Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2020/00545

 

 

 

 

 

 

 

 

 2020 оны  02 сары  20 өдөр

                             181/ШШ2020/00545

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

  

Нэхэмжлэгч: З.Э-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Х Г   ХХК -д  холбогдох

 

            Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

            Х Г   ХХК нь нэхэмжлэгч З.Э д холбогдуулан 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн З.Э , Х Г   ХХК-ийн захирал гэж зурсан Г.Алтанцэцэг нарын хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Э , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Саранчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Д.Наранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Х Г   ХХК надад баримт үйлдэж өгсөн. Миний нөхөр н.Баянхүү 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймагт явж байгаад нас барсан. Тус өдөр манай нөхөр надтай утсаар ярьсан. Утсаар ярихдаа н.Алтанцэцэг захиралтай ярьсан. Удахгүй үлдэгдэл 30,000,000 төгрөгийг өгөх юм шиг байна гэж хэлсэн. Би 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Булган суманд очсон. Тус газар ажил явдлыг хийж 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хотод орж ирсэн. 

Наадмын дараа н.Алтанцэцэг захиралтай уулзсан. 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар аймаг, 11 дүгээр хорооны байранд очиж 6 давхарт н.Алтанцэцэгтэй уулзсан. Тэгэхэд н.Алтанцэцэг захирал одоохондоо мөнгө бүтээгүй байна тийм учраас мөнгөний хэрэг байгаа бол чамд 2,000,000 төгрөг шилжүүлье гэж хэлээд 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр н.Ангарагаас орлого гээд урьдчилгаа 2,000,000 төгрөг орж ирсэн. Үүний дараа 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр очиход манай зээл бүтсэн учраас үлдэгдэл мөнгө болох 20,000,000 төгрөгийг өгсөн. 18,000,000 төгрөгийг бэлэн тоолж авсан. Харин мөнгө хүлээж авсан баримт дээр 20,000,000 төгрөг гэж бичиж авсан. Одоохондоо мөнгө байхгүй гээд дараа нь өгье гээд надад баримт үйлдэж өгсөн. н.Алтанцэцэг захирал над руу 2 хоногийн дараа утасдаад үлдэгдэл 10,000,000 төгрөгөөс 2,500,000 төгрөгийг н.Баянхүүд өгсөн юм байна гэж хэлсэн болохоор би анх нэхэмжлэл гаргахдаа 7,500,000 төгрөг гэж гаргасан. 

Сүүлд 2,500,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Учир нь 2,500,000 төгрөгийг би хүлээж аваагүй учраас нэмэгдүүлсэн шаардлагыг 10,000,000 төгрөг болгож өөрчилсөн. Сүүлд н.Алтанцэцэг захирал руу утасдахад утас нь холбогдохгүй байсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Одоо үлдэгдэл 10,000,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. 

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах тус агуулахын нутагт ажилласан Баянхүүгийн ажлын хөлс болох 30,000,000 төгрөгөөс 20,000,000 төгрөгийг надад өгч үлдэгдэл мөнгийг дараа өгье гэсэн баримт бичиг үйлдэж өгсөн. Иймд миний нөхрийн хийсэн ажлын үлдэгдэл 10,000,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд Ц.Төмөрболд нь 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн тайлбартаа манай нөхрийг анх тохирсон ажлаа дуусгаагүй, харин эхнэр нь гэх хүн ирж манай нөхөр нас барсан мөнгө хэрэгтэй байна, би танай ажлыг дуусгаж өгнө гэж хэлэхэд нь хүнлэг сэтгэл гарган 20,000,000 төгрөгийг өгсөн гэж бичсэн байна. Ц.Төмөрболд гэх хүнтэй уулзах болоод утсаар ярьж үзээгүй. Ц.Төмөрболд, н.Алтанцэцэг нар нь гэр бүлийн хүмүүс. Х Г   ХХК Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хөрөнгө эзэмшдэг эсэхийг мэдэх шаардлагагүй. Надад өөрсдөө тамга тэмдэг дарж баримт үйлдэж өгсөн” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно” гэж заасан. 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн баримтаар н.Баянхүүгийн ажлын хөлс болох 30,000,000 төгрөгийн 20,000,000 төгрөгийг н.Баянхүүгийн хууль ёсны эхнэр З.Э  бэлнээр хүлээлгэн өгөв. Үлдэх 10,000,000 төгрөгийг компаниин санхүүгийн боломжтой үед өгөх болно. Гэрлэлтийн баталгаа, иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг хавсаргав гэсэн баримтын дагуу Х Г   ХХК нь эхнэр З.Э д үлдэгдэл төлбөр 10,000,000 төгрөг өгөхийг зөвшөөрсөн.

Талуудын үйлдсэн дээрх баримтаас харахад Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах тус компанийн агуулахын барилгад ажилласан Б.Баянхүү нь “Х Г  ” ХХК-ийн ажлыг гүйцэтгэсэн байх бөгөөд энэ талаар талууд бичгээр гэрээ хийгдээгүй хэдий ч талууд гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд харилцан хүлээн зөвшөөрдөг тул уг хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзнэ.

Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1-д Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө гэж заасан. Тэр тусмаа дээрх баримтуудаас харахад талийгаач Б.Баянхүүтэй ажлын гүйцэтгэлийн талаар ямар нэг маргаан байхгүйгээр үл барам түүний эхнэрт нь ажлын хөлсийг цувуулан, нийт 20,000,000 төгрөг төлснөөр, Б.Баянхүү нь ажпыг бүрэн гүйцэтгэж, үр дүнг хүлээлгэн өгсөн тул хаиуцагч хөлс төлсөн байна. 

Эцсийн дүгнэлт ямар ч байсан 30,000,000 төгрөгт тохирсон ажлын гүйцэтгэлийг талийгаач Б.Баянхүүгээс Х Г   ХХК хүлээн авсан, харилцан тохирсон үнийг талийгаач Б.Баянхүүгийн эхнэр З.Э д төлөхийг зөвшөөрч төлсөн, ажлын үлдэгдэл хөлс 10,000,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хууль зөрчөөгүй байна.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Бичгээр хийх хэлцлийг дараах тохиолдолд хийсэн гэж үзнэ. 43.2.1-т талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж гарын үсэг зурсан, Мөн зүйлийн 43.3-т Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ гэж заасан байна.

Иймд 2017 оны 08 сарын 08-ны өдрийн баримт Х Г   ХХК болон З.Э  нарын хооронд байгуулсан хэлцэл нь хүчин төгөлдөр хэлцэл байх тул хариуцагч Х Г   ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 10,000,000 төгрөгийг бүрэн ханган шийдвэрлэж өгнө үү.

Мөн хариуцагч тал шүүхэд хариу тайлбар гаргахдаа 2-3 удаа бичгээр хариу тайлбар гаргасан. Бичгээр гаргасан тайлбаруудыг харахад ажлыг гүйцэтгэсэн гэж дүгнэж байна. Мөн зарим хариу тайлбарууд нь хоорондоо зөрөлддөг. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1 дэх хэсэгт заасан шүүхэд үнэн зөв тайлбар, мэдүүлэг өгөхгүй байна гэж үзэж байна. Х Г   ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг харахад Ц.Төмөрболд нь н.Алтанцэцэгтэй адилхан 10 хувь эзэмшдэг нь харагдаж байна.

Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт компани бол ашгийн төлөө байгууллага. Гэтэл ажил хийгээгүй хүнд 20,000,000 төгрөг өгч байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “Нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн баримтыг үндэслэж 10,000,000 төгрөгийг Х Г   ХХК-иас нэхэмжилсэн байна. Гэтэл н.Алтанцэцэг нь Х Г   ХХК-ийн захирал биш юм. н.Алтанцэцэг тухайн үед яагаад ийм баримт бичиг үйлдэж өгсөн нь ойлгомжгүй байна. Х Г   ХХК-д Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлалтай үл хөдлөх хөрөнгө буюу барилга байхгүй. Баянгол дүүргийн улсын бүртгэлийн газраас ирүүлсэн баримт дээр Х Г   ХХК нь Баянгол дүүрэгт үл хөдлөх эд хөрөнгө эзэмшдэггүй гэсэн тодорхойлолт ирсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд Х Г   ХХК нь нэхэмжлэгч З.Э д холбогдуулж 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн хэлцэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Х Г   ХХК 3 хувьцаа эзэмшигчтэй. Х Г   ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Ц.Төмөрболд гэх хүн байдаг. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дүрэм хэргийн материалд авагдсан байгаа. Тус дүрмээс харахад н.Алтанцэцэг нь Х Г   ХХК-ийн 10 хувийн хувьцаа эзэмшигч гэдэг нь харагдаж байна. Хувьцаа эзэмшигч компанийг төлөөлж ямар нэгэн гэрээ хэлцэлд оролцох эрхгүй. Х Г   ХХК-ийн дүрэмд заасны дагуу н.Алтанцэцэгт тусгайлан эрх олгоогүй. н.Алтанцэцэгтэй гэрээ хэлцэл байгуулах, З.Э тай гэрээ хэлцлийг бичиж үйлдэх, хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийн хурлын тогтоолоор ямар нэгэн бичиг баримт, гэрээ хэлцэл үйлдэгдээгүй. 

н.Алтанцэцэг гэх хүн Х Г   ХХК-ийн тамгыг ашиглаж хэлцэл хийсэн тул тус хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нь янз бүрийн тайлбар хэлж байна. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл байна гэж заасан. н.Баянхүү, Х Г   ХХК, Сүнтийн цахмаг ХХК, З.Э  нарын харилцаа тодорхойлогдохгүй байгаа учир нэхэмжлэл гаргах этгээд биш гэж үзэж байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч өөрийнх нь эрх яаж зөрчигдөж бэ гэдэг үүднээс үзвэл З.Э   энэ хэрэгт хамааралгүй гэсэн үг. Нэхэмжлэгч талын гаргаж өгсөн улаан дэвтэрт н.Баянхүү гэх нэр байдаггүй. Харин гүйцэтгэгч байгууллага нь Сүнтийн цамхаг ХХК гэсэн нэр байдаг. Мөн иргэн н.Баянхүүгийн эрх зөрчигдөж байгаа юм уу эсвэл Сүнтийн цамхаг ХХК-ийн эрх зөрчигдөөд байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй байна. 

Ц.Төмөрболд н.Алтанцэцэг нар нь тусдаа амьдарч байгаа. Тухайн үед бизнест хамтарч байгаад хамтран амьдарч байсан юм байна лээ. Тухайн үед тамгыг нь авч дарснаар хуулийн этгээд хариуцлага хүлээнэ гэсэн зүйл байхгүй. Гарын үсэг зурсан этгээд нь З.Э  болон н.Алтанцэцэг нар юм. Ц.Төмөрболд нь З.Э ын нөхрийг сайн ажилладаг залуу байсан гэж магтаж байна лээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2, 62.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргах этгээд нь З.Э  биш мөн хариуцагч нь Х Г   ХХК биш байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байна гэж үзэж байна. 

Нэхэмжлэгч тал ажил гүйцэтгэх гэрээ гэж үзэж байгаа бол нэхэмжлэгчид 20,000,000 төгрөгийг өгсөн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажлын үр дүнг хүлээлгэн өгсний дараа хөлс төлнө гэж заасан хуулийн зохицуулалтыг зөрчиж байна. Нэхэмжлэгч тал ажил хүлээлгэж өгөөгүй гэдэг дээр маргахгүй атлаа эхлээд 20,000,000 төгрөг авч дараа нь 10,000,000 төгрөг шаардаж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж чадахгүй байна гэж үзэж байна. Иймээс З.Э ын гаргасан маргааныг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна. 

2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 20,000,000 төгрөгийг тээврийн хөлсөнд өгсөн нь харагдаж байна. Тухайн тус мөнгийг З.Э  гарын үсэг зурж авсан юм байна лээ. Үүнийгээ шаардах эрхтэй гэж ойлгож болохгүй. Иймд З.Э ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч З.Э  нь хариуцагч Х Г   ХХК-д холбогдуулан 10,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч Х Г   ХХК нь нэхэмжлэгч З.Э д холбогдуулан 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн З.Э , Х Г   ХХК-ийн захирал гэж зурсан Г.Алтанцэцэг нарын хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч З.Э  “...Манай нөхөр Б.Баянхүү нь 2014-2015 оны хооронд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах агуулахын барилгын ажлыг гүйцэтгэж, ажлын хөлс 30,000,000 төгрөгийг авч чадаагүй 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр нас барсан. Х Г   ХХК-ийн захирал Г.Алтанцэцэг надад 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 20,000,000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэх 10,000,000 төгрөгийг компани санхүүгийн боломжтой үед өгөхөөр баримт үйлдэж өгсөн. Түүнээс хойш мөнгө шаардахад 2,500,000 төгрөгийг манай нөхөрт өгсөн гэж хэлсэн. Би анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2,500,000 төгрөгийг төлсөн гэж үзэж 7,500,000 төгрөг шаардсан бөгөөд хариуцагч төлөхгүй гэж маргахаар нь 10,000,000 төгрөг болгож нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн.” гэж, хариуцагч нь “Г.Алтанцэцэг гэж хүн Х Г   ХХК-ийн 10 хувийн хувьцааг эзэмшдэг, компанийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй. Мөн манай компанийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэлтэй Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах агуулахын барилга байдаггүй. Г.Алтанцэцэгтэй тохиролцож ажил гүйцэтгэсэн. Сүмтийн гол ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын хөлсийг З.Э  нь шаардах эрхгүй. Г.Алтанцэцэгийн баримт нэртэй хэлцэл хийх эрхийг Х Г   ХХК нь олгоогүй тул хүчин төгөлдөр бус хэлцэл тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй” гэж тус тус нэхэмжлэлийн шаардлага болон татгалзлын үндэслэлийг тайлбарласан.

 

Б.Баянхүү болон Х Г   ХХК нарын хооронд бичгээр гэрээ байгуулаагүй боловч Х Г   ХХК-ийг төлөөлөн Г.Алтанцэцэг гарын үсэг зурж, тус компанийн тэмдгийг дарж баталгаажуулсан 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Баримт”-д “Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах агуулахын барилгад ажилласан Б.Баянхүүгийн ажлын хөлс болох 30,000,000 төгрөгийн 20,000,000 төгрөгийг Б.Баянхүүгийн хууль ёсны эхнэр Задаа овогтой Энхтуулд бэлнээр хүлээлгэн өгөв. Үлдэх 10,0 сая төгрөгийг компанийн санхүүгийн боломжтой үед өгөх болно” гэж дурьджээ.

 

Б.Баянхүү нь 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймагт өвчний улмаас нас барсан, Б.Баянхүү болон З.Э  нар нь 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр  охин Лха-Эгшиглэн, 2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр охин Гэгээнхүслэн, 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүү Төгсбилгүүн нар төрсөн  болох нь баримтаар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар Б.Баянхүү болон Х Г   ХХК нарын хооронд барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэв.

 

Х Г   ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа “...нөхөр Б.Баянхүү нь ажлаа бүрэн хийж дуусаагүй., ...Б.Баянхүүгийн эхлүүлсэн ажлыг дуусгаж өгөлгүй одоо хүртэл уг ажил хийгдээгүй хэвээр байна.” гэж хариу тайлбар гаргасан ба уг тайлбараас үзэхэд Б.Баянхүү болон Х Г   ХХК нарын хооронд барилгын ажил гүйцэтгэх харилцаа үүссэн, түүний хөлс төлөх үүргээ биелүүлж байсан болох нь тогтоогдож байна.

 

Түүнчлэн, гэрч С.Ууганцэцэг “Б.Баянхүүгийн Сүмтийн цамхаг ХХК-д ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаанд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах агуулахын барилгын ажлыг гүйцэтгэсэн.” гэх мэдүүлгээр ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсэн болох нь нотлогдов.

 

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар Б.Баянхүүгийн хууль ёсны өвчлөгч З.Э  нь талийгаач Б.Баянхүүгийн ажил гүйцэтгэх гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 

Хариуцагч нь Сүмтийн цамхаг ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын хөлсийг З.Э  шаардах эрхгүй гэж маргаж байгаа боловч З.Э  нь Сүмтийн цамхаг ХХК-ийг өвлөж авсан, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох нь баримтаар тогтоогдож байгаа бөгөөд З.Э  нь 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийд “Баримт”-ын дагуу шаардаж байгаа гэх тул З.Э  нь шаардаж байгаа нь үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Баталгаа гаргаснаас хойш хэд хоногийн дараа 2,500,000 төгрөгийг өмнө нь Б.Баянхүүд олгосон гэж мэдэгдсэн хэдий ч 7,500,000 төгрөгийг одоо болтол өгөхгүй байна.” гэж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Анх 7,500,000 төгрөг шаардсан. Хариуцагч өгөхгүй гэхээр нь 10,000,000 болгож нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. Талийгаачид өгсөн гэхээр нь 7,500,000 төгрөг шаардсан” гэж тайлбарласан.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд анх 7,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, 10,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

З.Э  нь нөхөр Б.Баянхүүд 2,500,000 төгрөг төлсөн гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан атлаа нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэхдээ төлөөгүй гэж тайлбарлаж, шүүхэд зөрүүтэй тайлбар гаргаж байгаа үндэслэлгүй тул 2,500,000 төгрөгт тооцогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч нь 18,000,000 төгрөг бэлнээр, 2,000,000 төгрөгийг дансаар төлсөн гэж тайлбарлах атлаа хариуцагч Х Г   ХХК-иас 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 20,000,000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан болох нь Вегвайсер ХХК-ийн бэлэн мөнгөний зарлагын баримтаар, мөн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Ангарагаас гэх гүйлгээний утгатайгаар 2,000,000 төгрөг, нийт 22,000,000 төгрөг хүлээн авсан болох нь хариуцагчийн тайлбар, З.Э ын хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тус тус нотлогдож байна.

 

Иймд, хариуцагч Х Г   ХХК-аас 5,500,000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч З.Э д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,500,000 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Г.Алтанцэцэг нь З.Э д 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Баримт”-д “Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах агуулахын барилгад ажилласан Б.Баянхүүгийн ажлын хөлс болох 30,000,000 төгрөгийн 20,000,000 төгрөгийг Б.Баянхүүгийн хууль ёсны эхнэр Задаа овогтой Энхтуулд бэлнээр хүлээлгэн өгөв. Үлдэх 10,0 сая төгрөгийг компанийн санхүүгийн боломжтой үед өгөх болно” гэх бичгийг Х Г   ХХК-ийн тэмдгийг ашиглан, компанийн нэрээр өөрийн барилгад баримт үйлдсэн гэж сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

Х Г   ХХК-ийн дүрмийн 3.13-д “Цэдэнжав овогтой Төмөрболдыг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно” гэж заасан атлаа компанийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр Ц.Төмөрболдыг бүртгүүлээгүй, мөн компанийн 10 хувийн хувьцаа эзэмшигч Г.Алтанцэцэг нь компанийн тэмдэгийг хууль бусаар ашиглаж, бусад баримт үйлдэж өгсөн гэж тайлбарлах боловч уг байдлыг баримтаар нотлоогүй.

 

Мөн, талуудын хооронд эвлэрлийн талаар ярилцахад компанийн зүгээс 4,000,000 төгрөгийн хэмжээнд эвлэрэх эрх олгосон гэх тайлбар нь Г.Алтанцэцэгийн үйлдлийг зөвшөөрч байгаа хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзэхээр байна.

 

Х Г   ХХК-ийн тэмдэг дарж, өөрийгөө захирал гэж Г.Алтанцэцэг нь баримт үйлдэн өгсөн ба уг баримтыг үндэслэн Г.Алтанцэцэгээс бус, Х Г   ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэл шаардаж байгааг буруутгах үндэслэлгүй юм.

 

Х Г   ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа “...нөхөр Б.Баянхүү нь ажлаа бүрэн хийж дуусаагүй., ...Б.Баянхүүгийн эхлүүлсэн ажлыг дуусгаж өгөлгүй одоо хүртэл уг ажил хийгдээгүй хэвээр байна.” гэж хариу тайлбар нь Б.Баянхүүтэй эрх зүйн харилцаанд оролцсон байдлыг нотлоод зогсохгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй зөрчилдөж байна.

Иймд 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн З.Э , Х Г   ХХК-ийн захирал гэж зурсан Г.Алтанцэцэг нарын хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хариуцагч нь З.Э д олгож шийдвэрлэсэн 5,500,000 төгрөгийг Г.Алтанцэцэгээс шаардахад энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3 дах заалт, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 510 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар хариуцагч Х Г   ХХК-иас 5,500,000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч З.Э д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,500,000 төгрөгт тооцогдох хэсэг болон 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56,1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 189,900 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х Г   ХХК-иас 102,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.Э д олгосугай.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй ба хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ЭНХБАЯР