Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 128/2016/0066/З |
Дугаар | 128/ШШ2016/0343 |
Огноо | 2016-05-10 |
Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 128/ШШ2016/0343
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Засгийн газрын 11 дүгээр байрны шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Н******* ресурс ХХК,
Хариуцагч: Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Н.Т, Ч.С *******,
Нэхэмжлэлийн шаардлага: Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Н., Ч.******* нарын 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 210201522 дугаар актыг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, Т.Т, Д.Э нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Э, хариуцагч Ч.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.О
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н******* ресурс ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Манай компани 2013 оны 1 дүгээр сарын 01-нээс мөн оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртлэх хугацаанд хамаарах нэмэгдсэн өртгийн албан Татварын илүү төлөлтийг баталгаажуулах зорилгоор хүсэлт гаргаснаар Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Р.Г*******, Р.Б******* нар хяналт шалгалт хийж 25/2013 тоот актаар 43,680.8 мянган төгрөгийг төсөвт төлөхөөр нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтыг хийж актаар 43,680.8 мянган төгрөгийг төсөвт төлөхөөр нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтыг хийж акт үйлдсэн. Манай компанийн зүгээс 25/2013 тоот актыг эс хүлээн зөвшөөрч Нийслэлийн болон Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд тус тус хандсан. Татварын Ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл 16 тоот тогтоолоор Сангийн сайдын 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 283 дугаар тушаалаар батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбогдсон харилцааг зохицуулах журам-ын 3.1, 3.3, 3.4 дэх заалтыг тус тус үндэслэн Нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдэлийг баталгаажуулах татварын хяналт шалгалтын ажиллагаа дуусаагүй байхад татвар төлөгчийн гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн нь маргаан шийдвэрлэх ажиллагааны процессын алдаа гарсан гэж үзэн Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 63 тоот тогтоолыг хүчингүй болгосон.
Ийнхүү УТОХГ-аас Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Н., Ч.******* нар томилогдон хэсэгчилсэн хяналт шалгалт хийж манай компанийн 2013 оны 10 дугаар сарын 31-нээр 1,056,605.9 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийн үлдэгдлийг 43,680.8 мянган төгрөгийн дутуу төлөлттэй хэвээр баталгаажуулан 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 210201522 тоот актыг үйлдсэн.
Манай компанийн зүгээс УТОХГ-ын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Н., Ч.******* нарын 210201522 тоот актыг эс хүлээн зөвшөөрч Татварын Ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд хандахад 210201522 тоот актыг хэвээр баталж шийдвэрлэсэн тухай 87 тоот тогтоолын хувь болон тогтоолыг баталгаажуулах тушаалын хамтаар бидэнд 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн албан бичгээр ирүүлсэн болно.
Бид УТОХГ-ын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Н., Ч.******* нарын 210201522 тоот актыг хэвээр баталсан Татварын Ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 87 тоот тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар ийнхүү шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан.
1. Манай компанийн үндсэн үйл ажиллагааны орлого болох түрээсийн орлого олох зорилгоор худалдан авсан дуусаагүй агуулахын барилга, түүнийг гүйцээн ашиглалтад оруулахтай холбоотой худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг бүхэлд нь хасч тооцохгүйгээр баталгаажуулсан 210201522 тоот актыг дараах үндэслэлээр хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэн хүлээн зөвшөөрөхгүй байна.
а. Манай компанийн үндсэн үйл ажиллагаа болох түрээсийн үйл ажиллагаа нь НӨАТ-ын хуулийн 7.1 буюу 7.1.4 Монгол улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ гэж заасны дагуу НӨАТ ногдох үйлчилгээ бөгөөд бид олж буй түрээсийн орлогод холбогдох НӨАТ-ыг хуулийн дагуу ногдуулж байгаа болно. Тайлант хугацаанд худалдан авч гүйцээн ашиглалтанд оруулсан агуулахын барилга нь түрээсийн орлого буюу НӨАТ ногдох үйлчилгээнд зориулан хийгдсэн худалдан авалт бөгөөд НӨАТ-ын тухай хуулийн /14.1 Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно: 14.1.1 үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үйлчилгээнд төлсөн/ заалтуудын дагуу худалдан авалтанд төлсөн НӨАТ-ыг 7 ба 8 дугаар зүйлийн дагуу ногдуулсан НӨАТ-аас хасч тооцохоор хуулинд тусгасан. Агуулахын барилгын худалдан авалт нь бүхэлдээ 14.1.1 үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар хийгдсэн тул түүнийг түрээслэх үйлчилгээнд ногдуулж байгаа НӨАТ хасч тооцох хууль зүйн үндэслэлтэй болно.
b.Татварын байцаагчийн 210201522 тоот актад НББОУС-2 бараа материал стандартын нэр томьёонд худалдах зорилгоор олж эзэмшсэн бараа эсвэл борлуулах зориулалт бүхий бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашиглах хөрөнгийн зүйлсийг бараа материал гэнэ. Үүнд: Бизнесийн хэвийн үйл ажиллагааны үед худалдан борлуулахаар эзэмшиж байгаа хөрөнгө, худалдан борлуулах зорилгоор үйлдвэрлэлийн дамжлагад байгаа зүйлс-ийг хамруулахаар заасан буюу худалдан борлуулах зорилго агуулаагүй бол бараа материалд оруулахгүй гэснийг үндэслэл болгон баталгаажуулалт хийсэн байна. Гэтэл НӨАТ-ын тухай хуулийн 4.1 Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно, ...4.1.2 /бараа гэж мөнгөн хөрөнгөөс бусад бүх төрлийн эд хөрөнгийг/, хэлнэ гэсэн нь уг хуулиар тусгайлан бараа гэсэн ойлголтыг хоёрдмол утгагүйгээр тодорхойлж өгсөн байна. Манай агуулахын барилга нь мөнгөнөөс бусад төрлийн эд хөрөнгө мөн тул 14.1.1-д заасан үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа... тодорхойлолтод багтаж байгаа болно. Түүнчлэн НӨАТ-ын тухай хуулийн 15.2-д Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбогдсон харилцааг зохицуулсан журмыг санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэж хуулиар тусгайлан олгосон эрхийнхээ хүрээнд уг журмыг Сангийн сайд 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 283 тоот тушаалаар баталсан. Энэхүү журмын 5.1.4-т барилга, байгууламж, техник, тоног төхөөрөмж худалдан авах болон ашиглагдаж байгаа барилга байгууламж, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, ашиглалтын хугацааг уртасгах үйл ажиллагаанд зориулан тухайн тайлангийн хугацаанд худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн НӨАТ-ын нийт дүнгээс НӨАТ-аас чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглагдаж байгаа барилга, байгууламж, техник, тоног төхөөрөмжийг худалдан авах болон тэдгээрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, ашиглалтын хугацааг уртасгах үйл ажиллагаанд зориулан худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн НӨАТ-ыг хасч хасагдах НӨАТ-ын дүнг тодорхойлно. гэж хасалт хийж болохыг заасан байна.
c. Татварын байцаагчийн актад дурдсан НББОУС-16 стандартад Үндсэн хөрөнгийг хүлээн зөвшөөрөх шалгуурыг хангасан хөрөнгүүдийг өртгөөр үнэлж бүртгэхээр заасан байх тул өртгийн бүрэлдэхүүн хэсэгт багтсан буцаан олгогдохгүй худалдааны татварыг хөрөнгийн өртгийн бүрэлдэхүүнд оруулан бүртгэх тул худалдан авалтын НӨАТ-ыг хасч тооцохгүй гэж үндэслэл болгон баталгаажуулалт хийсэн байна. Татварын Ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Татварыг зөвхөн Улсын Их Хурал хуулиар бий болгох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй. 3.2-т ...татвар бий болгох, өөрчлөх, чөлөөлөх, хөнгөлөх, ногдуулах, төлөхтэй холбогдсон харилцааг зөвхөн татварын хуулиар зохицуулна... гэж тус тус заасан байдаг. Тиймээс НӨАТ-ыг буцаан олгох, олгохгүй эсэх асуудлыг НББОУС-аар бус гагцхүү татварын холбогдох хууль тогтоомжоор зохицуулахаар тодорхой хуульчилсан. Нэгэнт Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулиар дээр дурьдсанчлан түрээсийн үйлчилгээ эрхлэх зорилгоор худалдан авсан агуулахын НӨАТ-ыг түрээсийн үйлчилгээнд ногдуулах НӨАТ-аас хасч тооцохоор хуульчилсан тул НӨАТ хасч тооцох эсэх дээр холбогдох татварын хууль тогтоомжийг бус НББОУС-ыг баримталсан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
2. Татварын улсын байцаагч Н., Ч.******* нарын НӨАТ-ыг бүхэлд нь хасч тооцохгүйгээр баталгаажуулсан 210201522 тоот акт нь манай компанийн дор дурдсан эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн тул хүлээн зөвшөөрөхгүй байна.
a. Дээр дурьдсанчлан НӨАТ хуулийн 14.1.1 үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ...-нд НӨАТ-ын хасалт хийх талаар зохицуулсан байх бөгөөд манай байгууллага үндсэн үйл ажиллагаагаа эрхлэхээр агуулах худалдан авсан тул түүнийг худалдан авахад төлсөн НӨАТ-ыг хасч тооцох уг зохицуулалтад хамрагдах бүрэн үндэслэлтэй юм. Харамсалтай нь татварын улсын байцаагчийн акт Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4-т заасан бидний үндсэн эрхийг хэрэгжүүлэх нөхцөл бололцоог хааж НӨАТ-ын илүү төлөлтөө баталгаажуулах манай компанийн хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж байна.
b. Татварын улсын байцаагч актандаа үндэслэл болгон дурдсан хуулийн заалтууд нь НӨАТ-ыг хасч тооцохгүй байхаар гаргасан шийдвэрээ илтэд дэмжихгүй байхад зориудаар сөргөөр ашиглаж манай байгууллагын хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж байна.
Иймд Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Н., Ч.******* нарын 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хэсэгчилсэн шалгалтаар гаргасан Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан 210201522 тоот актыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаазүйлийн 15.1.3, 15.1.4-т заасны дагуу Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн харьяа Н******* ресурс ХХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ээс 2013 оны 10 дугаар сарын 31-нийг дуусталх хугацааны Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Р.Г*******, Р.Б******* нар хяналт шалгалт хийж, 25/1013 тоот актаар улсын төсвөөс буцааж авах илүү төлөлтийг 0/тэг/ төгрөгөөр, улсын төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан албан татварыг 43,680.6 мянган төгрөгөөр баталгаажуулж ирүүлснийг Татварын ерөнхий газрын харьяа Улсын төсвийн орлого, хяналтын газар /УТОХГ/-ын Хяналт шалгалтын хэлтэс /ХШХ/-ийн даргын дахин баталгаажуулалтын актыг үйлдэхдээ Монгол Улсын Татварын ерөнхий хууль, нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, олон улсын хууль, нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомжийг мөрдлөг болгож, хуульд тогтоомжид заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг баталгаажуулсан бөгөөд татвар төлөгчийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаж, дараах тайлбарыг өгч байна. Үүнд:
1. М ХХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулалттай, 5502993 тоот регистрийн дугаартай Н******* ресурс ХХК нь 2011 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн улсын бүртгэлийн 9011302096 дугаарын 000029064 тоот гэрчилгээтэй, үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэл уул уурхайн төсөл боловсруулах, зөвлөгөө өгөх, гадаад худалдааны үйл ажиллагаа эрхлэхээр бүртгүүлсэн, 1,000.0 мянган төгрөгийн дүрмийн сантай, 1 гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдсан ба 2013 оны 11 дүгээр сарын 11-нд дүрмийн санг 999,000.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн өөрчлөлт, үл хөдлөх хөрөнгийн түрээсийн үйл ажиллагааг эрхлэхээр үйл ажиллагааны чиглэлийг шинээр нэмж бүртгүүлсэн байна. Ийнхүү түрээсийн үйл ажиллагааг нэмж бүртгүүлсэн нь хяналт шалгалтын хийх хугацаанд хамаарахгүй, татварын хяналт шалгалт хийгдэх хугацаанаас хойш бүртгүүлсэн байв.
2. Тус компани нь М С******* ХХК гэсэн нэр дээр Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдөр бүртгүүлэн 0024278 тоот гэрчилгээг авсан бөгөөд анх үүсгэн байгуулагдахдаа М С******* ХХК гэсэн нэртэй байсныг 4 сарын дараа Н******* ресурс ХХК болгон компанийн нэрийг өөрчилсөн гэх боловч Нэмэгдсэн албан татвар төлөгчийн гэрчилгээнд өөрчлөлт оруулаагүй, Н******* ресурс ХХК-ийн нэр дээр бичигдсэн Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн гэрчилгээ байхгүй байсан.
3. Н******* ресурс ХХК нь 2013 оны 01-08 дугаар сард үйл ажиллагаа явуулаагүй нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогогүй Х тайлан ирүүлсэн, 9-өөс 10 дугаар сард нийт 443,290.8 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогтой 11,002,866.6 мянган төгрөгийн худалдан авалттай, төсвөөс 1,056,606.2 мянган төгрөгийн албан татварыг буцаан авахаар тайлагнаж, Сүхбаатар дүүргийн Татварын албанд илүү төлөлтийг буцаан авах хүсэлт гаргасан байв. Н******* ресурс ХХК нь дутуу гүйцэтгэлтэй, дуусаагүй агуулахын барилгыг М Си , ******* ХХК болон Н ХХК-иас худалдан авч Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө гэж ангилан Дуусаагүй барилга дансанд бүртгэсэн ба нэмэгдсэн өртгийн албан татварыг тайланд хасалт хийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд буруу тусгаж, төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын илүү үлдэгдэлтэйгээр тайлагнасан ба дуусаагүй барилгыг шилжүүлж авснаас хойшхи хугацаанд гарсан барилгын ажлын нэмэлт зардлыг мөн дээр дурдсаны адил бүртгүүлсэн байна.
4. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ. 18.1.3 анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах, НББОУС-16 стандартын Үндсэн хөрөнгийг хүлээн зөвшөөрөх шалгуурыг хангасан хөрөнгүүдийг өртгөөр үнэлж бүртгэнэ. /НББОУС 16.15/ Өртгийн бүрэлдэхүүн хэсгүүд, дараахь зүйлсийг үндсэн хөрөнгийн өртөгт багтаан авч үзнэ.
a/ Худалдан авсан үнэ, гаалийн татвар, буцаан олгоогүй худалдааны татварын дүн Худалдан авалтын үеийн хөнгөлөлтийг хасч тооцно...гэж заасны дагуу хөрөнгө оруулалтын зориулалттай агуулахын барилга угсралтанд зориулсан худалдан авалтын нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцохгүй уг үндсэн хөрөнгийн өртөгт оруулах бөгөөд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, 12.1.5-д заасны дагуу үндсэн хөрөнгийн элэгдлийн зардлаар дамжуулан татвар ногдох орлогоос хий зардал тооцох замаар хасалт хийж, өртгөө нөхөхөөр хуулийн зохицуулалт хэрэгжиж байна.
5. НББОУС 2-т Бараа материал стандартын нэр томьёонд Худалдах зорилгоор олж эзэмшсэн бараа эсвэл борлуулах зориулалт бүхий бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашиглах хөрөнгийн зүйлсийг бараа материал гэнэ. Бараа материалд дараахь хөрөнгө орно. Үүнд: Бизнесийн хэвийн үйл ажиллагааны үед худалдан борлуулахаар эзэмшиж байгаа хөрөнгө худалдан борлуулах зорилгоор үйлдвэрлэлийн дамжлагад байгаа зүйлс, үйлчилгээ үзүүлэхэд хуваарилагдах эсвэл хэрэглэгдэх материал буюу хангамжийн зүйлс-ийг хамааруулахаар заасан буюу худалдан борлуулах зорилго агуулаагүй бол бараа материалд оруулахгүй гэж заасан.
6. Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурьдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно: 14.1.1-д үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн, мөн 14.1.2-т худалдах, түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар өөрөө шууд импортолсон бараа, ажил, үйлчилгээнд төлсөн, 14.7-д Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортолсон болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний зарим хэсгийг нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох, үлдсэн хэсгийг нь уг татвараас чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээнд буюу албан татвар ногдуулахгүй хэрэглээнд ашигласан бол зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд ашигласан хэсгийг нь хасч тооцно, гэж тус тус заасан.
7. Мөн Монгол Улсын Сангийн сайдын 283 дугаар тушаалаар батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах харилцааг зохицуулах журам-ын 5.1.1-т үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэн явуулахад зориулан худалдан авсан үндсэн ба туслах материал, түүхий эд, шатахуун, тослох материал, сэлбэг хэрэгсэл, барилгын материал, уур, ус, цахилгаан болон дулааны эрчим хүч, шуудан холбооны үйлчилгээ, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр зэргийг зориулалтын дагуу зарцуулж, тухайн үйлдвэрлэл, үйлчилгээний өртөгт шингээсэн анхан шатны баримт болон нягтлан бодох бүртгэлийн дансны бичилтийг үндэслэн зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлдвэрлэл үйлчилгээнд зарцуулсан хэсэгт ногдох нэмэгдсэн өртгийн албан татварын хасалтыг хийнэ гэж заасан.
Гэтэл худалдан борлуулах зорилгогүй, өөрийн хэрэгцээнд барьж байгаа, хөрөнгө оруулалтын зориулалттай уг үндсэн хөрөнгө нь Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээ биш бөгөөд өөртөө бэлтгэж байгаа үндсэн хөрөнгө юм.
Түүнчлэн Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 14.1.2, 14.7-д заасны дагуу хасалтыг хийхдээ мөн хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу албан татвар ногдсон бараа, ажил, үйлчилгээнд төлсөн буюу нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж байгаа орлого олохтой холбоотой худалдан авалтанд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх албан татвараас хасалт хийхээр зохицуулсан тул Н******* ресурс ХХК-ийн хөрөнгө оруулалтын зориулалтын агуулахын барилгыг ашиглалтанд оруулж, түрээсийн үйлчилгээний орлого олж эхэлснээс хойш уг түрээсийн орлого олохтой холбоотой худалдан авалтанд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын хасалтыг хийнэ. Харин агуулахын барилга барихад зориулсан худалдан авалтанд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын хасалтыг хийнэ. Харин агуулахын барилга барихад зориулсан худалдан авалтанд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 10 дугаар зүйлийн 10.1, 16 дугаар зүйлийн 16.1, 16.2, НББОУС-2, НББОУС-16 дугаар стандартуудад тус тус заасны дагуу тухайн үндсэн хөрөнгийн анхны өртөгт оруулан тооцох бөгөөд Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 14.1.2, 14.7-д заасан, мөн Монгол Улсын Сангийн сайдын 283 дугаар тушаалаар батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах харилцааг зохицуулах журам-ын 5.1.1-т тус тус заасны дагуу төсөвт төлөх албан татвараас хасч тооцохгүй юм.
8. Мөн тус компаниас гаргасан гомдлыг Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хурлаар хэлэлцэж нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан 2015 оны 210201522 тоот актыг хуульд нийцсэн байна гэж үзэн хэвээр баталж, 87 тоот тогтоолыг гаргасан болно.
9.Түүнчлэн Т ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн дагуу маргааныг бүх шатны шүүхээр хэлэлцэж, Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Татварын ерөнхий хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, НББОУС болон холбогдох бусад хууль, тогтоомжийн дагуу үндсэн хөрөнгө, үл хөдлөх хөрөнгө худалдан авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг улсын төсөвт төлөх албан татвараас хасч тооцохгүй талаар шүүхийн шийдвэрүүд гарсан болно. Мөн үүнтэй адил нэхэмжлэлтэй Ш ХХК-ийн маргааныг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд үндсэн хөрөнгө, үл хөдлөх хөрөнгө худалдан авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг улсын төсөвт төлөх албан татвараас хасч тооцохгүй гэж гарч шүүхийн шийдвэр нэг мөр ойлгогдохоор шийдвэрлэгдсэн болно. Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан 210201522 тоот актыг хянаж, хуульд нийцүүлэн актыг хэвээр баталж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н******* ресурс ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Н., Ч.******* нарын 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 210201522 дугаар актыг хүчингүй болгуулах гэж тодорхойлсныг шүүх хуралдаанаар хэлэлцээд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын гаргасан тайлбарыг үндэслээд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хариуцагч Н.д 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны товыг шүүгчийн туслах 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 99177964 дугаарын утсанд утасдаж мэдэгдсэн бөгөөд тус өдрийн шүүх хуралдаанд хариуцагч Н. нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А шүүх хуралдаанд би хариуцагч Н.ын хамт шүүх хуралдаанд оролцоно Н. нь өвчтэй байгаа гэх хүсэлт гаргасан бөгөөд шүүх хүсэлтийг хангаагүй болно.
Учир нь хариуцагч нараас шүүхэд ирүүлсэн итгэмжлэлд зөвхөн улсын байцаагч Ч.*******ын улсын байцаагчийн тамга дарагдсан боловч татварын улсын байцаагч Н.ын тамга тэмдэг дарагдаагүй байх тул Н.аас А.Аад олгосон итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзсэн болно.
Жич: хариуцагч Н. нь 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр тус шүүхэд ирж шүүх хуралдааны товыг мэдсэн бөгөөд хавтаст хэргээс нотлох баримт хуулбарлан авсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Р.Г*******, Р.Б******* нар Н******* ресурс ХХК-ийн 2013 оны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 25/1013 тоот актаар 43,680.6 мянган төгрөгийг төсөвт төлөхөөр баталгаажуулж ирүүлснийг Татварын ерөнхий газрын харьяа Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргын 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 21140300046 тоот томилолтоор хэсэгчилсэн хяналт шалгалтыг татварын улсын байцаагч Н., Ч.******* нар хийсэн байна.
Татварын улсын байцаагч Н., Ч.******* нар нь Н******* ресурс ХХК нь дутуу гүйцэтгэлтэй, дуусаагүй агуулахын барилгыг М Си *******, ******* ХХК болон Н ХХК-иас худалдан авч Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө гэж ангилан Дуусаагүй барилга дансанд бүртгэсэн ба дансанд бүртгэхдээ нэмэгдсэн өртгийн албан татваргүй дүнгээр тусгаж, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд хасалт хийн, төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын илүү үлдэгдэлтэйгээр алдаатай тайлагнасан байна гэж үзэн төсвөөс буцаан авах илүү үлдэгдэл 1,056,606.1 мянган төгрөгийг бууруулж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дутуу үлдэгдлийг 43,680.6 мянган төгрөгөөр баталгаажуулсан байна.
Ингэж баталгаажуулахдаа Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 14.1.2 14.7, НББОУС-2, НББОУС-16 д тус тус заасны дагуу шийдвэрлэжээ.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээс хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварын албан татвараас хасч тооцно14.1.1 үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн, гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч Н******* ресурс ХХК нь 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн байх бөгөөд тус хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу түрээсийн үйлчилгээний орлогодоо нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж байгааг дээрх хуулийг зөрчсөн байна гэж үзэхээргүй байна.
Түүнчлэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ гэсэн заалтанд нэхэмжлэгч компанийн түрээсийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор худалдан авсан барилга нь хамаарч байна.
Мөн татварын улсын байцаагч нар нь 210201522 тоот актандаа Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3 анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах гэсэн заалт, НББОУС хэрэглэн Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох асуудалд хамааруулна гэж үзэн актын үндэслэлээ болгосон байна.
Н******* ХХК нь татварын тайлангаа Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т Татвар ногдуулах, татвар төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ, тайланг гаргаж тогтоосон хугацаанд татварын албанд ирүүлэх, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т ....татвар бий болох, өөрчлөх, чөлөөлөх, хөнгөлөх, ногдуулах, төлөхтэй холбогдсон харилцааг зөвхөн татварын хуулиар зохицуулна гэж заасны дагуу, татвар ногдуулалт, төлөлтөө тайлагнадаг байсан болох нь нэхэмжлэгч компанийн шүүхэд ирүүлсэн санхүүгийн баримтаар тогтоогдож байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006/ оны хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2-т үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн, худалдах, түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар өөрөө шууд импортолсон бараа, ажил, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцохоор тус тус заасан, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т өмнө нь төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг худалдан авагчийн төлөх албан татварын дүнгээс хасахгүй бараа, ажил үйлчилгээг нэрлэн заасан, эдгээрийн дотор уг маргааны үйл баримтад холбогдох барилга барих зориулалтаар худалдан авагчийн төлөх албан татварын дүнгээс хасч тооцохгүй талаар заагаагүй байх тул хариуцагч татварын улсын байцаагч нар нэхэмжлэгчийн төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасахгүй, ...буцаан олгохгүй гэсэн нь буруу байна.
Мөн нэхэмжлэгч Н******* ресурс ХХК нь дутуу гүйцэтгэлтэй, дуусаагүй агуулахын барилгыг М*******, ******* ХХК болон Н ХХК-иас худалдан авч Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө гэж ангилан Дуусаагүй барилга дансанд бүртгэсэн ба дансанд бүртгэхдээ нэмэгдсэн өртгийн албан татваргүй дүнгээр тусгаж, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг хасалт хийн, төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын илүү үлдэгдэлтэйгээр алдаатай тайлагнасан байна гэж үзэн, ...Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-т /татвар төлөгч/ анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах /үүрэгтэй/, Нягтлан бодох бүртгэлийн тухай /2001/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан нь нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцсэн байх, 10 дугаар зүйлийн 10.1-д аж ахуйн нэгж, байгууллага нь Санхүүгийн талагналын олон улсын стандартад ...нийцүүлэн санхүүгийн тайлангаа гаргана гэснийг зөрчсөн гэж хариуцагч үзсэн нь үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 10 дугаар зүйлийн 10.1, 16 дугаар зүйлийн 16.1, 16.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 14.1.2, 14.7 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н******* ресурс ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Н., Ч.******* нарын 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 210201522 дугаар актыг бүхэлд нь хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ