Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2020/00961

 

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2020/00961

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: .......... тоотод оршин байрлах “Э” ХХК /РД:5885418/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ................ тоотод оршин суух, Тайж нар овогт ....... /РД:.........../-д холбогдох,

49,510,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.          

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц,  нарийн бичгийн дарга Ш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Э” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... С2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр тус банк бус санхүүгийн байгууллагад 30,000,000 төгрөгийн зээл хүссэн бөгөөд тухай өдрөө 002017053101 дугаартай зээлийн гэрээ байгуулж зээлийг олгосон байдаг. Барьцаанд нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Баянзүрх хотхон, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 109 дүгээр байр, 113 тоот 43 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаанд тавьсан. Ийнхүү зээлийн гэрээ болон барьцааны гэрээг зохих журмын дагуу үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн газар бүртгүүлж баталгаажуулсан. Үүнээс хойш Снь 2018 оны 6 сар хүртэлх хугацаанд зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлж байсан боловч үүнээс хойш үүргээ биелүүлэхгүй явсаар 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 200,000 төгрөг, 9 дүгээр сарын 6-ны өдөр 250,000 төгрөг, 9 дүгээр сарын 28-ны өдөр 200,000 төгрөгийн хүүгийн төлбөрийг төлснөөс хойш дахин төлбөр төлөөгүй. Энэ хугацаанд зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүү зэрэг төлбөрүүд хуримтлагдсан. Зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байх талаар зээлдэгч С д удаа дараа мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг зохих ёсоор биелүүлээгүй байна. Иймд С-ийнзээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох үндсэн зээл 30,000,000 төгрөг, хүү 16,150,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,360,000 төгрөг нийт 49,510,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Баянзүрх хотхон, 13302 Энхтайваны өргөн чөлөө гудамж 109 байр, 113 тоот 43 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалт бүхий барьцаа хөрөнгөөр гаргуулж өгнө үү ...” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ......... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэлийг дэмжиж байна. Хариуцагч С2017 оын 05 сарын 31-ний өдөр “Э” ХХК-иас 30,000,000 төгрөгийн зээл авч 2018 оны 06 сар хүртэл хүүг төлсөн. 2018-06-27 ноос 2019-09-27 хүртэл хүү 16,800,000 төгрөг байснаас төлсөн 650,000 төгрөгийг хасаж тооцоод 16,150,000 төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүүд 3,360,000 төгрөг, зээл 30,000,000 төгрөг, нийт 49,510,000 төгрөг нэхэмжилж байна. Баянзүрх дүүрэг 8-р хороо 109-р байрны 113 тоот 2 өрөө орон сууцыг барьцаалсан байдаг.Энэхүү барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлттэй байна Сманайд нэг удаа ирж уулзсан. Шүүхэд хандахаас өмнө 36,000,000 төгрөгийг төлөөд эвлэрье гэж тохиролцсон боловч төлөөгүй учир шүүхэд хандсан. С д их боломж олгосон тухайн боломжийг өөрөө ашиглаж чадалгүй өнөөдрийн нөхцөл байдлыг үүсгэсэн. Одоо эвлэрэх саналгүй. Зээлийн гэрээг сунгаагүй, хэрэв сунгасан бол гэрээг нэхэмжлэлд хавсаргаж өгөх байсан...” гэв.

 

Хариуцагч Сшүүхэд гаргасан тайлбартаа: “... Хариуцагч нь тус ББСБ ХХК-иас 30,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай авсан нь үнэн. Уг зээлээ төлөхөд татгалзах зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 49,000,000 төгрөгийг бүгдийг нь төлөхөд хүндрэлтэй байгаа бөгөөд шүүхэд хандахаас өмнө 36,000,000 төгрөг төлөөд зээлээ дуусгах талаар боломжтой талаар хоёр тал ярилцаж тохиролцсон байсан боловч хөөцөлдөж байсан ажил зогсонги байдалд орсны улмаас ярилцаж байснаараа төлөлтөө хийж чадалгүй ийм байдалд хүрээд байгаа юм. Миний бие 38,000,000 төгрөгийг графикийн дагуу хувааж төлөхийг нэхэмжлэгч талд илэрхийлсэн бөгөөд нэхэмжлэгч тал хүлээн авч зөвшөөрвөл дараах графикийн дагуу төлөх боломжтой. 2019.12.25-ны өдөр 10,000,000 төгрөг, 2020.01.10-ны өдөр 10,000,000 төгрөг, 2020.01.25-ны өдөр 18,000,000 төгрөг...гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Э” ХХК хариуцагч С д холбогдуулан “зээлд 30,000,000 төгрөг, хүүд 16,150,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3,360,000 төгрөг, нийт 49,510,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч тал “6 сараар зээл авсантай маргаагүй” үнийн дүнгээс зарим хэсгийг зөвшөөрөхгүй маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч “Э” ХХК 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 30,000,000 төгрөгийг хариуцагч С д 6 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлж, улсын бүртгэлийн Ү-2204042661 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо, Баянзүрх хотхон /13302/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 109 дүгээр байр, 113 тоот хаягт байршилтай, 43 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалж, зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээл, түүний хүүг буцаан төлөх хуваарь, барьцааны гэрээ зэргээр тогтоогдож байна.

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

“Э” ХХК зээлдэгч С-ийн5749363615 дугаартай данс уруу 30,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь С-ийн бичгээр гаргасан хүсэлт болон зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.

С2017 оны 6 сарын 30-ны өдрөөс 2017 оны 11 сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд зээлийн гэрээний үүрэгт нийт 6,250,000 төгрөг төлсөн болох нь зохигчийн тайлбар, зээлийн эргэн төлөлтийн баримт зэргээр тогтоогдож байна.

2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр зээлдэгч С“Э” ХХК-д 30,000,000 төгрөгийн зээлийн хугацааг 6 сараар сунгах хүсэлт гаргасан, уг хүсэлтийг “Э” ХХК хүлээн зөвшөөрсөн болох нь С-ийн хүсэлт, “Э” ХХК-д сар бүр хүүд 1,050,000 төгрөгийг 2017.12.27, 2018,01,27, 2018.02.27, 2018.03.27, 2018.04.27, 2018.05.27-нд 6 удаа тус тус 1,050,000 төгрөг, нийт 6,300,000 төгрөг төлсөн үйл баримт, зээлийн эргэн төлөлтийн баримт зэргээр тогтоогдож байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ...зээлийг сунгаагүй... гэх тайлбар няцаагдаж байна.

Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр дууссан гэж үзэх үндэслэлтэй байх ба “Э” ХХК С тэй зээлийн гэрээг 6 сараар сунгах, эргэн төлөлтийн хуваарийн талаар бичгээр гэрээ байгуулаагүй нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т нийцээгүй, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10-т заасны дагуу хүчин төгөлдөр бус тул 2017.11.27-ны өдрөөс хойш 2018.05.27-ны өдрийг дуустал хүү шаардах эрхгүй байна.

Хариуцагч тал “зээл болон барьцааны гэрээнд орон сууцны нөгөө эзэмшигч Б гарын үсэг зураагүй,” гэж тайлбарлаж байх боловч барьцааны гэрээнд барьцаалуулагч Б.Болдбаатарыг төлөөлж Сгарын үсэг зурсан, бүртгэлийн байгууллага бүртгэж, баталгаажуулсан байх  тул уг тайлбарыг хүлээн авах боломжгүй.

Хариуцагч “байрны нөгөө эзэмшигчийг хэрэгт оролцууулах” гэсэн хүсэлтийг шүүгч 2020.01.06-ны өдөр захирамжаар шийдвэрлэсэн ба хүсэлтээ тодруулж, дахин гаргаагүй.

Дээр дурдсанаас дүгнэвэл талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2017.05.27-ны өдөр дууссан гэж үзэх байна.

Зээл, түүний хүүг буцаан төлөх хуваарьт зааснаар 2017.06.27-ны өдрөөс 2017.11.27-ны өдөр хүртэл хүүд 6,300,000 төгрөг төлөхөөс 6,250,000 төгрөг төлж, 50,000 төгрөгийн хүүг дутуу төлсөн байна.

С 2017.11.27-ны өдрөөс 2017.05.27-ны өдрийг дуустал 6,300,000 төгрөг, 2018.08 сард 200,000 төгрөг, 2018.09 сард 450,000 төгрөг, нийт 6,950,000 төгрөг төлсөн болох нь нэхэмжлэгч талын тайлбар, зээлийн эргэн төлөлт гэх баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч 2017.11.27-ны өдрөөс 2017.05.27-ны өдрийг дуустал хүү шаардах эрхгүй тул хариуцагчийн төлөх 30,000,000 төгрөгийн үндсэн зээл, дутуу төлсөн хүү 50,000 төгрөг, нийт 30,050,000 төгрөгийн үүргээс төлсөн 6,950,000 төгрөгийг хасвал 23,100,000 төгрөг төлөх үүрэгтэй байсан байна.

2017.05.27-ны өдөр гэрээний хугацаа дууссанаас хойш нэхэмжлэгч 2019.09.27-ны өдрөөр тасалбар болгон шүүхэд хандах хүртэл Сдээрх зээлийг ашигласан хугацааны хүү төлөх үүрэгтэй тул дараах байдлаар зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцох нь зүйтэй.

Үндсэн үүрэг 23,100,000 төгрөгийг сарын 3.5 хувиар тооцоход 808,500 төгрөг.

2017.05.27-ны өдрөөс 2018.09.27-ны өдрийг хүртэл 474 хоног хэтрүүлсэн тул 808,500 төгрөгийг 30 хоногт хувааж, 1 хоногийн хүү 26,950 төгрөгийг 474 хоногоор үржүүлэхэд 12,774,300 төгрөгийн хэтрүүлсэн хугацааны хүүг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

Талууд гэрээний 2.6-д зээл, хүүг төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр тохиролцсон байх тул нэхэмжлэгч тал нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна.

23,100,000 төгрөгийн 3,5 хувийн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү 1 сард 161,700 төгрөг. /23,100,000*3.5%*20%/

 2017.05.27-ны өдрөөс 2018.09.27-ны өдрийг хүртэл 474 хоног хэтрүүлсэн тул 161,700 төгрөгийг 30 хоногт хувааж, 1 хоногийн нэмэгдүүлсэн хүү 5,390 төгрөгийг 474 хоногоор үржүүлэхэд 2,554,860 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

Иймд хариуцагч С-ээс38,429,160 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 11,080,840 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ипотекийн зүйл болох С , Б нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204042661 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо, Баянзүрх хотхон /13302/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 109 дүгээр байр, 113 тоот хаягт байршилтай, 43 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс 38,429,160 төгрөгийг гаргуулж “Э” ХХК-д олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар шийдвэрлэв.

Хариуцагч С-ийнхүсэлтээр удаа дараа шүүх хуралдаан хойшилсон ба 2020.03.13-ны өдөр түүний 89570621 дугаарын утсаар 2020.03.23-ны 11 цагт хуралдах хурлын товыг мэдэгдсэн, 2020.03.23-ны өглөө тус шүүхэд ирж хэргийн материалтай танилцаж, хурал болохыг мэдсээр байж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн хэргийг хариуцагч талын эзгүйд шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С-ээс38,429,160 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 11,080,840 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан үүрэг гүйцэтгэгч Сүүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ипотекийн зүйл болох С, Б нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204042661 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо, Баянзүрх хотхон /13302/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 109 дүгээр байр, 113 тоот хаягт байршилтай, 43 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс 38,429,160 төгрөгийг гаргуулж “Э” ХХК-д олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 475,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С-ээс420,296 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Э” ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Д.БАТЦЭЦЭГ