Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2016/0330

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар Х******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гааль, татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч Р.Д*******, Л.Б******* нарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б*******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлагын агуулга: Гааль татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч Р.Д*******, Л.Б******* нарын 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 360004017 дугаар актын хавсралтын 2 дах хэсгийг хүчингүй болгуулах гэжээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд: Х******* ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнд Татварын ерөнхий газрын улсын байцаагч Р.Д*******, Л.Б******* нар тус компанийн 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татварын 11238121 тоот падаанаар 154,636,364 төгрөгийн бараа материал худалдан авсан худалдан авалтын Нэмэгдсэн өртгийн албан татварын дүн болох 15,463,636 төгрөгөөр Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан авалтын дүнг өсгөснийг хууль зөрчсөн хэмээн үзэж татварын акт тавьсан юм.

Татварын байцаагч нарын дээрх 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 360004017 тоот актыг Татварын маргаан таслах комисст хандан хүчингүй болгуулах гомдол гаргасан боловч 2015 оны 12 дугаар сарын 08-ний өдрийн А/247 тоот тогтоолоор баталгаажуулсан шийдвэр гаргалаа. Манай компанийн Ш******* ХХК-иас худалдан авсан барааны 15,463,636 төгрөгийн татварын падааныг ирүүлсэн бөгөөд зохих журмын дагуу илгээн баталгаажуулсан боловч Ш******* ХХК-ийн үйл ажиллагааг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа гэсэн албан бичиг ирсэн, хууурамч гэсэн үндэслэлээр Нэмэгдсэн өртгийн албан татварыг өсгөснийг хүчингүй болгон шийдвэрлэсэн нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан Нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох үндэслэлд тусгагдаагүй, тухайн падаан хууль бус гэдэг нь нотлогдоогүй байхад татварын акт тавьсан нь хуульд нийцэхгүй байна. Ийнхүү нотлогдоогүй баримтыг үндэслэн манай компанийн улсаас буцаан авах Нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг бууруулан компанийг тэр хэмжээгээр мөнгөн хохирол учрууллаа.

Иймээс Татварын ерөнхий газрын 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 360004017 дугаар татварын актын хавсралтын тогтоох хэсгийн 2 дахь хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 оны 05 сарын 22-ны өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татварын үнэ 11238121 тоот падаанаар худалдан авалт хийсэн бараа бүтээгдэхүүний 154 сая 636354 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын дүн болох 15 сая 463636 төгрөгийг НӨАТ-тай дүнгээр бараа худалдан авсан учраас НӨАТ-ын буцаан авалтад тухайн дүнг тусгаж бичсэн. НӨАТ-ыг тусгаж бичсэнийг Татварын улсын байцаагчийн 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 360004016 дугаартай актаар хууль бус гэж үзсэн нь 15 сая 636354 төгрөгийн хохирол учирсан гэж үзэн нэхэмжлэл гаргасан.

Татварын падааныг Ш******* ХХК-иас бараа худалдан авахад хийгдсэн. Гэтэл Татварын улсын байцаагч нараас акт тогтоохдоо Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй гэж заасныг зөрчсөн гэж үзсэн. Гэтэл манай компани худалдан авалтад холбогдох бүх баримтыг тайлан балансдаа тусгасан. Тусгасан учраас НӨАТ-ын тайландаа улсаас авах мөнгөн дүнд нэмж тусгасан байгаа. Хэрэв тусгаагүй байсан бол мөнгөн дүн хөдлөхгүй. Иймд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасны дагуу бүртгэлийг хийсэн учраас уг хуулийн заалтыг зөрчөөгүй.

Нэмэгдсэн өртгийн албан татвар падааныг хууль бус гэж үзэн мөнгөн дүнгээс хасаж үзэхгүй гэдгийг хэн тогтоосон юм бэ? гэдгийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсээс Ш******* ХХК-ийн захирлыг сэжигтнээр тооцож тайлбар авсан байдаг. Үүнээс үзэхэд Ш******* ХХК-ийн падаан хууль бус гэдгийг тогтоосон Монгол Улсын шүүхийн шийдвэр, тогтоол байхгүй байна. Хууль ёсны падаан уу, хууль бус уу гэдгийг шүүхээр тогтоох ёстой. Үүнийг тогтоогүй байхад сэжигтнээр тогтоосон тогтоол, тайлбар, Цагдаагийн байгууллагаас шалгаж байна гэх баримтыг үндэслэн манай компанийн буцаан олголтын өсгөсөн дүнг бууруулж байгаа нь үндэслэлгүй. Ш******* ХХК үнэт цаасыг хуурамчаар үйлдсэн, хууль бус гэдгийг тогтоосон шүүхийн шийдвэр огт байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Гааль татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч Л.Б******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Х******* ХХК-ийн 2010-2013 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын ахлах байцаагч Р.Д*******, татварын улсын байцаагч Л.Б******* нар хяналт шалгалт хийж 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 360004017 тоот актаар нийт 1,054,664,299.3 төгрөгийн зөрчилд 24,473,233.5 төгрөгийн төлбөрийг ногдуулсан.

Үүнээс тус компанитай холбоотой Цагдаагийн ерөнхий газрын Улсын мөрдөн байцаах газрын 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 10/5-110077 тоот албан бичигт ирүүлсэн мэдээллээр Ш******* ХХК-ийн 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 0011238121 тоот дугаар бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын хуурамч падаанаар барилгын материал /тоосго/ худалдан авсан гэх худалдан авалтыг хасч тооцон, төсөвт төлөх Нэмэгдсэн өртгийн албан татвар бууруулсан зөрчилд 154,636,364.0 төгрөгийн худалдан авалтанд ногдох 15,463,636.4 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг 2012 оны 05 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа хэсэгт тусган төсөвт төлөх татвараас хасалт хийж тайлагнасан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн Нэмэгдсэн өртгийн албан татварт хасалт хийх 14 дүгээр зүйлийн 14.3-т худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татвар хасч тооцохгүй гэж заасныг зөрчсөн тул худалдан авалтанд тусгагдаагүй бол уг албан татвар хасч тооцохгүй гэж заасныг зөрчсөн тул худалдан авалтанд ногдох 15,463,636.4 төгрөгийг төсөвт төлөх татвараас хасалт хийхгүй татварын улсын байцаагчийн тогтоосон акт хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гааль, Татварын ерөнхий газрын Улсын төсөв орлого хяналтын газрын 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 360004016 акт гаргасан байдаг. Цагдаагийн ерөнхий газрын Улсын мөрдөн байцаах газраас манайд бичиг ирүүлсэн байдаг. Уг бичигт Ш******* ХХК-ийг Улсын мөрдөх байцаах газрын Гэм т хэрэгтэй тэмцэх хэлтэс нь шалгаад, 183 хуурамч падаанд хий бичилт хийсэн гэж үзэн, Хурд гурпп ХХК-ийг шалгасан байдаг. Хурд гурпп ХХК-ийг шалгахад 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 11238121 дугаартай НӨАТ-ын хуурамч падаанд хий бичилт үүсгэн нэмэгдсэн өртгийн албан татварт төлөх ногдуулалтаас бууруулсан нь хууль зүйн үндэслэлгүй. Нэмэгдсэн өртгийн албан татвар тухай хуулийн 14 зүйлийн 14.3-т заасныг зөрчсөн гэж үзсэн гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х******* ХХК-иас Гааль татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч Р.Д*******, Л.Б******* нарын 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 360004017 дугаар актын хавсралтын 2 дах хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Гааль, татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Р.Д*******, Л.Б******* нараас Татварын хяналт шалгалтын ерөнхий удирдамж, Татварын ерөнхий газрын хяналт шалгалтын хэлтсийн даргын 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн татварын хяналт шалгалт хийх томилолт (хх 73)-ын дагуу нэхэмжлэгч Х******* ХХК-ийн 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд төлөвлөгөөт шалгалт хийжээ.

Маргаан бүхий актын тогтоох хэсгийн 2 дах заалтаар 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 0011238121 дугаар бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар барилгын материал худалдан авсан гэх баримт бүрдүүлэн хий бичилт хийж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас 154,636,364.0 төгрөгийн худалдан авалтанд ногдох 15,463,636.4 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг 2012 оны 5 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа хэсэгт тусган төсөвт төлөх татвараас хасалт хийсэн байх тул 15,463,636.4 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг 2012 оны 05 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтөөс суутган тооцсон байна. (хх 43-44)

Нэхэмжлэгч дээрх актыг бүхэлд нь эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргаснаар тус зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 99 дүгээр тогтоолоор 1,054,664,299.30 төгрөгийн зөрчилд ногдуулсан 18,025,030.60 төгрөгийн нөхөн татвар, 5,407,509.20 төгрөгийн торгууль, 1,040,693.70 төгрөгийн алданги, нийт 24,473,233.50 төгрөгийн төлбөрөөс 288,415,535.30 төгрөгийн зөрчилд ногдуулсан 21,516,291.40 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож актыг өөрчилөн шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ манай компани зохих журмын дагуу худалдан авалтад холбогдох бүх баримтыг тайлан блансдаа тусгасан. Ш******* ХХК-ийн падаан хууль бус гэдгийг тогтоосон Монгол Улсын шүүхийн шийдвэр, тогтоол байхгүй байхад акт ногдуулсан гэж тодорхойлон маргажээ.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар санхүүгийн тайлан нь үнэн, зөв баримт материал, бодитой мэдээнд үндэслэх зарчимд нийцэхээр заасан байдаг.

Х******* ХХК нь санхүүгийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаа үнэн зөв баримтад үндэслэн гаргасан, өөрөөр хэлбэл барилгын материалыг худалдан авч нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн үнийг Ш******* ХХК-нд төлсөн гэдгийг нотлох зорилгоор 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 0011238121 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, санхүүгийн анхан шатны баримт болон орлого, зарлагын ордер, худалдан авалтын дэвтэр, борлуулалтын дэвтэр (хх 56, 57, 71, 72, 88)-ыг хэрэгт хавсаргажээ.

Хэдийгээр нэхэмжлэгч Ш******* ХХК-ийн тэмдэг бүхий кассын орлогын ордер, зарлагын баримт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн боловч эдгээр баримтууд нь нэхэмжлэгч Ш******* ХХК-иас бодит худалдан авалт хийсэн гэдгийг бүрэн нотолж чадахгүй байна.

Мөн тус шүүх нь 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 1/3097 тоот албан бичгээр Х******* ХХК-иас падааны бичилтийн үнэн зөвийг тогтоох, Ш******* ХХК-иас авсан нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудаар бодит худалдан авалт хийсэн гэдгийг нотлох дансны хуулга, худалдах, худалдан авах гэрээ гэх мэт баримтуудыг шаардсан боловч гаргаж өгөөгүй байна.

Харин Ш******* ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор хуурамч буюу хий бичилттэй падааныг Х******* ХХК-нд худалдсан гэдэг нь Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас ирүүлсэн Ш******* ХХК-ийн албан татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 24/0000219 тоот дүгнэлт (хх 91-99), Ш******* ХХК-ийн захирал Ц.Чинбатын сэжигтнээр байцаасан тэмдэглэл (хх 106-108, 112-113), сэжигтэн Э.Эрхэмхүүгийн сэжигтнээр байцаасан тэмдэглэл (хх 109-111) зэргийг харьцуулан үнэлэхэд тогтоогдож байна.

Х******* ХХК нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлж бодит худалдан авалт хийсэн болох нь хангалттай нотлогдохгүй байхын дээр Ш******* ХХК-ийн 0011238121 дугаар бүхий падаан нь ямар нэгэн бараа материал ажил, үйлчилгээний бэлтгэн нийлүүлэлт, худалдан авалт хийгдээгүй хий бичилттэй хуурамч падаанууд болох нь тус компаниудын эрх бүхий этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах явцад тогтоогдсон ба дээрхи падаанаар бэлтгэн нийлүүлэгч компаниас Х******* ХХК-д бодитоор бараа материал нийлүүлэгдээгүй байхад нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа суутган тусгаж тайлагнасан нь хууль бус байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т "Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол албан татварыг хасч тооцохгүй" гэж, Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 236 дугаар түшаалаар баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлэх аргачлалын 4.3.2-т "Худалдан авагчийн бэлтгэн нийлүүлэгчид төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар нь бэлтгэн нийлүүлэгчийн бичсэн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нэхэмжлэлгүй, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол татварыг хасч тооцохгүй" гэж тус тус заасны дагуу уг хуурамч буюу хий бичилттэй падааныг үндэслэж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасалт хийх үндэслэлгүй юм.

Хэдийгээр нэхэмжлэгч Ш******* ХХК-ийн падаан хууль бус гэдгийг тогтоосон шүүхийн шийдвэр, тогтоол байхгүй хэмээн маргаж байх боловч уг компанийн захирал борлуулалт хийгээгүй, хий бичилттэй падаан гаргаж байсан гэдгээ хүлээн зөвшөөрч эрүүгийн хэрэгт мэдүүлэг өгсөн байна. Энэ нь нэмэгдсэн өртгийн албан татварын падаан хууль бус, бодит худалдан авалт хийгдээгүй гэдгийг нотолж байна.

Иймд Гааль татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч Р.Д*******, Л.Б******* нарын 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 360004017 дугаар актын хавсралтын 2 дах хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3ахиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дүгээр зүйлийн 70.1, 70.2.9-д заасныг удирдлага ТОГТООХ нь:

1.Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасныг тус тус баримтлан Х******* ХХК-ийн гаргасан Гааль татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч Р.Д*******, Л.Б******* нарын 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 360004017 дугаар актын хавсралтын 2 дах хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

З.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ