлдвэрлэгдсэн 20 орчим см урттай хар өнгийн бариултай хутгаар нядалсан арьс толгой шийр болон дөрвөн мөчнөөс бусад махыг нь бороотой үед үерийн ус урсах голын сай руу хийж үлдээгээд 2 хаа, 2 гуяыг мотоциклоор зөөж сумын төвд Гансүхийн аавынхан эзэнгүй хашаанд байх амбаарт хүргэж оруулсан. Тэгээд маргааш нь уг махаа гаргаж таньдаг хүмүүст зарж борлуулахаар болж тэр шөнөө харьж хоноод маргаашнаас нь адуугаа хайж яваад 2-3 хоногийн хугацаа алдаад сумын төвд ирхэд Гансүхийн аавын хойд талын хашаанд байх нагац ах Шагдар бид хоёрыг дуудаж махны талаар асуухаар нь бид 2 Шагдар ахаас айгаад бид хоёр морь барих гэж байгаад хүний адуунд байсан гүүнийхэн нэг хөлийг хугалчихаад эзэнээс нь айгаад нядалчихаад махыг нь амбаарт авч ирж хийсэн гэж хэлсэн. Тухайн үед амбаарт оруулсан мах муудчихсан тул Шагдар ах гаргаж хаясан байсан. Тэгээд Шагдар ах бид хоёрт нядалсан адууныхаа эзэнийг олж уулзаад учрыг ол гэхээр за гэж хэлээд дараа нь Шагдар ах таарахаар нь сандарсандаа нөгөө гүүний эзнийг олоод уучлалт гуйгаад хохиролыг төлөөд өгчихлөө гэж хэлсэн. Бид хоёр Шагдар ахад тухайн үед Г.Түвдэндорж ахын нэрийг хэлээгүй юм. Би хийсэн хэрэгтэй одоо маш их гэмшиж харамсаж байна. Би бага насны 2 хүүхэдтэй ба манайх ганц гэрээр байдаг. Миний амьдрал байдлыг харгалзан үзэж надад хөнгөн ял оноож өгөхийг хүсэж байна. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй, холбогдохгүй байж чадна” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68, 70-р тал/,

            22. Шүүгдэгч Б.Гансүхийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2015 оны 9 дүгээр сард манайх малчин сумын 3, 4 дүгээр багийн зааг нутаг дэвсгэр “Цахирын ус” гэх газар П.Батцэнгэлийн хамтаар айл намаржиж байсан. 2015 оны 9 дүгээр сарын сүүлчээр П.Батцэнгэл бид хоёр манайд сууж байгаад нэг шил архи хувааж уугаад миний улаан өнгийн мустанг 5 маркийн мотоциклоор адуундаа явсан тэгээд адуугаа хайж яваад оройхон Малчин сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Хөвч гэх газар очиход Г.Түвдэндорж ахын адуу байсан ба адууныхан захад хүрэн зүсмийн 4-5 орчим насны гүү байхаар нь бид хоёр уг гүүг барьж авч нядлаад сумын төв рүү оруулж зарж мөнгө болгохоор болж уг гүүг хажууд нь нэг нас гүйцсэн хөгшин гүүний хамтаар  хаданд шахаж зогсоогоод миний мотоциклийн хойд талын даруулга дээр явсан цагаан өнгийн 1 см орчим өргөн 4 м орчим урттай бөөрөнхий цагаан өнгийн уяагаар /цагаан өнгийн дээс/  оосорлож бариад уг гүүг барьсан газраас 2 орчим км холдуулж уулын аманд оруулаад мотоциклийн багажинд байсан Хятад улсад үйлдвэрлэгдсэн 20 орчим см урртай хар өнгийн бариултай хутгаар нядалсан. П.Батцэнгэл бид хоёр 2 хаа. 2 гуяыг аваад арьс, толгой шийр, дөрвөн мөчнөөс бусад махыг нь голын сай руу хийж үлдээгээд авсан 4 хөл махаа мотоциклоор зөөж сумын төвд манай аавын эзэнгүй хашаанд байдаг амбаарт хүргэж оруулсан. Тэгээд адуу хайж явтал мах муудчихсан. Шагдар ах гаргаж хаясан байсан. Би хийсэн хэрэгтэй маш их харамсаж гэмшиж байна. Дахин ийм хэрэг хийхгүй байж чадна. Манай том хүүхэд 3 настай, бага хүүхэд 6 сартай тул миний амьдрал байдлыг харгалзан үзэж хөнгөн ял оноож өгөхийг хүсэж байна. Би Г.Түвдэндорж ахаас уучлалт гуйж хохирлыг бүрэн барагдуулж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73, 75-р тал/,

 

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзээд дүгнэвэл:

 

Шүүгдэгч П.Батцэнгэл, Б.Гансүх нар нь 2015 оны 9 дүгээр сард Увс аймгийн Малчин сумын нутаг “Хөвч” гэх газраас хохирогч Г.Түвдэндоржийн 1 тооны адууг нууц далд аргаар авч  625.000 төгрөгний хохирол учруулсан үйл баримт хохирогч Г.Түвдэндорж, гэрч Н.Шагдар, Н.Баттогтох, Б.Сүнжид, Б.Батцэцэг, Д.Ренчиндорж, Д.Бадрах, Б.Эрдэнэсүрэн, С.Отгонхулан нарын мэдүүлэг болон шүүгдэгч нарын  өөрийн үйлдсэн хэргийн талаар болон гэм буруугаа хүлээн мэдүүлсэн бусад нотлох баримтаар нотлогдсон мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Энэ үйлдлээ хөнгөвчлөх өөрөөр хэлбэл адууны махыг хурдан шуурхай зөөвөрлөх зорилгоор шүүгдэгч Б.Гансүхийн өмчлөлийн улаан өнгийн мустанг 5 маркийн мотоциклийг ашигласан байна.

          Шүүгдэгч П.Батцэнгэл, Б.Гансүх энэ үйлдэлдээ хамтран оролцсон байх тул бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзнэ.

          Шүүгдэгч П.Батцэнгэл, Б.Гансүх нарын энэ үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т “Энэ гэмт хэргийг бүлэглэж,  машин механизм хэрэглэж үйлдсэн...” гэж хуульчилсантай тохирч байгаа тул  Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар дээрх гэмт хэргийг хамтран үйлдсэнийг бүлэглэсэн, мотоцикль ашигласныг машин механизм хэрэглэсэн гэж ойлгоно.

Иймд шүүгдэгч П.Батцэнгэл, Б.Гансүх нарыг бүлэглэн, машин механизм хэрэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

 

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн  Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд уг гэмт хэрэгт 2-8 жил хорих ял оногдуулахаар зааж ялыг хүндрүүлсэн байгаа тул шинэ хуулийг  буцаан хэрэглэх боломжгүй байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Отгонтамирыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

Хохирогч Г.Түвдэндорж нь мөрдөн байцаалтын шатанд хохирлоо барагдуулж авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзнэ. 

 

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэж байгаа тул мөн хуулийн  ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааасныг баримтлан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг  хураан улсын орлого болгох үндэслэлтэй байна.

 

Шүүхээс ял оногдуулахдаа шүүгдэгч нар  хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, шударгаар хүлээн мэдүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан, хууль ёсны, шударга ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмуудыг баримталж, эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр хорих ял оногдуулж, хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэн хянан харгалзах боломжтой гэж үзэв. 

 

2017 оны 7 дугаар сарын 01-ээс мөрдөж эхэлсэн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн  Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-д хорих ял эдлүүлэх дэглэмийг өөрчлөн заасан тул шинэ хуульд нийцүүлэн дэглэмийг тогтоох нь зүйтэй.

 

Шүүгдэгч нарт оногдуулсан ялыг тэнсэн хянан харгалзсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг баримтлан шүүгдэгч П.Батцэнгэл, Б.Гансүх нарт  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хүртэл авахаар шийдвэрлэв.

        Шүүгдэгч П.Батцэнгэл, Б.Гансүх нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүйг дурдах нь зүйтэй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 зүйлүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Борлууд овогт Пүрэвдоржийн Батцэнгэл, Цагаагчууд овогт Баттогтохын Гансүх нарыг бүлэглэн, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн  145 дугаар зүйлийн  145.2 дахь  хэсэгт  зааснаар шүүгдэгч П.Батцэнгэл, Б.Гансүх нарт эд хөрөнгө хураахгүйгээр тус бүрт нь 2 /хоёр/ жил  хорих ял шийтгэсүгэй.              

3. 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Батцэнгэл, Б.Гансүх нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүйг тус тус дурдсугай.

5. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь  хэсэгт зааснаар энэ гэмт хэргийг үйлдэхдээ шүүгдэгч П.Батцэнгэл, Б.Гансүх нарын ашигласан тээврийн хэрэгсэл болох эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Б.Гансүхийн өмчлөлийн “Мустанг-5” загварын улбар шар өнгөтэй, 163FML  CB050411 моторын дугаартай, улсын дугааргүй мотоциклийг хурааж улсын орлого болгосугай. 

6. Эрїїгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дэх  хэсэгт зааснаар мөрдөн байцаалтын шатнаас шүүгдэгч П.Батцэнгэлийн өмчлөлийн 540.000 төгрөгийн үнэ бүхий Мустанг-5 загварын улаан өнгөтэй мотоцикль, шүүгдэгч Б.Гансүхийн өмчлөлийн 1.200.000 төгрөгийн үнэ бүхий Мусианг-5 загварын ногоон өнгөтэй мотоцикль битүүмжилсэн   мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хүчингүй болгосугай. 

7. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан шүүгдэгч П.Батцэнгэл, Б.Гансүх нарт  оногдуулсан  2 /хоёр/  жил  хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзах хугацаа тогтоосугай.

8. Шүүхийн  шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар 186.1-д зааснаар тэнсэгдсэн ялтанд хяналт тавьж ажиллахыг Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг баримтлан шүүгдэгч П.Батцэнгэл, Б.Гансүх нарт  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хүртэл авсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.3 дугаар зүйлийн 3-д зааснаар энэхүү таслан сэргийлэх арга хэмжээг зөрчвөл таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл болохыг тайлбарласугай

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                        Б.ГАНСҮХ