Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Александрын Сарангэрэл |
Хэргийн индекс | 128/2015/0349/З |
Дугаар | 128/ШШ2016/0332 |
Огноо | 2016-05-05 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 128/ШШ2016/0332
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарангэрэл даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар Ж******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж******* ХХК-ийн төлөөлөгч Ч.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, иргэдийн төлөөлөгч Г.З*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэлийн шаардлагын агуулга: Ашигт малтмалын хайгуулын XV-0******* тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг бүртгэн, зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгах гэжээ.
Нэхэмжлэгч Ж******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани Баянхонгор аймгийн Баян цагаан сумын нутагт орших Хайрхан нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын ХV-0******* тоот тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Дээрх тусгай зөвшөөрөл нь анх 2008 оны 04 сарын 17-ны өдөр Э******* ХХК-нд олгогдсон ба ГУУКХ-ийн даргын 2012 оны 164 тоот шийдвэрээр манай компани уг тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч жил бүрийн тусгай зөвшөөрлийн төлбөр болон хугацаа сунгуулах хүсэлтийг хугацаанд нь гарган шийдвэрлүүлж ирсэн.
Манай комнани 2011 оны 12 сарын 06- ны өдөр 3 хувьцаа эзэмшигчтэйгээр үүсгэн байгуулагдаж, компанийн хувьцаа эзэмшигч Ч.Цыг компанийн гүйцэтгэх захирлаар томилсон. Компанийн гүйцэтгэх захирал Ч.Ц нь Англи улсад хэвтэн эмчлүүлж байсан өөрийн эхнэрийг асрахаар 2013 оны 04 сарын 17-ны өдөр Монгол улсаас явсан ба түүнийг эзгүй байх үеэр буюу 2014 оны 04 сарын 17-ны өдөр ХV-0******* тоот тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах нөхцөл байдал үүссэн. Тиймээс бид компанийн тамга, тэмдэг, бусад баримт бичгийг компанийн гүйцэтгэх захирлаас ирэх хүртэл буюу хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг нь хугацаанд нь гаргах боломжгүй байгаа талаараа Ашигт малтмалын газрын даргад болон Кадастрын хэлтэст мэдэгдэж байсан.
Нэгэнт компанийн тамга, тэмдэг ирээгүй байхад тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах болсон тул 2014 оны 04 сарын 16-ны өдөр компани үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Ц.О******* нь АМГ-ын Кадастрын хэлтэст ХV-0******* тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан баримт бичгүүд болох байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, үйлчилгээний хөлс төлсөн баримт болон хайгуулын ажил гүйцэтгэсэн талаарх баримт бичгийн хамт гаргасан боловч уг хүсэлтэд компанийн тамга, тэмдэг даруулаагүй, эрх бүхий этгээд гаргаагүй гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан. Компанийн тамга, тэмдэг ирсэн тул 2014 оны 04 сарын 18-ны өдөр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахаар АМГ-ын дарга Г.А*******эд өргөдөл гаргасан боловч өргөдлийн дагуу тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж байгаа эсвэл сунгахаас татгалзаж байгаа тухайгаа болон тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон эсэх талаар манай компанид албан ёсоор хариу өгөөгүй юм.
Ийнхүү хариу өгөхгүй байгаа нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах манай өргөдлийг хүлээн авч шийдвэрлэж байна гэсэн итгэлийг бидэнд өгч байсан боловч 2015 оны 03 сарын 25-ны өдөр АМГ-ын Кадастрын хэлтэст дахин хандахад гомдол гаргах хугацаа хэтэрсэн гэсэн хариуг бидэнд өгсөн. Манай компани хуульд заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гаргаж чадаагүй, мөн уг шалтгаанаар тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлтэд компанийн эрх бүхий этгээд гарын үсэг зурах боломжгүй байгаагаа амаар болон бичгээр тайлбарласаар байхад өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу өгөөгүй атлаа гомдол гаргах хугацаа дууссан гэж байгаа нь үндэслэлгүй юм.
Иймд дээр дурдсан тайлбар, үндэслэлийн дагуу Ашигт малтмалын хайгуулын ХV-0******* тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг бүртгэн, зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт Малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:Тусгай зөвшөөрлийн хугацааг Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлд заасан хугацаа дуусгавар болсон гэж үзэн, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаа үйлдлийг хууль бус гэж үзэж байна. 2014 оны 04 дүгээр сарын 17-нд тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан. Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө хувь нийлүүлэгч Ч.О******* Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хандан хүсэлт гаргасан. Гэтэл уг хүсэлтийг хүлээн авч, ямар нэгэн шийдвэр гаргалгүйгээр тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болгосон гэж үзсэн. Энэ нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл хуулийн хугацаа дуусахаас өмнө компанийн зүгээс идэвхтэй үйлдэл хийсэн. Хуулийн хугацаа дууссаны дараа Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хандсан бол Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлд заасны хугацаа тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй гэж үзсэн. Гэтэл тус хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу гүйцэтгэх захирал хүндэтгэн үзэх шалтгаантай байгаа талаар дурдаж хүсэлтээ өгсөн. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ гэж заасан байдаг.
Үүнээс үзвэл 2 өөр хуулиар зохицуулагдах эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хууль, болон хуульд заасан хугацаа дуусгавар болохоос өмнө иргэн, аж ахуй нэгж байгууллага төрийн захиргааны байгууллагад хандсан байгаа. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд заасан эрхүүдийг зөрчсөн. Тухайлбал Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасны дагуу гаргасан өргөдлийн хариуг авах эрхтэй, тус хуулийн 6 дугаар зүйлийн. 6.4-т заасны дагуу өргөдлийг хариуг эс зөвшөөрвөл дээд шатны байгууллагад хандах эрхтэй. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.7, 17 дугаар зүйлийн 17.1-т өргөдөл, гомдол гаргагч өргөдөл, гомдлын талаарх шийдвэрийг зөвшөөрөхгүй тохиолдолд гомдол гаргах эрхтэй. Хуульд өөрөөр заагаагүй бол гомдлыг зохих дээд шатны нь байгууллага, албан тушаалтанд гаргана гэж заасан байдаг. Мөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан заалтыг мөн зөрчсөн гэж үзсэн.
Компанийн гүйцэтгэх захирал Ч.Ц нь Англи улсад хэвтэн эмчлүүлж байсан өөрийн эхнэрийг асрахаар Монгол улсаас явсан ба түүнийг эзгүй байх үеэр буюу 2014 оны 04 сарын 17-ны өдөр ХV-0******* тоот тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах нөхцөл байдал үүссэн. Тиймээс бид компанийн тамга, тэмдэг, бусад баримт бичгийг компанийн гүйцэтгэх захирлаас ирэх хүртэл буюу хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг нь хугацаанд нь гаргах боломжгүй байгаа талаараа Ашигт малтмалын газрын даргад болон Кадастрын хэлтэст мэдэгдэж байсан. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах гэхээсээ илүүтэйгээр 20 гаруй жилийн дараа эхнэр нь жирэмсэн болж, эхнэр хүүхдийн эрүүл мэндийн байдлаас хамаарч асрах шаардлага гарсан. Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон гэдгийг 2015 оны 04 сард мэдэж, шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Баянхонгор аймгийн Баацагаан болон Баянцагаан сумын нутагт дамнуулан орших Хайрхан нэртэй газарт 9083.4 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын *******Х тоот тусгай зөвшөөрлийг Ж******* ХХК-нд олгосон байна.
Ж******* ХХК-ийн хайгуулын *******Х тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хүчин төгөлдөр бүртгэлтэй байсан ба Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана гэж заасны дагуу 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс өмнө хугацааг сунгуулах өргөдлөө ирүүлээгүй. Харин хайгуулын *******Х тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааны сүүлийн өдөр болох 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөл сунгах өргөдлийг ирүүлсэн боловч мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан өргөдлийн бүрдүүлбэрээс байгаль орчны менежментийн төлөвлөгөө түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримтыг дутуу ирүүлснээс хүлээн авах боломжгүй тул бүрдүүлбэрийг гүйцэд гаргаж өгөх болон гадаадад байснаас хугацаа хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгааныг нотолсон баримт авчирахыг Ц.Оюунбаатарт мэдэгдсэн байна.
Үүний дараа хайгуулын *******Х тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болсон өдрөөс хойш 1 хоногын дараа нэхэмжлэгчийн хөрөнгө оруулагч Ц.Оюунбаатар нь дахин тус компанийн захирал Ц.О******* гадаадад явж байгаагаас компанийн тамга тэмдэг цоожтой байгаа болон тусгай зөвшөөрөл сунгасны дараа дээр дурдсан дутуу материалуудыг нөхөн өгөх хүсэлтийг 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Кадастрын хэлтэст гаргасан. Гэвч нэгэнт хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа нь ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт зааснаар дуусгавар болсон, мөн өргөдлийг нөхөн авч болохоор хуулиар зохицуулаагүй тул нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байсан.
Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно гэж зааснаар тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа хуулийн этгээд Ашигт малтмалын хуульд заасан үүргийг биелүүлж ажиллах ёстой бөгөөд бусад этгээдийн буруутай ажиллагааны улмаас өргөдлөө гаргаж чадаагүй гэх шалтгааныг үндэслэн уг тусгай зөвшөөрлийг сунгахыг Кадастрын хэлтэст даалгах үндэслэлгүй байна.
Аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй гэж заасны дагуу хайгуулын *******Х тоот тусгай зөвшөөрлийг сунгах үндэслэлгүй юм.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийг сунгах хуулийн хугацааг зааж өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болохоос 1 сарын өмнө өргөдөл гаргахаар заасан байгаа. Тус хугацаандаа нэхэмжлэгч өргөдлөө гаргаагүй. Харин тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болохоос 2, 3 хоногийн өмнө өргөдлөө өгсөн байдаг боловч өргөдлийн бүрдүүлбэр дутуу байсан учраас бүрдүүлбэр хангуулахаар буцаасан. Энэ нь хяналтын картад бүртгэсэн бүртгэлээс нотлогдох юм. Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсны дараа өргөдлийг бүрдүүлбэр дутуу, захирал хүндэтгэн үзэх шалтгаантай байгаа талаар хэлж байсан. Нэгэнт дуусгавар болсон тусгай зөвшөөрлийг сунгах боломжгүй. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хүндэтгэн үзэх шалтгаан байгаа нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлтийг хүлээн авах нь зөв гэж үзэж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ж******* ХХК-иас тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гаргаж чадаагүй, хүндэтгэн үзэх шалтгаанаа тайлбарлаж, хугацаа сунгуулах өргөдөл гаргасныг зохих журмын дагуу шийдвэрлэлгүйгээр тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон гэж маргажээ.
Нэхэмжлэгч компани Баянхонгор аймгийн Баацагаан, Баянцагаан, Шинэжинст, Баян-Өндөр сумын Хайрхан нэртэй газарт орших 33989,98 гектар талбайн ашигт малтмалын хайгуулын ХV-******* дугаартай тусгай зөвшөөрөл (хх-ийн 13)-ийг 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс С******* ХХК-иас шилжүүлэн эзэмшиж, улмаар тэдгээрийн тусгай зөвшөөрлийн талбай нь 9083.4 гектар талбай болон өөрчлөгджээ. Нэхэмжлэгч эзэмшлийн талбайдаа 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл өөрийн хөрөнгөөр хайгуулын үйл ажиллагаа явуулжээ. Энэ хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаандаа төлсөн учир 2014 оны 04 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл тусгай зөвшөөрлийн хугацааг сунгажээ (хх-ийн 17).
Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасны дагуу нэхэмжлэгч компани хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө буюу 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс өмнө уг хуульд заасан баримт бичгийг хавсарган тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах өргөдлийг хариуцагч байгууллагад гаргах байжээ.
Гэтэл нэхэмжлэгч компанийн хувь нийлүүлэгч Ц.О******* Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэст компанийн тамга тэмдэг, гэрчилгээг тус компанийн захирал Англи улсаас хүнээр дамжуулж хугацаа хоцорсон тул хугацаандаа хүсэлтээ гаргаж амжсангүй. Иймд дээрхи хүндэтгэх үзэх шалтгааныг хүлээн авч лицензийг сунгах хүсэлтийг зөвшөөрнө үү гэсэн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл /хх 62/ 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гаргажээ.
Энэхүү өргөдөлд нотлох баримтыг авчрахыг Ц.О*******ад мэдэгдэв, мөн өргөдлийн материал бүрдэл болоогүй, нотлох баримт ирүүлээгүй тул сунгуулах өргөдлийг хүлээн авах боломжгүй гэж мэдэгдэв гэсэн хариуг Кадастрын хэлтсийн мэргэжилтэн Н.Хэрлэнчимэг 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр амаар өгсөн гэдэг нь хариуцагчийн хариу тайлбар /хх 51/, ирсэн бичгийн бүртгэлийн картууд /хх 60, 62/, Н.Хэрлэнчимэгийн тайлбар /хх 222-223/ зэргээр тогтоогдож байна.
Мөн Ц.О*******аас Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэст 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг бүртгэн, хугацаа сунгахыг даалгаж өгөх өргөдөл /хх 64/-ийг холбогдох баримт бичгийг хавсарган дахин гаргажээ.
Энэ өргөдөлд анх хандахад өргөдлийн материал бүрдээгүй нотлох баримтгүй байсан тул т/з хүчин төгөлдөр t-нд өргөдлийн материалыг бүрдүүлж ирэхийг мэдэгдсэн /Ц.О*******ад/ /Гео dt, БОХТ байгаль орчны менежментийн төлөвлөгөө, хайгуулын геологийн албаны тодорхойлолт байгаагүй/ хүчин төгөлдөр хугацаанд өргөдлөө бүрдүүлж өгөөгүй байх тул IV/17-ны өдрөөр дуусгавар болсон байна гэсэн тэмдэглэгээг Кадастрын хэлтсийн мэргэжилтэн Н.Хэрлэнчимэг 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр бүртгэл хяналтын картанд тэмдэглэсэн, харин энэ талаар албан ёсоор нэхэмжлэгчид мэдэгдээгүй гэдэг нь хариуцагчийн хариу тайлбар /хх 51/, ирсэн бичгийн бүртгэлийн картууд /хх 62/, Н.Хэрлэнчимэгийн тайлбар /хх 222-223/ зэргээр тогтоогдож байна.
Эхний удаад (2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр) нэхэмжлэгчийг тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуульд заасан хугацаанаас хэтрүүлэн гаргах болсон хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлох баримтыг авчрах, компанийг төлөөлөх эрхтэй гүйцэтгэх захирал өргөдлийг гаргах, хугацаа сунгуулах өргөдөлтэй хавсаргах Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан баримтыг бүрэн гаргаж өгөхийг шаарджээ. Энэ байдал нь хариуцагч тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан, дуусгавар болгосон талаар аливаа үйл ажиллагаа явуулаагүй харин нэхэмжлэгчид боломж олгож, тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө буюу 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс өмнө гаргаагүй байдлыг нотлох баримтаа авчирвал хугацааг нь сэргээх боломжийг олгосон гэж үзэхээр байна.
Харин дараагийн удаа буюу хариуцагчийн шаардсанаас 1 өдрийн дараа 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэгч баримт бүрдүүлэн очиход хариуцагч баримт бичиг дутуу үндэслэлээр бус харин хүчин төгөлдөр хугацаанд өргөдлөө бүрдүүлж өгөөгүй байх тул 04 дүгээр сарын 17-ны өдрөөр дуусгавар болсон гэсэн үндэслэлийг дурджээ (2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр). Энэ хариуг нэхэмжлэгч Ашигт малтмалын газрын 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 3/2678 албан бичгээс олж мэджээ.
Энэ байдлаас дүгнэхэд хариуцагч баримт бүрдүүлж ирвэл тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах боломжтой гэж мэдэгдсэн атлаа баримтаа бүрдүүлэн очиход ямар баримт бүрдүүлэн ирснийг үндэслэн шийдвэрлэх талаар арга хэмжээ аваагүй, өмнөхөөсөө өөр үндэслэл буюу Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д заасны дагуу хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэгчийг тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхээс татгалзсан эс үйлдэхүй нь хууль зүйн үндэслэлгүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-д тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өргөдлийг татгалзах үндэслэлээс өөр үндэслэлээр нэхэмжлэгчийн өргөдлийг бүртгэхээс татгалзсан байгааг дурдах нь зүйтэй. Хариуцагч нь нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлөө сунгуулж чадаагүй нөхцөл байдлыг түүний тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан өдөр буюу 2014 оны 04 дугаар сарын 17-ны өдөр мэдэж байсан, түүнд хугацаа сэргээх боломж олгосон атлаа нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг хуульд заасны дагуу дуусгавар болсон гэж үзэж, ийнхүү дуусгавар болсоныг тухайн үед нь албан ёсоор мэдэгдээгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох захирал Ч.Ц нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хуульд заасан хугацааны үеэр буюу 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс өмнө түүний Англи Улсад эхнэр нь төрж, хоёр ихэр хүүхэд гаргаж, тэдгээр нь эмчийн хяналтанд байсан хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдэг нь эмнэлгийн магадлагаа, эмнэлгийн хяналтанд байсан баримт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ (хх 135-145), гадаад паспортын хуулга (хх 39-42, 61, 67) зэргээр тогтоогдож байна. Эндээс дүгнэхэд нэхэмжлэгч компаниас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдөл гаргах хуульд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн байдал тогтоогдож байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиодолд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах эрхтэй байхаар заажээ. Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хуулийн нөхцөл, шаардлагыг тусгажээ.
Нэхэмжлэгч компанийн хувьд энэхүү хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаагаа 3 жилээр сунгуулах эрхээ хэрэгжүүлэх хүсэл зоригтой байсан. Уг эрхээ хэрэгжүүлэхээр компанийн хувь нийлүүүлэгч Ц.О******* тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар удаа дараа өргөдөл гаргасан, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох захирал Ч.Ц нь хүндэтгэн үзэх шалтгаантайн улмаас баримт бичгийн бүрдлийг хангаж чадаагүй учир хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хуульд заасан нөхцөл шаардлагыг нэхэмжлэгч биелүүлэх боломжгүй байжээ.
Үүнээс гадна нэхэмжлэгч нь Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15, 4.1.21-т заасны дагуу ашигт малтмал эрх, хайх эрх авсан хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч бөгөөд өөрийн хөрөнгөөр хайгуулын үйл ажиллагааг эрхэлж, жил бүр хайгуулын ажлын тайлан гаргаж, зохих төлбөрөө төлж, өмнө нь хугацаандаа тусгай зөвшөөрлөө сунгуулж иржээ.
Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулаагүй байхад хайгуулын тусгай зөвшөөрлийг дуусгавар болгох нь дээр дурдсан хуульд заасан нэхэмжлэгч компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн болон тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахуйц эрх зүйн үр дагавар бий болгохоор байна гэж үзэв.
Иймд нэхэмжлэгч Ж******* ХХК-ийн XV-0******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Ашигт малтмалын тухай хуулийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15, 4.1.21, 21 дүгээр зүйлийн 21.1.5, 22 дугаар зүйлийн 22.1, 22.4, 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж******* ХХК-ийн XV-0******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг бүртгэн, зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгасугай.
2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА