Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 1012

 

 

 

 

 

 

 

 

 

“Э- ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/00961 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Э- ББСБ” ХХК-ийн хариуцагч Ч.С-д холбогдуулан гаргасан 49 510 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.С- 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр тус банк бус санхүүгийн байгууллагад 30 000 000 төгрөгийн зээл хүссэн бөгөөд тухай өдрөө 002017053101 дугаартай зээлийн гэрээ байгуулж зээлийг олгосон байдаг. Барьцаанд нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Баянзүрх хотхон, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 109 дүгээр байр, 113 тоот 43 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаанд тавьсан. Ийнхүү зээлийн гэрээ болон барьцааны гэрээг зохих журмын дагуу үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн газар бүртгүүлж баталгаажуулсан. Үүнээс хойш Ч.С- нь 2018 оны 6 сар хүртэлх хугацаанд зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлж байсан боловч үүнээс хойш үүргээ биелүүлэхгүй явсаар 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 200,000 төгрөг, 9 дүгээр сарын 06-ны өдөр 250,000 төгрөг, 9 дүгээр сарын 28-ны өдөр 200,000 төгрөгийн хүүгийн төлбөрийг төлснөөс хойш дахин төлбөр төлөөгүй. Энэ хугацаанд зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүү зэрэг төлбөрүүд хуримтлагдсан. Зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байх талаар зээлдэгч Ч.С-д удаа дараа мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг зохих ёсоор биелүүлээгүй байна. Иймд Ч.С-гийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох үндсэн зээл 30,000,000 төгрөг, хүү 16,150,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,360,000 төгрөг нийт 49,510,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Баянзүрх хотхон, 13302 Энхтайваны өргөн чөлөө гудамж 109 байр, 113 тоот 43 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалт бүхий барьцаа хөрөнгөөр гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Ч.С- шүүхэд гаргасан тайлбартаа: “... Хариуцагч нь тус ББСБ ХХК-иас 30 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай авсан нь үнэн. Уг зээлээ төлөхөд татгалзах зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 49 000 000 төгрөгийг бүгдийг нь төлөхөд хүндрэлтэй байгаа бөгөөд шүүхэд хандахаас өмнө 36 000 000 төгрөг төлөөд зээлээ дуусгах талаар боломжтой талаар хоёр тал ярилцаж тохиролцсон байсан боловч хөөцөлдөж байсан ажил зогсонги байдалд орсны улмаас ярилцаж байснаараа төлөлтөө хийж чадалгүй ийм байдалд хүрээд байгаа юм. Миний бие 38 000 000 төгрөгийг графикийн дагуу хувааж төлөхийг нэхэмжлэгч талд илэрхийлсэн бөгөөд нэхэмжлэгч тал хүлээн авч зөвшөөрвөл дараах графикийн дагуу төлөх боломжтой гэжээ.

 

Шүүх:  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.С-гөөс 38,429,160 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Э- ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 11,080,840 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан үүрэг гүйцэтгэгч Ч.С- үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ипотекийн зүйл болох Ч.С-, Б.Болдбаатар нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204042661 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо, Баянзүрх хотхон /13302/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 109 дүгээр байр, 113 тоот хаягт байршилтай, 43 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс 38 429 160 төгрөгийг гаргуулж “Э- ББСБ” ХХК-д олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Манай компани хариуцагч Ч.С-гөөс зээлийн гэрээний үүрэгт 49 510 000 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч зээлийн гэрээний хугацаа 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр дууссан гэж үзэн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт нийцээгүй, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.10 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус байх тул хүү шаардах эрхгүй байна гэжээ. Хариуцагч Ч.С-тэй анх зээлийн болон барьцааны гэрээг Иргэний хууль болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиудад заасны дагуу байгуулсан байдаг. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэж заасны дагуу зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулсан. Гэтэл энэ хуульд заасантай нийцээгүй байна гэсэн үндэслэлээр хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан шаардлагыг хангаж шийдвэрлээгүй. Хариуцагч Ч.С- нь зээлийн гэрээний байгуулсан талаар боон зээлийн гэрээний хугацаа дууссан тул түүнээс хойшхи хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэж маргадаггүй бөгөөд тодорхой үнийн дүн дээр эвлэрэх санал гаргаж байсан билээ. Мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.3 дахь хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна” гэж тус тус заасан байгааг анхан шатны шүүх авч хэлэлцээгүй, зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй нь хуульд нийцээгүй гэх үндэслэлээр манай нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт “зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорих хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж тус тус заасан бах тул бид хариуцагч анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч “Э- ББСБ” ХХК нь хариуцагч Ч.С-д холбогдуулан үндсэн зээл 30 000 000 төгрөг, хүү 16 150 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 360 000 төгрөг, нийт 49 510 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсанаас хариуцагч 38 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Талууд 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлдэгч Ч.С- 30 000 000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл 6 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлж, хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцож, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар улсын бүртгэлийн Ү-2204042661 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо, Баянзүрх хотхон /13302/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 109 дүгээр байр, 113 тоот хаягт байршилтай, 43 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээгээр тогтоогдож байна./хэргийн 5-9 дүгээр тал/

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан зээл болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа тус тус үүссэн болон зээлдэгч буюу хариуцагч Ч.С- нь нэхэмжлэгч байгууллагаас 30 000 000 төгрөг авсан талаар талууд маргаагүй. Зээлийн гэрээний хавсралтын дагуу хариуцагч нь зээлийн хүүд сар бүр 1 050 000 төгрөг, гэрээний хугацаа дуусгавар болох үед зээл 30 000 000 төгрөг, нийт 36 300 000 төгрөг төлөх үүрэг хүлээжээ.

 

Шүүхээс дээрх зээлийн гэрээний хугацааг талууд 6 сараар сунгах, эргэн төлөлтийн талаар өөрчлөлт оруулсан гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дах хэсэгт заасан хэлбэрээр буюу бичгээр байгуулаагүй гэж зөв дүгнэсэн атлаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлийн гэрээний хугацааг сунгаагүй гэж тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан зээлдэгч Ч.С-гийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгч байгууллагад гаргасан “зээлийн гэрээний хугацааг 6 сараар сунгах тухай” хүсэлт, үүнээс хойш сар бүр төлбөр төлсөн байдлуудаар тэдгээрийн хоорондын зээлийн гэрээ сунгагдаж, 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр дуусгавар болсон гэж дүгнэсэн нь зөрчилтэй болжээ. Өөрөөр хэлбэл, бичгээр байгуулах болон хүү тооцсон гэрээнд өөрчлөлт оруулж, хугацаа сунгаж байгаа тохиолдолд хуульд заасан хэлбэрээр гэрээг байгуулах ёстой. Иймд нэхэмжлэгч нь 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш гэрээгээр хүү шаардах эрхгүй, харин Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрх хуулиар үүсэх юм.

 

Гэвч зээлийн эргэн төлөлтийн баримт, зохигчдын тайлбараар хариуцагч гэрээний хугацаанд 6 250 000 төгрөг, хугацаа дууснаас хойш 6 950 000 төгрөг нийт 13 200 000 төгрөг төлсөн нь төлбөр төлсөн хугацаа, зохигчдын тайлбараар тогтоогджээ. Гэрээний хугацаанд хариуцагч хүүд 6 300 000 төгрөг төлөхөөс 6 250 000 төгрөг төлж, 50 000 төгрөгийн хүүг дутуу төлж, зээл, хүүгийн үлдэгдэл нийт 30 050 000 төгрөгийг гэрээгээр төлөх үүрэгтэйгээс, гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд төлсөн нийт 6 950 000 төгрөгийг хасч, үлдэгдэл 23 100 000 төгрөг гэж тооцсон нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт нийцжээ.

 

Мөн анхан шатны шүүх хариуцагч Ч.С-гөөс үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 23 100 000 төгрөгт 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд хэтэрсэн хугацааны хүүг сарын 3.5 хувь буюу 808 500 төгрөгөөр тооцож, нийт 12 774 300 төгрөг, нэмэгдүүлсэн хүүг, хэтэрсэн хугацааны хүүгийн 20 хувь буюу сарын 161 700 төгрөгөөр тооцож, нийт 2 554 860 төгрөг, бүгд хэтэрсэн хугацааны болон нэмэгдүүлсэн хүүд 15 329 160 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

 

Шүүх хариуцагчаас 38 429 160 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Э- ББСБ” ХХК-д олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11 080 840 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Түүнчлэн, шүүхээс хариуцагч Ч.С-д шүүх хуралдааны товыг 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр мэдэгдэж, улмаар 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хэргийн материалтай танилцсан байна. /хэргийн 63-64 дүгээр тал/

 

Иймээс хариуцагч Ч.С- нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт заасанд нийцжээ.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/00961 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 192 244 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.БАТЗОРИГ

 

                                        ШҮҮГЧИД                                Д.ЦОГТСАЙХАН

 

                                                        С.ЭНХТӨР