Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2022/00234

 

 

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2022/00234

 

 

Д.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2020/00731 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 955 дугаар магадлалтай,

 

Д.*******ийн нэхэмжлэлтэй,

******* ХХК болон Х.******* нарт холбогдох

 

262,253,223 төгрөг гаргуулах, гүйцэтгэх захирлын эрх дуусгавар болсныг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэл,

Хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах, 20,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, түүний өмгөөлөгч Р.Мэндсайхан, хариуцагч Х.*******, түүний өмгөөлөгч Н.Жамъян, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч ******* ХХК болон Х.******* нарт холбогдуулан 262,253,223 төгрөг гаргуулах, гүйцэтгэх захирлын эрх дуусгавар болсныг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах, 20,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

2. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2020/00731 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 495 дугаар зүйлийн 495.1, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.*******гээс 204,467,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.*******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 57,789,233 төгрөг гаргуулах шаардлага болон хариуцагч ******* ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.*******гийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад Компанийн тухай хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болсныг тогтоож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.*******гийн гаргасан нэхэмжлэгч Д.*******т холбогдох хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 20,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 1,539,431 төгрөг, хариуцагч Х.*******гийн төлсөн 328,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.*******гээс улсын тэмдэгтийн хураамж 1,180,285 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.*******т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар шүүхийн зардалд Д.*******аас 115,000 төгрөг, хариуцагч Х.*******гээс 385,000 төгрөг тус тус гаргуулж шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 955 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2020/00731 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.29-ний өдрийн 955 тоот магадлал болон анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Магадлалын хянавал хэсэгт Талуудын хооронд 2017.01.12-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, худалдагч Д.******* нь ******* ХХК-ийн нийт хувьцаа болох өөрийн эзэмшлийн 224,467,300 төгрөгийн үнэ бүхий 224,467 ширхэг хувьцааг 100 хувь хариуцагч Х.*******д шилжүүлэх, худалдан авагч нь худалдан авсан хувьцааны төлбөрийг хийх мөн өдөр байгуулагдсан Компанийн эрх шилжүүлэх гэрээ-гээр компанийн эрх үүрэг хариуцлага, эд хөрөнгө шилжүүлэх, үйлчлэх хугацаа бусад харилцааг зохицуулахаар тус тус харилцан тохиролцсон нь хэрэгт авагдсан гэрээ, талуудын тайлбараар тогтоогдож байна. гэж дүгнэснийг эс зөвшөөрч байна. Учир нь иргэн X.******* нь ******* ХХК-ийн нийт хувьцааг буюу компанийг бүхэлд нь 20,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах талаар харилцан тохиролцсон нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, хариуцагчийн тайлбараар тогтоогддог. Компанийг худалдах, худалдан авах гэрээг хийх үед ******* ХХК-ийн үйл ажиллагаа доголдож, үйлдвэрийн тоног төхөөрөмж нь эвдэрсэн, татварын болон нийгмийн даатгалын өр, мөн цахилгааны болон уурын төлбөр, ажилчдын цалин гэх мэт өрийн хуримтлал үүссэн байсан гэдэг нь гэрчүүдийн мэдүүлэг болон бусад баримтаар хангалттай нотлогддог. Мөн тухайн үеийн ******* ХХК-ийн зах зээлийн үнэлгээ нь түүнтэй ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байсан компанийн зах зээлд худалдан борлуулах 40,000,000 төгрөг байсан гэх хариуцагчийн тайлбар болон 2020 оны 02 сарын хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг баримтууд, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог. ... Компанийн тухай хуулийн 59.5 Энэ хуулийн 59.4-т заасан хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлагын/-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болно" гэж заасны дагуу ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.*******гийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад Компанийн тухай хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болох тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. гэж дүгнэснийг эс зөвшөөрнө. Бодит байдалд Х.******* нь ******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч юм. Учир нь Д.******* нь тус компанийн албан ёсны хувьцаа эзэмшигч биш тул хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах шаардлагагүй юм. /Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2/ Д.******* нь 2018 онд ах нь Солонгос улс руу явах гэсэн юм, хөрөнгийн баталгаа хэрэгтэй байна, ахыгаа батлан даагаач" гэж гуйсны дагуу Х.*******гийн зөвшөөрлөөр Х.Пүрэвсүрэн, Содбилэг нар нь өөрийн нэр дээр байсан тус компанийн 10,10 хувийн хувьцааг Д.*******ид Бэлэглэлийн гэрээ-ний дагуу түр шилжүүлсэн байдаг. /гэрч Х.Пүрэвсүрэн, Энхмаа нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан 2018.06.11-ний өдрийн Бэлэглэлийн гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ, хариуцагчийн тайлбараар нотлогдоно/ Анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй, бодит байдалд дүгнэлт хийгээгүй тул Д.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй гэж үзэв.

 

6. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Х.*******д холбогдуулж худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 204,467,000 төгрөг, автомашины үнэ 8,000,000 төгрөг, нийт 262,253,223 төгрөгийг гаргуулах, ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.*******гийн Компанийн хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болсныг тогтоолгох нэхэмжлэлийг,

хариуцагч ******* ХХК-д холбогдуулж компанийн өмнөөс банкны зээлийг өөрөөсөө төлсөн гэж 49,789,233 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг тус тус гаргажээ. Хариуцагч нар нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй ба хариуцагч Х.******* ... хууль зүйн үр дагаврыг ойлгохгүйгээр нэхэмжлэгчийн үгэнд итгэж эрх шилжүүлэх гэрээ болон хувьцаа худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан ... миний эрх зүйн мэдлэггүй байдлыг далимдуулж хуурч мэхэлсэн ... гэж худалдах-худалдан авах хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хэлцлээр шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна.

 

7. Д.******* нь ******* ХХК-ийг 2006.02.20-ны өдөр үүсгэн байгуулж, 1,000,000 төгрөгийн дүрмийн сантай, нэг бүр нь 1000 төгрөгөөр үнэлэгдэх 1000 ширхэг хувьцаатай, компанийн хувьцааг 100 хувь дангаар эзэмшихээр дүрэмдээ тусгаж, улсын бүртгэлд бүртгүүлжээ. Нэхэмжлэгч нь компанийн хөрөнгийг үнэлүүлж, 2013.11.07-ны өдрийн шийдвэрээр ******* ХХК-ийн дүрмийн сангийн хэмжээг 224,467,300 төгрөг болгон нэмэгдүүлж, уг өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлсэн байжээ. 

 

Талууд 2017.01.12-ны өдөр Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулж, Д.******* нь ******* ХХК-ийн нийт хувьцаа буюу (224,467,000 төгрөгийн үнэтэй гэж гэрээнд тусгасан) 224,467 ширхэг хувьцааг Х.*******д шилжүүлэх, хариуцагч нь хувьцааны төлбөрийг хийх үүргийг харилцан хүлээсэн, Д.******* нь ******* ХХК-ийн бүх эрх, үүргийг хариуцагч Х.*******д шилжүүлсэн, Х.******* 20,000,000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогджээ.

 

8. Талууд худалдах-худалдан авах гэрээ байгуулсан болохыг маргаагүй, харин гэрээний үнийн дүнг нэхэмжлэгч нь 224,467,000 төгрөг гэсэн бол хариуцагч 20,000,000 төгрөг гэж маргаж, үүргээ биелүүлсэн гэж мэтгэлцсэн боловч маргааны зүйлийн талаар зохигч бүрэн мэтгэлцсэн гэж үзэхэд учир дутагдалтай, хэрэгт байгаа баримтын хэмжээнд хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй байна.

 

Худалдах-худалдан авах гэрээнд хувьцааны үнэ 224,467,000 төгрөг гэж тусгагдсан байх боловч хариуцагч нь уг үнийн дүнг хувьцааны үнэ биш, авга ах Д.******* нь хөрөнгийн хэмжээ их байх тусам чамд ашигтай гэхээр нь итгэсэн, ер нь бол үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд нь эвдэрсэн, үйл ажиллагаа нь доголдсон, төмрийн хог дээрх хаях гэж байсан ба бэлэн 20,000,000 төгрөг өгөх хүн байвал үйлдвэрээ өгчихмөөр байна гээд бид ярилцаж байгаад авахаар шийдээд 20,000,000 төгрөгийг өгсөн, худалдаж аваад үйлдвэрлэлийн бүхий л зүйлийг шинээр сольж цахилгаан, ус, түрээсийг төлж үйлдвэрээ явуулсан, үүнээс гадна автомашиныг өөрийнх нь зөвшөөрлөөр сэлбэгэнд 950,000 төгрөгөөр зарсан, мөн нэхэмжлэгч нь компанийн нэр дээр зээл авсан байсан ба түүнийг өөрөө төлж дуусгасан, компанийн өмнөөс төлөлт хийгээгүй... гэж маргасан байна.

 

9. Талууд гэрээний зүйлийн үнийн талаар маргасан, энэ нь гэрээний гол нөхцөл бөгөөд илт зөрүүтэй үнийн дүнгийн аль нь үндэслэлтэй эсэх талаар шүүх зайлшгүй эрх зүйн дүгнэлт хийх үүрэгтэй.

 

2017 онд байгуулж буй худалдах-худалдан авах гэрээнд компанийн хувьцааны үнийг 224,467,000 төгрөг гэж заасан боловч энэ нь Хөрөнгийн үнэлгээ төсөв ХХК-ийн 2013.12.19-ний өдрийн үнэлгээ бөгөөд 2013 оноос хойш ариун цэврийн цаасны үйлдвэр ямар хэмжээнд ажилласан, 2017 оноос хойш ажилласан бол ямар орлого, ашигтай ажилласан, компанийн эд хөрөнгө ямар байдалтай байгаа зэрэг ач холбогдол бүхий нөхцөл байдлыг талуудаас тодруулж маргааны зүйлийн талаар дүгнэлт хийх нь илүү бодит үндэслэлтэй болохыг шүүх анхаараагүй нь учир дутагдалтай байна. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №030 дугаар дүгнэлтэд 2013 оны байдлаар үйлдвэрийн тоног төхөөрөмжийн зах зээлийн үнэ, цэнэ 48,875,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 31-ний байдлаар 49,290,000 төгрөг гэж дүгнэсэн байгааг шүүх хэрхэн харьцуулан дүгнэсэн нь тодорхой бус байна.

 

10. Түүнчлэн худалдах-худалдан авах гэрээ байгуулснаас хойш Д.******* нь ******* ХХК-ийн 100 хувийн хувьцааг Х.*******д шилжүүлсэн боловч дараа нь 20 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн байх ба энэ нөхцөл байдалд шүүх дүгнэлт хийгээгүй, компанийн нийт хувьцааны үнийг хариуцагч төлөх үүрэгтэй гэж үзсэн үндэслэл зөрчилтэй болжээ.

 

11. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэсэн хэм хэмжээг хэрэглэх боломжгүй, шаардах эрхийн урьдчилсан нөхцөл болох худалдсан эд хөрөнгийн үнийг талууд хэрхэн тохирсон талаар хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2020/00731 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 955 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 1,250,500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

П.ЗОЛЗАЯА

Б.МӨНХТУЯА

Д.ЦОЛМОН