Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 955

 

 

 

 

 

 

 

 

 

Д.И-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Г.Даваадорж, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2020/00731 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.И-ийн хариуцагч “Б-” ХХК болон Х.Г- нарт холбогдуулан гаргасан 262 253 223 төгрөг гаргуулах, гүйцэтгэх захирлын эрх дуусгавар болсныг тогтоолгох тухай үндсэн, хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах, 20 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.И-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.М, хариуцагч болон төлөөлөгч Х.Г-, хариуцагчийн өмгөөлөгч Г.Н, Н.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.И- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2006 онд “Б-”  ХХК-ийг хаягдал цаас боловсруулах, ариун цэврийн цаас үйлдвэрлэлийн чиглэлээр үүсгэн байгуулж, цорын ганц хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлсэн. Манай компани нь энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг анхдагчдын нэг байсан бөгөөд байгуулагдсанаас хойш үйлдвэрийн хүчин чадлыг нь тогтмол нэмэгдүүлж, үйл ажиллагааг нь өргөжүүлсээр 2013 онд 224 467 000 төгрөгийн өөрийн хөрөнгө бүхий түүхий эд худалдан авах, боловсруулах, бүтээгдэхүүн үйлвэрлэх, худалдан борлуулах бүрэн сүлжээг бий болгон амжилттай хөл дээрээ бүрэн зогсож, зах зээлд өөрийн орон зайг бий болгож чадсан. Гэтэл 2016 оны сүүлээр эрүүл мэндийн байдал гэнэт муудаж урт хугацаанд эмчилгээ хийх шаардлагатай болсон тул ажилдаа бүрэн анхаарал тавихад хүндрэлтэй болсон. Энэ үед манай компанид менежерээр ажиллаж байсан Х.Г- “компанийг би худалдаж аваад цааш ажиллуулаад явъя” гэж, харилцан тохиролцоод 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “Б-” ХХК-ийн “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, мөн өдрийн “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус байгуулсан. Х.Г- хувьцааны урьдчилгаанд 20 000 000 төгрөг төлөөд үлдсэн төлбөрийг өнөөдөр болтол төлөөгүй байна. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-ний 3,3-т заасны дагуу “Б-” ХХК-ийн худалдсан хувьцааны үнийн үлдэгдэл төлбөр 204 467 000 төгрөгийг, Хюндай маркийн Старикс загварын 65-67 УНЧ улсын дугаартай, KMFWVH7HP6U700558 арлын дугаартай автомашиныг “Б-” ХХК-ийн үйл ажиллагаанд түр хугацаагаар ашиглаж байхдаа надаас зөвшөөрөл авалгүйгээр Х.Г- нь бусдын өмчлөлд шилжүүлж захиран зарцуулснаас надад учирсан хохирол болох 8 000 000 төгрөгийг тус тус Х.Г-гээс гаргуулах, Д.И- миний 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Компаний эрх шилжүүлэх гэрээ”-ний дагуу “Б-” ХХК-ийн эрх, үүргийг Х.Гомбосүрэд бүрэн шилжүүлснээс хойш 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 9 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 3 522 000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 3 477 000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 407 000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 42 374 233 төгрөгийг буюу нийт 49 789 233 төгрөгийг тус компанийн “Хас банк” ХХК-аас авсан зээл, зээлийн хүүний өр төлбөрийг хувиасаа төлсөн. Хэдийгээр зээлийн гэрээг компаниа худалдахаас өмнө хийсэн боловч миний бие сайхан сэтгэл гаргаж төлж дуусгасан. Уг зээл болон түүний төлөлтийн талаар “Б-” ХХК-ийн захирал Х.Г- мэдэх боловч өнөөдрийг хүртэл дээрх мөнгийг надад буцааж төлсөнгүй. Иймд Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасны дагуу миний бие “Б-” ХХК-ийн өмнөөс “Хас банк” ХХК-д зээлийн төлбөрт төлсөн 49 789 233 төгрөгийг “Б-” ХХК-аас нөхөн гаргуулж өгнө үү. “Б-” ХХК-ийн захирлаар Х.Г- нь 2017 оноос хойш ажиллаж байгаа. Одоогоор тус компани хувьцааны 80 хувийг Х.Г- 20 хувийг Д.И- нар эзэмшдэг билээ. “Б-” ХХК-ийн дүрмийн 8.7, Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг “Б-” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Г- зарлан хуралдуулах үүргээ хэрэгжүүлээгүй билээ. Иймд Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дах хэсэгт зааснаар 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон “Б-” ХХК-ийг гүйцэтгэх захирал Х.Г-гийн эрх дуусгавар болсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Б-” ХХК, Х.Г- нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 10 дугаар сарын эхээр “Б-” ХХК нь үйлдвэрлэлээ хэвийн явуулж чадахгүй байдалд орж үйлдвэрлэл бүрэн зогссон. Уг компани уур, ус, цахилгаан, цалин, түрээс, татварын өрөнд орчихсон үйлдвэрлэлийн гол зүрх нь болох компьютер, хар бул эвдэрсний улмаас зогссон. н.Энхмаа бид хоёр ярилцаад үйлдвэрийг худалдаж авахаар тохироод Д.И- ахад 20 000 000 төгрөгөөр худалдаж авья гэхэд та хоёрт үйлдвэрээ өгчихвөл ахад нь амар байна гээд 10 000 000 төгрөгийг Д.И-т бэлнээр өгч, компанийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Энэ өдрөөс хойш 3 хоногийн дараа би өөрийн Приус 20 автомашинаа, н.Энхмаагийн Аллион,н. Энхмаагийн дүүгийн Кровн машиныг “Нет Капитал” ББСБ-д тавьж 10 000 000 төгрөг авч Д.И-т бэлнээр аваачиж өгсөн. Ингээд эгчээсээ мөнгө авч үйлдвэрлэлээ явуулахад хэрэгтэй тоног төхөөрөмжүүдийг авч уур, цахилгаан, цалин, ус, түрээсийг төлж үйлдвэрлэлээ ажиллуулсан. Үйлдвэрлэлийн бүхий л зүйлийг шинээр сольсон. Үүнээс хойш Д.И- ах компани дээр ирээгүй байж байгаад 2019 оны 06 дугаар сард ирээд ах нь Солонгос явах гэсэн юм ахыгаа компаний нэр дээрээ оруулаад өгөөч виз гарахад найдвартай болох гээд байна гэхээр нь би 20 хувиа шилжүүлж өгсөн. Миний бие Х.Г- 224 467 000 төгрөгөөр “Хувьцаа худалдах, худалдан авахаар гэрээ хийгээгүй 20 000 000 төгрөгөөр тохирч “Хувьцаа худалдах, худалдан авахаар гэрээ байгуулж уг хувьцааны үнэ болох 20 000 000 төгрөгийг Д.И-д төлж Компанийн эрхийг шилжүүлж авсан. Хюндай маркийн Старикс загварын 6567 УНЧ улсын дугаартай автомашиныг Д.И-ын өөрийнх нь зөвшөөрлөөр сэлбэгэнд 950 000 төгрөгөөр зарсан. Д.И- нь “Би Аи Ви” ХХК-ийн эрхийг надад шилжүүлэхдээ Хас банкнаас тус компанийн нэр дээр зээл авсан байсан ба энэ зээлээ өөрөө хариуцахаар тохирсон. Ийм учраас Д.И-ийн өөрийн бизнесийн үйл ажиллагаа явуулахад авсан зээлийг “Би Аи Ви” ХХК хариуцахгүй. “Б-” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Г- нь энэ компанийн хувьцааны 80 хувийн хувьцааг эзэмшдэг бөгөөд саналын 80 хувийг Х.Г- эзэмшдэг. Компанийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д хувьцаа эзэмшигч нь гүйцэтгэх захирал байж болно энэ тохиолдолд үүсгэн байгуулагч буюу хувьцаа эзэмшигчийн шийдвэрт тусгах бөгөөд гэрээ байгуулахгүй. Х.Г-г тус компанийн гүйцэтгэх захирлаар хугацаагүйгээр томилсон байх бөгөөд энэ талаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр улсын бүртгэгч бүртгэсэн байна ... Иймд нэхэмжлэлийн  шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Х.Г- сөрөг нэхэмжлэлдээ: ... авга ах Д.И-ийн “Б-” ХХК-ийг 20 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулсан. Д.И-ид 20 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Д.И- 2013 оны 11 сард “Зээлээр авсан тоног төхөөрөмжөө бэлгэнд авсан” гэж тайлбарлаад хөрөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгэж “Б-” ХХК-ийн дүрмийн санг 224 467 300 төгрөг хүртэл нэмэгдүүлсэн. Энэхүү үнэлгээ нь бодит бус гэж үздэг, тухайн үед ч 224 467 000 төгрөгийн хөрөнгө, тоног төхөөрөмж байсан гэдэг нь худал юм. Миний бие компанийг худалдаж авах үед компанийн бичиг баримтанд 224 467 000 төгрөгийн  хөрөнгөтэй, зохиомол тоо бичигдсэн байсан. Гэрээ хийх үедээ ийм үнийн дүнтэй гэрээ байгуулахад надад эрсдэл учрах юм биш үү гэж асуухад Д.И- нь харин ч чамд ашигтай хөрөнгийн хэмжээ нь их байх тусам чамд ашигтай гэж тайлбарлаж байсан. Миний бие хууль зүйн үр дагаварыг ойлгохгүйгээр түүний үгэнд итгэж эрх шилжүүлэх гэрээ болон хувьцааны худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан. Өөрөөр хэлбэл, Д.И- нь үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд нь эвдэрсэн, доголдсон үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсон өрөнд орчихсон байсан компаниа надад 20 000 000 төгрөгөөр худалдахдаа компанийн дүрэм, гэрчилгээ зэрэг баримтууд дээрх хоосон тоог үндэслэн миний эрх зүйн мэдлэггүйг далимдуулж 224 467 000 төгрөгийн хөрөнгөтэй компани худалдсан мэтээр дүр үзүүлэн хэлцэл хийсэн. Иймд 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Компаний эрх шилжүүлэх тухай болон Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, уг хэлцлээр шилжүүлсэн 20 000 000 төгрөгийг Д.И-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: ... гэрээнүүдийг талууд өөрсдийн хүсэл зоригийн дагуу байгуулсан, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 196.1.2, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийн заалтуудтай нийцсэн бөгөөд худалдагч, эрх шилжүүлэгч тал хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн, хүчин төгөлдөр хэлцэл болно. Сөрөг нэхэмжлэлд дурдсан “ ... Х.Г- эрх зүйн мэдлэг дутуу, авга ахдаа хэт итгэсэн ... “ зэрэг нь гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл биш юм. Түүнчлэн гэрээнүүд нь хуульд заасан хэлбэрийг зөрчөөгүй бөгөөд Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн болно. Мөн сөрөг нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй байгааг дурдах нь зүйтэй ... иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 495 дугаар зүйлийн 495.1, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Г-гээс 204 467 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.И-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 57 789 233 төгрөг гаргуулах шаардлага болон хариуцагч “Б-” ХХК-нд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар “Б-” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Г-гийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад Компанийн тухай хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болсныг тогтоож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Г-гийн гаргасан нэхэмжлэгч Д.И-т холбогдох хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 20 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 1 539 431 төгрөг, хариуцагч Х.Г-гийн төлсөн 328 150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Г-гээс улсын тэмдэгтийн хураамж 1 180 285 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.И-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар шүүхийн зардалд Д.И-аас 115 000 төгрөг, хариуцагч Х.Г-гээс 385 000 төгрөг тус тус гаргуулж шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК /Төрийн банк 100 000 142 787 тоот данс/-нд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэн Д.И-ийн нэхэмжлэлтэй “Б-” ХХК болон иргэн Х.Г- нарт олбогдох иргэний хэрэг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан лэлэлцэгдсэн бөгөөд хариуцагчийн өмгөөлөгчдийн зүгээс тус шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Дугаар 184/ШШ2020/00731 тоот шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт: 2017 оны 01 дугээр сарын 12-ны өдөр байгуулагдсан “Хувьиаа худалдах, худалдан авах гэрээ”-ний улдэгдэл төлбөр 204 467 000 төгрөгийг хариуиагч Х.Г-гээс гаргуулж нэхэмжлэгч Д.И-т олгох үндэслэлтэй. Мөн дээрхи үндэслэлээр талуудын хооронд байгуулагдсан гэрээг хучин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Х.Г-гийн гаргасан хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, 20 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь бодит байдалд нийцээгүй, ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлээгүй, үндэслэлгүй дүгнэсэн гэж үзэж байна. Тайлбар, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийгтөлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. “Б-” ХХК-ийг Д.И-аас Х.Г-д худалдах үед үйл ажиллагаа нь зогссон, биет байдлын доголдолтой буюу үйлдвэрийн голлох тоног төхөөрөмжүүд нь эвдэрсэн, татварын болон нийгмийн даатгалын өр, мөн цахилгааны болон уурын төлбөр, ажилчдын цалинг олгоогүй зэрэг өрийн хуримтлал үүссэн байсан гэдэг нь гэрчүүдийн мэдүүлэг болон бусад баримтаар хангалттай нотлогддог. Хариуцагч Х.Г-гийн хувьд компанийг эрхийн хамт 224 467 300 төгрөгөөр авах хүсэл зориг байгаагүй, боломжгүй, байсан талаараа шүүхэд тайлбарладаг. Үйлдвэрийн тоног төхөөрөмж нь биет байдлын доголдолтой, үйл ажиллагаа нь зогсонги, өрийн хуримтлалтай байсан зэрэг нөхцөл байдлыг үнэлж гэрээний талууд 20 000 000 төгрөгөөр худалдаж, худалдан авахаар тохиролцож мөнгийг төлсөн байдаг. Гэтэл компанийн эрх шилжүүлэх үед компанийн дүрмийн сангийн хэмжээгээр гэрээг байгуулах шаардлага үүссэн бөгөөд Х.Г- нь “Ийм дүнгээр гэрээ хийж болох уу” гэхэд Д.И- нь: “Компанийн дүрмийн сан өндөр байх тусам чамд ашигтай” гэж төөрөгдүүлсэнээр Х.Г- түүнд итгэж гэрээнд гарын үсэг зурсан байна. Худалдах, худалдан авах гэрээнд гэрээний төлбөрийг хэрхэн төлж барагдуулах талаар тусгаагүй /урьдчилгаанд 20 000 000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл төлбөрийг ямар цаг хугацаанд, хэд хувааж төлөх/, гэрээг байгуулсанаар компанийн эд хөрөнгө, бичиг баримт, өөр бусад эд зүйлсийг хүлээлцсэн тухай акт, өмнө нь нэг ч удаа үлдэгдэл төлбөрийг төлөхийг шаардсан талаар баримт байхгүй байхад X. Гомбосүрэнд итгэл төрүүлж бодит байдлаас өөр дүнгээр байгуулсан гэрээг өөрт ашигтай байдлаар ашиглаж төлбөрийн үлдэгдэл гэх 204 000 000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, хууль бус үйлдэл юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар шүүх гэрчүүдийн мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний төвийн 2013, 2020 оны дүгнэлт, 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Ерөнхий захирлын шийдвэр зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор, үнэн зөв үнэлээгүй гэж үзэж байна. Д.И- нь 2013 онд бусадаас бэлгэнд хүлээн авсан үйлдвэрийн тоног төхөөрөмжид үнэлгээ хийлгэсэн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн дугаар 48 тоот дүгнэлт, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр 2020 оны 02 дугаар сард хийгдсэн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн дугаар 30 тоот шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан үнэлгээний дүнгийн зөрүү өндөр байгаагаас харахад 2013 оны шинжээчийн дүгнэлт нь бодит байдалд нийцээгүй, харин Шинжээчийн 30 тоот дүгнэлт нь тухайн үеийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн зах зээлийн үнэлгээг бодитой тодорхойлсон (Хариуцагч Х.Г- шүүхэд мэдүүпэг тайбар өгөхдөө тухайн үед “Б-” ХХК-тай ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг компаниудын зах зээлийн худалдан борлуулагдаж байгаа ханш дээд тал нь 40 000 000 төгрөг байсан гэж тайлбарлаж, мэдүүлдэг) гэж үзэж болохоор байтал уг нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй байна. Д.И-, Х.Г- нар нь үеэл буюу гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд юм. Хавтастхэрэгтавагдсан гэрч Х.Пүрэвсүрэн, н.Хүрэлсүх, н.Энхмаа, н.Эрхэмбаатар нарын мэдүүлгээс харахад 2016, 2017 онд “Б-” ХХК-ийн үйл ажиллагаа, ашиг орлого нь ямар байсан, компанийн тоног төхөөрөмж эвдэрсний улмаас Д.И- ямар шийдвэр гаргасан, хэрхэн тус компанийг бусдад шилжүүлэх болсон зэргийг мэдүүлсээр байтал шүүх хариуцагчийн татгалзалыг шууд нотлох баримт болж чадахгүй байна гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж болохоор байна. Гэрээний талууд итгэлцлийн үндсэн дээр ямар ч бичиг баримт үйлдэлгүйгээр, харилцан тохиролцож худалдан авагч 20 000 000 төгрөгийг худалдагчид төлсөн үйл баримт хэрэгт авагдсан. Х.Г- эрх зүйн мэдлэг дутуу, мөн ах Д.И-ид итгэж 224 467 300 төгрөгийн дүнтэй "Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-нд гарын үсэг төөрөгдсөний улмаас зурсан нь өнөөдөр Д.И-ид ашигтай нөхцөл байдлыг үүсгэж, түүний хууль бус зорилгыг биелүүлж байна гэж тайлбарлаж байгаа нь бодит байдалд илүү нийцнэ. Шүүхийн шийдвэрт “Б-” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Г-гийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад компанийн тухай хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болох нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэсэн.

Тайлбар, Анхан шатны шүүх “Б-” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Х.Г-гийн эрхийг хязгаарласан нь хууль бус гэж үзэж байна. Бодит байдалд Х.Г- нь “Б- ХХК”-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч юм. Учир нь Д.И- нь тус компанийн албан ёсны хувьцаа эзэмшигч биш тул хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах шаардлагагүй юм. /Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2/ Д.И- нь 2018 онд “ах нь Солонгос улс руу явах гэсэн юм, хөрөнгийн баталгаа хэрэгтэй байна, ахыгаа батлан даагаач” гэж гуйсны дагуу Х.Г-гийн зөвшөөрлөөр Х.Пүрэвсүрэн, н.Содбилэг нар нь өөрийн нэр дээр байсан тус компанийн 10, 10 хувийн хувьцааг Д.И-ид “Бэлэглэлийн гэрээ”-ний дагуу түр шилжүүлсэн байдаг. /гэрч Х.Пүрэвсүрэн, Энхмаа нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Бэлэглэлийн гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ, хариуцагчийн тайлбараар нотлогдоно/ Хэрэв Х.Г- нь Д.И-ид 2018 оны 06 сард Бэлэглэлийн гэрээний дагуу компанийн 20 хувийн хувьцааг шилжүүлж, тэрээр хуулийн дагуу эзэмшдэг байсан бол яагаад хувьцаа эзэмшигчийн хувьд компанийн үйл ажиллагаанд өөрийн эрхийг эдэлж, үүрэг, хариуцлагыг хүлээхгүйгээр Х.Г-д бүх хариуцлагыг үүрүүлж байгаа нь эргэлзээтэй байна. Гэтэл шүүх талуудын хооронд Худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн үйл баримтыг нотолж дүгнэсэн атлаа энэхүү 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ нь яагаад 20 000 000 төгрөгөөр бус 224 467 300 төгрөгөөр байгуулагдах болсон учир шалтгааны талаар эрх зүйн дүгнэлт огт хийгээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Х.Г- давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03-р сарын 04-ний өдрийн 184/ ШШ2020/00731 тоот шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах тайлбарыг хийж гомдлыг гаргаж байна. Иргэн Х.Г- миний бие 2016 оны 10 сарын үед Д.И-ийн 100 хувийн эзэмшлийн “Б-” ХХК-ийн хувьцаа болон эд хөрөнгө, бичиг баримттай нь 20,000,000 төгрөгөөр нь худалдаж авсан юм. Би “Б-” ХХК-д оюутан байх үеэсээ ажиллаж байсан бөгөөд тухайн үед хамт ажиллаж байсан Ц.Энхмаа “манай компанийн үйлдвэр гол тоног төхөөрөмж нь эвдэрсэн, ажиллагаа нь доголдож, зогсонги байдалд орсон Инжиндунгарааш захирал компаниа зарна гээд авах хүн мэдэж бай гэсэн ч авах хүн олдохгүй төмрийн хогонд өгнө гээд байна чи авахгүй юм уу гэсэн. Миний бие хэдэн төгрөгөөр худалдах гээд байгааг нь тодруултал 20 000 000 төгрөгөөр зарна гэж байна гэсэн. Тэгээд би эгчээсээ 10 000 000 төгрөг зээлээд Инжиндунгаршаат бэлнээр өгөөд үүнээс 3 хоногийн дараа өөрийн машин болон Энхмаагийн дүүгийн машиныг банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавиад үлдэгдэл 10 саяыг нь өгч худалдаж авсан. 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 100 айлын бүртгэлийн газрын ойролцоох нотариатын газар ирээд компаний эрх шилжүүлэх гэрээнд гарын үсэг зураадах гэсний дагуу нотариатын газар очоод гэрээг хэлцлийг ч уншилгүй гарын үсэг зурсан. Хожим нь Инжиндунгаршааш гэрээг чамд ашигтай байдлаар хийсэн гэж хэлэхэд би түүнд итгээд компанийн бичиг баримтыг байгаа чигээр нь улсын бүртгэлд бүртгүүлээд цаашхи ажпыг нь үргэлжлүүлсэн нь үнэн болно. Гэтэл анхан шатны шүүх намайг 224 467 000 төгрөгний үнэ бүхий хөрөнгө хувьцаатай компанийг худалдаж авсан мэтээр дүгнэж, надаас 204 467 000 төгрөг гаргуулж Инжиндунгаршаашид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд бодит байдалд нийцээгүй шийдвэр байна. Миний бие тухайн үед ийм их хэмжээний мөнгөөр компанийг худалдан авах боломж байхгүй бөгөөд тийм хүсэл зориг ч байхгүй байсан. Бодит байдал дээр манайхтай ижил үйл ажиллагаа явуулдаг цөөхөн хэдэн компани байсан богөөд зах зээлд худалдан борлуулагдаж байсан өртөг нь дээд тал нь 40 000 000 төгрөгөөр худалдаж байсан болно. Мөн анхан шатны шүүх миний “Б-” ХХК-ийн удирдлага, гишүүн байх эрхийг хууль бусаар хязгаарласан гэж үзэж байна. Учир нь миний бие “Б-” ХХК-ийн цор ганц гишүүн хувьцаа эзэмшигч нь билээ. Д.И- нь 2018 онд ах нь “Солонгос улсруу явах гэсийм, хөрөнгийн баталгаа хэрэгтэй байна, ахыгаа батлан даагаач” гэж гуйсан. Өмнө нь би өөрийн төрсөн дүү Пүрэвсүрэн түүний найз Содбилэг нарт мөн Солонгос улс руу явах баталгаа гаргаж тэдэнд тус компанийн 10, 10 хувийн буюу нийт 20 хувийн хувьцааг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж өгсөн бөгөөд уг 20 хувийн хувьцааг мөн Инжиндунгараашид бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байдаг. Гэтэл Инжиндунгарааш нь туслах зорилгоор өгсөн хувьцааг маань шунахайн зорилгоор ашиглаж миний шударгаар олж авсан эд хөрөнгөө эзэмших, өмчлөх эрхийг зөрчиж байна. Иймд эрхэм шүүгч та бүхэн хэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн хянан үзэж үнэн бодит байдлыг тогтоож, миний зөрчигдсөн эрхийг сэргээж Инжиндунгараашийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч Д.И- нь хариуцагч Х.Г-д холбогдуулж худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 204 467 000 төгрөг, автомашины үнэ 8 000 000 төгрөг гаргуулах болон “Б-” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Г-гийн Компанийн тухай хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болсныг тогтоолгох, хариуцагч “Б-” ХХК-д холбогдуулж Хас банкны зээлд төлсөн 49 789 233 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хэлцлээр шилжүүлсэн 20 000 000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

            Нэхэмжлэгч нь “Б-” ХХК-ийг 2006 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нэг гишүүнтэйгээр үүсгэн байгуулж, 1 000 000 төгрөгийн дүрмийн сантай, нэг бүр нь 1 000 төгрөгөөр үнэлэгдэх 1 000 ширхэг хувьцаатай, компанийн хувьцааг 100 хувь дангаар эзэмшихээр дүрэмдээ тусгаж, улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан “Б-” ХХК-ийг үүсгэн байгуулах шийдвэр, компанийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /1хх 5-8, 36-37, 44-45 дугаар тал/

 

            Зохигчдын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, худалдагч Д.И- нь “Б-” ХХК-ийн нийт хувьцааны 100 хувь болох өөрийн эзэмшлийн 224 467 000 төгрөгийн үнэ бүхий 224 467 ширхэг хувьцааг хариуцагч Х.Г-д шилжүүлэх, худалдан авагч нь худалдан авсан хувьцааны төлбөрийг хийх, мөн өдөр байгуулагдсан “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-гээр компанийн эрх үүрэг хариуцлага, эд хөрөнгө шилжүүлэх, үйлчлэх хугацаа бусад харилцааг зохицуулахаар тус тус харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан гэрээ, талуудын тайлбараар тогтоогдож байна./1хх 38-39 дүгээр тал/

 

            Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн нь хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

            Хувьцаа худалдах-худалдан авах гэрээний дагуу хариуцагч Х.Г- 20 000 000 төгрөг төлсөн болон Компанийн эрх шилжүүлэх гэрээгээр нэхэмжлэгч Д.И- нь “Б-” ХХК-ийн бүр эрх үүргийг хариуцагч Х.Г-д шилжүүлсэн талаар талууд маргаагүй байна.

 

            Иймээс нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу хувьцааны үлдэгдэл төлбөр болох 204 467 000 төгрөгийг шаардах эрхтэй.

 

            Хэдийгээр анхан шатны шүүх хариуцагч талын хүсэлтээр тухайн үед хамт ажиллаж байсан Ц.Энхмаа, Э.Эрхэмбаатар болон хариуцагчийн эцэг Ц.Хүрэлсүх, дүү Х.Пүрэвсүрэн нарыг гэрчээр асууж, гэрч нар хариуцагч компанийн тухайн үеийн үйл ажиллагаа болон талуудын хооронд 20 000 000 төгрөгийн худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан талаар мэдүүлсэн байх боловч уг мэдүүлэгт дурдсан мэдээлэл нь тодорхой эх сурвалжид үндэслэгдээгүй бөгөөд тэдний мэдүүлэгт хамааралтай гэж үзэх өөр баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна./1хх 228-234, 2хх 6-7 дугаар тал/

 

            Хариуцагч Х.Г- нь компанийн хувьцааг 224 467 000 төгрөгөөр бус 20 000 000 төгрөгөөр худалдан авсан, компанийн дүрэм, гэрчилгээн дээр байгаа тоог үндэслэж, хариуцагчийн эрх зүйн мэдлэггүй байдлыг далимдуулж тул талуудын хооронд байгуулагдсан “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, “Компанийн эрх шилжүүлэх гэрээ” нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан дүр үзүүлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэх агуулгаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

            Хэрэгт үзлэгийн тэмдэглэл, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын №030 дугаар дүгнэлт, борлуулалтын орлогын түүвэр зэрэг бичгийн баримтууд авагдсан байгаа нь хариуцагч компанийн ариун цэврийн цаас, салфетканы үйлдвэрийн үйл ажиллагаа явуулж байгаа нөхцөл байдал болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийн зах зээлийн үнэлгээг тодорхойлох зэрэг нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой боловч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, цаашлаад талуудын хооронд 20 000 000 төгрөгийн худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэх хариуцагчийн татгалзлыг шууд нотлох баримт болж чадахгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй. /2хх 9-34 дүгээр тал/

 

            Түүнчлэн, хариуцагч Х.Г- нь компанийн хувьцааны үнийг 224 467 300 төгрөг болохыг мэдэж байсан, үүнийг хүлээн зөвшөөрч холбогдох гэрээ хэлцлийг байгуулж, компанийн дүрэм, улсын бүртгэлийн мэдээлэлд зохих өөрчлөлтийг оруулж байсан нь хэрэгт авагдсан “Хөрөнгийн үнэлгээ төв” ХХК-ийн 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №48 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлангаар “Б-” ХХК-ийн дүрмийн санд шинээр оруулах нийт хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 224 467 300 төгрөг болохыг тодорхойлж, 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Х.Пүрэвсүрэн, Д.И- болон Б.Содбилэг, Д.И- нарын хооронд тус тус байгуулагдсан “Эрх шилжүүлэх гэрээ”, “Бэлэглэлийн гэрээ”, 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн компанийн хувьцаа эзэмшигчдийн тогтоол, мөн өдрийн компанийн дүрмийн өөрчлөлт, хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдөл, тухайн цаг хугацааны компанийн татвар, санхүү байдлын тайлан зэрэг баримтаар тогтоогдож байна. /1хх 14-35, 46-59 дүгээр тал/

 

            Компанийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2 дах хэсэгт компанийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн зах зээлийн үнийг гэрээний талууд харилцан тохиролцож, мөн компанийн эрх бүхий этгээд өөрөө тогтоож болохоор зохицуулсан байх бөгөөд “Б-” ХХК-ийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээнд компанийн хувьцааны нийт үнэлгээг 224 467 300 төгрөгөөр тогтоосон байдлаас үзэхэд худалдан авагч талыг гэрээний үнийн талаар төөрөгдсөн гэж үзэх үндэслэлгүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг. Гэтэл хариуцагч Х.Г- нь дээрх худалдах худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээний дагуу компанийн хувьцаа, эрхийг бүрэн хүлээн авч өнөөг хүртэл компанийн хувьцааны 80 хувийг эзэмшиж, эрх бүхий этгээдээр ажиллаж байгаа байдал нь талуудын хооронд хийгдсэн хэлцлийг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх боломжгүй талаар шүүх үндэслэлтэй дүгнэжээ.

 

            Анхан шатны шүүх дээрх үндэслэлээр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 204 467 000 төгрөгийг хариуцагч Х.Г-гээс гаргуулж нэхэмжлэгч Д.И-т олгож, хариуцагч Х.Г-гийн гаргасан хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, 20 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.

 

            Хэрэгт авагдсан авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн “Эрх шилжүүлэх гэрээ”, “Бэлэглэлийн гэрээ”, гэрч Х.Пүрэвсүрэнгийн мэдүүлэг, зохигчдийн тайлбараар “Б-” ХХК-ийн тус бүр 10 хувийн хувьцаа эзэмшигч Х.Пүрэвсүрэн, Б.Содбилэг нар нь өөрсдийн мэдлийн 10 хувийн хувьцааг 22 446 700 төгрөгөөр нэхэмжлэгч Д.И-т хариу төлбөргүйгээр шилжүүлж, “Б-” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн тогтоолоор тус компанийн хувьцаа эзэмшигчдээс Х.Пүрэвсүрэн, Б.Содбилэг нарыг чөлөөлж, хувьцаа эзэмшигчээр Д.И-ыг бүртгэж, энэ талаар 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр компанийн дүрмийн 3.13-т “Компанийн тухай хуулийн 84.1, 84.2 дахь хэсэгт заасны дагуу Х.Г-г компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно”, 5.2-т “Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь 224 467 000 төгрөг ба нэг бүр нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 224 467 ширхэг энгийн хувьцаа байна”, 5.2.1-т “компанийн хувь нийлүүлэгчид дараах байдлаар гаргасан хувьцааг эзэмшинэ: Х.Г- 80 хувь, Д.И- 20 хувь” гэж өөрчлөлт оруулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримт тогтоогдож байна./1хх 46-52, 55, 228-229/

 

            “Б-” ХХК-ийн хувьд хариуцагч Х.Г- /80 хувь/, нэхэмжлэгч Д.И- /20 хувь/ нарын хоёр хувьцаа эзэмшигчтэй учир компанийн гүйцэтгэх удирдлагаас хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.4 дэх хэсэгт заасан хугацаанд зарлан хуралдуулах үүрэгтэй атал 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс хойш хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулсан талаар хэрэгт баримтгүй байна.

 

            Иймд анхан шатны шүүхээс Компанийн тухай хуулийн 59.5 “Энэ хуулийн 59.4-т заасан хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болно” гэж заасны дагуу “Б-” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Г-гийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад Компанийн тухай хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болгох тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

            Нэхэмжлэгч нь хариуцагч Х.Г-гээс Хюндай Старикс загварын 6567УНЧ улсын дугаартай, KMFWVH7HP6U700558 арлын дугаартай автомашиныг зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулсан тул автомашины үнэ 8 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

            Хэрэгт авагдсан Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаагаар нэхэмжлэгч Д.И-ийн эзэмшил, өмчлөлд 6567УНЧ улсын дугаартай, Хюндай Старикс загварын автомашин бүртгэлтэй байх бөгөөд хариуцагч тус автомашиныг 950 000 төгрөгөөр худалдсан гэх тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

            Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1, 495.2 дах хэсэгт заасан зохицуулалт нь зохицуулалт нь хэн нэгэн этгээд эд хөрөнгийг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар захиран зарцуулснаас учирсан хохирлыг эд хөрөнгийн үнээр нөхөн төлүүлэх үүрэг хүлээлгэх иргэний эрх зүйн хамгаалалтын хэлбэр болох талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

 

            Түүнчлэн, нэхэмжлэгч нь хариуцагч “Б-” ХХК-аас Хас банкны зээлд төлсөн 49 789 233 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагчийн өр төлбөрийг сайн дураар төлж барагдуулсан гэж тайлбарлаж байх боловч Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан “Б-” ХХК-ийн санхүүгийн байдлын тайлан, мөнгөн гүйлгээний тайлан, Хас банкны зээлийн дансны хуулга, орлогын маягт, төлбөрийн баримт, Хас банкны гаргасан “Б-” ХХК нь 2014 онд 84 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж 2015 онд 61 960 003.59 төгрөгөөр зээлийн хугацааг сунгаж, 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр зээлийг бүрэн хаасан” гэх тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдохгүй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

            Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 “Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно” гэж зохицуулсан боловч мөн хуулийн 496.3.2-д шаардлага гаргагч гаргасан зардлын тухай шаардлагаа хариуцагчид өөрийн буруугаас ердийн боломжит хугацаанд мэдэгдээгүй тохиолдолд шаардлага гаргаж болохгүй гэжээ.

 

            Гэвч нэхэмжлэгч нь 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр “Б-” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болсон бөгөөд 2017 онд үүссэн уг зардлын тухай шаардлагаа энэ хугацаанд хариуцагчид мэдэгдэж, шаардлага гаргаж байсан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдохгүй байна.

 

            Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч нь хариуцагч компанийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн үндэслэлээр гарсан зардлын тухай шаардлагаа өөрийн буруугаас хуульд заасан ердийн боломжит хугацаанд мэдэгдээгүй, 2019 оны 05 дугаар сард энэ тухай шаардлагыг шүүхэд гаргасан гэж үзэж, уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.

 

            Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулж нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 539 431 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлдээ төлсөн 328 150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангасан дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 1 180 285 төгрөгийг хариуцагч Х.Г-гээс гаргуулж, нэхэмжлэгч Д.И-ид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

 

            Шүүхийн зардлын хувьд шинжээчийн ажлын хөлс 500 000 төгрөгийг нэхэмжлэлийн хангасан дүнд хувь тэнцүүлэн тооцож нэхэмжлэгч Д.И-аас 115 000 төгрөг, хариуцагч Х.Г-гээс 385 000 төгрөг тус тус гаргуулж шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2020/00731 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 250 500 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Т.ТУЯА

 

                                              ШҮҮГЧИД                                Г.ДАВААДОРЖ

 

                                                                 С.ЭНХТӨР