Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2016/0591

 

“Хурд групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Ц.Цогт, нарийн бичгийн дарга Ц.Болормаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Алтанхүү нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 330 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “Хурд групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гааль, татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч Р.Даваа, Л.Батцэцэг нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх шийдвэртээ: “Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасныг тус тус баримтлан “Хурд групп” ХХК-ийн гаргасан “Гааль татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч Р.Даваа, Л.Батцэцэг нарын 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 360004017 дугаар актын хавсралтын 2 дахь хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттөр давж заалдах гомдолдоо: “Татварын Ерөнхий Газрын Улсын байцаагч Р.Даваа, Л.Батцэцэг нарын 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 360004017 дугаар татварын актын Хавсралтын 2 дахь хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэлэлцээд 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 330 дугаар шийдвэрийг гаргасан байна.

“Хурд групп” ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнд Татварын Ерөнхий Газрын Улсын байцаагч Р.Даваа, Л.Батцэцэг нар тус компанийн 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татварын 11238121 тоот падаанаар 154 636 364 төгрөгийн бараа материал худалдан авсан худалдан авалтын НӨАТ-ын дүн болох 15 463 636 төгрөгөөр НӨАТ-ын буцаан авалтын дүнг өсгөснийг хууль зөрчсөн хэмээн үзэж татварын акт тавьсан юм.

Манай компанийн “Шагайвар” ХХК-аас худалдан авсан барааны 15 463 636 төгрөгийн татварын падааныг ирүүлсэн бөгөөд зохих журмын дагуу илгээн баталгаажуулсан боловч “Шагайвар” ХХК-ийн үйл ажиллагааг Цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа гэсэн албан бичиг ирсэн, хуурамч гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

“Шагайвар” ХХК-ийн худалдан авалтын падаан болон бусад баримтыг хууль бус хуурамч гэдгийг шүүхийн шийдвэрээр тогтоогоогүй байхад манай компанийн НӨАТ-ын буцаан авалтын дүнг бууруулсныг зөв хэмээн үзэж байгаа анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн НӨАТ-ын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасан “албан татварын баримтанд тусгагдаагүй” байсан гэсэн үндэслэлээр хасч тооцохгүй гэж үзсэн нь хуульд нийцэхгүй байна. Учир нь манай компани нь НӨАТ-ын санхүүгийн тайланд тусгасан учраас улсаас буцаан авахаар мэдүүлсэн байгаа бөгөөд гэтэл дээрх үндэслэлээр татварын дүнг бууруулахаар болсныг үл зөвшөөрч байна” гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгч хэргийг зөв шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч “Хурд групп” ХХК нь 2012 оны 05 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 0011238121 дугаар бүхий нэмэгдсэн өртгийн албан падаанаар “Шагайвар” ХХК-аас 154,636,364.0 төгрөгийн үнэ бүхий тоосго худалдан авсан хэмээн төсөвт төлөх татвараас хасалт хийж тайлагнасныг Гааль, Татварын ерөнхий газрын улсын байцаагч Р.Даваа, Л.Батцэцэг нар 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 360004017 дугаар актын 2 дах хавсралтаар нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар бодит худалдан авалт хийлгүй төсөвт төлөх татвараас хасалт хийсэн хэмээн 154,636,364.0 төгрөгийн зөрчилд 15,463,636.4 нөхөн татвар ногдуулсан байна. Нэхэмжлэгч “Хурд групп” ХХК нь маргаан бүхий актын дээрх хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1–д “... энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн ... нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцох”-оор харин 14.3-т “... нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж зохицуулсан.

Хуулийн энэ зохицуулалтаас үзвэл, татвар төлөгчийн нэгэнт төсөвт төлсөн татварыг нийт төлөх татвараас хасах тухай зохицуулалт байх бөгөөд нэхэмжлэгч “Хурд групп” ХХК-ийн хувьд “Шагайвар” ХХК-аас худалдан авсан гэх 154,636,364.0 төгрөгийн гүйлгээнд ногдох 15,463,636.4 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлсөн гэдэг нь анхан шатны шүүхээс явуулсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдохгүй байна.

“Хурд групп” ХХК-аас 2012 оны 0011238121 тоот падаанаар 154,636,364.0 төгрөгийн бодит худалдан авалт хийсэн хэмээн маргах боловч санхүүгийн анхан шатны баримт болон орлого зарлагын ордер, худалдан авалтын болон борлуулалтын дэвтэр, “Шагайвар” ХХК-ийн кассын орлогын ордер, зарлагын баримт зэргээр бүрэн нотлогдохгүй, дээрх баримтууд бодит худалдан авалт хийсэн болохыг нотолж чадаагүйн дээр “Шагайвар” ХХК-ийн захирал Ц.Чинбатын “бусад байгууллагуудад хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаан зардаг байсан” гэх сэжигтнээр байцаагдсан тэмдэглэлээр[1] үгүйсгэгдэж байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “падаан болон бусад баримтыг хууль бус хуурамч гэдгийг шүүхийн шийдвэрээр тогтоогоогүй ...” гэх үндэслэлийн тухайд: Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан “хий бичилттэй” эсэхийг энэхүү захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтад тулгуурлан дүгнэсэн тул гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 330 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

                                    ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

                                    ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

                                    ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ