Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 1014

 

 

 

 

 

 

 

 

 

З.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2020/00545 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч З.Э-ын хариуцагч “Х-” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 10 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, “Х-” ХХК нь нэхэмжлэгч З.Э-д холбогдуулан 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн З.Э-, “Х-” ХХК-ийн захирал гэж зурсан Г.А- нарын хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай  иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, түүний өмгөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр “Х-” ХХК надад баримт үйлдэж өгсөн. Миний нөхөр н.Б- 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймагт явж байгаад нас барсан. Тус өдөр манай нөхөр надтай утсаар ярьсан. Утсаар ярихдаа н.А- захиралтай ярьсан. Удахгүй үлдэгдэл 30 000 000 төгрөгийг өгөх юм шиг байна гэж хэлсэн. Би 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Булган суманд очсон. Тус газар ажил явдлыг хийж 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хотод орж ирсэн. Наадмын дараа н.А- захиралтай уулзсан. 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар аймаг, 11 дүгээр хорооны байранд очиж 6 давхарт н.А-тэй уулзсан. Тэгэхэд н.А- захирал одоохондоо мөнгө бүтээгүй байна тийм учраас мөнгөний хэрэг байгаа бол чамд 2 000 000 төгрөг шилжүүлье гэж хэлээд 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр н.Ангарагаас орлого гээд урьдчилгаа 2 000 000 төгрөг орж ирсэн. Үүний дараа 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр очиход манай зээл бүтсэн учраас үлдэгдэл мөнгө болох 20 000 000 төгрөгийг өгсөн. 18 000 000 төгрөгийг бэлэн тоолж авсан. Харин мөнгө хүлээж авсан баримт дээр 20 000 000 төгрөг гэж бичиж авсан. Одоохондоо мөнгө байхгүй гээд дараа нь өгье гээд надад баримт үйлдэж өгсөн. н.А- захирал над руу 2 хоногийн дараа утасдаад үлдэгдэл 10 000 000 төгрөгөөс 2 500 000 төгрөгийг н.Б-д өгсөн юм байна гэж хэлсэн болохоор би анх нэхэмжлэл гаргахдаа 7 500 000 төгрөг гэж гаргасан. Сүүлд 2 500 000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Учир нь 2 500 000 төгрөгийг би хүлээж аваагүй учраас нэмэгдүүлсэн шаардлагыг 10 000 000 төгрөг болгож өөрчилсөн. Сүүлд н.А- захирал руу утасдахад утас нь холбогдохгүй байсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Одоо үлдэгдэл 10 000 000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах тус агуулахын нутагт ажилласан Б-гийн ажлын хөлс болох 30 000 000 төгрөгөөс 20 000 000 төгрөгийг надад өгч үлдэгдэл мөнгийг дараа өгье гэсэн баримт бичиг үйлдэж өгсөн. Иймд миний нөхрийн хийсэн ажлын үлдэгдэл 10 000 000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн баримтыг үндэслэж 10 000 000 төгрөгийг “Х-” ХХК-иас нэхэмжилсэн байна. Гэтэл н.А- нь “Х-” ХХК-ийн захирал биш юм. н.А- тухайн үед яагаад ийм баримт бичиг үйлдэж өгсөн нь ойлгомжгүй байна. “Х-” ХХК-д Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлалтай үл хөдлөх хөрөнгө буюу барилга байхгүй. Баянгол дүүргийн улсын бүртгэлийн газраас ирүүлсэн баримт дээр “Х-” ХХК нь Баянгол дүүрэгт үл хөдлөх эд хөрөнгө эзэмшдэггүй гэсэн тодорхойлолт ирсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Х-” ХХК 3 хувьцаа эзэмшигчтэй. “Х-” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Ц.Төмөрболд гэх хүн байдаг. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дүрэм хэргийн материалд авагдсан байгаа. Тус дүрмээс харахад Г.А- нь “Х-” ХХК-ийн 10 хувийн хувьцаа эзэмшигч гэдэг нь харагдаж байна. Хувьцаа эзэмшигч компанийг төлөөлж ямар нэгэн гэрээ хэлцэлд оролцох эрхгүй. “Х-” ХХК-ийн дүрэмд заасны дагуу н.А-т тусгайлан эрх олгоогүй. н.А-тэй гэрээ хэлцэл байгуулах, З.Э-тай гэрээ хэлцлийг бичиж үйлдэх, хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийн хурлын тогтоолоор ямар нэгэн бичиг баримт, гэрээ хэлцэл үйлдэгдээгүй. н.А- гэх хүн Х- ХХК-ийн тамгыг ашиглаж хэлцэл хийсэн тул тус хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Ц.Төмөрболд нь 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн тайлбартаа манай нөхрийг анх тохирсон ажлаа дуусгаагүй, харин эхнэр нь гэх хүн ирж манай нөхөр нас барсан мөнгө хэрэгтэй байна, би танай ажлыг дуусгаж өгнө гэж хэлэхэд нь хүнлэг сэтгэл гарган 20 000 000 төгрөгийг өгсөн гэж бичсэн байна. Ц.Төмөрболд гэх хүнтэй уулзах болоод утсаар ярьж үзээгүй. Ц.Төмөрболд, н.А- нар нь гэр бүлийн хүмүүс. “Х-” ХХК Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хөрөнгө эзэмшдэг эсэхийг мэдэх шаардлагагүй. Надад өөрсдөө тамга тэмдэг дарж баримт үйлдэж өгсөн” гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 510 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар хариуцагч “Х-” ХХК-аас 5 500 000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч З.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 500 000 төгрөгт тооцогдох хэсэг болон 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56,1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 189 900 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Х-” ХХК-аас 102 950  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.Э-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч З.Э- хариуцагчаа зөв тодорхойлоогүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хэргийн ажиллагаанд хариуцагчаар оролцсон. “Х-” ХХК нэхэмжлэгчид хохирол учруулаагүй. Мөн нэхэмжлэгчийн нөхөр Б.Б- иргэнийхээ хувьд “Х-” ХХК-тай иргэний эрх зүйн харилцаанд ороогүй ба харин “Сүмтийн цамхаг” ХХК-аар иргэн. Г.А-т ажил гүйцэтгэсэн байх магадлалтай. Магадлалтай гэдэг нь нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн ажлын гэх дэвтэрт иргэн Г.А- гэсэн байгаа бөгөөд “Х-” ХХК-ийн талаар бичигдсэн зүйлгүй болно. Нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд иргэн Б.Б- эсхүл “Сүмтийн цамхаг” ХХК-ийн аль нь тодорхой бус, ажил гүйцэтгэх гэрээний шаардлага гаргаж байгаа бол харилцан үүрэг хүлээсэн этгээдүүдийн хооронд эрх зүйн харилцаа үүссэн баримт байдаггүй. Хариуцагч “Х-” ХХК-ийн дүрмийн 3.13-т тус компанийн гүйцэтгэх удирдлага Цэрэнжав Төмөрболд гэсэн байх бөгөөд 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр үйлдсэн баримтад тэрээр гарын үсэг зураагүй. Харин компанийн тамгыг Г.А- ашиглан иргэн З.Э-ын өмнө үүрэг хүлээн мөнгө гарган өгсөн байдаг. Г.А- нь “Х-” ХХК-д ямар нэгэн албан тушаал эрхэлдэггүй ба зөвхөн 10 хувийн хувьцаа эзэмшигч гэдэг нь компанийн дүрмээр нотлогддог. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Г.А-тэй уулзаж байсан, ярьж байсан талаараа бичсэн байхаас гадна хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь иргэн Г.А- гэдэг нь тодорхой байхад шүүх “Х-” ХХК-аас төлбөр гаргуулан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримтаар 20 000 000 төгрөгийг “Вегвайсер” ХХК дээврийн ажлын хөлсөнд “Сүмтийн цамхаг” ХХК-д олгосон байх ба уг баримтад “Х-” ХХК-ийн талаар тэмдэглэн бичигдсэн зүйлгүй болно. Сөрөг нэхэмжлэлийн хувьд иргэн Б.Б-, “Сүмтийн цамхаг” ХХК нь хариуцагч “Х-” ХХК-тай эрх зүйн харилцаанд ороогүй, үүрэг хүлээгээгүй тул 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн баримт гэх хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлага хуулийн үндэслэлтэй гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх нотлох баримт хэргийн баримтад авагдсан “Х-” ХХК-ийн дүрмээр нотлогдоно. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар “Х-” ХХК хэлцэлд хуулийн этгээдийнхээ хувьд хүсэл зоригоо илэрхийлсэн зүйлгүйгээс гадна хэлцэлд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д “Х-” ХХК-ийн төлөөлөх эрхтэй этгээд Ц.Төмөрболд гарын үсэг зураагүй. Хариуцагч “Х-” ХХК 4 000 000 төгрөгөөр эвлэрэх саналтай байсан ч Г.А-ийн үйлдлийг зөвшөөрсөн зүйлгүй, энэ нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэх үндэслэл болохгүй юм. Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан иргэний эрх зүйн ямар харилцаа хэн гэх ямар этгээд, талуудын хооронд үүссэн нь тодорхой бус, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар Б.Б-, “Сүмтийн цамхаг” ХХК-ийн ямар зөрчигдсөн эрхийг сэргээх нь мөн тодорхой бус, нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэх, хариуцагч мөн ээх зэрэг нөхцөл байдлууд байхад шүүх З.Э-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа тул З.Э-ын нэхэмжлэлийг бүрэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх боловч талуудын маргааныг зохицуулсан Иргэний хуулийн зүйл, заалтыг буруу бичсэнийг залруулах боломжтой байна.

 

Нэхэмжлэгч З.Э- нь хариуцагч “Х-” ХХК-д холбогдуулан 10 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн З.Э-, “Х-” ХХК-ийн захирал Г.А- гэж зурсан тэдгээрийн хоорондох хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг шаардлага гаргажээ.

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Хариуцагч “Х-” ХХК болон нэхэмжлэгчийн нөхөр Б.Б- нарын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй байх боловч хэрэгт авагдсан 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн баримтад “Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах агуулахын барилгад ажилласан Б.Б-гийн ажлын хөлс болох 30 000 000 төгрөгийн 20 000 000 төгрөгийг Б.Б-гийн хууль ёсны эхнэр Задаа овогтой Энхтуулд бэлнээр хүлээлгэн өгөв. Үлдэх 10 сая төгрөгийг компанийн санхүүгийн боломжтой үед өгөх болно” гэж бичиж “Х-” ХХК-ийг төлөөлөн Г.А- гарын үсэг зурж, тус компанийн тэмдгийг дарж баталгаажуулсан нь ажлын хөлсийг төлөх агуулгатай байна./хэргийн 6 дугаар тал/

            Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр асуугдсан С.Ууганцэцэгийн “Б.Б-гийн “Сүмтийн цамхаг” ХХК-д ажиллаж байх хугацаанд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах агуулахын барилгын ажлыг гүйцэтгэсэн.” гэх мэдүүлэг, хариуцагчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан “...нөхөр Б.Б- нь ажлаа бүрэн хийж дуусаагүй., ...Б.Б-гийн эхлүүлсэн ажлыг дуусгаж өгөлгүй одоо хүртэл уг ажил хийгдээгүй хэвээр байна.” гэх тайлбар, мөн хариуцагчийн өмгөөлөгчөөс 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдааны явцад талуудын хооронд эвлэрлийн талаар ярилцахад компанийн зүгээс 2 500 000 төгрөгийн санал гаргасан, гэхдээ нэхэмжилж буй үнийн дүнгийн 50 хувь дээр эвлэрэх боломжтой” гэх тайлбаруудаар Б.Б- болон “Х-” ХХК нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж шүүх дүгнэсэн нь зөв./хэргийн 22, 58-59, 179 дүгээр тал/

            Хариуцагч нь “Сүмтийн цамхаг” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын хөлсийг З.Э- шаардах эрхгүй гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч нь хуулийн этгээдийн өмнөөс бус Б.Б-гийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг өвлөгчийн хувьд шаарджээ.

            Хэрэгт авагдсан Б.Б-гийн нас барсны гэрчилгээ, Б.Б-, З.Э- нарын гэрлэлтийн баталгаа, тэдний хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээ зэрэг баримтуудаар З.Э- нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар Б.Б-гийн хууль ёсны өвлөгч болох нь тогтоогдож байх тул ажлын хөлсийг хариуцагчаас шаардах эрхтэй./хэргийн 7-8, 45-47, 164 дүгээр тал/

            Нэхэмжлэгч З.Э- нь хариуцагч байгууллагаас 7 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2 500 000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 10 000 000 төгрөг гаргуулахаар шаардсанаас шүүх нэмэгдүүлсэн шаардлага болон дээрх ажлын хөлсөд 10 000 000 төгрөг төлөхөөс өмнө буюу “Вегвайсер” ХХК-ийн бэлэн мөнгөний зарлагын баримт, мөн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Ангарагаас гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн 2 000 000 төгрөг, нийт 5 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь тодорхойгүй байна. /хэргийн 44, 57, 123-124, 163 дугаар тал/

            Гэвч анхан шатны шүүх хариуцагч “Х-” ХХК-аас 5 500 000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч З.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаж, маргаагүй учраас шүүхийн шийдвэрийн үнийн дүнд өөрчлөлт оруулах шаардлагагүй болно.

            Хариуцагч байгууллагаас Г.А- нь “Х-” ХХК-ийн 10 хувийн хувьцааг эзэмшдэг, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй тул 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр үйлдсэн Баримт нь Иргэний 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй талаар анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй.

            Хэдийгээр “Х-” ХХК-ийн дүрмийн 3.13-д “Цэдэнжав овогтой Төмөрболдыг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно” гэж заасан байх боловч 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн баримтад Г.А- гарын үсэг зурж, “Х-” ХХК-ийн тэмдэг дарсан нь Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар “Х-” ХХК-ийг өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нэхэмжлэгчид өгсөн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, уг баримтыг үйлдсэнд нэхэмжлэгч буруугүй. Ийм учраас “Х-” ХХК нь хариуцагч мөн болно.

            Иймд анхан шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн З.Э-, “Х-” ХХК-ийн захирал гэж зурсан Г.А- нарын хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

            Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 520 дугаар зүйлийг “510” гэж буруу бичсэн байгааг зөвтгөн өөрчлөх нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2020/00545 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “510” гэснийг “520” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.БАТЗОРИГ

 

                                             ШҮҮГЧИД                              Д.ЦОГТСАЙХАН

 

                                                           С.ЭНХТӨР